2500 хүүхдийн авсан ижий Ш.Цэрэнпүрэв

2023-03-20
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

 

Дуламын ЦЭРЭННАДМИД

 

Эгэл гэдэг үгийг “Монгол   хэлний тайлбар толь”-д энгийн жирийн гэсэн утгатай гэжээ. Тэгэхээр хүний тухайд бол энгийн иргэнийг л хэлж байна гэсэн үг. Хүмүүн төрөлхтний амьдрал тийнхүү эгэл жирийн хүмүүсийн түүх билээ. Үүний учир “Зууны мэдээ” сонин 2023 онд “Эгэл монгол” нэртэй шинэ булан нээж эгэл хүмүүсийн тухай нийтлэлээ уншигчиддаа өргөн барьж эхэлсэн юм. Энэ удаа Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн 2500 гаруй хүүхэд эх барьж  авсан хүний бага эмч, эх баригч Шоовойн Цэрэнпүрэвийн тухай хөрөг нийтлэлийг толилуулж байна.

 

ЭХЛЭЛ БУЮУ ЭГЭЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ

Эгэл хүмүүн бол үндэстнийг бүрдүүлэгчид бөгөөд түмэн олны харилцааг бэхжүүлэгч нь юм.

Тэд мөнгөтэй болохсон, хөрөнгө хураахсан, албан тушаалд дэвшихсэн гэж огтоос шунадаггүй бас дээдэст долигнож гүйхгүй зөвхөн хүн хоорондын эрхэм чанарыг нөхцөлдүүлэхийн төлөө бусдын өмнөөс ажиллаж, амьдарч чаддаг ховор хүмүүс.
Тэднийхээ хүчинд бид бодож сэтгэж сурч боловсорч буй юм биш үү.Эгэл хүмүүний бүтээсэн ер бусын чанарыг ашиглагдахуун болгож хүчирхэгжиж байсан түүх хүн төрөлхтний амьдралд зөндөө бийг бид ном судраас уншсаан.


Тиймийн учир эгэл хүмүүс байгаадаа л бид байгаа юм гэж хэлэх гэсэн юм. Яахав. Хэн нэгэн монгол дэлхийн дэвжээнд барилдаж, эр бяраа гайхуулж л байна. Дуулж, хуурдаж байна. Басхүү оюун ухаанаа гайхуулж байна. Энэ бол тэр л хүний хэрэг бөгөөд монгол гэдэг нэрийг дэлхийд зарлаж байгаа юм л даа. Сайхан хэрэг. Тэгвэл тэдний нэр төр, алдар хүнд эгэл хүмүүний бүтээсэн аугаа их хөрсөн дээр бий болж өсч бойжиж, хөрвөөн хөгжиж байгаа юм шүү гэдэг нэгэн үнэн бий. Харин өнөөгийн бид чинь эгэл гэдгийг мэдэхгүй болтлоо “ухаажжээ дээ”. Уг нь бол эгэл хүний эгэл амьдрал нь хэн ч  эвдэж бусниаж чадамгүй ариун чанар юм л даа. Уул уурхайн баялагынхаа хүчинд амьдарч байна л гэцгээх.  Энэ бол эгэл хүмүүсийн бий болгосон өмчөөс хишиг хүртэж байгааг хэлж байгаа хэрэг гэж болно. Ингэж хэлэхлээр хэтэрхий, философидох янзтай ярилаа гэх вий. Хэлэх нь хэлэг л дээ. 


Эхлэл үгийнхээ төгсгөлд нэг гашуун үнэнийг бас хэлье гэж бодлоо. Тэр чинь юу вэ гэвэл эдүгээ гавъяа байгуулсан гэгдэж энгэр цоолсон алдартнууд олширч эгэл хүмүүс нь орхигдсоор байгаа нь алсдаа нөхөж чадамгүй алдаа байж мэдмээр. Үүнийг хэлээд өөртөө ч бас шүүмжлэлтэй хандаж үзлээ. Цаас цоохорлож 50 жилийг үдэхдээ алдар нэртэй хүмүүсийн тухай арай дэндүү илүүтэй бичиж дээ гэж. Зуун хүнээр сольшгүй хэрэгтэй хүн зөндөө л бий. Тэдний нэг нь “Эгэл монгол” булангийн минь зочин Шоовойн Цэрэнпүрэв эмээ. Хэрэв зээ энэ хүний амьдралын намтрыг нэгэн боть ном гэх юм бол тэрнийг нүдтэй болгонд харуулж чихтэй бүхэнд дуулгахсан гэсэн дээ энэхүү бяцхан хөргийг тэрлэхээр болсон юм.

*        *          *

Ш.Цэрэнпүрэв эмээгийн баян намтар Завхан аймгийн Дөрвөлжин сумаас эхтэй л дээ. Гэхдээ өөрөө би Нөмрөг сумын иргэн гэж бардам хэлдэг юм билээ. Яагаад гэхээр унасан газар, угаасан уснаасаа зургаахан настайдаа хөндийрч хатуутай хөтүүтэй харгуй замаар явж туулсан ажил, амьдралынхаа бараг бүхий л хугацааг Нөмрөгийн уул, ус нь тэгшхэн сайхан хангайд өнгөрүүлсэн болоод л тэр л дээ. Түүнийг балчирхан үед аав Шоовдой ижий Сольбүрэн нар нь хорвоог орхиж бүтэн өнчирсөн юм гэдэг. 


Тэгээд өргөмөл ах Ш.Очирбатыгаа бараадаж аймгийн төвд хүргэгдсэн байгаа юм. Тийм болохоор би Дөрвөлжин суманд төрсөн юм гэнэ лээ гэхээс өөрийн тун бага мэднэ. Адаглаад аав, ижийнхээ хэний хэн бэ? гэдгийг бас ямар төрхтэй хүн байсныг хэлж чадахгүй. Арга ч үгүй байх. Балчирхан “амьтан” байсан юм чинь өсч торниод аймгийн дунд сургуульд сурч наймдугаар анги дүүргээд гайгүй сурлагатай учир есдүгээр ангид хуваарь авч. Гэхдээ сургуульд явах л сайхан санагдах. Даангүй багш болохсон гэж боддог байв. Гэвч хүслээр болсонгүй.


Нэг хүүхэд хуваарьтай сургуульдаа явахгүй гэхээр оронд “би явъя” гэснээр Говь-Алтай аймагт шинээр байгуулагдаж байсан Анагаах ухааны дунд сургуульд элсэгч нь болжээ. Үүнийгээ миний амьдралын минь нэг хувь тавилан байсан юм болов уу гэж хэлнэ лээ. Тэгээд 1971 онд тус сургуулийн анхны төгсөгчийн нэгэн болж эх баригч бага эмч мэргэжил эзэмшсэн. Басхүү анхны томилолтоор Нөмрөг суманд очсон байна. 


Арваадхан ажиллагсадтай сумын эмнэлэгт нэг мэргэжилтэй боловсон хүчин нэмж. Солионы хувцастай чемоданаа тэвэрсээр ногоон онгоцноос буухад эмнэлгийнхэн нь тосоод авч. Энэ тухайд дүр зургийг төсөөлөн бодвол “Энэ хүүхнүүд үү” кинонд зоотехникч Дуламсүрэн томоохон чемодандаа түүртсээр сумын даргын өрөөнд орж ирж байсантай үнэнхүү төстэй мэт санагдав. Хориодхон настай залуу эмч ажилдаа орж сумын эмнэлгийн бүхий л үүрэгт нухлагдаж эхэлжээ. Өвчтөнгөө үзнэ, эм тариаг хийж өгнө. Субботник болно оо. Түүнд хамгийн түрүүнд очно. Их эмчийг байхгүй үед эмнэлгийнхээ ажил, амьдралыг зохицуулна. Бас хөдөө дуудлаганд явна. Энэ нь түүнд сурах мэдэх, мэргэжлээ дээшлүүлэх том сургууль байлаа. Хувийн амьдрал нь ч өөр болж. Эхэндээ эмнэлгийн гал тогоо байсан жижиг байранд ганцаараа амьдарсан бол дараа нь нэг айлд сууж. Энэ хугацаандаа барилгад ажилладаг нэг залуутай танилцсан нь насны нь хань Балсанжавын Даваажав байлаа.
Тэд удалгүй нэг орхигдох шахсан  жижиг байшинг засч ороод гал голомтоо асаасан аж.


Нөхөр нь хожимдоо гартаа барьсан нийвийгээ орхиж курст явж ирээд нэг талдаа эмнэлгийн мэргэжилтэн болж хоёулаа гар, сэтгэл нийлэн амьдарсан байх юм.
-Бид хоёр гурван хүү, гурван охинтой өнөр өтгөн айл болсондоо гэж Ш.Цэрэнпүрэв эмээ дурсан ярихдаа уртаар санаа алдаж байлаа. Ханийнхаа гурван жилийн өмнө насан өөд болсныг “хэлж” байгаа нь тэр юм л даа. Өөр нэгэн сонин юм ярьсан нь сумын төв цаашлаад хөдөө дуудлаганд явахдаа эмнэлгийн сурах бичиг, лекцийн тэмдэглэлээ байнга авч явдаг байж. Мэдэхгүй чадахгүй үе тохиолдвол хичээл номоосоо лавлах гэж л тэр. За тэгээд зарим бэрхшээл тохиолдож байсныгаа дурсамж болгон ярина лээ. Эхэн үед эхчүүд гэртээ төрөх нь элбэг байж. Үүнийг өөрчилж болж л өгвөл эмнэлэгтээ авчирч төрүүлэхийн төлөө Цэрэнпүрэв эмч туйлаас зүтгэсэн гэнэ. Нэг удаа алсын дуудлага иржээ. Нэгэн эх төрөх гэж өвдөж байна гэж “Газ-69”-өөрөө хөлөглөн эм, тариагаа базааж аваад замд гарч “Дүн өвөл цас ихтэй зарим газар машин нь суучихнаа. Цас ухна. Жаахан явна, дахиад суучихна. Нөмрөг хангай нутаг. Зундаа сайхан ч өвөлдөө хасах 50 хэм хүртэл хүйтэрнэ. Яг л тийм өвөл дөө. Сумын төвөөс 70 гаруй км Буга-Өндөр гэдэг газарт дуудлага өгсөн айл нь байв.


Наахна нь Ар гозгор гэдэг газар байгаа нэг хот айлд очоод цаашаа машинаар явах боломжгүйн учир залуу эмч цүнхээ эгэлдэргэлж аваад морь унаад ганцаар гарч өгч. Гэтэл цүнхэн дэх эм, тариа нь шаржигнах чимээнд морь нь яльгүй үргээд ухасхийхэд Цэрэнпүрэв ойччихов.


Уйлалтай ч биш. Би тангараг өргөсөн эмч хүн шүү гэж өөрийгөө зоригжуулан ойртож ирсэн нулимсаа залгиад алхав. Нөгөө айлдаа явган буцаж ирээд жолоочтойгоо хоёул мориор дахиад дуудлага өгсөн айлаа зорьжээ. Очлоо. Тулгар эх өвдсөн чигээрээ. Эм тариа болж хонов. Маргааш эх амаржив. Залуухан эмэгтэйн гуравдахь төрөлт байв. Тэгэхэд нэг уужуухан амьсгаа авсандаа гэж Цэрэнпүрэв эмээ дурсав. Нэг сонин нь өмнө нь морь унаж үзээгүй болохоор айдастай ч “Би чадахгүй” гэх эрх түүнд байсангүй. Тэр дуудлагад явахдаа   мориноосоо би лав 2-3 удаа цасан дунд унасан шүү гэж ярьсан юм. 


Бас нэг удаа хөр цасан дундуур дуудлагад явахад нь жолооч нь хүрзээ мартчихаж. Хоёулаа буугаад л гараараа, хөлөөрөө цасыг зайлуулж, бас төөрч явсаар очиход өвчтөн сүрхий хүнд байсан учир аваад яаралтайхан эргэж ирж эмчилж дэргэд нь нойроо хасан хонож байж тэнхрүүлж авсан байдаг. Харин энэ явалтаараа Цэрэнпүрэв хацраа хайруулж хөлийнхөө хурууг бага шиг хөлдөөсөн дөө гэж байв.

 

Ш.Цэрэнпүрэв: ЭМНЭЛГЭЭ ӨӨД ТАТАХЫГ Л УРЬДАЛ БОЛГОСОН

-Өөрийг чинь анх очиход сумын эмнэлэг ямар янзтай байв даа?
-Арваадхан ажиллагсадтай. Тэд нь голдуу настайвтар хүмүүс. Эмнэлгийн байр байдал ч тийм сайнгүй юм шиг дүр төрх угтсан. Төрөх өрөө гэхэд ердөө л нэг ор, түмбүүчигтэй. Түүнийг Жамсранжав гэж өвгөжөөр хүн надад хүлээлгэн өгсөн. Тэр хүн мэргэжлийн биш ч эмнэлэгтээ төрсөн хүүхдийг эх барьж авч дадчихсан нэгэн байлаа. Тэр ажлаа надад өгөөд л тэтгэвэртээ суулаа гэсэн. Би төрөх өрөө тасалгаагаа л тохижуулахыг урьдал болгосон доо.


-Тухайн үед эм, тарианы хангамж хэр байсан бэ?
-Намайг анх очиход тааруу байсан бол сүүлдээ тун гайгүй болсон шүү. Даангүй төрөх тасгаа хамгийн цэвэр цэмцгэр байлгахыг хичээсэн. Дээрээсээ ч энэ талаар сайн анхаардаг байв.


-Сумын эмнэлэгт жилд хэдий хэрийн эх төрдөг байв?
-Дунджаар гэж ярьвал жилд 50-60 эх төрнө. Бараг л эмнэлэгт голдуу. Сүүлийн жилүүдэд 100 гаруй эх төрж байсан.


-Тэгэхлээр та бас олон хүүхэд эх барьж авсан байхнээ?
-Тийм л дээ. Надад байдаг тоогоор 2580-аад хүүхэд гардаж авсан байдаг юм. Бахархах юм маань энэ. Хорвоод хүн болох нялх “амьтан”-ыг гар дээрээ өргөж авна, алтан хүйг нь боож авна гэдэг эх баригч эмч хүнд л заяасан ховор алба гэдэг юм шүү дээ.


-Тэгэхлээр “Монголын үрс маш олон болтугай” гэх билгэтэй ерөөлтэй нэг эзэн та юм. Тэр эх барьж авсан олон хүүхдээс чинь сонирхуулбал олны танил хүн зөндөө л байх даа.
-Алийг хэлж барах вэ дээ. Боож авсан ижий энэ ээ тэр ээ гээд ирэгсэд олоон. Түмний танил талаас нь хэлбэл улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нарын бөх байна. Нутагтаа байхад ирж золгодог нь олон л байлаа. Хүүхдийн үс авахад “боож авсан ижий” заавал очих ёсон бий. 


-Та шавь олонтой юу?
-Албан ёсны биш боловч дагалдан сурч байсан хүмүүс бий. Үүнийгээ миний хувьд тийм илүү сайн ажил хийж байна гэж бодож явсангүй. Дадлагачаа дагуулаад өвчтнөө үзнэ. Дуудлаганд ч явна. Хүн төрөхөд хамт байлцуулна. Тэр бүхэн “хичээл” шүү дээ.Өөрийнхөө нэг охиныг хүртэл тэгж дадлагажуулж  байлаа. Эмч болсон. Одоо Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүл мэндийн долдугаар төвд ажилладаг.


-Нэг охин чинь өөрийн чинь ажил, мэргэжлийг өвлөжээ. Бусад нь ямархуу мэргэжил эзэмшсэн бэ?
-Голдуу л эрдмийн мөр хөөсөн дөө. Тодорхой мэргэжил гэвэл бүжигчин, нягтлан бодогч бий. Нэг хүү Д.Алтанхуяг Завхан аймаг дахь Монгол Улсын Их сургуулийн салбарын захирлын ажилтай. Ер нь тус тусдаа л ажил албатай даа.

 

Зураг дээр: Нөмрөг сумын эмнэлгийнхэн. Өвөр эгнээнд дунд нь Ш.Цэрэнпүрэв, их эмч Д.Цэенхорлоо, Б.Отгонхүү, арын эгнээнд сувилагч Өлзийбат, Н.Мягмарсүрэн.Б.Должинсүрэн, Д.Цогзолноров, вакцины сувилагч д.Дашдондов, эмийн санч Ж.Баасанцэрэн, асрагч Х.Жамьянсүрэн, Ө.Норсонжамц, ажилтан Д.Батбаяр, Д.Сүхбаяр болон Нөмрөг сумын иргэн Раднаа, Дугар нарын хамт. 1992 он.

 


-Эмч хүний жаргалтай цаг мөч хэзээ байдаг вэ?
-Хамгийн сайхан нь гэвэл өвдөөд ёолж ядаж байсан хүн эрүүлжээд инээгээд сууж байх л юугаар сольшгүй санагддаг. Эрүүл болоод “Эмч танд баярлалаа” гэж хэлсэн үг нь хамгийн том шагнал. Тэр дотроо хорвоод мэндэлж байгаа хүний алагхан үрийг алган дээрээ тосон авч часхийн уйлах дууг сонсох шиг сайхан юм ховор шүү дээ.


-Та Нөмрөг нутагт үнэхээр нутагшжээ дээ. Тэр сумын иргэн гэж ч явдаг юм байна лээ?
-Тийм ээ. Үнэхээр сайхан нутаг. Уул ус нь тэгшхэн хангай даа. Тэлмэн, Тахилт, Хунт, Цэцэг, Цагааннуур, Долоон нуур, Цагааннуур гээд байгальдаа штгтгэсэн шүр сувд шиг олон нуур бий. Гол ус, рашаан ч элбэг.
Нөмрөгийн нуруу гэж алдартай баян уулс бий. Бас Хөдрөгийн нуруу, Их, бага хайрхан, Буга-Өндөр гээд сүрлэгдээ сүрлэг. Үнэхээр хэний ч сэтгэл хорогдом хангай. Хүмүүс нь зочломтгой нь онцлог. Дийлэнх хотгойдууд. Түүхнээ нэр нь мөнхлөгдсөн алдартнууд ч олон. 
Энд нэгийг хэлэхэд Нөмрөг сумын эмнэлэгт салбарын эрхлэгч байсан Б.Пунцагт саявтар хүний гавъяат эмч цол хүртээсэн байна лээ. Бид мөр зэрэгцэн цөөнгүй жил ажилласан даа. Дашрамд дурдахад, их эмч Цэенхорлоо, Отгонхүү, бага эмч Сампилноров, асрагч Норсонжамц гээд үе үед хамтран ажиллаж байсан эмч, бага эмч, сувилагч, асрагч, ажилтнуудаа дурсахад таатай байна. 


-Өөрөө Нөмрөг сумын нутгийн сайхныг ярих юм. Тэнд 33 жил ажиллаж амьдарч хөндлөн гулд зөндөө явсан болохоор газар нутгаа сайн мэднэ биз?
-Мэднэ ээ. Хаана уул даваатай, хаагуур явахад зам аятайг бас тэдний, эдний өвөлжөө, хаваржаа гээд мэддэг л байлаа. Одоо харин заримыг нь мартагнах болчихож. Нөхөр минь Баянзүрх багийн нутаг Улаанхад гэдэг газар төрсөн юм билээ. Ёстой л замын хүн бууж аядмаар нутаг. Бид амралтаараа дандаа очиж амардагсан.Тэндээс арагшаа жаахан давахад л Нөмрөгийнхөний шүтээн “Лам хад” гэж бий. Хоёр том хадан хошууны дунд оршдог тэр хад яг л залбираад сууж буй лам хүн шиг харагддаг. Нэг талдаа хэргээр ухаж гаргасан юм шиг нүхтэй тэрэнд нь мөргөлчид хадаг яндар, идээ будаагаа өргөдөг. Энэ шүтээнд залбирч байгаад хүсэл, мөрөөдлөө хэлж, аврал буян хүсдэг. 


Би тэр лам хаданд жил бүр очиж мөргөдөг юм. Нутгийнхан байтугай хүмүүс ч очиж сүслэх болсон байналээ. Тэр шүтээн хаднаас доошлоод Боомын амны харз гэж бий. Тэнд олон төрлийн рашаантай. Юм юмны тэр рашаан эмчилгээний зориулалттай юм болохоор газар газрын хүмүүс нуурын шувууд шиг л цуглардаг болсон юм даа. Анх эмч болж очоод тэндхийн бэр болж олон арван жил амьдарсан болохоор өөрийгөө Нөмрөгийн хүн гэж чанд боддог. Тэр нутагт үнэхээр дассан юм шүү би.


-Олон жил ажилласан  хүнд шагнал урамшил гэж зөндөө л биз дээ?
-Шагнуулж л байсандаа. Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Тэргүүний эх баригч” цолтой. Нэг онцлог юм бол Эрүүлийг Хамгаалах Яамны Хүндэт самбарт гарч ЭХ-ын Хүндэт тэмдгээр шагнуулсан. За тэгээд Ардын Хувьсгалын болон Эрүүлийг Хамгаалахын ойн хэд хэдэн ойн медальтай. Сумын АХ-ын депутатаар 2-3 удаа сонгогдсон доо. Энэ жил сумын маань 100 жилийн ой тохионо. Тиймээс энэ далимд танай сониноор дамжуулан түүхэн хутагтуудын мэлмий гийж өлмий батажсан энэ сайхан нутгийн ард олонд, хүний эрүүл энхийн манаанд хамтран зүтгэж явсан нөхөд, төрөл садангууддаа баярын мэнд хүргэж мэндчилье.

*        *          *

Сайхан хүн дотроосоо гэрэлтдэг гэдэг. Тэр үнэнийг Цэрэнпүрэвийн урамтай, гэгээ цогцлоосон ярианаас олж харлаа. Тэрхүү гэрэл гэгээг хүн зүрх сэтгэлээрээ олдог байх юм. Даангүй эмч хүн бусдад тусласныхаа хариуд гэгээтэй гэрэлтэй явдаг ажээ. Тийм хүний үг яриаг сонсоход ч ая таатай юм.  Ш.Цэрэнпүрэвийг хүний төлөө амьдарсан хүн гэж хэлбэл ононо болов уу.
Эгэл хүний яриа эгэл байдаг юм байна аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 56 (7041)

Эгэлхэн атлаа эгэлгүй баатар ямар ч хүнтэй энгийн дөлгөөн харилцаж эрдэм чадлаазориулсан эгнэшгүй ачтан , инээмсэглэл, алагласан сайхан нүдийг нь хараад өвчитнүүд нь тайвширдаг байсан байх даа.
Цэндээхүү
Мундаг эмч дээ, 100н жилийн ойн мэндийг таньдаа хүргье ,эрүүл энх, сайн сайхан, аз жаргалын дээдийг хүсье
эрүүл энхийг хүсье ёстой эгэл баатар байна даа,
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин