Б.ДОЛЖИНЖАВ
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбооноос хоёрдугаар сарын 21-нд буюу шинийн нэгний өглөө Сүхбаатарын талбайд тавгийн идээ засаад "Бидэнд баярлах шалтгаан байхгүй” жагсаал хийнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.
Энэ талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн Д.Отгонбаяр "Шинийн нэгний өдөр төв талбайд жагсаал зохион байгуулах талаар өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх ТҮЦ-ийг ачих А35 захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэхүү захирамжаа хоёрдугаар сарын 14-нд цуцалж, хүчингүй болгосон байна. Ингэснээр бүх ТҮЦ-ийг хоморголон ачих нь буруу юм байна гэж үзжээ. ТҮЦ-үүдийг хэрхэн цэгцлэх, ямар байдлаар ачих талаар ажлын хэсгээрээ ярилцахаар болсон байна. Бүх ТҮЦ-ийг хоморголон ачих, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг зөрчих захирамж хүчингүй болсон тул шинийн нэгэнд хийх "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" нэртэй жагсаал цуглааныг зохион байгуулахгүй болсноо мэдэгдэж байна. Хоёрдугаарт, GS25 болон CU-ийг ТҮЦ-тэй андуурч холбоод байх шиг байна. Монгол Улсад найман нэрийн болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд 00:00 цагт хаадаг. Гэтэл GS25, гаднын сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар архи, согтууруулах ундаа зараад байгаа нь шударга бус гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс ТҮЦ-ийнхэн тэдэнтэй барьцаагүй. Үүнийг зөвөөр ойлгоосой. ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэгч, импортлогч болъё гээд төсөл хөтөлбөрүүдэд оролцохоор арын хаалга байхгүй бол зээл олддоггүй. ТҮЦ-ийг цэгцлэх нь зөв, гэхдээ эргэн тойронд хог хаяад байгаа нь иргэдийн ухамсрын асуудал. Бид эргэн тойрноо цэвэрлэж, тохижуулж, тав тухтай орчинг бий болгохыг хүсдэг. Гэвч Нийслэлийн хот тохижилтын газраас ТҮЦ-ийн орчимд хогийн сав тавиулдаггүй. Хогийн сав гаднаа тавьчхаар үүнийгээ авч хая гэдэг" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn