Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед буюу дөрөвдүгээр сард ажил үүргээ гүйцэтгэж явсан офицер амиа алдсан нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Жамъянсүрэнгийн Даваарагчаа агсан байв. Ард олныхоо төлөө аюулт өвчнийг сөрөн зогсож байсан юм.
“Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр хурандаагийн гэргий Ш.Оюунсүрэнг “Зэвсэгт хүчний бэр” ярилцлагынхаа хойморт урьж, цэл залуухан дэслэгчтэй эхлүүлсэн амьдралынх нь тухай дурсав.
-Таны хань Зэвсэгт хүчний тэргүүлэгч хурандаа нарын нэг байлаа. Ханьтайгаа танилцаж байсан үеэ дурсаач?
-Миний ханийн үйл хэргийг дурсаж, ярилцлага авах урилга ирүүлсэн та бүхэндээ баярлалаа. Тийм ээ, ханийнхаа тухай ярих сайхан байна. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж ёсолсон шигээ Зэвсэгт хүчиндээ нэр төртэй ажиллаж амьдарсан хүн.
Бидний танилцсан түүх бусад залуусын л адил энгийн. 1993 оны өвөл юм даа. Шинэ жил болох гээд цас их орсон өдөр. Манай ангийн найз Д.Өнөрцэцэг бид нэг арга хэмжээнд орох болж, автобусанд суухад тэнд цэргийн сургуулийн цөөнгүй сонсогчид байж таарав. Тэр арга хэмжээнд бас оролцохоор явж байсан. Анх харахад хувцас нь адилхан болоод ч тэр үү, ялгахын аргагүй эрчүүд л харагдсан. Гэхдээ нэг л залуу миний нүдэнд тод туссан нь миний хань. Цэмбэн шинелиэ цэгцтэй сайхан өмсөж, хромон гутал нь нүүр харагдах нь уу гялалзаад л. Гэм нь жаахан ярвагар гэмээр төрхтэй. Нөгөө сонсогчидарга хэмжээн дээр нэрээ хэлэхэд нь “Даваарагчаа” гэж урьд нь сонсож байгаагүй содон нэртэй юм гэж бодоод л өнгөрсөн.
Түүний дараагаас бид илүү дотно танилцаж, ангийн охин Өнөрөө “Сайн залуу гэнэ лээ. Манай найз залуу Ц.Батсайхантай (өдгөө хурандаа) онжав гэсэн” гэж рекламдаж, тэр нөлөөнд төд удалгүй автсан байдаг. Тэгээд ч миний аав Я.Шүрэнчулуун гээд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт болон ХЦУГ-т насаараа ажилласан хос тангарагтай хурандаа хүн байсан л даа. Цэргийн хүний охин болоод ч тэрүү цэргийн дүрэмт хувцастай залуу нүдэнд дулаахан, сэтгэлд ойрхон туссан байх.
Бидний анхны болзоо их инээдтэй. Одоо бодоход хамгийн гэгээн бөгөөд сайхан үе. Тэр үед залуус болзоондоо цэцэг юм уу, шоколад авчирдаг байтал манай хүн цэцгэн хэлбэрээр хэвлэж шахсан шинэхэн бяслагтай ирсэн юм даа хөөрхөн гэж. Архангайгаас авчирсан гээд.
-Хуваагаад л идэж ...
-Тийм ээ, цэцэрлэгийн сандал дээр бяслаг идсэн хоёр хос сууж билээ. Халуун, хүйтнийг ч анзаарах сөхөөгүй нэгнээ гэсэн догдлол дүүрэн болзоо байж билээ.
-“Архангайгаас авчирлаа” гэснээс нутаг ус хаанах вэ?
-Миний хань Архангай аймгийн Батцэнгэл сумынх. Аав маань Д.Жамъянсүрэн гээд газар зохион байгуулагчаас Ардын хянан шалгах хорооны дарга хүртлээ ажилласан жинхэнэ төрийн хар хүн байлаа. Бусдад тусархаг, олонтой гэж жигтэйхэн сайхан буурал байсан. Ээж маань С.Чанцалдулам гээд Архангай аймгийн сургууль, сумын цэцэрлэгт насаараа тогоочоор ажилласан, өдгөө үр хүүхэд, ач зээгээ тойруулаад бужигнаж суугаа сайхан хөгшин бий.
-Хоёр талаасаа амьдралаа нэгтгэсэн үеийг дурсвал?
-Биднийг айл гэр болсон нь 1990-ээд оны дунд үе байлаа. Картын бараанаас дөнгөж салсан, нөгөө дамын наймаа гээч нь ид цэцэглэж байсан цаг үе л дээ. Нэг нь залуухан офицер, нөгөөх нь залуухан багш. Бусдын амьдрал яаж эхэлдэг тийм л жимээр явсан. Цалингаас цалингийн хооронд, тэр нь заримдаа хүрэхгүй байсан ч яаж ийж байгаад гэр бүлээ болгоод л явдаг. Ингэлээ гээд бид муудаагүй, харин ч амьдралын чанар ухааныг ойлгож, бие биеэ хайрлаж, хүндлэх нь илүү нэмэгдсэн. Офицер, ахлагч нарын гэргий нарт нэгэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг. Тэр нь ханийнхаа ар талыг даасан шиг дааж, албандаа сэтгэл хоёрдолгүй ажиллахад нь туслах юм. Энэ зарчмаар л амьдарч ирж дээ.
-Залуу офицеруудын гэргий нартай ойр дотно нөхөрлөж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Биднийг Зэвсэгт хүчин хэмээх сайхан алба нэгтгэж, цэргийн гэргий гэдэг хүндэтгэл дагаж явсан учраас амьдралын жаргал, зовлонгийн бүх цаг үед цуг яваа бүсгүйчүүд бий. Бригадын генерал Д.Баасандамбын гэргий Ч.Тунгалаг, хурандаа Ж.Мөнхбаярын гэргий Уртнаст, хурандаа Б.Энхзорголын гэргий Ж.Бадамцэцэг, хурандаа Ц.Батсайханы гэргий Д.Өнөрцэцэг гээд ажил амьдралын олон сайхан найзууд бий. Өнөрөө бид хоёр их сургуулийн нэг ангийнх бүр багаасаа л нөхөрлөсөн бол Бадмаатайгаа нэг салбарт цуг мөр зэрэгцэн ажиллаж байна.
Бид хайрцаг саваа баглан боож, цэргийн ангиуд руу томилолт өвөртлөөд гүйж явсан залуухан дэслэгч байх үеэс нь нөхөрлөсөн улс. Ханийг минь байхад бөөнөөрөө шаагилдаад хүрээд ирнэ. Өдөржин тоглож, ярилцаж сууна. Энэ 30 гаруй жилийнхээ нөхөрлөлийг эргээд харахад мундаг зарчим байдгийг анзаарсан нь хэдий найз нөхөд ч гэсэн хүндлэлийн зураасыг давдаггүй чанар. Аль нэг нь албан тушаал дээгүүр, нөгөө хэдийгээ захирах шаардлага гардаг ч нөхөрлөлөө, хүндлэлдээ зай заавал үлдээнэ. Бас найз нөхөд гээд илүүрхээд байхгүй. Ажил бол ажил, амьдрал бол амьдрал гэсэн дүрэмтэй. Бидний амьдралд өнгө нэмж нөхөрлөж явсан хүн бүхэнд талархдаг. Хэдийгээр хань минь бурхан болсон ч өнөөх л янзаараа “Оюунаа юу хийж байна” гээд ярих нь, манайд ирэх нь хэвээрээ. Миний хань өөрөө их олонтой явсан учраас цэргийн хүрээний найз нөхөд, хамтран зүтгэгч, ах, дүү нар зөндөө. Цэргийн сургуулийн нэг анги, курс, Батлан хамгаалах Удирдлагын академийн офицерууд, энхийг сахиулах ажиллагаанд хамт үүрэг гүйцэтгэсэн залуус, Зэвсэгт хүчний анги, байгууллага, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт хамт ажилласан хүн бүртэй дарга цэрэг, ах дүүгийн нандин харилцаатай явсан хүн. Бүгдээрээ л “Миний дарга”, “Миний найз”, “Миний цэрэг” гэдэг. Ханийнхаа дэндүү олонтой байж, албандаа нэр төртэй, бусдын хайр хүндэтгэл дунд явснаар нь үргэлж бахархдаг. Бригадын генерал Г.Болор ханийн минь тухай сайхан дурсамж оруулсныг нь уншаад баярлаж л суулаа.
