Б.ЖАВХЛАН
Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг компанийг эргүүлэн авч, гүйцэтгэх захирлаар Л.Наранбаатарыг томилоод нэг жил болжээ. Энэ хугацаанд буюу 2022 онд 403.393 тонн цемент үйлдвэрлэсэн ба энэ нь 2021 онтой харьцуулахад, 81.425 тонноор илүү байжээ. Харин шохойн үйлдвэрлэл 2021 онд 44.054 тонн байсан бол 2022 онд 51.672 тонн болжээ. “Цемент шохой” ТӨХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд технологийн шохой нийлүүлдэг стратегийн чухал үйлдвэр юм.
Гэвч аудитын байгууллагаас Хөтөлийн цементийн үйлдвэр төрд бүрэн шилжсэнээс хойших есөн сарын санхүүгийн балансыг шалгахад 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илэрч, сөрөг дүгнэлт гараад буй. Тэгвэл аудитын дүгнэлттэй холбоотойгоор Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар тайлбар мэдээлэл өглөө.
Тэрээр “Аудитын дүгнэлтээр зөрчилтэй гэж гарсан тэр хэмжээний мөнгө Наранбаатарын халаасалсан мөнгө биш. Аудитын дүгнэлтийн тайланд нийт 440 тэрбум төгрөгийн алдагдлын зөрчилтэй гэсэн байсан. Санхүүгийн аудитаар зөрчил гэдгийг шууд гэмт хэрэг, залилан, хулгай гэж ойлгож болохгүй. Яг мэргэжлийн ойлголтоороо зөрчил гэдэг нь аудит хийх явцад, аудит хийлгэж байгаа байгууллага нь мэдээллээ дутуу өгөх эсвэл хоорондын мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхтэй холбоотой дүгнэлт гаргах мэдээлэл нь хомсоос болж, зөрчил гэж үздэг юм билээ. Манай компанийн тухайд 40 жилийн хугацаанд анх удаа 100 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Хүмүүст ойлгогдож байгаагаар Наранбаатар гэх нөхөр энэ үзүүлэлтээс 4.4 дахин давсан их хэмжээний мөнгө ганцаараа халааслаад сууна гэвэл утгагүй зүйл. Мөн Бумбын тахилгад намайг 183 сая төгрөг зарцуулсан гэж буруу ташаа мэдээлэл явж байна. Аудитын тайлангаар бол 5.9 сая төгрөг байгаа. Амарбаясгалан хийдэд жил бүр болдог уламжлалт арга хэмжээ. Нэгэнт уламжлал болж тогтсон зүйл учраас компани гар татаж чадаагүй. Тиймээс Бумбын тахилгад 5.9 сая төгрөг зарцуулсан нь үнэн. Түүнчлэн аудит 70 тэрбум 72 сая 400.030 төгрөг гэдгийг мөн зөрчил гэж үзсэн байна. Хүмүүс шууд утгаараа энэ хэмжээний мөнгийг намайг хулгайлсан мэтээр ойлгож байна. Үнэн хэрэгтээ энэ нь манай хамт олны өнгөрсөн оны үйл ажиллагааны зардал байсан. Аудитын газарт бүх эдийн засгийн мэдээллээ файлаар болон хэвлэмэлээр өгсөн. Тэд хүлээж авсан ч ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 11.6 тэрбум төгрөгийн ашиг, 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Гэтэл аудитын баг бидний энэ ололт амжилтыг төдийлөн товойлгохыг хүссэнгүй бололтой” гэлээ.
Мөн ТУЗ-ийн гишүүд болох н.Буянхишиг, З.Энхболд, н.Агар гээд нэрх бүхий хүмүүсийг ХНХЯ-нд хүсэлт өгч шалгуулна гэсэн юм.'
эх сурвалж: www.polit.mn