“Зууны мэдээ”-гийн трэнд зочдын сонирхолтой эшлэлүүд

2023-01-18
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Манай сонин 2022 онд тухайн цаг үеийнхээ трэнд болж чадсан 30-аад эрхмийг уншигчидтайгаа уулзуулжээ.Тэдний заримынх нь сонирхолтой эшлэлийг хүргэж байна.

Б.Номинчимэд: “ЦАГААН БОРОО”-Г 10 ЖИЛИЙН ӨМНӨ БИЧСЭН БОЛ ӨНӨӨДРИЙНХ ШИГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙСАН

- Зохиолч, сэтгүүлч

- Магадгүй "Цагаан бороо"-г 10 жилийн өмнө бичсэн бол өнөөдрийнх шиг хурцаар хүлээж авах ч үгүй байсан байх. Тэр үед асуудал хараахан хоолойд нь тулчихаагүй байсан  учир хүмүүс өнөөдрийнх шиг  хурц эмзэг хүлээж авахгүй байсан болов уу.

-Бидний сул тал бол тэр сайхан түүхий эд баялгаа гүйцэд боловсруулж, нэмүү өртөг шингээж, дэлхийд гаргаж чаддаггүй, тийм ур чадвар дутаад байгаа. Ядаж л тэвчээр дутаж байна.

- Нүдэнд харагдахгүйгээр бүхнийг сэмхэн хаман одож буй мэдээлэл, технологийн дэвшил, харилцаа холбоо, соёлын интервенцээр хөллөсөн даяаршлын хүчирхэг давалгаан нь ганц биднийг ч биш, ерөөс дэлхийн бүхий л үндэстнүүдийн орших уу, эс орших уу гэдэгт хутга тулгачихсан.

Г.Төмөрчулуун: ДИПЛОМАТ “ДАЙН” ЗЕЛЕНСКИЙН ЯЛАГДАЛ, ПУТИНИЙ ЯЛАЛТААР ТӨГСЧ БАЙНА

Ахмад дипломат, Улс төрийн шинжлэх ухааны доктор, тэргүүлэх профессор, олон улсын харилцааны мэргэжилтэн судлаач  Г.Төмөрчулуун.

- Олон улсын харилцаанд айлгах тактик байдаг. Цөмийн зэвсгийг хэрэглэх гэж хийдэггүй. Заналт дайснаа айлгаж байгаа хэлбэр. Түүнээс хэн ч цөмийн зэвсэг хаяж зүрхлэхгүй. 1945 оны Хирошима давтагдахгүй.

- Хаяа дэрлэсэн хоёр том гүрэн анд, найзууд байдаггүй. 1962 онд дайтсан. Ер нь ОХУ, Хятадын харилцааны түүх эмгэнэлтэй. Хүйтэн дайны үед БНХАУ АНУ-тай нийлж ОХУ-ыг эсэргүүцсэн. Одоо АНУ хоёуланг нь эсэргүүцэж байна.

- Харьцуулбал, Монгол Улс бол хоёр зааны дундах хулгана. Геополитикийн шинэ нөхцөл байдалд зохицож амьдрах ёстой. Хоёр хөршийнхөө дургүйг хүргэж огт болохгүй. Төвийг сахисан маягтай байх нь зөв. Өөр бидэнд хийх ажил нэг их байхгүй дээ.

Г.Эрдэнэбилэг: ХААН БАЙХААС ИЛҮҮ ЭЦЭГ ХҮНИЙГ Л ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН

“Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээсэн  Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин

- Жүжгийн нэр нь хүртэл "Тамгагүй төр" гээд дуугарчихсан байгаа нь хангалттай. Хоёрхон үгээр ямар агуу санааг илэрхийлж байна вэ. Үг бүрийг нь бодож, задалмаар амттай. Арчуг хааны өрнөл, үндсэн чиг шугамнаас гадна эцэг хүнийг л харуулья  гэж бодсон. Монголчууд гэрээ засаад төрөө зас гэдэг. Хүний гэр, гал голомт, гэр бүл ямар байгаагаас шалтгаалж улс орны өнгө төрх тодорхойлогддог гэж боддог. Тиймээс төрийн тэргүүн, хаанаас гадна эцэг хүн ямар байх ёстой юм бэ гэдгийг тодруулж гаргаж ирэхийг хичээсэн.

- Төр засаг театрын урлагийг харах цаг болсон. Бүхэл бүтэн улсын драмын төв театр нь аймгийн театраас дор байна. Нийслэл хотын “А” зэрэглэлийн бүсэд байгаа улаан байшингийнхаа тайз, дэлгэц, орчин нөхцлийг технологийн хувьд шинэчлэх хэрэгтэй. Хэддүгээр зуун билээ гэдгийг бодох цаг болсон. Ингэж байж үзэгчид таашаал авч агуу сонгодог зохиолууд мөнх амьдарна гэж ярихаас биш яг өнөөдрийн орчин нөхцөлд бол харамсалтай  дүр зураг бууж байна. Уран бүтээл, уран бүтээлчид бол тусдаа асуудал. УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр нэг байшингийн нэг нэг өрөөнд байгааг гадныхан сонсвол гайхна. Гоё хөгжүүлээсэй л гэж бодох юм.

- Улс төр бол мөнхийн сэдэв. Эртнээс эдүгээг хүртэл мөнх байж ирлээ. Тэр дундаа яг энэ цаг үед "Тамгагүй төр" ихийг бодогдуулна даа. Ер нь зарим үед урлаг уран сайхныг жүжиг гэж харж болохгүй. Урлаг хүчтэй зэвсэг байж ирснийг түүх харуулдаг шүү дээ. Тиймээс "Тамгагүй төр"-ийг эх орны дуудлага гэж харж, ухаарал аваасай гэж бодож байна. Амьдрал дээр костюм пиджактай тоглож байна гэж бодож хариуцлагатай алба хашдаг хүмүүс маань, залуу хойч үе үзэж нэгийг бодож хоёрыг тунгаагаасай. Магадгүй асар их болгоомжлол, эмзэглэл төрүүлэх байх. Юун төлөө их зохиолч маань тархиа буцалгаж, зүрхээ савлуулж бичлээ дээ. Түүнийг нь олонд хүргэх гэж хичээж буй бидний ч утга учир гарах байх.

- Үзэгчдийн өмнө тоглох огт өөр мэдрэмж.Амьд энерги мэдрэгддэг. Зарим хэсэгт үзэгчид хамт уурлаж, инээж, уйлж байгааг мэдрэхээр улам илүү хөглөгдөж, жүжиг сүнслэг болж эхэлдэг. Үзэгчид өөрсдийгөө суугаад үзэж байна л гэж бодоод байдаг. Яг үнэндээ жүжгийг босгож ирдэг. Үзэгчдийн санаа алдах, нулимсаа арчих, бухимдах гээд хөдөлгөөн бүхэн нийлж заалыг амилуулж байдаг. Урд суугаа хүн нулимсаа арчиж байгааг харах, надтай хамт уйлж байгаа мэдрэмжийг хайрламаар. Хаантай цуг уйлж байна гэж бодох ямар гоё гэж санана. Үзэн ядаж байгаа нь хүртэл гоё. Энэ бүх мэдрэмжийг тайлбарлахад үг ч багадна.

С.Эрдэнэ: АН 2024 ОНЫ СОНГУУЛЬД ШИНЭ ЛИДЕР, ШИНЭ БАГТАЙ ОРНО

- Ардчилсан намын дарга С.Эрдэнэ.

- АН яагаад өнөөдөр нийгмийн анхаарлын төвд эрх баригчдаас илүү ороод, хүн болгон санаа тавиад байгаа юм. Дээд шүүхэд 36 нам бүртгэлтэй байдаг биз дээ. АН-д нийгмийн хүлээлт үүсчихээд байгаа учраас булааж авах гэж байгаа хэрэг.

- Улс орныг аваад явах чадвартай боловсон хүчин, бодлоготой, бэлтгэгдсэн улс төрийн нам бол АН гэдгийг ард түмэн харж, хүлээж байна. Хэл ам хэрүүл тэмцлээ цэгцлээд дараагийн сонгуулийн бэлтгэлдээ орооч гэдэг нийгмийн захиалга, хүлээлт бий болчихсон. Тийм учраас хүн болгон АН-ын хувь заяанд санаа зовж байна. 2024 он бол АН-ын хувьд хамгийн шаанстай он байх болно. Түүнээс биш АН яах нь хэнд ч хамаагүй биз дээ уг нь.

- Улс төрд насны хязгаар гэж байдаггүй юм. Яагаад тэгвэл гадны орнууд тэднийгээ ад үзэхгүй, лидер хэвээрээ байгаа юм. Аливаад хариуцлага, манлайлах чадвар гэж бий.  Тийм л юм бол залуучууд өөрсдөө манлайлаад түрээд гараад ир л дээ. Лидер хүч түрч гарч ирдэг болохоос биш хэн нэгний зайг бөглөдөггүй юм.

 Н.Наранбаатар: ЭРИЙН ГУРВАН НААДАМ БАЙГАА ЦАГТ БИД МОНГОЛООРОО ҮЛДЭНЭ

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч

- Бид ямар азаар энэ сайхан эх оронд хүн болж төрсөн юм бэ. Монголчуудаас өөр ийм уламжлал, түүх соёлтой улс хаанаас ч хайгаад олдохгүй. Эрийн гурван наадмыг түүхэн эх сурвалжаас судлахад анх хүн төрөлхтөний түүхэнд төрт улсыг Хүннү гүрэн байгуулж байснаас эхлэлтэй гэдэг юм билээ. Хүннүчүүд бол бидний өвөг дээдэс. Тэр цаг үеэс өнөөг хүртэл монгол наадам тасраагүй.

- Эрийн гурван наадам байгаа цагт бид үеийн үед Монголоороо үлдэнэ. Тэгэхээр яахын аргагүй монгол наадам маань дархлааны том баяр, оюун санааны их тэжээл, дахин сэргэх сэргээш юм. Язгуур, гол утга санааг нь ойлгож байж  наадмаа хайрладаг, хүндэлдэг, бахархдаг, омогшдог болно.

- Би УДЭТ-ыг “Титаник” хөлөг онгоцтой зүйрлэдэг. Зарим үед хурдална, хөвнө. Онгоцноос зорчигчид буудаг, буцаж орж ирдэг жамтай. Театр бол хамтын урлаг. Би театрыг байшин гэж нэрлэхгүй. Театр бол нэгдмэл оюун санааны уур амьсгал юм.

- О.Саранхүү: "MOON DANCE"-ИЙН ҮЗҮҮЛБЭР БУСДААС ОНДООШИЖ, МОНГОЛООРОО БАЙЖ ЧАДСАН

- “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч

- Бүжгийн спортын бусдаас ялгарах онцлог нь олон хүн нэг дор тайзнаа гардаг. Мөн хүйсийн хувьд тэнцүү байдагт орших байх. Багийг амжилтад хүргэх хамгийн гол түлхүүр нь багийг бүрдүүлэх, уур амьсгалыг эерэг байлгах гэдгийг энэ он жилүүд надад сургасан. Миний өөрийн эрхэм зорилго, алсын хараа нь эдгээр залуучуудтай яг найз шиг нь  байх. Ирээдүйд хамтдаа хөгширч, нэг нэгнийхээрээ зочилж, энэ цаг үеийн тухай ярилцаж, дурсамж бүтээх юм даа. Тиймээс ээж нь хүүхдүүдээ хайрладаг шиг хайрлаж, яг л нэг гэр бүл шиг дотно, нэгнээ ойлгодог, ямар ч цаг үед орхидоггүй тусалж дэмждэг, хамгийн гол нь нэгнээ байгаагаар нь хайрлаж чаддаг байлгахын төлөө зүтгэж байна.

- Тэмцээнд оролцох тусам миний болоод хамтлагийн маань харах өнцөг өөр болж эхэлдэг юм билээ. Бид ер нь юуны төлөө медаль авах гээд ингэтлээ зүтгээд хөдөлмөрлөөд байгаа юм бэ гэвэл тусгаар тогтносон Монгол Улсыг олон улсад сурталчилж, монгол хүний ур чадварыг дэлхийд гайхуулахын төлөө л  шүү дээ. Бид “Байгаагаа байгаагаар нь хайрлая” гэсэн уриатай байсан бол одоо “Бид монгол. Бид Moon dance” гэсэн уриатай болсон. Энэ урианы дотоод агуулгыг хүүхдүүд маань бүр зүрх сэтгэлдээ шингээчихсэн.

- Амьдралаа би бүжиггүйгээр төсөөлж байгаагүй. Магадгүй энэ нь миний генд байгаа байх. Өнөөдөр манай хамтлагт миний 20 настай том  хүү бүжиглэж байна. Бага дүү О.Эрдэнэ-Очир маань мөн манай хамтлагийн гишүүн. Манай гэр бүл, хамаатны хүрээллээс зургаан хос бүжигчин бий. Тэгэхээр би яаж энэ спортоос өөрийгөө салгаж ойлгох вэ. Бүжгийн спорт надад золиосоос илүү өгсөн ач буян нь их. Энэ спорт хүнийг хүнийг хүмүүжүүлдэг,  хүнээс үг дааж сургадаг, хүнийг төлөвшүүлдэг. Тиймээс би өөрийн амьдралаа энэ спортын төлөө зориулж байгаадаа хэзээ ч харамсдаггүй.   

Н.Ялалт: ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАРУУЛАХ ЦАГ НЬ ИРСЭН

УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан

-Жүжигчдийн хувьд өөрийгөө сорих, ур чадвараа өөр өнцгөөс нээх бүрэн боломжтой цаг үе ирээд байна. “Сычуаний сайн хүн” жүжгийн нисгэгч Ян Сунын дүрээр би өөрийнхөө ертөнцөд нэгэн шинэ цонхыг нээсэн. Энэ нь миний хувьд ур чадвар болоод хамтран тоглох уран бүтээлчидтэйгээ зохицоход нэгэн том алхам болж, намайг сорьж байгааг нуухгүй. Гэхдээ сорилтод унах эрх байхгүй учир өөрийнхөө чадах хэмжээнд дүрээ сайн гаргахын төлөө хичээх болно.

- Одоогийн Монголын нийгэмд бид өөрсдөөсөө өөрийгөө хайх хэрэгтэй болоод байна. Өөрийнхөө дотроос сайн хүнээ ирж хайхгүй бол муу нь давамгайлсан, нэг, нэгнээ хэмлэсэн өөнтөгч нийгэмтэй болжээ бид. Тиймээс энэ цаг үед Монголын театрын тайзан дээр “Сычуаний сайн хүн”-ийг тавьж байгаа нь захиалга мэт цаг үеэ олсон гэж харж байгаа.

- Миний хувьд энэ цаг үед театрын тайзан дээр Н.Ялалт гэсэн жүжигчнийг бий болгомоор байна. Дэлгэцэнд тодорхой хэмжээгээр бий болгосон гэж боддог. Харин театрын тайзан дээр Н.Ялалт гэдэг жүжигчин байх ёстой юу, үгүй юу гэдгийг үзэгчид шийднэ. Чадахгүй бол гараа өргөөд бууж өгье. Хэрэв надад боломж байвал түүнийгээ улам баталгаажуулж, театрын Н.Ялалт гэж дуудуултлаа улам хичээх болно.

Б.Гантулга: ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМД ШИЛЖВЭЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН ОРОЛЦООГҮЙ ОЛГОХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

-Засгийн газрын ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад эх үүсвэрийг олгодог. Арилжааны банкууд шалгуур хангасан иргэдэд зээл олгодог. Тухайн зээл нь орон сууц худалдаж байгаа барилгын компаниудад очдог. Ингэхээр энэ зээлээс Монголын Ипотекийн корпораци ашиг олох үндэслэл байхгүй.

- Дундаж давхаргыг бид хөрөнгөөр хэмждэг. Хамгийн том хөрөнгө нь орон сууц байдаг. Тиймээс дундаж давхаргыг бий болгоход хамгийн чухал нөлөөтэй зүйл нь энэ хөтөлбөр юм. Хэдийгээр иргэд 20 жилийн турш зээлд дарагдаж байгаа мэт харагдавч айл өрх бүрийг өөрийн гэсэн хөрөнгөтэй дундаж давхарга болгоход энэ хөтөлбөр маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Түрээсийн байранд 20 жил амьдрах, ипотекийн зээлийг 20 жил төлөх хоёр эрс ялгаатай.

-Зах зээлийн зарчимд шилжвэл ипотекийн зээлийг төрийн оролцоогүй олгох нөхцөл бүрдэнэ.

Удо Б.Баркманн: В.ПУТИН, В.ЗЕЛЕНСКИЙ НАРЫН ЭНХ ТАЙВНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ГАЗАР НЬ МОНГОЛ УЛС

Германы монголч эрдэмтэн, доктор, профессор

-1976 оноос эхлэн монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байна. Ардчилсан Герман улсын иргэн, Азийн Монгол Улсад ирж,  энэ улсын тухай сонирхон, үүх түүхийг нь уудалж эхэлнэ гэдэг бас л сонин хэрэг байсан. Монгол Улс надад ах дүү орон шиг санагдсан. Бид өнгөрсөн түүхийг мартаж болохгүй. Тухайн үед Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал тун дажгүй байсан шүү.

- Хоёр том гүрний дунд хавчуулагдсан газар зүйн байршилтай гэдгийг улиг болтол ярьдаг. Гэхдээ ярихаас өөр аргагүй.  Нөгөө хоёр улс нь нэг нь комминуст, нөгөө нь капиталист  хагас ардчилсан гэмээр засаглалтай.  Тэгэхээр янз бүрийн  дарамт шахалт дунд Монгол Улс оршин тогтнож байгаа, хүчирхэг ард түмэн. Тэр ч утгаараа эрх чөлөөний мэдрэмж хамгийн их ханхалдаг. Одоогоор эдийн засгийн хувьд БНХАУ-аас хамгийн их хамааралтай байна.  Харин ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн 100 хувь хамаардаг.  Тэгэхээр Монгол Улс энэ хоёр орны дунд тэнцвэртэй гадаад бодлого явуулах нь хамгийн чухал. Энэ бол танай гадаад бодлогын нэгдүгээр зарчим байсаар ирсэн.

- Сүүлийн үед Монгол Улсын гадаад бодлого нэлээд идэвхжиж байна. Гэхдээ гадаад бодлогын хувьд танай санаачлага байв уу.  Нөгөө талаас санаачилсан уу гэдэг нь их ач холбогдолтой. Агуулгыг нь харахад нөгөө талын улс орны санаачлага нэлээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд Монгол Улсыг сонирхож байгаа нь илт мэдрэгдэж байна.  Ялангуяа ОХУ, Украины хооронд үймээн самуунтай байна. Энэ үед Монгол Улс газар зүйн байршлын хувьд анхаарал татаж байж мэднэ. Тэгэхээр төвийг сахисан бодлогоосоо ухарч болохгүй.   Монгол Улс хойд Солонгос, Өмнөд Солонгостой ч харьцангуй сайн харилцаатай.  Монгол хүн ОХУ-ын дайсан биш нөгөө талаар Украины ч дайсан биш.  Магадгүй энэ дайныг яаж дуусгах вэ гэдэгт маш олон монгол хүн санаа зовниж байна. Миний бодоход ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин,  Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар ярилцах хэрэгтэй. Цахимаар биш биечлэн уулзах хэрэгтэй.  Тэд яагаад Монголд уулзаж болохгүй гэж. Энх тайвны яриа хэлэлцээ хийхэд хамгийн тохиромжтой газар зүйн байршил, улс орон бол Монгол Улс юм. Үүнийг монголчууд чадна, амжилттай болвол дэлхий нийт баярлана.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 22 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 22 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 22 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 22 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 22 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 22 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 22 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 22 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 22 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 22 мин