-Цэргийн ангиудаар дамжиж босгосон амьдрал их сайхан дурсамжуудтай байдаг?
-Тийм ээ. Налайхын налгар намар, Төв аймгийн салхитай хөндий, Ховдын дулаан өвөл, шуургатай хавар, алдар түүхт холбооны хорооны хойноос ирэх үнэр, Чулуун овооны харанхуй гудамж гээд цэрэг армитай холбоотой дурсамжууд олон бий. Тэр дундаа хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь ард түмэн цэрэг армийг холбох ажлыг гүйцэтгэсэн сүүлийн жилүүд нь. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар ажиллаж байхдаа дүүргээс татагдсан цэргүүдээ эргэж тойрно гэнэ, цэргийн насны залуусын ирцийг нь нэмэгдүүлмээр байна гэнэ, дүүрэгтээ Зэвсэгт хүчнийг сурталчилмаар байна гээд ажил нь барагдахгүй их. Өөрөө ч тэрэндээ их дуртай, нэг мэдэхэд л ярьж явсан бүхнээ ажил хэрэг болгочихоод ороод ирнэ. Цэрэг татлага болохоор цаг агаар битгий муудаасай, дулаахан байг гэж хамтдаа залбирна. Цаг уурын байдал цэргийн насны залуусын ирцэд нөлөөлдөг гээд тэр шүү дээ. Хөөрхий минь ажил, албандаа тийм л хайртай офицер байсан сан.
Хөөрхөн борлог мориороо, хөндийг туулах сайхан даа,
Хөгшин буурал ээжийгээ хүндлэн асрах сайхан даа гэж дуулах дуртай.
-Ханийхаа ямар чанарт хамгийн их татагдаж байв?
-Ажил, амьдрал дээр тулхтай, ноён нуруутай, зарчимч байдалд нь. Дээрээс нь хошин шогийн торгон мэдрэмжтэй. Эр хүн гэдэг зоригтой, шийдэмгий байх ёстой юм байна гэдгийг ханиасаа л мэдэрсэн. Магад анхлан танилцсан хүндээ хатуу ширүүн мэт харагддаг ч их зөөлөн, эмэгтэй хүнд хатуурхаж чаддаггүй, ээждээ нялхарч нурсан хүү нь байлаа. Хүнийг хэзээ ч ялгадаггүй. Дарга ч байсан, цэрэг ч байсан хүн ёсоор харилцана. Бас сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шагай харваа, үндэсний бөх гээд хичээллэдэггүй, сонирхдоггүй спортын төрөл гэж үгүй. Ямар сайндаа залуу явахад “Хоёулаа бөх үзье” гэж гуйна. Өөрөө ч сайхан барилдчихна.
-Та хоёрын амьдралын түүх гэсээр байгаад таны тухай асуухаа мартах шахаж?
-Би сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй боловсролын салбарт ажиллаж байна. Одоо нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирлаар ажилладаг. Манайх гурван хүүтэй. Том хүү аавынхаа залгамжийг хадгалж Зэвсэгт хүчиндээ алба хаадаг бол дунд хүү оюутан, бага хүү сурагч. Хөвгүүд минь цөмөөрөө аав шигээ бодь талдаа, бусдад тус дэмтэй, зөөлөн сэтгэлтэй. Миний ижий Д.Сүрэнжав гээд сайхан буурал бий. Хүүхдийн эмчээр насаараа ажилласан хүн. Авралын бурхан болсон эмч мэргэжлээс хамгийн хэцүү нь хүүхдийн эмч гэнэ лээ. Яагаад гэхээр бяцхан хүүхэд тэнд өвдөж байна гэж хэлж чаддаггүй, түүнийг зөв оношилж эмчилнэ гэдэг том хариуцлага. Тэгэхээр хамгийн хэцүү бөгөөд хүндтэй ажил байгаа биз.
-Тэгэлгүй яах вэ…
-Энэ завшааныг ашиглаад “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулаад миний ханьтай мөр зэрэгцэн алба хааж байсан генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч та бүхэндээ баярын мэндийг уламжилъя. Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар болон хурандаа Т.Мөнхбаяр тэргүүтэй нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олон, ханьтай минь цуг алба хаасан хамтран зүтгэгч, холбоочдодоо, онжав найз нөхдөд нь гүн талархал илэрхийлье.
Ахмад Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 55 (7040)