Хогоо ангилж мөнгөө хэмнэе

2023-04-02
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

 

Дэлхийн улс орнууд хог хаягдлаа ангилж, түүнийг дахин боловсруулж ирсэнтэй адил бид ч дахин боловсруулах стандартыг дагах хэрэгтэй. Гэтэл иргэд нь ангилж байхад ачигч машинууд нь холиод байдаг асуудал үүсч байна. 

 

Дэлхий хөгжихийн хэрээр бидний амьдралыг хөнгөвчлөх олон зүйлс бүтээгдсэн ч ихэнх нь байгальд ямар нэг сөрөг үр дагавартай байдаг. Монголчууд жилдээ  2.3 сая тонн хог үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж буй хогийг мөнгөөр үнэлбэл чамгүй их тоо гарна. Зөвхөн хог хаягдлаар Монгол Улс жилдээ 2.3 сая ам.долларыг алддаг гэсэн тоо баримт ч бий. Гэвч бид тэр бүрчлэн хог яаж, хаашаа алга болдог тухай боддоггүй. Хэдийгээр бид хог хаягдлаа ангилан ялгаж хэвшиж байгаа ч ангилсан хогийг нэг л хогийн машинд нийлүүлэн ачдаг болохоор үр дүнгүй байна. Харин дэлхийн улсууд хог хаягдлаа ангилж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө олдог. Гэтэл манайд арвин их ундарга нь байгаа ч ангилан хаяж, дахин боловсруулах боломж тааруу байна. Тиймээс та бүхэндээ хог хаягдлын тухай хууль тогтоомжийн талаар танилцуулъя.

 

-Монгол улсын хог хаягдлын асуудлыг зохицуулах эрх зүйн орчин бүрхэг байна-

 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс хог хаягдлын талаар олон улсын гэрээ конвенцод нэгдэн орж, тэдгээрт нийцүүлэн дотооддоо олон хууль тогтоомж, хөтөлбөр, дүрэм журам баталж ирсэн байдаг. Монгол улсад ардчилал бэхжиж, эрх зүйн тогтолцоо хөгжихийн хэрээр иргэний оролцооны зохицуулалтуудыг хуулиудад тусгаж өгөх нь ихэсжээ. Иргэний оролцоог хууль тогтоомжид тусгаж өгөх нь аливаа асуудлын талаарх шийдвэрт нөлөөлөх боломжтой гэсэн найдварыг иргэдэд төрүүлж байдаг.

Харамсалтай нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй, 2017 оны 05-р сарын 12-ний өдөр УИХ-аас шинэчлэн найруулж батлан гаргасан Хог хаягдлын тухай Монгол улсын хуульд иргэний оролцоог хангалтгүй тусгажээ. Английн судлаач Аранштейны тодорхойлсноор Иргэний оролцооны процессын 8 үе шат байдаг бөгөөд үүнээс хамгийн анхдагч шат буюу хийсвэр хэлбэр төдий оролцоо нь “зааж өгөх, аргалах, мэдээлэх, тайвшруулах” зэрэг алхмууд байдаг. Харин хамгийн бодитой оролцоо нь түншлэл, төлөөлүүлсэн бүрэн эрх, иргэний хяналт байдаг. Энэ үүднээс авч үзвэл Хог хаягдлын тухай хуулийн зохицуулалтууд нь дараах байдлаараа хэлбэр төдий оролцоог хангасан байна. Тус хуулийн 10-р зүйлд иргэн, хуулийн этгээдийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хориглох үйлдлүүдийг зааж өгчээ. Ингэхдээ иргэний хувьд хог хаягдлын талаар мэдээлэл өгөх, зөрчил арилгуулах талаар төрийн байгууллагаас шаардах, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл авах гэсэн хоёр эрхийг л олгож, хэлбэр төдий эрх олгосон бөгөөд хуулийн бусад зохицуулалтууд энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх механизмыг тусгаж өгөөгүй нь тунхгийн шинжтэй болгожээ.

 

Хог хаягдал нь хүн бүр, байгууллага бүрээс байнга гарч байдаг учраас хог хаягдлын хууль зөрчиж буй үйлдэл бүрийг төрийн байгууллага албан тушаалтан бүртгэх шаардлага тавих, шийтгэх боломжгүй. Тиймээс энд иргэний болон иргэний нийгмийн байгууллагын хяналт маш чухал. Гэтэл хуульд хог хаягдлын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах төрийн бус, иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагын үйл ажиллагаа оролцооны талаар огт тусгаагүй байгаа нь иргэний бодит оролцоог хангаж өгөөгүй хууль гэж үзэхээр болгосон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

-Монгол орны хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал-

 

Хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил, хурдацтай өрнөж буй хотжилтын нөлөөллөөр дэлхий даяар хог хаягдал их болж байгаа. Улс орнууд хөгжиж, олон төрлийн бараа, үйлчилгээ дэлгэрч, гадаад худалдаа цэцэглэхийн хамтаар улам их хог үүсэж, менежмент нь ээдрээтэй болсоор байна. 2016 онд дэлхийн хотууд жилд 2 тэрбум тонн хатуу хог хаягдал бий болгосон бөгөөд энэ тоо цаашид өсөхөөр байна. Тухайлбал, 2018 онд хэвлэгдсэн What a Waste тайланд дурдсанаар Монгол улсын хувьд нэг хүнд ноогдох хог хаягдлын хэмжээ өдөрт 1.5 кг-аас илүү байгаа нь дэлхийд дээгүүрт орж байна. Хамгийн их хог ялгаруулдаг АНУ, Канад, Бермудад тус үзүүлэлт 2.2 кг байдаг байна. Харин манай улсын нэг айл өрхөд ногдох хог хаягдал өдөрт 800-1 кг байгаа гэсэн судалгаа бий. Тэгэхээр эдгээр хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой боловч яг өнөөдрийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байгаа юм.

Иймд та бүхэнд иргэдийн үзэл бодлоос хуваалцъя

 

-2012 оноос хойш хог хаягдлын хэмжээ 1 сая тонныг давах болжээ-

 

Улсын хэмжээнд 20 гаруй дахин боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд эдгээр үйлдвэрүүдийн цар хүрээ төдийлөн өргөжин тэлэхгүй байна. Монгол Улс хэдийгээр өргөн уудам газар нутагтай боловч хүн амын тал хувь буюу 46 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод дээрх хогны асуудал гол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Гэхдээ Монгол улсын сүүлийн 10 жилийн хог хаягдлын мэдээлэл бүрэн бус учир харьцуулалт хийх нь өрөөсгөл ч 2012 оноос эхлээд 1 сая тонныг байнга давах болжээ.

Тайлбар: Энэ нь нийт газар нутгийн ердөө 0.3 хувийг эзлэх боловч хүн амын 46 хувь оршин суудаг Улаанбаатар хот 2017 онд 1 сая гаруй тонн хог ялгаруулсан нь 2005 оныхтой харьцуулахад 5 дахин өссөн дүн бий. Сая, сая тонноор ялгарах эдгээр хог хаягдлыг тэр чигт нь бид газарт булдаг. 2016 онд нийт хог хаягдлын 93.5 хувийг булж устгасан, хог хаягдлыг дахин боловсруулж буй хувь дорвитой өсөхгүй хэвээр байна.

 

Ийнхүү Улаанбаатарын хогны асуудлаа далдалдаг газар нь Улаанчулуут хэдий боловч уг газар дахь хогны өсөлт өдрөөс өдөрт нэмэгдсээр тогтоосон газартаа багтахаа болиод байгааг сануулах хэрэгтэй байх. Тэгвэл бид цаашид эдгээр хогоо яах вэ. Нэгээс нөгөө газарт зөөж хураадаг үр дүнгүй энэ аргаар хэчнээн жил өнгөлөн далдлалт хийх вэ. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж баялаг болгож яагаад чадахгүй байна гэдэг дээр дор бүрнээ тунгаах хэрэгтэй болж байна.

-Иргэд хаягдал бүтээгдэхүүнээ ангилж сурсан ч ачигч машин хольчихдог-

Улаанбаатар хотын хэмжээнд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гурван том хогийн цэг бий. Төвлөрсөн эдгээр цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал ирдэг бөгөөд ландфил буюу дарж булах технологиор устгалд оруулдаг. Гэвч энэ технологи нь байгальд орчинд ээлгүй, хорт бодис ялгаруулдаг тул хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Мөн иргэд хогоо ангилж хаядаг ч түүнийг нэг машинд шууд ачдаг байна. Энэ тухай хүргэе.

Тэрбээр “Ландфил технологийн сул тал нь хог хаягдал боловсруулах боломжийг үгүй хийдэг. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Хогийн төвлөрсөн цэгүүдийн насжилт ч өндөр тул хог хаягдлыг ангилан ялгах, мөн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжид хог хаягдал төрөлжүүлэн ангилах, боловсруулах үйлдвэр хэрэгтэй” хэмээн онцолж байсан бол “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр "Хог хаягдлын зөв менежментэд ангилан ялгалт маш чухал. Тиймээс айл өрхүүдэд хог хаягдлаа ангилах, тушаах соёлыг төлөвшүүлэхээс бүх зүйл эхэлнэ. Ингэснээр сүүлийн зургаан сарын хугацаанд 10 тонн гаруй ангилсан хог хаягдал хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрт тушааж чадна" гэж байв. Түүний хэлсэн үгийг хүргэе. 

Манай улсын хувьд хогоо ангилж хаядаг соёл хараахан бүрэн нэвтэрч амжаагүй байна. Зарим орон сууцны хувьд хогоо ангилж хаях хогийн савыг байршуулсан байдаг. Гэхдээ картон цаас, ундааны сав гэж ангилж хаядаггүй. Ангилж хаялаа ч хогийн машин ирээд бүгдийг нь нийлүүлээд ачаад явдаг. Гэхдээ бидэнд хогоо ангилж хаях боломж бий. Тодруулбал, Орон сууц бүрд СӨХ гэж байдаг. Айл бүр СӨХ-ны мөнгө төлдөг. Тэгвэл ангилж хаясан хогийг нь тушаагаад СӨХ-ны мөнгөнөөс нь хасдаг бол хүн бүр хөнгөлүүлэхийг бодно. Тухайлбал, хог хаягдал дахин боловсруулдаг төв болох “Төвшин сайхан” төвд картон цаас нэг кг нь 600 төгрөг, ундааны сав кг нь 300 төгрөг байх жишээтэй. Түүнээс гадна дуудлагаар ирээд дахивар авдаг газрууд ч олон болсон. Тиймээс дэлхийн улсуудтай хөл нийлүүлэн хог хаях соёлд суралцах шаардлагатай байна. “Алсын хараа 2050” зорилгодоо Монгол Улс ногоон хөгжлийг дэмжинэ гэсэн. Тиймээс зөвхөн зорилт дэвшүүлээд өнгөрөх биш ажил хэрэг болгох цаг болжээ. Ингэхийн тулд иргэд болон удирдлагууд санаа нэгтэйгээр дэмжиж ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэн Б.Нармандах "Хог ачлагын машиныг нэмэх хэрэгтэй байна гэж байв". Түүний хэлсэн үгийг дор хүргэе. 

 

“Иргэн ААН-үүд нэг үеэ бодвол хогоо ангилан хогийн саванд хийдэг болсон байгаа хэдий  ч нийлүүлж ачаад нэг газар асгаж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ тэргээр  ангилсан хогийг ангилан ачих хогийн машин байхгүй учраас ачихдаа нийлүүлчхээд  байгаа юм. Уг нь ангилдаг машинтай болоод, тэдгээрийг дахин боловсруулагдах үйлдвэрт хуваарийн дагуу өгдөг болчихвол зүгээр байна”

 

 

Бид хаягдал бүтээгдэхүүнийг хэрхэн зохицуулж ачих ёстой, түүний яаж шийдэх гэх мэт зүйлсийн талаар Хог хаягдлын үндэсний зөвлөлийн тэргүүн Д.Батжаргалаас тодруулахад:

"Хог хаягдлыг иргэд ангилж хийдэг ч түүнийг нэг машин ангилахгүйгээр ачдаг нь үнэн. Гэхдээ ачигч машины хувьд хурдан хугацаанд дүүрсэн хогийн савыг суллах үүрэгтэйгээр ачдаг. Тухайн ачигч машинуудын жолооч нарт ангилах үүрэг байхгүй. Тиймээс өмнө баалсан хууль дүрмээ өөрчилж, нэмэлт машин хэрэглэх тогтоомж баталмаар байна. Тэгвэл дэлхийн улс орны адил дахин боловсруулагдахгүй бүтээгдэхүүнийг нь нэг машин ачдаг, дахин боловсруулах боломжтой хогийг ангилж ачдаг болно. Энэ нь эдийн засагт ч хэмнэлттэй болж, хог хаягдал булагдахгүй байх шалтгаан болно" гэж байв. 

Түүний ярилцлагыг дээрх аудионоос сонсоно уу. 

Хог хаягдлаа дахин боловсруулахын тулд ангилах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхээр зорьж буй нэгэн жижиг төслийг эхлүүлээд буй багын хамт олонтой бид уулзсан юм. 

 

Энэ мэт жижиг зүйлээс Бидний эргэн тойронд байгаа асуудлууд цэгцрэх болно. Тиймээс хаягдал бүтээгдэхүүн ачих хууль тогтоомжийг эргэн харж, түүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Ингэснээр манай улсын хог хаягдал буурч дэлхий том хотуудтай энэ зэрэгцэх болно. Мөн хүн бүхэн дор бүрнээ хог хаягдлаа ангилж, түүнийг ачдаг машинууд стандартын дагуу ажиллах хэрэгтэй байна. 

-Ангилж чадвал боломж байна-

Бид нийтлэлийнхээ төгсгөлд “Хэв хашмал хуванцар” компанийн захирал Э.Хүдэрбаттай уулзлаа. “Хэв хашмал хуванцар” компанийн хувьд нийслэлд хөглөрч буй хогийн 28.5 хувийг хуванцраас хог хаягдлыг хэдийнээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож эхэлсэн байна. 

-Компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Манайх хуванцар хатуу хаягдлыг цуглуулж аваад ангилан ялгаж, хэрчиж хайлуулаад түүхий эд гаргадаг. Энэ түүхий эдээр барилга, зам гүүрт өргөнөөр ашигладаг арматур хөндийрүүлэгч, зай баригч гэх мэт 50-иад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өмнө нь 10 гаруй жил Солонгосоос түүхий эд оруулж ирсэн бол 2014 оноос хуванцрынхаа үйлдвэрийг байгуулж, дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж байгаа. Өөрөөр хэлбэл хогоо эргүүлэн ашиглаж, баялаг болгож байна.

-Ямар тоног төхөөрөмж ашиглаж байна. Өдөртөө хэчнээн тонн хуванцар боловсруулах хүчин чадалтай вэ?
-Солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашигладаг. Тэдний арга барилаар дотооддоо үйлдвэрлэж байна. Өдөртөө 5 тонн, жилдээ дунджаар 1000 тонн хаягдал хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулах үйлдвэр хоёр жил, хэвлэх үйлдвэр байгуулагдаад гурван жилийн нүүрийг үзэж байна.

 

-Хуванцар хаягдал гэхээр бидний өдөр тутам хэрэглэдэг элдэв сав суулга ордог уу. Ихэвчлэн ямар хуванцрыг ашигладаг вэ?
-“Pp” төрлийн ахуйн хэрэглээний сав буюу түмпэн, банн, сандал, сагс, шуудай, “HDP” төрлийн буюу кейтчуп, маслоны сав зэргийг ихэвчлэн дахин боловсруулна. Жишээ нь “HDP” хуванцраар шаланк, “Pp” төрлийн арматур хөндийрүүлэгч шүдээ үйлдвэрлэдэг. Зарим ахуйн хэрэглээний хуванцрыг гаднаас импортлохоос өөр аргагүйд хүрдэг. Яагаад гэвэл нефтийн үйлдвэрлэл хөгжөөгүй учраас гаднаас авдаг.

-Хог хаягдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ хэр оруулж байна гэж боддог вэ?
-Хувь нэмрээ оруулж байгаа. Яагаад гэвэл хог хаягдлыг дахин боловсруулахад аж ахуй нэгжүүдэд зардал их гардаг. Хамгийн өртөг өндөртэй нь ангилан ялгах. Ажлын таван өдрийн гурвыг нь ангилан ялгалтад зарцуулдаг. Өөрөөр хэлбэл 5 тонны хэмжээний ангилан ялгалт хийгээд хайлуулна гэсэн үг.

-Дахин боловсруулсан бүтээгдэхүүний зах зээл ямар байна?
-Эдийн засгийн хямралын энэ үед ашиггүй байгаа ч эргээд сэргэнэ гэж найдаж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц барилгын материал биш арматур хөндийрүүлэгч гэхгүйгээр хоёрдогч түүхий эдээр өөр юу хийж болохыг судалж байгаа. Сандал, хүрз, чарга зэрэг олон зүйлийг хийх боломжтой юм билээ. Бид бүтээгдэхүүнээ үндэсний стандарт болгохоор Стандарт хэмжилзүйн газартай хамтарч ажиллаж байна. Бүтээгдэхүүний даацын шинжилгээ хийх тоног төхөөрөмж Монголд байдаггүй учраас жил болгон Солонгос руу өөрийнхөө бүтээгдэхүүнийг явуулаад шалгуулдаг.

-Олон улсад бүтээгдэхүүний даацыг хэрхэн тодорхойлдог бол. Танайх уг жишигт хэр нийцдэг вэ?
-Олон улсад тогтоосон даацаас манайх давсан үзүүлэлттэй гарсан. Энэ юунд байна гэхээр ангилан ялгалт зөв хийсэнтэй холбоотой. Буруу ангилан ялгалт хийвэл амархан хугарна. Зөв хийвэл хэчнээн даац авсан ч хугарахгүй. Монголчууд өмнө нэг бол төмөр, мод, эсвэл чулуу орлуулдаг байсан. Мод, чулуу хэлбэргүй, төмөр даац авмагцаа доош суудаг. Зарим барилгын арматур нааш гараад ирчихсэн байдаг. Нүдээр харахад тэгш ч хэмжээд үзэхэд далий байх талтай. Эцсийн дүндээ хэрэглэгч хохирдог. Тэгэхээр энэ стандартыг оруулж ирсэн нь зөв. Бид зах зээлийн үнээс харьцангуй хямд зарагдаж байна. 

Мультимедиа бүтээлийг бэлтгэсэн: Д.ДАРАМБАЗАР 

Эх сурвалж: www.polit.mn

П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

6 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

7 цаг 25 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

7 цаг 25 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

7 цаг 25 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

7 цаг 25 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

22 цаг 20 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

22 цаг 28 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

22 цаг 49 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

23 цаг 9 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

Өчигдөр 13 цаг 04 мин