ЭГЭЛ МОНГОЛ: Дэртийн хөх билүү буюу малчин шүлэгч

2023-02-20
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

 

Дуламын ЦЭРЭННАДМИД


Эгэл гэдэг үгийг “Монгол хэлний тайлбар толь”-д  энгийн жирийн гэсэн утгатай үг гэжээ. Тэгэхээр хүний тухайд бол энгийн иргэнийг хэлж байна гэсэн үг. Хүмүүн төрөлхтний амьдрал гэдэг эгэл жирийн хүмүүсийн түүх билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин 2023 онд “Эгэл монгол” шинэ буланг нээж эгэл хүмүүсийн тухай хөрөг нийтлэлийг уншигчдадаа өргөн барьж байна. 
Энэ удаа бид Дундговь аймгийн Өлзийт сумын малчин Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Цогтбаатарын Хүүхэнхүүг зочноор урив. 

 

Бивээр түүний сургийг сонссоноос биш нэг аймгийнх мөртлөө уулзаж, учирч явсангүй л өдийг хүрчээ.
Уг нь үзэг барьсан уран бүтээлч талаас нь Ц.Хүүхэнхүү гэдэг малчин шүлэгч эр байдгийг мэднэ л дээ. Азийн шилдэг яруу найрагч гэгдэж явсан Долгорын Нямаа гуайтай уулзаж Өлзийт нутгийн тухай ярилцаж  байхдаа танай суманд Хүүхэнхүү гэдэг яруу найрагч залуу байдаг юм билээ гэхэд Д.Нямаа гуай үгийнхээ зөөвөрт тамшаалангаа
-За тиймээ. Цагаан мөртлөө цаанаа юм хэлээд байдаг шүлэгтэй хүн бий. Би “Залуучуудын үнэн”-д эрхлэгч байхдаа гайгүй авъяаслаг юм гэж бодоод хажуудаа авах санаатай байв. Даанч хөдөөгөө гэж нисээд надад олдоогүй юм тэр чинь гэж байсныг санав.
Тэгээд саяхан тэр малчин шүлэгчийг сониныхоо “Эгэл монгол” буландаа зочноор урихаар болж түүнийг сураглав.
Малчин шүлэгч маань хаа тэртээ Хэнтийн Дархан сумын нутагт Бор-Өндөр  орчимд өвлийн оторт яваа дуулдав. Мэдэхээр хүмүүсээс нь асуув. Утас цохисны буянаар хэл ам авалцдаг юм. Тэгсэн хэд хоног аймагт байх гэртээ очих юм хэлж байна. Олзуурахлаа. Дараа нь Дундговь руу очлоо. 
Журмын нөхөр, эрхэм гавъяат С.Пүрэвсүрэнтэйгээ ярихад –За хө цаадах чинь уг нь малаа хариулж байгаа, шүлэг тэрлэж яваа хоёрыгоо ялгахаа байсан нөхөр байгаа юм. Төв газар ирэхээрээ бусадтай дарвиж наргиад долгиотчих нь элбэгхэн. Тэр үедээ энгийн юм ярихгүй шүлэг л уншина. Сайн асууж байж ирээрэй гэж болгоомжлонгуй хэлж билээ.
Би ч бас тухайн хүний тухай түүхий юм хийснээс таг дуугүй явсан дээр гэж бодох. Гэвч хөдөөг зорьж очиж уулзлаа түүнтэй.
-Уг нь би чинь амьдралаас оноосон “албан тушаал” бол малчин. Насаараа л буянт малынхаа дэргэдээс холдсонгүй явна. Яахав зарим нь намайг мал дагасан маанаг хархүү гэж боддог л биз. Багаасаа л шүлэг бичих хоббитой нэгэн явлаа. Яруу найраг гэдэг чинь халдашгүй дархан цайз мэт боловч хэн ч бичиж туурвиж болдог “хуулийн цоорхой”-той юм болохоор өөрт оногдсон ур ухааны хэрээр шүлэг бичсээр л явна гэж тэрбээр үгийн цэц чулуудах юм.
Бас нутаг усаа танилцуулахдаа Өлзийт сумын Дэрт багийн хилийн зэст багтдаг Хашаат, Гурванцагаан, Хадагт, Тахилгат, Ембүү Дэрсэнэ-Ус гээд миний төрж өссөн газар. Хөхөлбөр чулуутай энэ нутагт Зүүнбулаг хэмээх тараг асгачихсан юм шиг хэдэн цагаан толгод бий. Тэнд Гурванцагааны бууцанд гуч, дөчин жил өвөлжлөө.
Энэ жил харин малаа бодож нутаг хөөж өөр газарт оторлож явна гээд л яруу найрагчийн зангаар урсгах юм.
Яриаг нь сонсоод унаган монгол зан, ухаарал уярал гэж түүнд байнаа даа гэж бодов.
Ингээд л шүлэгч нөхөртэй уулзаад л түүний тухай үг дуугарах өртэй болох шиг санагдсан юм шүү.
Ц.Хүүхэнхүү богинохон намтартай нэгэн аж. Юундаа богино гэвэл ердөө малчин заяандаа насаараа үнэнч явааг нь онцлох гэсэн хэрэг л дээ. 
Түүнээс биш одоо 60 давж насласан эрийн туулсан амьдрал арвин байлгүй яахав. Тэрбээр сумынхаа дунд сургуульд наймдугаар ангиа дүүргээд МХЗЭ-ийн илгээлт өвөрлөн малчин болж байж. Энэ тухайгаа хүүрнэхдээ 
-Бид чинь ангиараа малчин болж байлаа. Цэрэнгийн Чулуунцэцэг тэргүүтэй /Ц.Чулуунцэцэг эгч дүү гурван дуучны нэг, гавъяат жүжигчин,  одоо СУИС-д уртын дууны багш/. Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Цэндийн  шавь болцгоосон. Би аав ижий дээрээ очоод хоньчин болсон хүн гэж хэлнэ лээ. Нээрээ л Залуучуудын байгууллага гэж хүүхэд залуучуудыг жинхэнэ хөдөлгөдөг байж. Найм, аравдугаар анги төгсгөнгүүт эрчүүд нь шилбүүр, охидод нь саалийн хувин бариулаад малчны эгнээнд оруулчихдаг байсан. 


