С.САРУУЛ
Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй авто замын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газар нэгдсэн бодлогын дор үйл ажиллагаагаа явуулан, цаг алдалгүй үр дүн гаргах зорилгоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-г байгуулсан. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420.0 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм. Үүнтэй холбоотой НИТХ-аас Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрыг байгуулан ажиллаж байна.Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын нэгдсэн мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа. Онцлох шийдлийг хүргэе.
-Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954 км-с 1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна.
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8,9-10,8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна.
-Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, төвлөрч байна.
-Улаанбаатар хотыг “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулан автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд 12 багц арга хэмжээг төлөвлөсөн.
-2023 оны хувьд нийслэлийн төсвөөс түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, явган болон дугуйн замын зарим хэсгийг санхүүжүүлэхээр 15.1 тэрбум төгрөг, гол гудамж замын бүтээн байгуулалтад 29.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.
-Улсын төсвийн тухайд нийт 408.0 тэрбум төгрөгийг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-ны даргын багцад тусган баталсан.
-2022-2023 онд 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2024 онд хоногт нийт 184,910 машин нэвтэрч авто машины түгжрэл 9%-иар бууруулахаар тооцсон.
-Авто замын сүлжээг өргөтгөх, шинэлэх чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй хоёр төсөл байна.
-Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд нэг төвт хотоос олон төвт хотыг хөгжүүлэх эхлэл буюу хот тойрсон авто замын хөдөлгөөнийг хоёр жилийн хугацаанд бий болгохоор төлөвлөсөн. Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэснээр хотын гол замуудын ачааллыг 20-30 хувь бууруулахаар байна.
-Урьдчилсан тооцооллоор Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ш нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Үүний дүнд авто замын идэвхигүй бүс болох 63 уулзвар гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцах юм.
-Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Парк шинэчлэлд 1400 орчим нийтийн тээвэр шаардлагатай байгаа тооцоо судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь араваас дээш жилийн насжилттай байна.
-2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн.
- Одоогоор автобус худалдан авах гэрээний хүрээнд энэ оны 06 дугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Мөн нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна.
-2024 онд нийтийн тээврийн парк шинэлэлтийг 100 хувьд хүргэж, насжилт ихтэй автобусыг ашиглалтаас гарган, урсгал зардал болон агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээний сувгийн хамт ашиглалтад орж, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргаж, иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх юм.
-“Нийслэлийн нийтийн тээвэрт тусгай замын их багтаамжийн автобусыг нэвтрүүлэх” төсөл судалгааны шатандаа байна. Урьдчилсан тооцооллоор Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалангийн автобусны буудал хүртэлх авто замыг ашиглан тусгай эгнээгээр их багтаамжийн автобусыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн зорчих хурд нэмэгдэж, нарийвчилсан цагийн хуваарийн дагуу шуурхай үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн төрлийг бий болгох юм.
-Нийслэл Улаанбаатар хотод өдөрт 2,9 сая зөрчилт хөдөлгөөн хийгдэж байгаагаас 50% нь ажилдаа ирж очих, 30% нь хүүхдээ сургууль цэцэрлэгт авто машинаар хүргэж өгөх, 20% нь бусад зорилготой зорчилт хөдөлгөөн байна гэсэн судалгаа байдаг. Иймд хамран сургах тойргийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төвийн бус сургууль цэцэрлэгийн сургалтын чанарыг сайжруулах замаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна.
-2022-2023 онд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сургуулийн 7 барилга, Цэцэрлэгийн 11 барилга, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 9 барилгын ажлыг хэрэгжүүлнэ. Ингэснээр авто замын хөдөлгөөнийг 20-30 хувь бууруулах судалгаа бий.
-Хотын төвийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төвийн 6 дүүрэгт 28 боломжит байршлыг тодорхойлж, эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 2 болон 7 дугаар хороонд нийт 468 машины багтаамжтай ухаалаг системээр тоноглосон “Их багтаамжийн авто зогсоол”-ыг төр хувийн хэвшлийн түншлэлийн журмаар барьж байгуулахаар судалгаа, тооцооллыг гаргалаа. Үүний дүнд ойролцоо замын ачааллыг 20-30 хувь бууруулах юм.
-Бага тойруу бүсэд явган замыг өргөтгөн ногоон байгууламжийн хамт тохижуулах, нийтийн эзэмшлийн талбайгаас гараж хайс хашлагыг буулган явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх зэргээр ажиллаж байна.
-Энэ онд Энхтайваны өргөн чөлөөнөөс Маршлын гүүр хүртэлх гүүрэн байгууламж болон дугуйн замыг төлөвлөж байна. Нийт гүүрэн байгууламжийн урт 1.68 км, нэг түвшний дугуйн зам 3.19 км замыг 31.8 тэрбум төгрөгөөр байгуулна.
-Систем динамик загварчлалын тооцооллоор Чингисийн өргөн чөлөө болон Их Монгол улсын гудамжны замын хөдөлгөөнөөс 5675 автомашин, 34270 зорчилт хасагдаж, хотын дундаж хурд 11.2 км/ц-т хүрч нэмэгдсэнээр түгжрэл 3 хувиар буурахаар тооцоолж байна.
-Ухаалаг авто зогсоол, цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цаг завыг хэмнэнэ. Шалган нэвтрүүлэх товчоод, явуулын хяналтын цагдаагийн машинууд хоорондоо ухаалаг терминалуудаар холбогдож мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдэнэ.
-Авто замын хэт ачаалалтай бүсийг бий болгох, түүнд төлбөр ногдуулах, энэхүү төлбөрийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх ерөнхий зарчмын дагуу төслийг бэлтгэн УИХ-д өргөн барихаар бэлтгэл хангагдлаа.
- Өнөөдрийн байдлаар иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг байгааг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон.
-Автозамын сүлжээг нэмэгдүүлэх, Зорчилтын бөөгнөрөлийг задлах боломжуудыг тогтоосон. Мөн гэр хорооллын бүсэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль дагасан зорчилт хөдөлгөөнийг бууруулах хувилбаруудыг бий болгосон.
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдарч байгаа нийтийн тээврийн хүртээмжгүй 425 мянган хүн амд зориулан жижиг оврын автобус явуулах, мөн автобусны дундаж хурдыг нэмэгдүүлэх үүднээс Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлөх ажлыг төлөвлөөд байна.
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон, 2023-2024 онд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах бүрэн боломжтой.
-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын 18-20 хувийг 2022 онд амжилттай гүйцэтгэсэн. Энэ нь 2023-2024 онд хийгдэх нийт ажлын суурь дэвсгэр болж буй тул 2023 онд 60 хувь, 2024 онд үлдсэн 20 хувийн гүйцэтгэл хийснээр нийслэл хотын түгжрэлийг 50 хувиар бууруулна гэж үзэж байна.
Эх сурвалж: www.polit.mn