Т.САЙХАН
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан" Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгүүдэд анх 20 мянган төгрөгөөр олгодог байсан. Улмаар цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих байдлаар 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнийг иргэдийн зүгээс халамж хавтгайрлаа гэдэг. Гэвч хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгох бодлогын шилжилт хийсэн. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон. Иймд шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй. Тиймээс өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхгүй байх зохицуулалт хийсэн. Зарим өрхүүдийн хувьд бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн. Мэдээллийн зөрүүг Цагаан сараас өмнө залруулахаар ажиллана. Улмаар хоёрдугаар сар гарсан бол нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Түүнчлэн Цагаан сарын баяр болох гэж байгаа учраас гуравдугаар сарын мөнгийг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn