Б.Зэдбазар багштай 6А ангийнхан:
Арын эгнээ хөвгүүд. Зүүн гар талаас: Цэрэндуламын ЦАГААНДОРЖ, Доржжавын ОРОС, Шадавын ГАНБАЯР, Жадамбын БАНЗРАГЧ, Мөөгөний БАЯРСАЙХАН, Баярмагнайн ПҮРЭВСҮРЭН, Түвдэндоржийн НАРАН, Гомбын ӨЛЗИЙ, Сандагийн ТОЛЯ, Гомбосүрэнгийн ГАНБОЛД, Сүхбатын РАВСАЛ, Балдоогийн БАТЧУЛУУН.
Дунд эгнээ охидууд. Зүүн гар талаас: Чойжилжавын УРТНАСАН, Жадамбын НАРАНЦЭЦЭГ, Дүгэржавын ШИНЭНЭМЭХ, Чойжинжавын ОЮУН, Ангийн багш Бямбын ЗЭДБАЗАР, Цэрэндоржийн ЛХАГВАСҮРЭН, Сүрнээжавын ХАЛТАР, Бадамжавын НЯМСҮРЭН,
Урд эгнээ охидууд. Зүүн гар талаас: Доржпаламын СУМЪЯА, Данжингийн ТУЯА, Галиндэвийн ЛХАГВА, Буянтогтохын САРАНТУЯА, Доржжавын ТУЯАЦАЦРАЛ, Дамдингийн ОЮУН, Норовын ЭНХТӨР.
Үүн дээр Гомбосүрэнгийн ГАЛБАДРАХ нэмэгдэнэ. Тэр үед зурагт ороогүй үлдэж. Мөн Жанчивсамбуугийн ЗЭСЭНЖАВ, Ганжууржавын САЙННЯМ, Гэлэнхүүгийн ЭНХТУЯА нар сурч байгаад шилжсэн юм.
Доржпаламын СУМЪЯА
(Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт,
Доктор (Ph.D), дэд профессор, яруу найрагч)
Монгол Улсын Боловсролын байгууллагад 40 гаруй жил багш, хичээлийн эрхлэгч, захирал, Заах аргын кабинетын мэргэжилтэн зэрэг ажил алба хашиж, хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх үйлсэд нэгэн насны үнэт үйлсээ зориулсан Боловсролын тэргүүний ажилтан, шилдэг арга зүйч Бямбын Зэдбазар багш 1979 онд МУИС-ийн Монгол хэлний анги төгссөн. Долдугаар сарын 1-нд оюутны ширээнээс боссон бага залуу хүү есдүгээр сарын 1 гэхэд Завханмандал сумын найман жилийн сургуулийн 6А гэх манай ангийг даасан багш болж ажил амьдралын гараагаа эхэлсэн байдаг.
Зэдбазар багшийн Завханмандалын найман жилийн сургуулийг дааж төгсгөсөн анхны ангийн шавь нарынх нь ажил амьдралын амжилт түүх дурсамжийг бид Сургуулийн 2018 оны номонд дэлгэрэнгүй бичиж хэвлүүлсэн. Зэдээ багшийн ангийнхан тийм сайхан амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж амьдарч яваа билээ.
Тэр өмнөх дурсамжинд төгсгөсөн анги хамт олны өнөөгийн тухайд голдуу өгүүлсэн бол харин энэ удаагийн дурсамжид Зэдээ багшийн багш болсон анхны жилүүд, ангийнхаа хүүхдүүдтэй тулж ажиллаж явсан залуу багшийн тухай, дурсамж өгүүлэгч би бээр Зэдээ багшийн анхны шавь нарын нэг МУИС-ийн Монгол хэлний анги төгссөн багшийнхаа мэргэжлийг залгамжлагчийн хувьд дурсан өгүүлж буй юм. Завханмандалын найман жилийг дурсан санахын учир олон бий...
