Мөнгөнд бус сэтгэлдээ хүлэгдсэн театрын арын албаныхан

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Чойжилсүрэнгийн Гантулга 

 

Дэлхийн улс бүхэн өөрийн онцлог, үндэсний урлагаа сурталчлах театртай байдаг. Тэр театр нь ардын урлагаа таниулах, түүгээр дамжуулж хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх үүргийг хүлээдэг. Тэгвэл бидний "ариун сүм" хэмээн өргөмжилдөг театруудад нарийн мэргэжилтнүүдээс гадна арын албаны уран бүтээлчид дутмаг, тэдгээрийг бодлогоор дэмжиж, орон тоог нь нэмэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл” буландаа цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа Монголдоо хамгийн том мэргэжлийн урлагийн байгууллага болох УДЭТ, УДБЭТ-ын арын албаныхан буюу зураач, гэрэлтүүлэгчид хүрэлцдэггүй тухай бичиж,  уран бүтээлчид болон Соёлын яамны байр суурийг хүргэсэн. Энэ удаад монголчуудын хамгийн үнэт өв соёл болох ардын урлагаа түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг Үндэсний урлагийн их театр болон хүүхэд багачуудыг үлгэрийн ертөнцөөр аялуулж буй цор ганц театр болох Хүүхэлдэйн театрын орон тоо болоод арын албаны мэргэжилтнүүдийн тухай хөндөхөөр бэлтгэлээ.  

 

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРТ ЕРӨНХИЙ ЗУРААЧИЙН ОРОН ТОО БАЙХГҮЙ

 

ҮУИТ-ын хувьд нийт 189 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь 64 их найрал хөгжимчин, 48 бүжигчин, 24 дуучин байгаа юм. Үүн дээр нэмээд маркетингийн алба, хувцасны эрхлэгч, үйлчлэгчдээс гадна тайзны ажилчин зургаа, оёдлын хэсэгт хоёр, дууны инженер  нэг гээд хөвөрнө. Хамгийн харамсалтай нь энэ театр өдгөө ерөнхий зураачгүй ажиллаж байгаа юм. Уран бүтээл гэдэг хамтын хөдөлмөр. Сайн бүтээл гэдэг мэргэжилтнүүдийн нарийн ажиллагаа, ур чадварыг илтгэнэ. Ялангуяа тайзны бүтээлд зураачийн ажиллагаа хамгийн чухал. Гэтэл Монголдоо ганцхан байгаа Үндэсний урлагийн театр ерөнхий зураачгүй байна гэдэг харамсалтай. Орон тооны нэг хүн байгаа нь хувцасны зураач ажээ. Энэ тухай тус театрын урын сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын байр суурийг хүргэе. 

 

Н.Буянбаатар: МАНАЙ ЗАРИМ АЖИЛТАН 1-2 ХҮНИЙ АЖЛЫГ ХИЙДЭГ

 

“Манай театр 30 гаруй жилийн өмнөх Засгийн газрын тогтоолын дагуу гаргасан орон тоогоор л үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний гэх тодотголтой энэ том театрт уран бүтээлчдээс гадна арын албаны мэргэжилтнүүдээр дутмаг байна гэдэг харамсалтай. Ялангуяа тайзны ажилтан зургаан хүн гэдэг дэндүү бага тоо. Гэтэл бидэнд ерөнхий зураачаас эхлээд гүйцэтгэх зураач, туслах зураач, жижиг хэрэглэлийн мужаан, тайзны машинист, тайзны ажилтан, архивын ажилтан, шуум техникч, оёдолчин гээд жинхэнэ уран бүтээлийг нуруун дээрээ үүрч явдаг арын албаныхан хэрэгтэй байна. Бидэнд дур мэдэн орон тоогоо нэмэх эрх байхгүй учир зарим ажилтан маань 1-2 хүний ажлыг хавсарч хийх жишээтэй. Бид уг нь жил бүр л орон тоогоо нэмэх хүсэлт тавьдаг ч одоогоор шийдэгдсэн зүйл алга” гэв. Мөн энэ театрын тулгамдаад буй, яаралтай нэхэх хэрэгтэй нэг арын алба бол оёдолчин ажээ. 100 гаруй уран бүтээлчтэй энэ байгууллагын оёдлын тасаг ерөнхий зураач, оёдолчин гэсэн ердөө хоёр хүний орон тоотой ажиллаж байна. Нэг тоглолтын хувцас хийхэд олон өдрийн хөдөлмөр шаардана. Тиймээс зарим үед хонож, уртасгасан цагаар ажиллах энүүхэнд гэж байв. 

 

Жижиг хэрэглэлийн эрхлэгч, тайзны ажилтан С.Хүрэлбаатар: БИД УРЛАГТ ХАЙРТАЙ ГЭСЭН СЭТГЭЛЭЭРЭЭ Л ЦАЛИНЖДАГ

 

-Би энэ театрт ажиллаад гурван жил болж байна. Өмнө нь Сүхбаатар аймгийн театрт ажиллаж байсан. Одоогоор манай үйлдвэр анги 12 хүний орон тоотой. Уг нь 16 хүн байх ёстой юм билээ. Үүнээс зургаа нь тайз хариуцдаг. Яг тоглолтын үед манай зургаагийн гурав нь дээшээ галерей руу гардаг. Доор үлдсэн гурав нь тайзаа зөөхөөс эхлээд дуун дээр хүртэл очиж ажилладаг. Ер нь дутуугаа нөхөөд л чадах хэмжээгээрээ ажиллаж байна. Гагнуурчин хүн тайз зөөж, тогооч нь хөгжим техник хариуцаад явж байх жишээтэй.  Мөн цалин бага учир тогтвортой ажиллах хүн олдохгүй байна. Үнэндээ бид урлагт хайртай гэсэн сэтгэлээрээ л цалинжиж байна. 

 

Оёдлын тасгийн зураач Ч.Урантуяа: УРЛАГИЙН ХУВЦАС УРЛАХАД НАРИЙН АЖИЛЛАГАА, МЭДРЭМЖ, ЦАГ ХУГАЦАА ШААРДДАГ

 

-Одоогоор манай алба хоёр хүнтэй ажиллаж байна. Анх намайг 2003 онд энэ театрт ирэхэд хоёр оёдолчин, нэг оёдлын мастер, хоёр гуталчин, ерөнхий зураач, хувцасны зураач гээд олон хүнтэй байсан. Гэтэл энэ орон тоо багассаар байгаад бид хоёул үлдээд байна. Гэтэл нэг шинэ тоглолт тавилаа гэхэд 200-220 гаруй иж бүрэн хувцас хийх шаардлага гардаг. Урлагийн хувцас урлахад нарийн ажиллагаа, мэдрэмж, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр оёдолчдын тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Мөн ирсэн оёдолчид нь цалингаа голоод явчихдаг.

 

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР ТАЙЗНЫ АЖИЛТАН ГЭСЭН НЭГ ХҮНИЙ ОРОН ТООТОЙ 

 

Дараагийн онцлох театр нь Хүүхэлдэйн театр байв. 75 жилийн түүхтэй тус театр Монголын хүүхэд багачуудын соён гэгээрэх суурь болдог газар. Бид хүүхдийн гэгээн ертөнцөөр орчлонг харж, үлгэр, хүүхэлдэйн адал явдалд итгэж, сайн муугийн төсөөллөө олж авдаг. Тэгвэл хүүхдийн инээд хөвөрсөн энэ театр одоогоор 10 жүжигчний орон тоотой гэвэл та итгэх үү. Тиймээс багаар бодоход таван жүжигчин нэмж авах шаардлагатай байгаа юм. Энэ  театрт орон тоо нэмэх зайлшгүй шаардлага байгааг уран бүтээлчид онцолж байсан юм. Тус театр жилд 20 гаруй жүжгийг ээлжилж тоглохоос гадна заавал хоёр шинэ уран бүтээл хийх үүрэгтэй байдаг юм байна. Гэтэл 10 жүжигчид хаанаа ч хүрдэггүй гэнэ. Энэ тухай тус театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач М.Ариунтуяа "Манайх тайзны ажилтан гэсэн нэг хүний л орон тоотой. Гэтэл энэ ажилтан маань ганцаараа юу ч хийж амжихгүй. Яагаад гэвэл манай театр хуучных учир механик тайзтай. Тэгэхээр бүгдийг гараар зөөх болдог. Бусад театр шиг галерей байхгүй учир гараараа татдаг. Мөн хажуудаа кармаа байхгүй болохоор яг л гар ажиллагаа шаардана.Тэгэхээр жүжигчид маань өөрсдөө энэ бүгдийг хийнэ. Юун дараагийн үзэгдлээ бодох. Өөрийн үзэгдлээ дуусгаад хүүхэлдэйгээ тавиад тайзаа зөөх жишээтэй. Тэгэхээр тайзан дээрээ л гэхэд бид дор хаяж хоёр хүн нэмж авмаар байна" гэв. 


