Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний сайн мэдэх “Эх нялхас”-ын хажуу талын 12 давхар барилгаас хүн унах гэж байна гэсэн дуудлага 2018 онд Цагдаагийн ерөнхий газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход нэгэн залуу хажуудаа шилтэй архи тавьчихсан тус барилгын дээврийн ирмэг дээр сууж байсан агаад “Ойртвол үсэрлээ шүү” хэмээн цагдаа нарыг сүрдүүлжээ. Гэсэн ч ийм нөхцөлд хэрхэн харилцвал тухайн хүн тайвшрах талаар дуудлага хүлээн авсан цагдаа, эргүүлийн офицер хоёр сайн мэдэж байсан учир очиж ярилцжээ. Аргадаж тайвшруулаад цагдаа ярилцаж үзэхэд гурван хүүхэдтэй тэр залуу эхнэртэйгээ маргалдсанаас үүдэн амиа хорлохоор шийдэж 12 давхар барилгыг сонгон авсан байна. Сэтгэлийн хэт их хөөрөл, гомдлоос үүдэн гурван хүүхдээ орхин хорвоог орхих гэж байсан нэгэн залууд амьдралын үнэ цэн, утга учрыг ойлгуулж, амьдрах итгэлийг нь сэргээн, амь эрсдэхээс хамгаалж чадсан цагдаа нь Жаргалсайханы Эрдэнэзориг байсан юм. Тэрбээр одоо Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасагт жижүүрийн цагдаагаар ажилладаг. Түүний өвөө Д.Дорж, ээж Доржийн Дариймаа, аав Л.Жаргалсайхан нар нь цагдаагийн албанд залуу насныхаа эрч хүч, ур чадвар, мэдлэг чадвар бүхнээ зориулан ажиллажээ. Гурван үеэрээ бидний амар тайван амьдралын төлөө их ачаалалтай, зав багатай хэцүү алба хэмээн зарим хүн халширдаг цагдаагийн албыг хашиж байгаа тэднийг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа онцоллоо.
ӨВӨӨГИЙН ДУРСАМЖ
Манай нийтлэлийн баатар Ж.Эрдэнэзориг өвөө цагдаагийн хурандаа Дамбын Доржийн тухай дараах дурсамжийг хуваалцсан юм.
ЗХУ буюу одоогийн ОХУ-ын Дотоод явдлын яамны харьяа дээд сургуулийг онц дүнтэй төгссөн анхны Монгол офицер гэдгээрээ Дамбын Дорж гуай эх орныхоо түүхэнд мөнхрөн үлджээ. Тэрбээр 1932 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Цагаан тохой хэмээх газар төржээ. Ийн 1960-1962 онд ЗХУ-д Цагдан сэргийлэхийн тусгай дунд сургууль, 1966-1969 онд ЗХУ-д ДЯЯ-ын дээд сургуульд суралцаж төгссөн байна. Дээд дурдсанчлан тэрбээр ЗХУ-д ДЯЯ-ын тусгай дунд ба дээд сургуулийг улаан дипломтой төгсөж, самбарт нэрээ мөнхлөн үлдээсэн анхны Монгол хүн болж, Монголын цагдан сэргийлэх албаны нэр хүндийг өндрөөр өргөсныг түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээжээ.
ЗХУ-д дээд сургуулиа онц дүнтэй төгсөж ирээд Д.Дорж Хөвсгөл аймаг дахь гал командад гал сөнөөгчөөр ажилд оржээ. Үүнээс хойш Тусгай хороонд цэрэг, бага дарга, Хөвсгөл аймаг дахь гал командад бага дэслэгч, Цагдан сэргийлэх албанд паспортын байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар дэвшин ажиллажээ. Мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээ үнэлүүлсэн Д.Дорж гуай Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт тасаг, хэлтсийн даргаар шилжин ирж гурван жил ажиллажээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад тасралтгүй 40 жил ажиллахдаа Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын /УАХЕГ/ орлогч штабын дарга, БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташегийн туслах, УАХЕГ-ын IV хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1988 онд хурандаа цолтойгоор гавьяаны амралтдаа гарсан байна.
Гал сөнөөгчөөс Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын орлогч дарга болтлоо дэвшин ажиллана гэдэг хэн бүхэнд заяах хувь тавилан биш. Тиймдээ ч Д.Дорж гуайн энэ нөр их хөдөлмөрийг үнэлэн Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, Шударга журам медаль, Улсыг аюулаас хамгаалах байгууллагын “Хүндэт чекист” цол хүртээжээ. Цагдаагийн албанд зүтгэхээс гадна Д.Дорж гуай 1992-2002 онд Тагнуулын байгууллагын ахмадын хорооны даргаар ажилласан байна.
Тэрбээр зээ хүү Ж.Эрдэнэзоригийг цагдаагаар ажиллаж байх үед хүн үнэнч шударгаар ажиллавал хүссэн зорьсондоо заавал хүрдэг хэмээн захьдаг байжээ. Энэ нь цагдаагийн хурандаа Д.Дорж үнэнч шударга байдлыг эрхэмлэн, тууштай зүтгэсний үр шимээ хүртэж аймгийн Цагдаагийн газраас эхлээд улсын цагдаагийн ерөнхий газрын тэргүүлэх албан тушаалд ажилласан гэдгийг бэлээхэн илтгэж байгаа болов уу.
Д.Дорж гуай тухайн үедээ гангандаа тооцогддог байсан Волга-24 машинаа унан охин Д.Дариймаагийндаа ирж, зээ хүүгээ зуслан руу нь хүргэж өгдөг байжээ. Цэмбэгэр дүрэмт хувцасаа жимбийтэл нь өмссөн, энгэр дүүрэн медальтай өвөө нь машинаасаа бууж ирэхэд нь хамгийн ихээр хөөрөн догдолж, өвөөгөөрөө бахархдаг байсан хүн нь зээ хүү Ж.Эрдэнэзориг юм. Энэ тухай Ж.Эрдэнэзориг “Бид үе удмаараа өвөөгөөрөө бахархаж, одоо ч гавьяа зүтгэлийг нь дурсан ярьдаг. Хүндэт чекист, онц сэргийлэгч, хурандаа өвөө минь зарчимч, шударга, халгисныг нь хашрааж, хамгаалахыг нь хамгаалж, хайрлахыг нь хайрладаг миний бахархал болсон хүн. Хувцас нь их гоё харагдахаас гадна хоолойны өнгө нь сүрдмээр. Штабын дарга байхдаа жагсаал удирддаг байсан учир хоолойны өнгө, яриа нь одоо хүртэл нь сэтгэлд тод үлдсэн” хэмээн дурсав.
Д.Дорж хурандааг охиныдоо очих бүртээ хамгийн эхэнд “За миний хүү өвөөгийнхөө гутлыг тослоорой” гэж зээ хүүдээ хэлдэг байжээ. Бахархаж биширч явдаг өвөөгийнхөө гутлыг тосолдог байсан тэрхэн өдрүүдэд өвөө шигээ цагдаа болно гэсэн хүслийн оч Ж.Эрдэнэзоригийн сэтгэлд анх ассан аж.
ААВ, ЭЭЖИЙН ХӨРӨГ
Цагдаагийн хурандаа Доржийн охин Дариймаа аавынхаа насаараа зүтгэсэн үйл хэргийг үргэлжлүүлж цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан байна. Цагдаагийн хошууч Доржийн Дариймаа Монгол Улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр 1980 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажиллажээ. Тодруулбал, тэрбээр Цагдаагийн ерөнхий газар, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ерөнхий нягтлангаар ажилласан байна. Аав нь амьдралынхаа ид үеийг энэ л албыг хашиж өнгөрүүлсэн нь Д.Дариймааг цагдаагийн байгууллагыг сонгоход нөлөөлсөн аж.
Ийн ээжийгээ нягтлангаар ажиллаж байх үед Ж.Эрдэнэзориг цэцэрлэгт байхаасаа Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэг, хоёрдугаар давхарт тоглож хүүхэд насаа өнгөрүүлжээ. Бага наснаасаа цагдаа нартай, цагдаагийн байгууллагатай ойр өссөн нь түүнд нөлөөлж, өвөө, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн гурав дахь үеийн цагдаагаар ажиллаж байгаа юм.
Өвөө, ээжээс нь гадна Ж.Эрдэнэзоригийн аав Л.Жаргалсайхан Нийслэлийн цагдаагийн газарт ахлах офицероор ажиллаж байгаад 2001 онд гавьяаны амралтдаа гарчээ. Цагдаагийн офицер Лхамжавын Жаргалсайхан Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1959 онд төрж, 20 настайдаа Нийслэлийн цагдаагийн газрын Санхүү, аж ахуйн хэлтэст бага дэслэгч цолтойгоор оржээ. Тэрбээр энэ хэлтэстээ ахлах офицер болон дэвшитлээ ажиллаж, Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвийн ахлах офицерын албыг хашиж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Цагдаагийн офицер Л.Жаргалсайхан хүүдээ энэрэнгүй, хүнд тусч байхыг зааж сургажээ. Ж.Эрдэнэзориг үүнийг бататгаж хүнд туслах нь цагдаагийн албан хаагчийн хамгийн сайхан нь гэдгийг тодотгоод “Дугуй нь хагарсан жолоочид тусалж байгаа цагдааг хараад иргэдэд ямар ч үед хамгийн эхэнд тусалдаг хүн нь цагдаа л юм байна” гэж бодсон тухайгаа ярив.
Тавдугаар ангид байхдаа Ж.Эрдэнэзориг ээж, аавынхаа хувцсыг индүүддэг байжээ. Ийн цагдаагийн албан хаагчийн иж бүрэн дүрэмт хувцсыг индүүдэж байхдаа ээж, аав шигээ цагдаа болно хэмээн бодож өвөөгөө хараад төрж байсан хүсэлдээ заавал хүрэхээр тэмүүлсэн аж. Бага насны мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр өвөөгийнхөө захиасын дагуу үнэнч, шударгаар ажиллахыг эрхэмлэдэг гэдгийг хамт олон нь онцолж байлаа.
БАГА НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ЦАГДАА
Цагдаагийн хурандаа Дамбын Доржийн зээ, цагдаагийн офицер Лхамжавын Жаргалсайхан болон цагдаагийн хошууч Доржийн Дариймаа нарын хүү Ж.Эрдэнэзориг хүүхэд байхаасаа л сэтгэл зүрхээрээ цагдаа болохыг хүсчээ. Түүнийг Нийслэлийн цагдаагийн газрын цагдаа бэлтгэх дамжаанд шалгалт өгч, суралцахыг хэн ч шахаж шаардаагүй байна. Гагцхүү өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, цагдаагийн байгууллагад хэрхэн ордог тухай ээжээсээ асууж зөвлөгөө авсны дараагаар энэ албатай холбогдсоноос хойш 19 дэх жилдээ ажиллаж байна.
Өвөө, аав, ээж нь цагдаа байсан нь нөлөөлсөн үү Ж.Эрдэнэзориг бүх л албан тушаалд өөрийгөө сорьж үзэх сэн гэсэн халуун сэтгэлээр дүүрэн ажиллажээ. Үүнийхээ үр шимийг хүртэж Эргүүлийн цагдаагаас мэдээлэл хүлээн авагч, конторын цагдаа, эрүүлжүүлэх байрны цагдаа, эргүүлийн цагдаа жолооч, хорооны цагдаа, журам сахиулагч, хэв журмын цагдаа, камерын цагдаа гэсэн цагдаагийн бага бүрэлдэхүүний бүх албан тушаалыг хашжээ. Бүх албан тушаалыг хашиж үзье гэж өөрийгөө сорьсондоо Ж.Эрдэнэзориг сэтгэл хангалуун байдаг аж. Бүх зүйлд өөрийгөө сорих дуртай учир ямар нэгэн ажлын санал удирдлагаас нь тавихад талархан хүлээж авдаг байсан нь олон албан тушаалд ажиллахын эхлэл байжээ. Энэ тухайгаа “Сэтгэл зүрхээрээ цагдаагийн байгууллагатай холбогдсон учир ямар ч алба, хэлтэст харьяалагдан ажиллахад бэлэн байдаг. Цагдаагийн баг бүрэлдэхүүний бүх албыг хашлаа” гэв.
Тодруулбал, тэрбээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, жижүүрийн цагдаа, мэдээлэл хүлээн авагч, коридорын цагдаа буюу журам сахиулагчаар ажиллажээ. Дараа нь 2014-2017 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар, 2017-2019 онд Баянгол дүүргийн XVI хорооны цагдаа, 2019-2022 оны нэгдүгээр сар хүртэл Эргүүлийн цагдаа жолоочоор ажилласан байна. Үүнээс хойш одоогийн албан тушаал буюу жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа юм.
Үүнээс гадна “Албаны төлөө 1.2.3” гэсэн цахим хуудас ажиллуулж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран цагдаагийн албаны талаар эерэг мэдээ мэдээлэл хүргэдэг сэтгүүлчийн ажлыг хүртэл тэрбээр гүйцэтгэдэг. 30 мянга орчим дагагчтай цахим хуудас нь сайшаал, магтаал, “урам зориг авдаг” гэсэн сэтгэгдэлд дарагддаг юм байна. Энэ тухай Ж.Эрдэнэзориг “Заримдаа гадуур явж байхад танихгүй хүн мэндлээд “Албаны төлөө 1.2.3” гэсэн цахим хуудасны тань дагагч байна. Маш хэрэгтэй, эерэг мэдээлэл түгээдэгт баярлалаа” гэж талархлаа илэрхийлдэг.Энэ цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн албан хаагчийн гэрэл гэгээтэй талыг олонд сурталчилдагтаа бахархал дүүрэн байдаг” гэсэн юм.
Ж.Эрдэнэзориг: ЦАГДАА СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ИЖИЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ
Гурав дахь үеийн төлөөлөл Ж.Эрдэнэзоригтой ярилцлаа.
-Та эргүүлийн цагдаагаас эхлээд цагдаа жолооч, журам сахиулагч гэсэн олон албыг хашжээ. Эдгээрээс хорооны цагдаа, эрүүлжүүлэх байрны цагдаагийн тухай онцолж яривал их сонирхолтой санагдаж байна?
-Хорооны цагдаагийн тухайд иргэдтэй тулж харилцаж анхан шатны тусламж мэдээллийг хүргэдэг онцлогтой. Харин Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүстэй харилцдаг учир тайвшруулах, эвийг нь олохын төлөө сэтгэл зүйч шиг л ажилладаг. 15-20 минит тутамд өрөөг нь шалгаж, шаардлагатай тохиолдолд эмч дуудаж үзүүлнэ. Ер нь цагдаагаас хамгийн их тэвчээр, тайван байдал шаарддаг алба шиг санагдсан. Эргүүлийн цагдаа жолоочоор долоон жил ажиллахдаа олон төрлийн гэмт хэргийн дуудлага хүлээж авч, ажилласан. Ямар ч хэрэг гарсан, тухайн хүн юу буруу хийснээс үл хамааран цагдаа нар сэтгэлийг нь тайтгаруулах, эв зүйг нь олохын төлөө хичээх ёстой. Уур бухимдлаар юуг ч дийлдэггүй гэдгийг өвөө, ээж, аав минь надад үлгэрлэн харуулсан. Зарим эрсдэлтэй нөхцөлд эвийг нь олж маш болгоомжтой харилцахгүй бол тухайн иргэн амиа алдах аюултай учир цагдаа сэтгэл зүйч шиг ажиллах шаардлагатай байдаг.
-Таны одоогийн хашиж байгаа жижүүр цагдаагийн онцлог юу вэ?
-Жижүүрийн цагдаагаар сүүлийн хоёр жил ажиллаж байна. Мөрдөн байцаах албанд жижүүрийн цагдаагаар нэг жил гаруй ажиллаад энэ хэлтэс рүү шилжээд хоёр сар өнгөрсөн байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн жижүүрийн цагдаа төв байрныхаа аюулгүй байдлыг хариуцан ажилладаг. Иргэдийг мэдээллээр хангаж холбогдох хүмүүстэй нь холбож өгөх, дотоод аюулгүй байдлыг хангах гол үүрэгтэй.
-Гурван үеэрээ энэ албанд зүтгэж байгаагийн хувьд цагдаагийн мэргэжлийг хэрхэн тодорхойлох вэ?
-Цагдаа бол ард иргэдэд асуудал тулгарч, тусламж хэрэгтэй болсон үед хамгийн эхэнд хүрч ажилладаг албан тушаалтан. Тэр ч утгаараа иргэдийн бамбай гэж боддог. Аливаа эрсдэлд иргэдээ өртүүлэхгүйн тулд цагдаа бид урд нь гарч бамбай нь болж ажилладаг. Ус алдсан ч цагдаа дууддаг. Цагдаа жолооч байхдаа ийм дуудлагад очихдоо ус алдсанаас болоод цахилгааны асуудал үүсч гал гарах вий гэж тухайн үед эмээж байсан. Дүрэмт хувцсаа өмсөөд иргэдийнхээ амар тайван байдлын төлөө ажиллаж, хүнд тусалж байгаагаараа бахархдаг.
-Нэлээд их ачаалалтай, хэцүү мэргэжилд тооцогддог цагдаагийн гэр бүлд өсөх ямар байсан вэ?
-Ээж, аав хоёр цагдаа их завгүй учир 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан. Нэгдэхэд цэцэрлэгтээ очоод тавдахад гэртээ харина. Энэ нь хэцүү санагддаг байсан. Ер нь цагдаагийн албан хаагчид гэртээ өнгөрүүлэх цаг маш бага байдаг. Гэсэн ч хүмүүст тусалдаг, бусдын сайн сайхны төлөө ажилладаг энэ мэргэжилдээ их хайртай.
-Таныг гурван хүүхэдтэй гэж сонссон. Цагдаа болгохоор бэлтгэж байгаа хүүхэд бий юу?
-Манай бага хүү дөрвөн настай. Ажлаа тараад ороход өөдөөс ёсолж угтдаг. Дандаа “Би цагдаа болно” гэж ярьдаг. Тиймээс бага хүүхдээ цагдаа болж аав, эмээ, өвөө, өндөр өвөөгийнхөө мэргэжлийг өвлөх болов уу гэж боддог. Цагдаагийн хүүхдүүдийн зогсолт нь хүртэл өөр байдаг юм билээ. Найзын охин, манай хүү хоёр цэцэрлэгийн нэг анги. Саяхан биеийн тамирын хичээл дээрээ зогсоод авахуулсан зургийг нь харсан чинь манай хоёр хүүхдийн жагсаж байгаа нь толгой дээгүүр өөр байсан. Өөрсдөө л мэдрэмжээрээ цагдаа хүн зогсохдоо харц дээгүүр, нуруу эгц байдаг гэдгийг сурсан байх. Бид ийм зогсолтыг заагаагүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 51 (7036)