Алиа Жангарын авшиг шингэсэн Алтайн хөх тэнгэр доор...

2023-03-03
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

...ХV зууны эхэн хагаст Ойрад Монголын үлгэрч, туульч нарын аман аялгуугаар анх зохиогдсон Жангар хэмээх баатарлаг тууль нь Түмэдийн Алтан хаантай эвлэрч Ойрадын хаант төрийг тогтоож асан 1440-1540 оны түүхэн үйл явдлыг онцлон өгүүлдэг. 


Он цагийн тоосонд бөртийлгүй ард түмний дунд ам дамжин яригдсаар ирсэн Жангарын тууль нь ард олны хүсэл мөрөөдлийн дуулал, яруу туульсын урлагаар дамжсан унтаршгүй мөнхийн бүтээл буюу. Анх 1804 онд судалгааны эргэлтэд орсон уг тууль нь Засагт ханы төв Арын хүрээ хавиар дөрвөн янзын бичмэл хэлбэрээр тархсан байдаг. Ардын үлгэрч нарын амаар дамжин Монголд шарын шашныг хүчээр дэлгэрүүлэхдээ Үйзэн Жангарыг Ямандагийн хувилгаан болгож, Араг Улаан Хонгорыг догшин дүрт Жамсрангаар төлөөлүүлж, Хүнд гарт Саварыг Чойжин Нагван сахиусаар, Гүзээн их Гүмбэ баатрыг Мах-Галын гэгээн болгож хувирган дүрсэлсэн тал ч бий. Уг туулийн ардач шинж чанар, эх оронч баатарлаг үйл явдлыг дүрслэн харуулахдаа нэг ч удаа бусдын нутагт шунан довтолж байгаагүйг нь товойлгон харуулсан байдаг. Түүхийн их нугачаанд монгол эх нутгаасаа алслагдсан Ойрад-Халимагийн ард түмний сэтгэлийн гүнд баатарлаг Жангар туульс бат хоногшиж, тэднийг зоригжуулж, магадгүй тэд Ижил, Волга мөрөн хүрсэн нь Европын оюун мэлмийд Жангарыг сонордуулахад оршсон ч юм бил үү.
... Хантайшир уулын өвөр, араар нутагладаг малчин ард Дэгээхүүгийнх 11 хүүхэдтэй, өнөр өтгөн ам бүлтэй айл байсан бөгөөд ууган охин нь эдүгээ цагийн энэ улсын Ерөнхийлөгчийн буурал ээж нь ажгуу. Түүний нь ихэр дүү Сүрьяа, Адъяа нар Арын хүрээнд ардын тэнхим байгуулагдахад анхны сурагчид болцгоожхуй. Малчин ардын холч ухаан олон хүмүүст нөлөөлж энэ л нутгаас нэрт хэл шинжлэлч С. Галсан, Л. Түдэв гуай, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж, гавьяат багш Базарын Гомбо нарын олон хүмүүс мөр мөрөө гишгэн төрж гарсан түүхтэй. Бидний л нагац бөгөөд Алтай сайхан нутагт эрдэм боловсролыг түгээж арван жилийн нэгдүгээр сургууль өөрийнх нь нэрэмжит болсон нь ч билгэшээлтэй.

“Туульсын хаан Жангар” хүндэтгэлийн ёслолыг санаачлагч аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар.

 


Хөдөө орон нутагт амьдарч ардын аман билгийг судлан сурвалжилж, олсон мэдсэнээ олонд хүртээж, түмэнд түгээх чинхүү хүслийг өвөрлөсөн, хэн хүнээс ч илүү “тав, зургаан” гартай мэт ажиллаж амьдарсан гярхай судлаач, сайн зохиолч, алдарт багш, анхны нисэгч Дэгээхүүгийн Сүрьяа гуай “Далан худалч бэлэн Сэнгэ”, “Бадарчин Баадайн инээдэмт паян” болон арван долоон бүлэгтэй, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн том боть болгон баринтагласан “Монгол Жангар” туулийг хойч үедээ үлдээсэнд үнэнхүү талархнам. Тиймээ зохиолч судлаач байж НОМ-ын суварга бүтээн ард түмнийхээ дунд мөнхийн хутаг олох нь хэн хүнд олдохгүй их хувь тавилан бөгөөд хүн өөрөө домог юм, домгоо ХҮМҮҮН өөрөө бүтээдэг ажээ.
... Тууль хэмээх үгийг хэлэхэд өнө эртний үүх түүхийн үнэр ханхийж өөрийн эрхгүй шар үс босох шиг болдог. Жангар тууль нь нутаг ус, ард олноо харийн дайснаас өмгөөлөн хамгаалж тэмцэгч хүний амьдралын түүхийг бүтээсэн гайхамшигт бүтээл болой. 
Монгол үндэсний соёлын биет бус өв нь ард олны сэтгэлгээ, үйл бүтээлийн өвөрмөц ялгарах онцлог хэв төрхийг илэрхийлж байдгаас энэ нь даяар монголчууд бидний онцолж ялгах нэрийн хуудас болсоор иржээ. 2010 онд “Монгол тууль”-ийг ЮНЕСКО-ын “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн дэлхийн жагсаалтад бүртгэсэн нь монголчууд бидний өмнө томоохон хариуцлага ногдуулсан байдаг. Өнөөдөр дэлхийн 220 орчим улс оронд 5000 гаруй үндэстэн угсаатнууд өөр өөрийн өвөрмөц соёлын өвийг дээдлэн амьдарч байна. Монгол туургатны хэдэн зуун мянган жилээр уламжлан хөгжүүлж ирсэн гайхамшигт өв соёл бол тууль, зүйр цэцэн үгс, оньсого таавар, ерөөл магтаалын хэллэгүүд, зан үйлүүдийн төрөл бүрийн ая дуудлагууд юм. 
“Монгол туулиас тал нутгийн анхилуун үнэр хүчтэй анхилдаг. Тууль нь нүүдэлчдийн санаа сэтгэл, хүсэл мөрөөдлийг бодитоор зурж, гайхамшигтайгаар илэрхийлсэн үндэсний яруу найраг мөн” хэмээн нэрт судлаач тэмдэглэсэн нь бий.

 

Соёлын газрын дарга С.Цагаанбаатар, мэргэжил нэгт нөхөр Э.Отгонбаатарын хамт

 


Аман дахь алтан цуураар жаргалын 68 аялгууг татаж л явах, Жангарын баатруудын тангараг нь эр зориг, туйлбартай бат итгэл үнэмшил, нягт үнэн шинжийн дуулал болой. “Жил нас хоёроо жадын үзүүрт өргөе, жилбэ бах хоёроо ганцхан Жангартаа өргөе” хэмээнэ. 
Эр зориг, ухаан билиг, баатрын цог жавхаа, самбаа, долгим яруу сэтгэл бүхнийг цултгасан Монгол түмний оюун билгийн охь шим, тэнгэрийн адис, жанлав шингэсэн Жангар туулийг хайлах туульчид тэнгэрийн зоргоор цаанаасаа заяадаг гэх. Тиймээ, Алтай сайхан нутагт аранзал залуу насаа илтгэсэн 1200 Жангарч, багачууд хайлсан нь юутай бахтай. Аймгийнхаа 17 сумаасаа хүрэлцэн ирсэн, 30, 30-аар багцлагдсан, арван хэдхэн настай бяцхан Жангарчдын нүргэлсэн аялгууг бүтэн хоёр өдрийн турш сонссон Алтайчууд болон бүх Монголчууд азтай яа.


Өдөр, цагийн тэнцлийг олж, мөчийг тааруулан тэнгэр лусаа аргадан хайлах Жангар туулийг төр улсын үйл сулран доройтоход, аян дайнд мордоход эр дайчдын сүр жавхааг даллан хайлдаг гэх. Тууль хайлснаар тэнгэр язгууртай монголчуудын сүнс сүлд баярлана, баярлахаараа бидэнд ээлээ хүртээнэ гэх...
Дэлхийн улс орнууд хөлгөн их туульсдаа хөшөө дурсгал цогцолбор сүндэрлүүлж сүслэн дээдэлж туг сүлдэндээ оруулсан нь ч бий, Гүржид Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар”, киргизэд “Манас”, харин бидэнд “Жангар” буй. Морин дэл дээр хийсэж дэлхийд нүүдэлчин ард түмний баатарлаг түүхийг үлдээсэн Монголчууд туулиар дамжуулан тэвчээр, хатуужил, эр зоригийн хүмүүжлийг үр хүүхдүүддээ өвлүүлдэг байжээ. 
Туулиар дамжуулан өвөг дээдэс минь хүн байх, эх дэлхийгээ хайрлах, улс үндэстнийхээ төлөө зүтгэх, эх оронч хүмүүнлэг үзэл санааг өвлүүлэн үлдээсэн байдаг аа. Үндэстэн бүр өөр өөрсдийн өв соёлоо хамгаалж, сурталчлан таниулахаар идэвхтэй өрсөлдөж буй энэ цаг үед бид амьдарч байна. 
Соёлын биет бус өв болох – цэцлэх, хайлах, биелэх, урлах, тайх тахих зан үйлүүдийг өвлүүлэн судалж дэлгэрүүлэн, хэрхэн баяжуулж авч үлдэж чадахаас тухайн үндэстний одоо ба ирээдүй, орших эс оршихын асуудал шийдэгдэнэ гэж ч үздэг.


Ур ухаан, авьяас чадварыг хамгаалж, өвлөгч авьяастнуудыг олж тогтоон дэмжих нь өв хамгаалах ажлын тулах цэг... гэдгийг хоёр зууны зааг дээр хүн төрөлхтөн сая ойлгож ухаарч ирлээ. Хүнтэйгээ хамт алга болох, устаж мартагдах эрсдэл өндөр учраас тухайн үндэстэн угсаатны хэл, түүнтэй холбогдох аман уламжлал, аман зохиолын бүхий л төрөл зүйлийг өөртөө агуулж байдаг нь ТУУЛЬ болой. Хошуу бүхэнд нэг тууль хайлагч, отог бүхэнд нэг тууль яригч, айл бүхэнд үлгэрч байсан гэдгийг бодолцвол Монгол орон тэр аяараа үлгэр туульсийн орон байжхуй. Ерөөс тууль хайлахад хайхамшиг тохиолддог гэж монголчууд бэлгэшээдэг бөгөөд туулийн шид хүч нь сонсож суугаа найман настай балчираас наян настан буурлын эрт – эдүгээ – ирээдүй цагийн зөн совинг сэргээж ховсоддог ч гэж монголчууд домоглон ярьсаар иржээ. Тууль хайлсан үед хэдэн үеэрээ амар жимэр, энх саруул, элбэг баян амьдарна хэмээн сүслэх бөгөөд Жангар хэмээх баатарлаг шүншигт тууль айл бүрийн хойморт залагдаж соёлын өвийн дархлаагаа сэргээх ерөөл билэгдэлт үйл хэрэг болж өндөрлөв өө. Аугаа их ухаан, асар том түүх болсон энэхүү баатарлагийн туулийг орон нутагтаа хоёр өдөржин “хайлуулсан” энэ цагийн жангарч баатрууд болох аймгийн засаг дарга О. Амгаланбаатар, соёлын газрын дарга С.Цагаанбаатар, Алтай чуулгын Э. Отгонбаатар, боловсролын газрын Ж.Амгаланбаатар, номын сангийн С.Алтайбаатар, ГБХЗХГазрын Б.Алтайбаатар, ХХААГазрын Т.Сүхбаатар, цэргийн штабын дарга Д.Төмөрбаатар, найруулагч, УГЗ Б.Баярбаатар, Монгол төрийн туульч, СГЗ Э.Баатаржав, туульч Л.Баатархүү болон бусад бүх хүмүүст талархнам.


“Үр сайт хүмүүний буян их, үндэс бат модны жимс их” гэдгийг нотолж монгол туульсийн сор болсон Жангарыг орчин үеийн уншигчдад зориулан шинээр “монгол хувилбар”-ыг баринтагласан өвгөн бичээч Дэгээхүүгийн Сүрьяагийн холч ухаан, эгэлгүй гавьяаг бишрэн мэхиймүй.
Жич: Алиа Жангарын авшиг шингэсэн Алтайн хөх тэнгэр дор ард олны зүрх сэтгэлийн гүнд гэгээн оч бадамлаж, нүдэнд нь соён гэгээрэл, хөгжил дэвшлийн “гал” ассан нь юутай бахтай.
“Жангар” багш гэж дуудуулан уг туулийг гурван удаа анги нийтээр нь уншуулан цээжлүүлж хэл-уран зохиолын багшаар төрөлх нутагтаа ажиллаж л явсан залуу халуун насаараа бахархнам, би

“Алтай-Гомбо Сан”-гийн тэргүүн, багш, сэтгүүлч Лхагваагийн Оюунчимэг

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 46 (7031)

Сайхан бичжээ
Баярлалаа...Алтайчууд болоод баруун аймгийнхан олж уншаад онож мэдрээрэй.Жангарын авшгийг..
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22