Т.САЙХАН
АН-ын бүлгийн өнөөдрийн /04.17/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн асуудал бол чухал. Гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг агуулж байгаа учир тус асуудлаар намын Үндэсний бодлогын хороо улс төрийн шийдвэр гаргаж, бүлэгт чиглэл өгөх ёстой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй Улс төрийн намын тухай хуульд бид олон санал өгсөн. Зарим санал тусгагдаагүй. Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихдаг. Төр өөрөө эрх барьж буй намын нэг дэмжлэг үзүүлэх хэсэг болсон практик өнгөрсөн хугацаанд гүнзгий явж ирсэн. Жишээлбэл, эрх барьж буй намынхаа заавар шийдвэрээр нөгөө улс төрийн намынхаа дотоод үйл ажиллагаа, оршин тогтнох эсэхэд нь нөлөөлж болдог практикийг АН өнгөрсөн хугацаанд туулж өнгөрсөн. Төрийн захиргааны байгууллагад тамга хувилаад өгчихөөр ямар асуудал үүсдэгийг өнгөрсөн хугацаанд хүмүүс харсан. Улс төрийн намын тухай хуульд эдгээр асуудлыг олон зүйл заалтаар хязгаарлах ёстой" гэдгийг хэлэв.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд "Парламентын гишүүдийн тоог 152 болгоно гэдэг бол том тоо. Ямар үндэслэлээр гаргасан тоо гэдэг нь тодорхойгүй. Уг асуудлаар дахин сайн ярилцах хэрэгтэй. Тэр тусмаа намын төлөөллийн төв байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна" гэлээ.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Өөрчлөлтийг бүрэн биш дутуу хийснээс болж дахиад л богино хугацаанд гар хүрэх улс төрийн үйл явц өрнөх эрсдэлтэй. Өнөөдрийн сэтгэл хөдлөлөөр шийдсэн зүйл хожмын ирээдүйд садаа болж болохгүй. Сонгуулийн холимог тогтолцоог 2019 онд АН-ынхан бид дэвшүүлж байсан ч МАН дэмжээгүй. Эрх баригч нам энэ саналыг өдгөө дэвшүүлэн тавьж буйтай санал нийлж байна. Гэхдээ Үндсэн хуульд хувь зааж болохгүй. Нөгөө талаар, Үндсэн хуулийн цэцийн асуудлыг хөндөж буй нь зөв. Гэхдээ бүрэн дүүрэн шийдэл харагдахгүй байна. Түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам дорой болгоно" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn