Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Монголчууд эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай оронд амьдардаг онцлогтой ард түмэн. Харин өвлийн улиралд биднийг, тэр дундаа хүүхдүүдийн минь дархлааг унагааж, өвчлүүлдэг хамгийн эрсдэлтэй өвчин бол ханиад томуу. Ялангуяа энэ жилийн хувьд бусад амьсгалын замын өвчлөл өндөр байгааг мэргэжлийн эмч, сувилагч нар онцолж байсан юм. Мөн энэ жилийн ханиадны хувьд вирусын гаралтай гэж тодорхойлсон учир өрхийн эмч нар ихэвчлэн вирусын гаралтай үрэвсэл дарах эм бичиж өгч байна.
Гэвч тухайн эмэндээ ханиад дарагдахгүй, улам халуурч, өвчлөл нь хүндэрч байгаа нь эцэг эхчүүдийг эмийн чанарт эргэлзэхэд хүргээд байгаа юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа эмийн чанарын тухай цувралаар хөндсөн билээ. Бид энэ сэдвээр таван цувралыг уншигчдад хүргээд байна. Тус цувралуудын тухай тоймлон хүргэе.
ХҮҮХДЭЭ ТЭВЭРСЭН ЭЭЖҮҮД ЭМИЙН ЧАНАРТ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
Эмийн чанарын тухай цуврал нийтлэл маань дээрх гарчигтайгаар эхний цувралаа хүргэсэн юм. Эхний цувралдаа бид илүү нийгэм рүү чиглэж, бодит байдал ямар байгаа болон эмийн үнийн тухай гурван ээжийн сэтгэгдлийг хүргэж байв. Түүнээс нэгэн ээжийн сэтгэгдлийг сийрүүлэн хүргэхэд Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Батсүрэн “Би долоо, 16 настай хоёр хүүхэдтэй. Сүүлийн гурван сар хүүхдүүд минь ханиаднаас салсангүй. Ялангуяа бага хүү минь ханиад нь хүндэрч байнга халуурч байна. Эхлээд өрхийн эмнэлэгт үзүүлэхэд MixaFlu, витамин С, харшлын эм бичиж өгсөн. Зааврын дагуу тав хоног хэрэглэсэн боловч үрэвсэл нь дарагдаагүй. Ингээд дахиад эмнэлэгт хандтал Филамоксин гээд 250-тай антибиотик бичиж өгсөн. Гэвч энэ эм нь тасарчихсан гээд олдоогүй. Тиймээс хүүхдийн амокциллиноор орлуулж авсан. Гэвч ханиад нь одоог хүртэл намдахгүй байна. Сүүлдээ эмийн чанарт эргэлзэхэд хүрч байна. Уг нь эмчийн жорын дагуу 10 гаруй хоног эм уулгаж байхад ханиад эдгэрэх ёстой шүү дээ. Гэвч хоолой нь сөөнгөтөж, нус нь гоожиж, цэртэй ханилгасан хэвээр байна. Мөн нэг хүүхдэд эм авахад дунджаар 70-120 мянган төгрөг зарцуулж байна” гэж байсан юм. Мөн дугаартаа бид эм ханган нийлүүлэхийн эмийн санч Д.Энхжаргалын хэлсэн мэдээллээр манай улсад орж ирж буй ихэнх эм ОХУ-аар дамждаг тухай хөндсөн. Үүнээс гадна Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг тухай мэдээлэл хүргэсэн билээ.
ЧАНАРГҮЙ ЭМИЙН ЗОЛИОС ЮУНД ХҮРГЭХ БОЛ
Энэхүү хоёр дахь цувралаараа бид өнөөдөр манай улсад худалдаалагдаж буй эмийн чанар болоод хараа хяналт ямар түвшинд байгаа тухай хөндсөн юм. Улсын хэмжээнд 44 аж ахуй нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 84.1 хувь нь олон улсын эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу “GMP”-ын шаардлага хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Үүнээс дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй талаар мэдээлсэн тухай онцолсон. Мөн Анагаах ухааны доктор, их эмч С.Булгантамир энэ дугаарт “Би АНУ-д гурван жил амьдарсан. Өнгөрсөн жил докторын зэргээ тэнд хамгаалсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд мэдээж эрүүл мэндийн салбараа нэн тэргүүнд тавьдаг. Би тус улсад ажиллаж амьдарч байхдаа эмнэлзүйн лабораториудад дадлага хийдэг байсан. Миний амьдарч байсан мужид гурван том лаборатори байдаг байлаа. Импортоор ирж буй эм бүхэнд заавал эмнэлзүйн шинжилгээ хийж, чанарыг баталгаажуулдаг. Манай улсын хувьд мэргэжлийн лабораториудыг нэмэх шаардлагатай. Мөн эмийн чанар, дүн шинжилгээ чиглэлээр мэргэшсэн эмзүйч заавал байх ёстой гэж хардаг” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Манай улсын хэмжээнд эмийн чанарт шинжилгээ хийх лаборатори дутмаг байгаа нь үнэн. Харин байгаа шинжилгээний төхөөрөмжүүд нь эвдрэл ихтэй байдаг ажээ. Энэ тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Энхзаяа “Эм шинжлэх лабораторийн шинжилгээний үзүүлэлт, аргыг зарим улстай харьцуулахад үзүүлэлт бүрэн ч шинжилгээг 3-6 төрлөөр хийх боломжгүй байна. Энэ нь тоног төхөөрөмжийн эвдрэл болон шаардлагатай урвалж бодисын хангамжаас шалтгаалж байгаа юм. Мөн 2017-2022 онуудад лабораторид ирсэн нийт дээжээс шаардлага хангаагүй нь дунджаар 10.9 хувийг эзэлж байгаа. Тодруулбал 54 үзүүлэлтээр шаардлага хангаагүй дээжүүд байсны 46.2 хувь нь микробиологийн үзүүлэлтээр шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Энэ нь аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна” гэсэн юм.
НЭГ ЭМИЙН ТӨГС ҮЙЛЧЛЭЛ ЗУРГААН САРЫН НАСТАЙ
Гурав дахь цувралдаа бид холбогдох байгууллагууд эмийн чанарт хэрхэн анхаардаг болоод хүчтэй антибиотик удаан хугацаанд хэрэглэснээр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг тухай хөндсөн юм. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх 2500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан ажээ. Мөн 2018 онд хийсэн судалгаагаар Монголын зах зээлд эргэлдэж буй эмийн 15 хувь нь бүртгэлгүй гэсэн судалгааны дүн гарсан байна.
Харин 2019 онд хийсэн судалгаагаар энэ тоо 11 хувь болж буурсан байдаг. Үүнээс гадна зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг тогтоосон тухай хөндсөн нь энэхүү гурав дахь цувралын гол өнцөг байв. Мөн Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгож байгаа нийт эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн тухай энэхүү нийтлэлдээ ч онцолсон. Эмийн чанарын тухай Сонгинохайрхан дүүргийн эм эмнэлзүйн газрын эм зүйч Б.Отгончимэг “Манай зах зээлд эргэлдэж буй эмийн 70 гаруй хувь нь гаднаас ирдэг. Импортоор орж ирж буй эм ихэвчлэн Энэтхэг, Хятад, Герман улсаас ирж байна. Мэдээж тээвэрлэлт хурдан ирэх боломжгүй.
Үүнээс гадна эм, бэлдмэлүүд хадгалалт, тээвэрлэлтийн нарийн горимтой. Гэвч үүнийг яг журмын дагуу авчрах хэцүү. Энэ мэт олон шалтгаан нь эмийн чанарт нөлөөлж байна. Мөн өөр нэг хүчин зүйл нь хугацаа юм. Тиймээс эм худалдан авч байгаа бол он сарыг харж хэвших хэрэгтэй. Нэг эмийн үйлчлэл төгс буюу 100 хувь байх нь ердөө л зургаан сар байдаг. Тэгэхээр үйлдвэрээс гараад зургаан сар өнгөрчихсөн бол тухайн эм чанараа алдаж эхэлж байна гэсэн үг” гэсэн юм.
МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ДАРХЛААНД ЧАНАРГҮЙ ЭМ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
Дөрөв дэх цувралдаа бид манай улсад орж ирж буй эм ихэвчлэн ямар улсаас ирж байгаа тухай хөндсөн билээ. Тэгвэл Монгол Улс хамгийн их буюу 423 төрлийн эмийг Энэтхэг улсаас авдаг тухай нийтлэлийнхээ гол өнцөг болгосон юм. Харин Германаас 369, БНСУ-аас 261 төрлийн эм худалдаж авдаг ажээ. Гэтэл ДЭМБ-аас Монголд сүрьеэгийн эсрэг эм нийлүүлдэг Энэтхэгийн “Svizera” үйлдвэрийн эм бэлдмэлийг баталгаагүй гэж тодорхойлсон. Гэвч бид уг үйлдвэрийн баталгаагүй эм, бэлдмэлийг өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа юм.
Тодруулбал монголчуудын нас баралтын гол шалтгаануудын эхний зургадугаарт тооцогдож буй сүрьеэ өвчнөөр жилд 4000 гаруй хүн оношлогдож байна. Тэгвэл энэ өвчнөөр өвдсөн өвчтөн ихэвчлэн Энэтхэгийн “Svizera” үйлдвэрт үйлдвэрлэсэн эмийг түгээмэл хэрэглэдэг ажээ. Ялангуяа манай улсад сүрьеэ өвчний эрчимтэй эмчилгээнд өргөн хэрэглэдэг Рифампицин 150мг+Изониазид 75 мг+Этамбутол 275 мг+Пиразинамид 400 мг хавсарсан эм нь шаардлага хангахгүй нь тогтоогдсон тухай энэ цувралд хүргэсэн.
Мөн ЭЭХХЗГ-ын эм шинжлэх лабораторийн дарга, эм зүйн ухааны доктор Э.Сарнайзул “Лабораторид эмийн түүхий эд болоод биологийн идэвхит бүтээгдэхүүнийг шинжилдэг. Бидний хувьд дэлхий дахинд ашигладаг багажаар дотоодын болон импортоос орж ирж байгаа эмийн чанарын хяналтын шинжилгээг хийдэг. Шинжилгээний хувьд лабораторид ирж буй эмийн үйлчлэгч бодис нь байгаа эсэх, агууламж нь олон улсын баримт бичиг стандартын дагуу байна уу гэдгийг шинжилдэг.
Эм шинжлэх лаборатори 2022 онд нийт 1957 дээж 20242 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэсэн” гэсэн мэдээллийг энэхүү цувралдаа онцолсон билээ.
ХУДАЛДААНД БУЙ 10 ЭМИЙН ХОЁР НЬ ЧАНАРГҮЙ
Харин сүүлийн цувралдаа бид эмийн гаж нөлөө хүний биед хэрхэн нөлөөлдөг болоод эмийн дээжийг лабораторид хэрхэн шалгадаг тухай сурвалжилсан юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа “2022 оны аравдугаар сарын байдлаар манай улсын хэмжээнд нийт 4310 бүртгэлтэй байна. Түүний 21 хувь нь үндэсний, 79 хувь нь импортынх” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.
Мөн Хамгийн чухал нь эмийн сангуудаар худалдаалагдаж буй 10 эм тутмын хоёр нь чанарын шаардлага хангадаггүй. Түүгээр зогсохгүй Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэсэн Аудитын байгууллагын дүгнэлтийг бид сүүлийн цувралынхаа гол өнцөг болгосон юм. Энэ тухай Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Б.Батдэлгэр “Монголд өнөөдөр 44 эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр байгаагийн дөнгөж долоо нь “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг хангаж байна.
Тэгэхээр дотоодод үйлдвэрлэж байгаа эмийн чанар, баталгаа эндээс харагдана. Импортоор орж ирж байгаа эмийн чанарт ч хяналт тавих ажил хэлбэр төдий байна. Ялангуяа эмийн түүхий эдийг иж бүрэн хянаж чадахгүй байгаа юм. Хаанаас гаралтай, ямар нөхцөлд хадгалж, бэлтгэсэн түүхий эдээр эм үйлдвэрлэж байна вэ гэдэг мэдээлэл байхгүй. Аудитын явцад лабораторийн хяналт хийхэд шаардлагатай урвалж бодисгүй, тоног төхөөрөмжүүд нь эвдэрчихсэн зэрэг шалтгаанаар эмийн чанарыг баталгаажуулж чадахгүй байсан” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)