Б.ДОЛЖИНЖАВ
Цагаан сар гэдэг монголчуудын тухайд жинхэнэ шинэ жил байдаг. Тиймээс тухайн жилд олон зүйл хийж бүтээх амлалтыг бид өөрсдөдөө өгч, өнгөрсөнд болж өнгөрсөн сөрөг муу муухай бүхнийг мартаж, шинээр эхлэхийг зорьдог билээ. Яг ийм үед тань урам зориг өгөх гурван эмэгтэйн түүхийг хуваалцаж байна.
“Хэцүү, шантармаар үетэй тулгарахгүй явсаар амжилтад хүрсэн нэг ч хүнтэй би тааралдаж байгаагүй.Тэд одоогийн түвшиндээ хүрч, бусдын үлгэр дуурайлал болсон хүн болох хүртлээ хангалттай хэмжээний чадвар, туршлагыг хуримтулуулсан байдаг. Тиймээс тэдний зөвлөгөө бусдыг зөв шийдвэр гаргахад тусалж чадна” хэмээх ярих бүсгүй бол “Бадгетниста” санхүүгийн боловсролын төвийн үүсгэн байгуулагч Тифанни Аличе юм.
Нас ахих тусам асуудал багасдаггүй тул хандлагаа өөрчлөх нь чухал
34 настай Рой багаасаа хүчирхийлэлтэй нүүр тулж, коллежоосоо хоёр удаа хөөгдөж, өөр рүү нь хашгичиж загнадаг удирдлагатай зоогийн газар ажиллаж, сэтгэл гутралд орж олон зүйлийг туулж өнгөрүүлжээ.
Энэ тухайгаа тэрбээр “Нас нэмэгдэх тусам асуудлууд багасч, бүх зүйл сайн сайхан болохгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн хугацаанд буруу хүнтэйгээ сууж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, орнноосоо өндийж чадахгүй болтлоо сэтгэлээр унаж үзсэн. Тэгээд сэтгэл засалчтай уулзтал өөрийн мэдрэмжийг байгаагаар нь хүлээн авч, өөртөө шударгаар хандах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал гэж зөвлөсөн. Үүний дагуу би уйлмаар үедээ шууд уйлж, хайртай хүмүүстээ сэтгэлээ нээж, уур бухимдлаа багасгах аргад суралцаж, тэмдэглэл хөтөлж мэдрэмжээ бичгээр илэрхийлж сурсан. Энэ бүхний үр дүнд тайвширч, сэтгэл их сайхан болчихсон. Бидэнд ямар ч асуудал тулгарсан түүнийг хэрхэн хүлээж авах, хандлага нь их чухал юм билээ” гэж ярив.
Мөнгөө эд зүйлст бус аялал, туршлага хуримтлуулахад зарцуулъя
Латте ууж, авокадо жимс идэх нь хүмүүсийн санхүүгийн дайсан хэмээн 28 настай Дунлаф онцолж байна.Түүний ээж аав нь материаллаг эд зүйлст их мөнгө үрдэггүй байсан учир тэрбээр багаасаа мөнгөө зөв зарцуулж сурчээ.
Энэ тухайгаа Дунлаф “Мөнгө үрэхээ зогсоох шаардлагагүй. Харин хэрэгцээгүй зүйлст мөнгө зарцуулдагаа болих хэрэгтэй. Манай аав ээж мөнгөө эд зүйлст бус аялал, туршлага хуримтлуулахад зарцуулдаг байсан. Би үүнийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлдэг. Ингэснээр өөрийн үнэ цэнээ бүрэн ухаарч чадсан.Тиймээс өөртөө болон өөрийн мөнгөндөө шударга хандаж өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг уриалж байна. Эхэндээ энэ нь таатай биш санагдаж магадгүй. Гэхдээ үр дүн нь эерэг байх болно” гэв.
Гэр цэвэрхэн байвал тавтай амарч чаддаг
Гэрээ их цэвэрлэх нь хандлагад эерэгээр нөлөөлдөгийг арай залуу байхдаа ухаарсан бол хэмээн бодох эмэгтэйг Ванесаа Амаро гэнэ.
Тэрбээр “Гэрээ цэвэрлэх нь бие махбодь, сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, урам зориг гэсэн бүх зүйлтэй холбоотой. Гэр цэвэрхэн, тохилог байвал өөртөө, гэр бүлдээ их анхаарал хандуулж, тавтай сайхан амарч чаддаг.Тиймээс хуваарь гаргаад өрөөгөө ээлж ээлжээр цэвэрлэдэг. Бохир гэр амьдарч байгаагаа хүмүүс ичих хэрэггүй” гэв.
Гэрээ цэвэрлээгүй удаад их хог хуримтлагдаж,эмх замбараагаа алдсан хүмүүст Амаро урам зориг өгч, гэрээ хэрхэн цэвэрлэх талаар зааж, боломжтой бол үйлчлэгч хөлсөлж өгөх цахим бизнес эхлүүлжээ.
Энэ тухайгаа “Иж бүрэн цэвэрлэсэн гэр хүн бүрт өөр өөр харагддаг. Хувцаснууд тань шалан дээрээ хөглөрсөн бол сайн байна. Чи эмх замбараагүй байж болно. Харин бохир байж болохгүй” гэсэн юм.
Эх сурвалж:CNN