Унаж буй эдийн засгийг өндийлгөх, эдийн засгийг аврах ажлуудыг эрчимжүүлэхээр Засгийн газраас “ЭЗЭН 100” хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн хугацаа дуусч байгаа ч дорвитой өөрчлөлт гараагүй талаар судалгааны байгууллагынхан хэллээ. Өөрөөр хэлбэл, эрчимтэй хөгжих байсан эдийн засаг өнгөрсөн 100 хоногт эзэнгүй юм шиг өсч өндийх нь бүү хэл харин ч суларч доройтсон үзүүлэлттэй гарч, иргэдийн амьдралд “ЭЗЭН 100”-гаас энэ гэхээр зүйл наалдаагүйг судалгаанд хамрагдсан иргэд онцолсныг “Стратеги академи” судалгааны хамт олон танилцууллаа. Тус байгууллага энэ сарын 13-наас 18-ныг хүртэл зургаан дүүргийн 600 гаруй иргэдийн дунд энэ хөтөлбөрийн үр өгөөжийн талаар судалгаа явуулсан аж. Дүүрэг бүрээс хамрагдсан 100 иргэний дунд тэд “2012 оны сонгуулиас хойш болон “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжсэнээр таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ”, “Улс орны эдийн засгийн хөгжил ямар төвшинд байна”, “ЭЗЭН 100” хөтөлбөрт та ямар үнэлгээ өгч байна”, “Энэ хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаас үр дүнгүй болсон ажлыг нэрлэнэ үү” зэрэг асуултаар санал асуулга явуулсан байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хоёр хоногийн өмнө дууссан. Энэ хугацаанд эдийн засгийг аврах томоохон төслүүдийг эхлүүлж, нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүнтэй үлдлээ хэмээн хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгчид нь сайрхсан бол УИХ дахь сөрөг хүчин хангалтгүй гэсэн дүн тавиад буй. Харин “ЭЗЭН 100” хөтөлбөр хөрсөнд хэр буусныг иргэд ингэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн олонхи нь болох 34 хувь нь “Энэ хугацаанд амьдрал дордсон” гэсэн бол таван хувь нь “сайжирсан” гэж үзсэн байна. Мөн тэд “ЭЗЭН 100” хөтөлбөрт өөр өөрсдийн дүнгээ тавьсан аж. 600 гаруй иргэний олонхи нь энэ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш эдийн засаг улам дордож, байдал хүндэрч байгааг онцолсон байна. Харин энэ хөтөлбөрийн хүрээнд амласан ажлуудаа хэрхэн амжуулсныг иргэдээс асуухад Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд болон Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дорвитой алхам хийгээгүй гэж дүгнэсэн бол барилга, дотоодын үйлдвэрлэл, хот тохижолт, зам засварын ажил урагштай байгааг онцолжээ. Гэхдээ энэ хөтөлбөр зорьсондоо хүрч чадаагүй. Харин ч эдийн засаг эрчимжих хугацаандаа саарч, валютын ханш хүртэл 100 хоногийн дотор 70-80 төгрөгөөр нэмэгдсэнийг судалгаанд хамрагдсан иргэд дурдсан аж. Энэ үр дүнгүй хөтөлбөрийн хариуцлагыг хэн үүрэх тухайг иргэдээс асуухад УИХ, Засгийн газар гэж үзсэн байна. Харин энэ хөтөлбөрийн ажлын хэсгээс энэ талаар асуухад тэд Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулж 100 хоног цалингүй, сайн дураараа ажиллаж байдлыг сайжруулахын төлөө ажилласан. Бид 100 хоногийн төгсгөлд хоосон үлдээгүй гэдгийг хэлсэн юм. “ЭЗЭН 100”-ын амлалтын эргэн тойронд гарсан эдийн засгийн зарим өөрчлөлтийг танилцуулж байна.
АМ.ДОЛЛАР 1830-ААС 1905 РУУ
Уг нь энэ хөтөлбөр хэрэгжснээр долларын хаш унаж, иргэдийн амьжиргаанд жаахан ч гэсэн нэмэр тус болно гэж олон хүн хүлээсэн. Гэвч тэдний горьдлого талаар өнгөрч байна. Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны эхний хагас жилд 1824.6 төг болж, жилийн өмнөхөөс 386.8 төг буюу 26.9 хувиар нэмэгджээ. Энэ хөтөлбөр батлагдах үед 1830 төгрөгийн ханштай байсан “ногоон” 100 хоногийн хугацаанд 1905-д хүрчээ.
ДАМПУУРСАН КОМПАНИУДЫН ТОО НЭМЭГДЭЖ ЭХЛЭВ
Уг нь энэ хөтөлбөрийг батлуулахдаа Ерөнхий сайд “Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, барилга, замын чанар сайжруулах чиглэлээр тендерийн хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн худалдан авалтыг урамшуулах “НӨАТ” тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ” гэж амалсан. Гэвч Ерөнхий сайдын амлалт эсэргээрээ эргэж “Изинис”-ээс эхлээд жижиг компаниуд дампуурлаа зарлаж, өр зээлэндээ баригдсанаа зарласан.
УУЛ УУРХАЙН САЛБАР УРАГШИЛСАНГҮЙ
Ерөнхий сайд энэ 100 хоногт Асгатын мөнгөний ордын ажлыг эхлүүлэх, маргаантай байгаа зарим лицензний асуудлыг шийдвэрлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Тавантолгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, алтны олборлолтыг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, ”Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг яаравчлах, төсөлд Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг том зорилт тавьсан. Гэвч ганц нь хэрэгжсэнгүй. Оюутолгойн хөрөнгө оруулагч нар гэдийж, зарим нь татвар төлөхгүй хэмээн шүүхэд өргөдөл гомдол гаргасан дүр зураг өнгөрсөн 100 хоногт өрнөлөө. Мөн “Туркиз Хилл Ресурс” компани “Саус Гоби Ресурс”-д эзэмшиж байсан 29.9 хувийн хувьцаагаа зарж Овооттолгойгоос гарсан. Ингэснээр Монголын уул уурхайн хамгийн том төсөл болох Оюутолгойд хөрөнгө оруулагчид нүүрсний салбараас албан ёсоор гарч байгаагаа дэлхий нийтэд зарласан хэрэг.
ҮРЭЛГЭН ТӨСӨВ
Ерөнхий сайд Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох амлалт өгсөн. Энэ нь мөн л биелэлээ олсонгүй. Сагийн яамнаас Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн эхний зургаан сарын гүйцэтгэлийг гаргахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.