Т.САЙХАН
Монголын Урлагийн Зөвлөл(МУЗ)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны гуравдугаар сарын 2-нд болжээ.
Хурлаар тус байгууллагын тэргүүн Н.Жанцанноров үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүд хүлээн авч, шинэ тэргүүнээрээ Чулууны Ганболдыг сонгосон байна.
Шинээр сонгогдсон тэргүүн Ч.Ганболд нь Монголын Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, “Их урлаг” товчооны санаачлагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн, “ТэнГэр санхүүгийн нэгдэл” болон ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Инээмсэглэлийн Ганболд” хэмээн олонд танигдсан, Монголын соёл урлагийг хилийн чанадад түгээн дэлгэрүүлж, уран бүтээлчдийг олон улсад таниулах талаар арвин туршлагатай нэгэн аж.
МУЗ нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, шинжлэх ухааны доктор, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров анх байгуулагдсан өдрөөс өнөөг хүртэл хорь гаруй жил тус байгууллагын тэргүүнээр ажиллаж, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан, 911 гадаад дотоодын хамтрагч, 465 хандивлагч байгууллагатай хамтран ажиллаж, 5,600 гаруй уран бүтээлчийг дэмжин ажиллах үйл явцыг удирдан манлайлж иржээ.
Төрийн шагналт Н.Жанцанноров тэргүүний ажлаа өгсөн хэдий ч Удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж, МУЗ-ийн Хөтөлбөрийн хороо, Гүйцэтгэх хороонд ажиллан, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ онцолжээ.
Эх сурвалж:www.polit.mn