1969 оны есдүгээр сарын 1-ний тунгалаг шаргал өдөр багш нарын контор гэх цагаан байшин үүдэнд багш нар ирийтэл эгнэн зогсож, өмнө нь бүх сурагчид анги ангиараа жагсаж, Усны-Эх захирал үг хэлж, хонх жингэнэж, хичээлийн жил эхэлсэн энэ нээлт дээр манай ангийг Зэдбазар гэж шинэ багшид даалгахаар хүлээлгэж өгсөн юм. Манай анги нь бараг дан Ургамал сумаас ирсэн хүүхдүүд болохоор ихэнх нь дотуур(нэгдлийн болоод улсын) байранд суудаг. Сургуулийн хамгийн сахилгагүй анги гэж өнгөрсөн V ангийн минь байдлыг сануулж захирал хэлж хүлээлгэж өгөв.
Эцэг эх, гэр орноосоо хол дотуур байранд суугаа хүүхдүүдийг тэр үед үнэндээ ангийн багш голлон хариуцдаг байжээ. Б.Зэдбазар багш маань МУИС-ийг төгсөөд ирж манай ангийг дааж авчээ. Бид анхных нь шавь нар. Бид Зэдээ багш гэнэ.
Одоо эргээд бодож байхад Зэдбазар багш манай ангийг аваад бид нарын олон зүйлийг засч залруулж цэгцэлж журамлаж хэвшүүлсэн. Үүнээс хамгийн түрүүнд дурдах зүйл бол манай ангийнхан бүгд жигд шрипт маягийн бөөрөнхийдүү цэвэрхэн гаргац сайтай бичгийн хэвтэй болсон.
Зэдээ багш жижиг нарийн цаасан дээр 35 үсгийг том багаар нь элементийн маягаар бичээд, гадуур нь нэвт харагддаг гялгар цаасаар бүрээд хүүхэд бүхэнд өгсөн. Бид чөлөөтэй үедээ үзгээ чернель бэхэндээ дүрэлгүй үсгийн дээгүүр үзэгнийхээ хошуугаар дагаж бичих(trace and write) ба тусдаа дэвтэр гаргаад хичээнгүйлэн дуурайж бичдэг байлаа. Бичгийн хэв муу, маш эмх замбараагүй бидний дэвтэр тодорхой хугацааны дараа бүгд цэвэр болсон төдийгүй ангиараа жигд сайхан бичгийн хэвтэй болсонсон.
Дөнгөж төгсч ирсэн, гэр бүлтэй болж амжаагүй залуу болоод тэр үү багш маань: гэр орон, эцэг эхээсээ хол болохоор өдөржин маатик, жартаа, чоно тарвага болж, хавар дулаарахаар хойшоо Хүнгий гол явж цаашаа элс хүрч манх бөөрөгнөөс гулсаж, өвөлдөө бол голын мөсөн дээр гулгаж тоглож цагаа өнгөрөөдөг ангийн хүүхдүүд бидэнтэй нэлээн тулж тогтож ажиллаж байжээ гэж бодогддог. Үдийн хойно ангидаа ирж бүгдээрээ гэрийн даалгавраа хийдэг. Багш ч ирнэ. Заримдаа давтлага өгнө. Ингэж ангиараа хичээлээ хийж давтахад сурагчдийн бие биенээ гэх эвсэг чанар коллектив сайжирч, хичээл давтах, гэрийн даалгавраа хийхдээ сурах бичигтэй хүүхдүүдийнхээ номыг анги хамт олноороо ашиглаж даалгавар давтлага хийх болов. Ингэснээр бидний хичээл сурлага сайжирсан юм.
Багш бас хүүхдүүдэд урам итгэл өгөх, сурах, өөртөө итгэлтэй болоход дэм өгч ажилладаг байжээ гэж бодогддог. Монгол хэлний хичээлээр хааяа хааяа цээж бичиг хийнэ. Энэ цээж бичгээ багш заримдаа нэгээс хоёр хүүхдээр засуулж байдаг. Хүүхдээр засуулаад араас нь дахиад багш өөрөө засаж давхар хянана. Энэ нь өөртөө ажил нэмж байгаа юм шиг боловч хүүхдэд “Би хичээх ёстой” гэсэн урам, “Би чадах болов уу” гэсэн өөртөө хяналт тавих ухаан, “Багш намайг үнэллээ” гэдэг өөртөө итгэх итгэл урам өгч буй хэрэг юм. Бас багш нарын конторт барагтай орж үзээгүй бүрэг номой бидэн шиг хөдөөний хүүхдүүдэд бол бас их хүч урам өгч буй юм. Багш нарын өрөөнд Зэдээ багшийн ширээн дээр зузаан гоё толь бичгүүд бас бус номууд өрөөтэй байх. Өө ямар сайхан юм бэ гэж бахдах сэтгэл эрхгүй төрнө. Хожим санахад тэнд Мянган жилийн он тооллын харьцуулсан хүснэгттэй Ц.Дамдинсүрэн(А.Лувсандэндэвийн хамт) гуайн нөгөө алдарт 50 мянган толгой үгтэй “Орос Монгол толь”(1967-1969) байсан. Оюутан байхад нь тэр толийг устгах Улс Төрийн Товчооны тогтоол гараад оюутны танхим байранд үзлэг хийж хураахад багш ариун цэврийн өрөөний ОО усны почки дээр тавьчихсанг хүмүүс олж харалгүй өнгөрөөсөн юм гэсэн. Тэгээд багш тэр алдарт толийг хураалгалгүй авч үлдсэн юм гэсэн.
Бас сургууль дээр уран зохиолын дугуйланг Зэдбазар багш, тооны дугуйланг Сонинжаргал багш зэрэг дугуйлан хичээллэх болсон. Ингэснээр бид хичээлдээ нэлээн сайжирсан санагддаг.
Өмнө нь сургуульдаа сахилгагүйгээрээ зартай байсан манай анги эмх цэгц, журамтай болж, сургуулийн захиргаанаас зохион байгуулдаг оноот уралдаанд олон удаа, бүр VI ангийнхаа хаврын IV улирлаар бол завсаргүй 7 удаа тэргүүлж байв.
Энэ уралдаан нь зөвхөн захны даавуу, нусны алчуур, гар хөлийн хумс, саарь, үс, тууз шалгах төдий бус сурагч хүний хамгийн эрхэм үйлс болох хичээл номоо анхаарах, гэрийн даалгавраа хийх, хичээл таслахгүй байх, сурагчдын дэвтэр цэвэр нямбай цэгцтэй болсон ба ангийн сурлагын чанар илт ахиж, анги хамт олны эе эвийг нэгтгэж чадсан нь Зэдбазар багшийн удирдан зохион байгуулах, хүүхэд бүрийн зан араншинг таньж тохируулан харьцаж чаддаг сурган хүмүүжүүлэх чадвартай нь холбоотой байсан байх аа. Энэ 7 удаа завсаргүй түрүүлснийг яагаад санадаг юм гэхээр үнэндээ ангийн дарга байсны хувьд, завсаргүй 8 түрүүлж чадаагүй дээ уйлж байснаа санадаг юм. Учир нь сургуулийн захиргаанаас анги хамт олны дунд “Оноот уралдаан” анх зарлахдаа “Найман удаа завсаргүй түрүүлсэн анги хамт олныг сургуулийн зардлаар тойрон аялалаар аялуулна” гэсэн болзол байсан юм. Мэдээж I, II, III улирлын уралдаанд манай анги сурлага сахилга хүмүүжил олон нийтийн ажлаараа бүрэн жигдэрч чадаагүй байсан болохоор дараалан олон түрүүлж чадаагүй, ангиудтай хойно урдаа л байсан хэрэг. Багшийн удирдан чиглүүлснээр анги нийтээрээ хичээл таслалт үгүй болж, сурлага, ариун цэвэр, сахилга, олон нийтийн ажлаараа ёстой тэгш жигдэрсэн бас ангийн коллетив илт сайн болсон үе байсан. Тэгээд 7 удаа түрүүлчихээд одоо түрүүлчихвэл “Тойрон аяллаар явна” гэсэн хүүхдийн хөөр мөрөөдөл жигүүрлэж байсан байх л даа. Тэгтэл манай анги тэр оноот уралдаанд II байранд орж бид 8 дараалан түрүүлж чадаагүй юм. Ер нь хичээлийн жил ч юу юугүй дуусах дөхөж байсан үе л дээ. Энэ нь манай ангийн сурагчдаас илүүтэйгээр бид бүгдийг сурлага сахилгаар хамгийн хоцорч явсан ангийг хамт олноор нь өөрчилж тэргүүний болгож чадсан нь анги удирдсан багшийн чадвар байсан юм.
Сумын сургуулийн, тэр тусмаа өөр сумаас ирж дотуур байранд суух сурагчдыг хичээл сурлага хүмүүжил төдийгүй өвдөхвий, өлсөхвий, оргож алга болчихвий гэж эрүүл мэнд амь нас алив бүгдийг тэр үед ер нь ангийн багш л илүү санаа тавин хариуцдаг байж дээ. VIII ангид орсны намар XI сарын эхээр би гэнэт их халуураад бүр дэмий солиорч маш өндөр халуурч, нэг сэхэхнээ нь Зэдээ багш мөс шиг болсон хөлийг минь атгасан эмч дээрээс тонгойсон, байрны маань хүүхдүүд тойрон зогсож байсан. Тэгээд сумын эмнэлэг рүү багш үүрч авч очиж хэвтүүлсэн юм. Ханиад хүрсэн байх. Эхний 3 хоног цагийн тариа хийгээд сүүлийн хэд хоногт хуруу шиг шилтэй глюкоз гэж тариа хийлгээд хөөрхөн пөмбөгөр болоод эмнэлгээс гарсны дараа багш “Гэртээ хариад ир” гэж чөлөө авч өгч, би Ургамал яваад гэртээ хэд хоноод ирж байж билээ. Ер нь сумын сургуулийн анги удирдсан багш гэдэг тэр хорин хэдэн хүүхдийн аавынх нь оронд аав ээжийнх нь оронд ээж байдаг тийм хариуцлагатай ажил.
Зэдээ багш минь бичгийн хэв сайхнаас гадна бас дажгүй сайхан зурдаг байсан. VIII ангиа төгсөхдөө бид бараг бүгд л “Дурсамжийн дэвтэр” гаргаж бие биеэрээ дурсамж бичүүлсэн юм. Хамгийн эхэнд ангийн багш Б.Зэдбазар гэж бичсэн миний “Дурсамжийн дэвтэр” дээр багш минь долгиотсон задгай үсээ мөр рүүгээ асгартал сул тавьсан, дээлтэй биш плаж юм уу, өмссөн жаахан мяраалаг ч залуу гоё эмэгтэй хийлж тоглож байгаа тийм зургийг хөх бэхтэй үзгээр маш тодорхой сайхан зураад хажууд нь “Завханмандал Найман жилийг дурсан санахын учир бий” гэж бичсэн байсан. Энэ зураг, энэ бичсэн үг санаанд маш тодорхой үлдсэн. Маш тод үлдсэн. Багш хүүхэд бүрийн дэвтэр дээр зураг зурсан байх. Лхагвасүрэнгийн дурсамжийн дэвтэр дээр лав хос буга согоо зурсан байсан. Согоо нь хэвтсэн буга нь зогсож буй тийм зураг.
