Б.Дамдин-Очир
Судалгаагаар иргэдийн 90 хувь нь “...Шүүхэд итгэдэггүй” гэж хариулжээ. Энэ ноцтой судалгааны нарийвчилсан дүгнэлт удахгүй олны хүртээл болох юм байна. Уг нь шүүх бол Монгол төрийн засаглалын “тулгын гурван чулуу”-ын нэг юм. Гэтэл иргэд, олон нийт ингэж дүгнэдэг болчихсон. Шуудхан хэлэхэд, шүүх ийм л эмгэнэлтэй байдалд хүрчээ.
Яагаад ийм болсчихсон бэ. Энэ тухайд олон дүгнэлт бий. Шалтаг, шалтгаанууд нь гаднаас ч, дотроос нь ч гарч ирдэг байна. “...Гаднаас хамаатай шалтаг, шалтгаан” гэдэг нь улс төр, бизнесийнхний нөлөөллийг гээд ойлгоход болно. Бас хууль хяналтын салбарт бусад чиглэлээр ажилладаг мэргэжил нэгтнүүд нь шүүхийн нэр хүндэд халддаг.
Тэрчлэн шүүгч нараас өөрсдөөс нь хамааралтай алдаа мадаг нэлээд байна. Энд шүүгч нарын ёс зүй гэхээсээ ажил мэргэжлийн алдаа оноог илүү ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүгч нарын зарим хэрэг дээр гаргаж буй шийдвэр нь нийтийн эрх ашгийг илтэд зөрчсөн байдаг. Энэ нь голдуу дуулиан шуугиан тарьж, олны анхааралд орсон хэрэг дээр ажиглагддаг.
Гэхдээ зарим шүүгч олны анхааралд орсон гэхээсээ нийтийн эрхийг зөрчсөн гэмт үйлдлийг шууд хаацайлах буюу хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж буй нь шүүхэд итгэх иргэдийн итгэл гэдгийг шууд унагадаг.
Саяхны нэг жишээ байна. Дээд шүүх энэ сарын 9-ний өдөр Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцжээ. Тэгээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэргийг товчхон сануулахад, Б.Баттүвшин нь ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онги болд” компаниар дамжуулан зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг сонгон шалгаруулах хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, дээрх төсөлд 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авч, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нартай бүлэглэн уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн нь 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “...Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байна.
Уг нь Б.Баттүвшин нарын үйлдэл нь маш тодорхой бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн “...“Онги болд” ХХК нь 2014 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр ЖДҮХС-гаас 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн эзэмшдэг “Г” банкны төгрөгийн харилцах 140500..... тоот дансаар дамжуулан хүлээн авч мөн банкны өөрийн эзэмшдэг долларын харилцах 140510.... тоот дансанд 600,000 ам доллар буюу 1,432,200,000.0 төгрөг, иргэн Ш.Энь бэлэн мөнгөөр 123,705,000 төгрөг, иргэн н.Гантулгын “Х” банкинд эзэмшдэг данс руу 34,000,000 төгрөг, иргэн Ж.Галт-Одын “Х” банкны төгрөгийн харилцах 0 тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн Х. Т бэлэн мөнгөөр 40,000 төгрөг, иргэн В.Эрдэнэбаярын “Г” банкны долларын харилцах 210937... тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Маргадын “Г” банкны төгрөгийн харилцах 110510.... тоот данс руу 100.000.000 төгрөг, банкны шимтгэлд 43,000 төгрөгийг тус тус зарцуулсан байна...“Онги болд" ХХК-ийн дансны идэвхтэй гүйлгээ гарсан хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2015 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл байна. Иймд дээрх зарцуулалтаас харахад “Онги болд” ХХК нь 1,550,000,000 төгрөгийн ЖДҮХС-гаас авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулаагүй “И” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан байна...” гэсэн 07190009 дугаартай мөрдөгчийн магадлагаа бий.
Мөн Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У, Р.Н нар “... “Онги болд” ХХК-ийн хувьд...1,550,000,000 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Тийм учраас 2016 оны гуравдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 1,596,579,229 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Гэвч одоо болтол нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй байгаа. 2013, 2014 оны зээлийн төслийн материалууд манай санд байгаа боловч ”Онги болд” ХХК-ийн төслийг судалсан мэргэжилтний талаарх мэдээлэл ЖДҮХС-д байхгүй. ...Тухайн үеийн төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрт нэг бүрчлэн үзэж танилцаж, шийдвэрлэсэн талаар мэдээлэл байхгүй. Тийм учраас биечлэн үзэж байгаагүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг байдаг.
Хамгийн гол нь уг 1.5 орчим тэрбум төгрөг шүүхээр шийдэгдтэлээ төлөгдөөгүй байгаа юм. Угтаа энэ хэрэг бол сүүлийн жилүүдэд иргэд олон нийтийн эсэргүүцдэг ЖДҮХС, Хөгжлийн банк, нүүрсний хэрэгтэй яг адилхан. Тэгээд ч ийм авлига, албан тушаалын хэргүүдэд Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд хатуу чанд хандаж эхлээд байна. Цагийн байдал, эдийн засгийн хүндрэлээс болоод ингэхээс ч өөр аргагүй юм. Нэг үгээр хэлбэл, ЖДҮХС-гийн 1.5 тэрбумаар “найрласан” Б.Баттүвшин нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн “өршөөчихсөн” байх юм. Тэгвэл ийм нөхцөлд асуудлыг хэрхэн шийдэж, алдааг яаж засах вэ. Шүүхэд итгэх иргэдийн итгэл дахин доошлоод л, Б.Дарьсүрэн шүүгч дараагийн хэргээ үргэлжлүүлэн шийдсээр байх уу?!
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 55 (7040)