Тайзны бүтээлд гэрэлтүүлэгч хамгийн чухал. Уран сайхны гэрэлтүүлэг дээрээ нэг хүн сууна. Гэтэл хажуу талаас нь проектороор гэрэл тавих шаардлага үүсдэг. Гэтэл ийм мэргэжлийн хүн тус театрт алга. Мөн дууны инженер нэг л хүн ажилладаг ажээ. Энэ хүн ямар ч үед өвдөх, амрах эрхгүй ганцаараа ажиллах шаардлага үүсч байгаа юм. Үүнээс гадна тус театр мужаангүй учир жижүүрээрээ энэ албыг орлодог юм байна. Энэ мэт тус театрын хувьд мэргэжил бүр дээр орон тоо нэмэх нөхцөл байдал үүсээд байгаа тухай уран бүтээлчид ам булаалдан ярьж байна. Хүүхэлдэйн театрын хамгийн чухал алба бол үйлдвэр анги. Энд хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатрууд модон хүүхэлдэй болж “төрдөг” билээ. Гэтэл энэ албанд зураач, хүүхэлдэй урлаач, оёдолчин гэсэн гурван хүн л ажилладаг байв.  Энэ гурван хүн л театрт тавигдаж буй жүжгийн хүүхэлдэй, хувцас, тайз, жижиг хэрэглэл гээд бүх зүйлийг хийдэг. Дэлхийн хэмжээнд хамгийн жижиг театр л гэхэд доод тал нь долоон хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэр ангитай байх ёстой гэж заадаг юм байна. 


Театрын зураач В.Энх-Амгалан "Би 2004 оноос хойш Хүүхэлдэйн театрт ажиллаж байна. Миний хувьд барималч мэргэжилтэй. Харин энэ театртаа ирээд оёдолчин, мужаанаас эхлээд бүхий л зүйлээ өөрөө хийж байна. Үнэндээ энэ том театрын үйлдвэр анги гурван хүнтэй байна гэдэг дэндүү чамлалттай. Өнгөрсөн жил манай театрт Буриадаас хоёр зураач ирсэн. Тэдний Хүүхэлдэйн театр нь 80 хүний суудалтай. Гэтэл үйлдвэр анги нь долоон хүнтэй гэсэн. Үүнд ерөнхий зураач, технологийн зураач, мужаан, жижиг хэрэглэлийн зураач хоёр, тайзны зураач, оёлолчин, гэрэлтүүлэгч байх жишээтэй. Харин манайх 150 хүний суудалтай шүү дээ. Ялангуяа бидэнд тооцоолол хийдэг конструктор зураач яаралтай хэрэгтэй байна" гэсэн юм.

 

ТЕАТРЫН АРЫН АЛБАНЫХАН 650 гаруй МЯНГААР ЦАЛИНЖДАГ

Ийнхүү хоёр театраар орж сурвалжлага хийхэд үнэхээр Монголын урлагийн байгууллага арын албаны мэргэжилтнүүдийн дутагдалд орж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр Монгол Улсын соёл урлагийн байгууллагад урлагт хайртай, чин сэтгэлтэй хүн л энэ их ачааллыг дааж, өөр мэргэжилд хувирч, багахан цалингаа гололгүй амьдралдаа хүргэж амьдардаг юм байна. Учир нь уулзаж ярилцсан хүн бүр театрын арын алба цалин багатай учир сонирхож ажиллах хүн байхгүй байгааг онцолж байсан юм. Үнэхээр бидний хөндөж бичиж буй театрын арын албаны уран бүтээлчид Засгийн газраас тогтоосон  ТҮСУ-3 буюу 650 гаруй мянган төгрөгийн цалин авч байна. Энэ тухай Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар “Үнэхээр манай арын албаны уран бүтээлчид цөөрч байгаа нь цалин хөлстэй нь шууд холбоотой. Юмны үнэ өссөн үед ийм бага цалингаар лизингээ ч төлж чадахгүй шүү дээ. Тиймээс олон авьяастай уран бүтээлчид мэргэжлээ сольж, мөнгөний төлөө өөр ажил хийж байгаа нь үнэн” гэсэн юм. Үнэхээр биднийг соён гэгээрүүлж, сэтгэлийн таашаал өгдөг мэргэжлийн байгууллагын уран бүтээлчид маань өнөөдөр энэ бага цалингаар амьдрахад хэцүү. Тиймээс уран бүтээлчдийнхээ тэр дундаа арын албаныхны цалин хөлсийг эргэн харж, өөрчлөх цаг иржээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 30 мин