“Илгээлтийн эзэн” гэдэг урам өгсөн зөв нэр байж дээ. Бас эчнээгээр аравдугаар анги төгсгөчихнө Ц.Хүүхэнхүү ч тэдний нэг.
Дараа нь цэргийн алба гурван жил хааж. Харин халагдаж иртэл түүнийг ХААДС-ийн дэргэдэх бригадын тоо бүртгэгчийн курст явуулж, нэг хэсэг малын тоо, ноос үсний даалгавар гэж баадантай данс  даяг ганзагалан давхиж. Гэтэл удалгүй сумандаа хэвлэл түгээгчээр ажиллав. Тэгж байгаад сүүлд нь малаа маллаж амьдрал ахуйгаа төвхнүүлээд авснаар малчин заяандаа гагнаатай юм шиг өдийг хүрчээ.


Тийнхүү хөхөмдөг униартай хөдөө нутгаасаа холдоогүй ч хөдөөжсөн даржин сэтгэхүйгээсээ тасарч яруу найраг гэдэг үгийн гайхамшигт орон зай руу тасарч одсон нэгэн бол энэ Ц.Хүүхэнхүү.
Түүний “Орсон буур” гэдэг шүлгийг аймгийн сониноос уншаад буурын тухай хэн ч хэлээгүй зурагласан аятай мөрүүдээр нь бахархаж билээ.
Утга шивнэсэн
Уран сийлбэр
Буурын хэвлий гэж
Хуурын тэвх
Бут шиг хоёр өвдөг
Мод шиг хоёр борви
Шавж зогсох нь баримал
Шатрын ганган зормол гээд л... нээрээ сийлбэрчийн бүтээл санагдуулам. Бас их зогдор нь цас зүлгэнэ. Их онгод нь хүйтэнд заларна гэж тэр сүрлэг малын сэтгэхүйг хөндсөн байгаа юм.
Ц.Хүүхэнхүү 1980-аад оны дунд үеэс шүлэг бичиж төв, орон нутгийн хэвлэлд нийтлүүлж үгийн тамир сайтай туждаа хөдөөтэй, бас ухаарлын түрхэцтэй өөрийн гэсэн өнгө аястай шүлгээрээ танигдаж ирсэн байгаа юм.
Тэрбээр 2000-аад оны эхээр “Отрын нутаг”, 2014 онд “Өвсний үнэр” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн бол 2022 онд уран бүтээлийнхээ 30 жилийн тайлан болгож “Хөх хөдөөгийн анир” номоо өлгийдөн авсан байна. 
Мөн аймаг орныхоо найргийн наадамд олон удаа оролцож түрүүлж айрагдаж явсан гээд ярьвал түүний шүлэгчийн түүх барагдахгүй арвин гэмээр.
Ц.Хүүхэнхүүгийн шүлэг бүрээс хөдөө ханхалдаг гэж хэлэхэд болно. Басхүү ухаарлын юмуу сургамжтай нь ч бий. “Хуучин юмс яагаад” гэсэн шүлэгт
Хуучин юмс яагаад шинэ 
            болдгийг
Хундага дарс яагаад үнэ хүрдгийг 
Зүрх яагаад мууддагийг 
Зүс яагаад гунддагийг
Зөвхөн зөв амьдрах ёстойг
Зөнгөөрөө би мэднэ  гэх буюу
Цаг хугацаанд хүмүүс яаж 
                дарлуулдгийг
Цагаа болохоор хүмүүс яаж нүүр 
                буруулдгийг
Бүрэг сэтгэл яагаад гэнэт 
                 омогшдогийг
Бүгдийг би зөнгөөрөө мэднэ гэх мэт ухаарал хайрласан олон шүлэг түүнд бий.
Басхүү шүлэгч эр дуулна гэж “сийлнэ”. Даангүй Адарсүрэнгийн дуулдаг дуунуудыг эвтэйхэн дуулдаг. Цагтаа Өлзийтийн Адарсүрэн л явж.
Нээрээ л тал талын авъяастай  нэгэн юм тэр. Нэг үдэшлэг дээр Ц.Хүүхэнхүү бусдаас содон үл таних өндөр цагаан хүүхэнтэй ганцхан удаа бүжиглэсэн тухайгаа шүлэглэсэн байгаа юм. Тун энгийн л шүлэг. Нээрээ хүүхэн өндөр, Ц.Хүүхэнхүү өөрөө намхан гэдгээ Давхраатай алаг нүдийг нь харах гэж давхрын цонхруу ширтэх адил өлийгөөстэй гэж.
Хайр гэдэг яруу найраг, уран зохиолын салшгүй нэг хэсэг байдаг гэдгийг хүн бүр ойлгодог эсэхийг асуултгүй л болов уу. Тийм санаагаар Мандалговийн өндөр бүсгүйд Ц.Хүүхэнхүүгийн хаясан сээтэн бас буруу биш.  
Хэн нэгэн уг шүлгийг саваагүйтэл гэж бодож мэднэ. Тэгвэл энд яруу найрагчийн торгон ухаан сэтгэлдээ нэрсэн охь нь амтагдаад байгаа юм шигээ.
Ер нь хэн мэдрэмжээ зөв илэрхийлж чадна тэр хүн яруу найрагч юм. Хээгүйхэн мөртлөө хэгжүүхэн үгтэй Ц.Хүүхэнхүү шүлэгч тэдний л нэг ажээ.

