Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
“Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл гэсэн бичиг бүхий самбар үүдэнд байршуулжээ. Танхимд цугларсан хүмүүс төслөө танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж байв. Энтрепренершип боловсрол гэдэг бэрхшээл тулгарахад түүнийг боломж болгож харж чаддаг чадварыг хэлдэг. Харин хувь хүний ур чадвар бол маш чухал үнэ цэнийг агуулж байдаг зүйл. Тиймээс Монголынхоо хүүхэд залуучууд болон тэр тусмаа орон нутгийн хүүхдүүдэд хувь хүний ур чадварын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийг ивээх сан энэ төслийн ЕSEL хөтөлбөрийг 2020 оноос хойш хэрэгжүүлж байна. Уг төсөл БШУЯ, Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна. Төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн таван аймгийн алслагдсан 25 суманд хэрэгжүүлж байгаа ажээ. Тиймээс хөтөлбөр хэрэгжиж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинарийг зохион байгуулж, явцын үр дүн, туршлагаа хуваалцсан юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн политехник коллежийн ЕSEL хөтөлбөрийн суралцагч Э.Саранзаяа “Монгол хүж” төслөө танилцууллаа. Тэрбээр “Манай сургууль хичээлийн гурван том байртай. Хоёр дахь байрны бохир усны шугам муудсан учраас эвгүй үнэр үнэртдэг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах гэж “Монгол хүж” төслийг бичсэн” гэв.
“ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА”
ЕSEL хөтөлбөрийн суралцагч Э.Саранзаяа нь Өвөрхангай аймгийн политехник коллежийн засал чимэглэлийн ангид суралцдаг ажээ. Тэрбээр энэ төсөлд хамрагдсан талаараа “Өөрийнхөө үзэл бодлыг бусдад илэрхийлэх, бусадтай зөв харилцах, багаар ажиллах, хэн нэгэн сэтгэл санаагаар унасан үед хэрхэн харилцах гээд олон ур чадварыг өөртөө суулгасан. Хичээл эхлэх үед бидэнд төсөл хэрхэн бичих ерөнхий ойлголтыг заасан. Үүний дараа багийнхаа гишүүдтэй хамтраад гурван төсөл бичсэн. “Монгол хүж” төслөө бичихэд бэрхшээл үүссэн ч багш нартайгаа зөвлөлдөж, амжилттай дуусгалаа. Энэ нь багаар ажиллах, бусдыг ойлгох гэсэн хувь хүний ур чадварт суралцаж буйн нэг хэлбэр болов уу. Энэ хөтөлбөрийн гишүүнээр сонгогдож өөрийгөө хөгжүүлж буйдаа баяртай байна” гэсэн юм.
Харин тус аймгийн ЕSEL хөтөлбөрийн багшийн нэг нь Т.Цэрэнбал. Тэрбээр “Хүүхдүүдтэйгээ хамт багш нар ч хөгжсөн нь хөтөлбөрийн нэг онцлог байлаа. Хүүхдүүдэд сургалт орж эхлэхэд багаар ажиллах, нэгнийгээ үл ойлголцох гэсэн бэрхшээл тулгарч байсан. Харин сургалтын явцад хүүхдүүд хувь хүний ур чадварт суралцаж, өмнө тулгарч байсан бэрхшээлээ давж гарах сэтгэлтэй болж эхэлсэн. Манай сургуулиас энэ хөтөлбөрт 20 хүүхэд хамрагдсан. Хэдийгээр сургуулийн нийт сурагчийн хэмжээнд энэ нь бага тоо ч хүүхэд бусаддаа түгээх түүчээ болж байна гэсэн үг” хэмээн онцолж байлаа.
Политехник коллеж, МСҮТ-ийг төгссөн хүүхдүүд хөдөлмөрийн зах зээлд гарахад ажил олгогч нарт ажил мэргэжлийн хувьд өндрөөр үнэлэгддэг байна. Харин бусадтай харилцах, бусдыг сонсох, цаг барих, шинийг хийж бүтээх санаачилга, манлайлагч байх ур чадварт шүүмжлэлтэй ханддагийг Өвөрхангай аймгийн политехник коллежийн захирал С.Санчир хэлж байлаа. Энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд орчин үед трэнд болж буй нөгөөтэйгүүр ажил олгогчид үгүйлэгдэж буй ур чадварыг эзэмших боломж нээгдэж байна гэдгийг тэрбээр онцолсон юм. Тус коллеж нь Өвөрхангай аймаг төдийгүй улс, бүс нутгийн хэмжээнд мэргэжилтэн, ажилтан бэлтгэдэг бөгөөд 1100 гаруй суралцагчтай ажээ.
ХУВЬ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТААР 430 БАГШИЙГ МЭРГЭШҮҮЛЖЭЭ
Дэлхийн бусад улс сургалтын агуулгаараа акедемик мэдлэг олгохын зэрэгцээ хувь хүний ур чадварыг хөгжүүлэхийг илүүд анхаарч буй. Тиймээс “Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ЕSEL хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон улсын туршлага дээр тулгуурлан, монгол хүүхдийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан байна. Тодруулбал, 2014 оноос хойш Боловсрол судлалын үндэсний хүрээлэн өсөлт хөгжил, танин мэдэхүйн ур чадвар, хувь хүний хөгжил ямар түвшинд байна вэ, юу дутагдаж байгаа талаар монгол хүүхдийн судалгаа хийжээ. Судалгаанд тулгуурлан хүүхэд өөрийгөө таних, багаар ажиллах, бусдыг болон соёлын ялгаатай байдлыг таних гэсэн хувь хүний хөгжлийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ЕSEL хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар төслийг хэрэгжүүлэгч Хүүхдийг ивээх сангийн төслийн менежер Ё.Нямдаваа хэллээ.
Тэрбээр “Багш нараа бэлтгэхдээ заавал энэ чиглэлийн гэхээс илүү тухайн хүний сонирхлыг үндэслэн, тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт явуулсан. Ингээд сонгогдсон багш нарт 66 цагийн сургалт орсон. Сургалт нь тодорхой асуудлыг дэвшүүлээд түүнийгээ багаар шийдвэрлэх, боломж гарцыг олж буй төсөлт сургалтын арга зүйгээр зааснаараа онцлог. Сургалт хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд танхимын сургалт нь багшийн чиглүүлгээр явсан. Харин танхимын бус сургалт нь хүүхдүүд биеэ дааж ажиллах боломжийг олгосон. Сургалтын явцад хүүхдүүд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж ажилласан учраас гишүүн бүр тодорхой чиглэл хариуцсан менежерийн үүрэгтэй. Хувь хүнийг хөгжүүлэх сургалтад 430 багшийг хамруулж, мэргэшүүлсэн” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 18, 19 (7003, 7004)