         *          *          *

-Яруу найрагтай “нөхөрлөх”-ийн чинь эхлэл юу байсан бэ?
-Шуудхан хэлэхэд аавын нөлөө их байсан даа хөөрхий. Аав минь үгээ дандаа толгой холбож хэлнэ. Тэр нь надад урам өгсөн байх. Үдэш боллоо гэхийн сацуу хүүхдүүд бидэндээ сануулахдаа 
Гурилаа элд
Гуяа хөшиглө
Гудсаа дэвс 
Гулдайгаад унт гэх зэрэг бас хонь мал, хоёр морь, хоргол аргал гээд л зүгээр ч нэг тэг ингэ гэхгүй дээ.
За тэгээд манан татсан хөдөө нутагт малын бэлчээрт явахад юу эс санаанд ургахав. Хөдөө гэдэг сайхан.  Тиймдээ монгол хүн уйдах завгүй байдаг юм чинь .


-Хэдийд шүлгээ бичдэг вэ?
-Хонины бэлчээр миний уран бүтээлийн талбар гэж хэлж болно. Энэ сайхан хөдөө, арвин сүрэг малаа бол дүрслээд шүлэглээд дуусашгүй юм шүү.
Малын дүр, ааш аяг гэж тэр чигээрээ шүлэг санагддаг. Би өвөртөө байнга дэвтэр, үзэг, харандаатай явдаг. Малын бэлчээрээс шүлэггүй ирсэн өдөр ховорхон байхаа. Манай Өлзийт сум тэмээгээрээ улсдаа тун дээгүүр бичигддэг болохоор тэмээний тухай надад олон шүлэг бий.


-Уранбүтээлийн чинь анхны уншигч чинь хэн бэ?
-Мэдээж хань минь. Дуутхуурын Эрдэнэчимэг гэдэг. Тэр маань анхны уншигч төдийгүй зөвлөгч шүүмжлэгч ч гэж болох. Намайг ойлгодог ганцхан хүн гэхээр. Ийм шүлэг бичлээ гээд дуудаж өгөхөд тэрнийг нь тэгмээр, үүнийг нь ингэмээр гэсэн санаа хэлдэг.
Басхүү алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг болохоор бэлэн үгтэй болчихдог шиг байгаа юм. Бид хоёр сумын төв орлоо. Банкны гадаа буугаад Эрдэнэчимэг надад хандаж
Түр хүлээж бай
Түрүүвчээ өгчих дөө
Төрийн банкруу ороод
Түнтийлгээд ирье ээ хө гэсэн удаа бий.
Тэгэхэд нь би найрагчийн эхнэр найрагч байдаг юм байна гэж урам өгч инээлдэж байлаа. Бид хоёр гурван хүү, хоёр охинтой л доо. 


-Хүүхдүүдээс чинь малчин байна уу. Бас шүлэгч болох хүн бий юу?
-Малчин шүлэгч гэвэл одоогоор аль аль нь миний л өмч байна. Нэг хүүгээ л малчин болгочих санаатай байсан минийхээр болсонгүй. Сав л хийвэл аймаг явчихаад байсан. Ханьтай болчихож. Тэгээд суурингийн хүн болсон.
Нэг хүү морь уях хоббитой. 2015 онд аймагтаа азаргаа түрүүлгэсэн хүн. Би тэгээд чаддагаараа “Азарга” гэдэг шүлэг тэрлэж байлаа. Олон ач, зээ нар байна. Тэд хэн болохыг одоо  таахад бэрх.


-Яруу найрагч хүн олон найзтай л байлгүй дээ?
-Байна аа байна. Яруу найргийн Ханьссан олон сайхан найрагч найзууд бий. Энэ жил “Болор цом” хүртсэн Г.Амархүү байна. Төө зайгүй найз минь. Уг нь эрт энэ шагналын эзэн болох байсан хүн. Эрдэнэбаярын Гантулга гэж залуу бий. Дэрэнгийн дэлт нэртэй дэндүү цоглог яруу найрагч бол Цэндийн Чимэддорж маань байлаа.
Хөдөөгөө, малаа малчинтай нь яруу найрагт дархласнаараа дахин давтагдашгүй нэгэн байв  тэр.  УИХ-ын гишүүн “Болор цомын эзэн” Гомпилдоогийн Мөнхцэцэг намайг дэмждэг найзын тоонд орно. 


-Би Дэрэнгийнх л дээ
-Өө тийм үү? Дэрэн чинь яруу найрагчдын өлгий юм даа. Ц.Чимэддоржоос эхлээд л Х.Шонхор, О.Гончигсүрэн, Р.Батжаргал, А.Лхагваа гээд хөвөрч өгнө.
Бас муу Н.Мөнхсаруулаа дурсах учиртай. Бид хоёр мөн ч олон жил нөхөрлөсөн дөө.
Түүнийг “Огтор Навааны онгироо шар” гэдэгсэн. Бэлэн зэлэн үгтэй, сэтгэлээрээ их баян хүн байсан даа зайлуул. Хэний ч шүлэг найргийг цээжээрээ уншина. Бөх, морь тайлбарлана. Дэрэнгийн наадмын бол ая эгшиг нь байсан санагддаг. Хүний удам судар болон нутаг усныхаа түүхийг хэнээс илүү мэднэ. Ярина.
Ер нь найрагчид гэдэг хосгүй улс, ташаа нийлж тархиныхаа түгжээг тайлж, тарагныхаа савыг галт усаар дайлахаараа хорвоог цөөн мөрөнд багтаан хэлж жаргадаг юм даа бид.
Бас Гочоогийн Бадам гэж миний адил малчин яруу найрагч бий. Олон сайхан номтой хүн. Миний “Хөх хөдөөгийн анир” номд өмнөтгөл бичиж хайрласан сайн найз.
За тэгээд аймгийнхаа уран зохиолын нэгдлийнхэндээ их баярлаж явдгаа хожуухан ч гэлээ хэлчихье.


-Танай Өлзийт сумаас алдартан тун олон бий дээ?
-Хүний тогоо хэт өнгийлөө гэж байна уу. Тиймээ. Манай Өлзийтөөс өнөөгийн соёл урлагийн томчуул олон. Монгол ардын уртын дууг бараг л манайхан авч яваа гэж хэлнэ. Зарим нь Хүүхэнхүү ташаарч байна гэж хэлбэл хэлэг.
Долгорын Нямаа гуайгаа дээр хэлчихсэн. Бас нэг мартаж болохгүй гавъяатай хүн бол Нямын Дагийранз. Энэ хүний тухай нэг содон дурсамж хэлж болох уу?


-За хэлээч...?
-Манай аав ярьж байсан юм шүү. Дэл хөнжлөөр нутагтай, ярих дуугарна гэдэг нь луу хүхэрч байгаа юм шиг л нэгэн байлаа. Монголчууд бүгд мэднэ. 
Н.Дагийранз ер нь эгэлгүй хүн байсаан гээд аян жинд явах тэмээг үнсэн дээр уяж тавгийг нь чангаруулдаг гэдэг юм. Жингийн ая даахтай болгоно гэсэн үг. 
Нэг удаа манайхан атан тэмээ дутахаар нэг тайлаг сойх болж. Тэгтэл Н.Дагийранз залуу ч байсан. Нөгөө уяатай тайлагны дэргэд очоод шавж зогсоод бас хүхэрч дуугараад байв. Тэгтэл удалгүй нөгөө тайлаг нь амандаа цагаан хөөс цахруулаад шаваад, хүхрээд эхэлж. Тэгээд тэр тайлагийг юун ат вэ буур болгочихсон гэж. Дагийранз гуай тэр үед сумын захиргаанд зарлага байж. 
Бас нэг удаа эгчдээ хот газрын тухай зөндөө юм ярьж.
Эгч нь чи больж үз. Яасан их дуутай юм гэж л дээ тэгэхэд Н.Дагийранз гуай
-Би монгол даяар дуугарах хүн шүү дээ гэж адарсан гэдэг юм.    
Нээрээ л амьдралдаа Монголын урлаг тэр дотор киноны од болж монгол даяар дуу нь хүнгэнэсэн дээ. 
Уул усны өгөгдөл гэж байдаг гэж болно. Түүний төрж өссөн Дэл, Хөнжлийн уулс үлгэр домгийн өлгий юм шүү.
Бодохнээ Баруун зүгт Алтай, Хангайн уулсыг түшиж туульс, хөөмий үүссэн гэдэг шиг Дорноговийнхон бүжигтэй, Өмнөговийнхон ерөөл магтаалын эзэд байдаг даа. Энэ бол яах ч аргагүй уул усны өгөгдөл.  

          *          *          *

Энэ хүний хөргийг бичих гэж нэг их зовсонгүй ээ. Басхүү зочноо бусдаас содон, гайхалтай гэж хэлэх гэсэнгүй. Нэг л энгийн эгэлхэн эрийн дүр зургийг харуулахыг хичээсэн юм. 
Тэрбээр шүлэг найраг бичихээ дуулах шиг санадаг бас амьдралыг их сургууль гэж боддог хүн. Энэ л нандин бодлынхоо хүчээр хөдөөгөөсөө хөндийрэлгүй жарныг туулж говь нутгийнхаа хөх салхинаа хэдэн малаа л гэсээр галтай цахиур шиг болж хатуужсан монгол эр.
Түүний ярьсан бүхнийг энд багтаахын аргагүй. Сонины зай талбай гэдэг чинь захгүй мэт харагдах Аяга шанагын говь, Олдохын цэлгэр тал биш за тэгээд бичигч миний үг санаа ч дутах янзтай. Хөрөг тэмдэглэлээ өндөрлөе дөө.  Дэртийн хөх билүүний хэлтэрхий, дээлтэй бас дэлтэй малчин яруу найрагч, номын садан Цогтбаатарын Хүүхэнхүү зочин минь билээ. 

 

БИ ӨВС

Би бидэрлэн давалгаалах их өвсний
Биенээс нь тасарсан монгол хялгана
Би өглөө эртийн цэнгэг агаарт золбоожиж
Үдэш өргөөндөө өвсний үнэртэй морилох
Хөдөөний хөх эр
Отрын нутагт өвс хөвсөн цай оочилж
Омголон морьдын тургих чимээнээр сэрж
Хаан шиг жаргаж
Хар боол мэт зүтгэж
Амандаа өвс зууж
Амты нь мэдэрч
Алсыг ширтэж
Адуу мал ярьж
Хивс шиг тал дээр дэвтрээ дэлгэж
Өвс шиг үзгээр шүлэг хэлхэж
Өвгөдөө нэг дурсаж
Өөрөө өөртэйгөө хүүрнэж
Хүслээ шивнэж
Хөх ууландаа залбирч
Хадаг шиг салхинд
Хань болж
Халуун хошуут малынхаа дэргэд
Хонь болж
Би задарсан ч ядарсан ч
Хөдөөгөө орхихгүй
Заяаны хөдөөний эр хүн
Загал болтлоо гандсан ч
Хээр талдаа л найгах
Аргалтай ч цуг орж тулганд дүрэлзэх ч
Амиа юуханд ч бодож яваагүй өвс шиг хөх эр

 

ИХ Л ЮМ БҮТЭЭМЭЭР

Тэнэсээр 
Тэгж ингэсээр 
Тэр их цаг хугацаа
Тэнэмэл салхи мэт
Тэгсхийгээд замхрах солонго мэт
Тэрлэгтэйгээ байхдаа
Тэнгэрийн дор их юм бүтээмээр
Босон сууж, унтаж
Бор хоног элсээр
Босго давж
Бодлоо мартах
Ялсаар алдаршсаар байтал
Цаг хугацаа биднийг мартан
Яг л тэр манант жилүүд шиг 
Бүрхэг байсаар 
Бүдгэрсээр 
Морь унаж
Талд цахилж
Цагаан зээр шиг 
Цахилсаар алс одно
Нарны илтсэнд илбэдүүлж
Далайн давалгаанд 
Даллуулсаар 
Дажгүй ээ эр хүн
Цас зуданд 
Малтайгаа үлдэж
Цаасан дээр
Магтуулах хэдэн шүлэгтэйгээ хоцорч
Тэрлэгтэйгээ байхдаа
Тэнгэрийн дор
Их юм бүтээмээр...

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 41 (7026)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22