VIII ангиа төгсөөд сургууль тарсны дараа биднийг авах манай сумын машин ирэхгүй нэлээн хэд хоносон юм. Бид байрны ор дэрээ бүгдийг тушаачихсан учир хайрцагтай юмаа Ургамлын нэгдэл байрны гадаа овоолоод тавьчихсан өдөрт хайрцагтай юм дээрээ сууж эргэлдэж өнжинө. Энэ үед би Оюунсүрэнгийн аав Батхүү ахынд хонож тэдний хүүхэд шиг байдаг байв. Нэг өглөө иртэл бидний хайрцагны дэрийг онги татаж, тагийг онгойлгоод доторхийг нь гаргаад хөглүүлээд хаячихаж. Бид дор бүрээ өөрсдийн хайрцагтай юмаа хамхихад миний хайрцагнаас лавтай “Дурсамжийн дэвтэр”, "Өдрийн тэмдэглэл" хоёр минь байхгүй болсон байв. Маш харамсаж билээ. Одоо ч харамсдаг. Тэгээд дотроо том болоод ажил хийхээрээ хамгийн түрүүн хийл авч тоглодог болно гэсэн маш сайхан мөрөөдөлтэй л үлдсэн.
Зэдээ багш манай ангийг дааж байхдаа хүүхдүүдийн зан чанар ахуй байдлыг харгалзан бараг хүүхэд бүрт тохируулан тулж ажиллаж байжээ гэж одоо санадаг юм. Нэг урлагийн үзлэгээр Д.Пүрэвдорж гуайн “Дөрвөн цагийн тал” дууг Лхагвасүрэнд хичээнгүйлэн заагаад концертонд дуулуулж байсан юм. Манай Лхагвасүрэн сайхан охин, бас маш сайхан дуулдаг. Тэр агуу дууны аялгуу өнгө цараа Лхагвасүрэнгийн хоолойд лавтай таарч тохирохыг мэдсэн хэрэг. Анги дотроо Лхагвасүрэн Шинэнэмэх бид гурав илүү ойр дотно найз. Үдийн хойно Шинээгийндээ очиж гэртээ юм шиг л боорцог цай нэрэлхэлгүй идэж ууж аваад буцаж ангидаа ирдэгсэн. Шинээгийн ээж Ачмаа “Хар цай хавааваа хатсан мантуу чавааваа” идээрэй гээд тоом цагаан түмпэнтэй(цагаан тогоо шиг том) боорцог, цагаан данхтай цай бидний өмнө тавьчихаад бохио тас тасхийтэл жажлаад юмаа нэхээд зуухныхаа аман тушаа сууж байдагсан. Би болоод манай ангийнхан Шинээ, Галаа, Ганболдын найзууд гээд Ургамалын, дотуур байрны хүүхдүүд бидэнд Шинээгийн минь аав эжий ёстой л хэдэн өрөө дүүрэх тийм их боорцог хайрч өгсөн байх аа.
Зэдээ багш мөн надад гэхэд л орос хэлээрх сэтгүүл өгч, түүнийг тольдоод унших тухай зөвлөж даалгавар өгөөд байсан.
Би нь байдаггүй ээ. Байрныхаа хүүхдүүдтэй бужигнах нь ихдээд тогтож сууж тэр итгэл найдварыг биелүүлээгүй юм. Тэр ч бүү хэл уран зохиолын дугуйлангаас зулж тооны дугуйланг сонирхох болсон юмдаг. Бүүр хожим намайг Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байхад Жанчив гэж МУИС-ийн оюутан хүү хэл шинжлэлийн онол энэ тэрийг хэтэрхий сайн мэддэг, судалж уншсан эрдмээрээ гайхагдаж, амнаас аман дамжин шагшигдаж, бүр III курсийн оюутан байхдаа эргээд сургуульдаа багшилсан юм. Тэгтэл тэр алдарт Жанчив нь Зэдбазар багшийн отгон шавь, тэгэхдээ бүр яг хэл шинжлэлээр Зэдээ багш удирдаж бэлтгэсэн байсан. Жанчив бид хоёр хүрээлэн сургууль энд тэнд хааяа тааралдахдаа Зэдээ багшийн ууган, отгон хоёр шавь нь гэж, багшийнхаа мэргэжлээр МУИС-ийн Монгол хэлний ангийн хоёр гэж сэтгэл татаж баясдаг байв. Бас VI ангиасаа би өдрийн тэмдэглэл хөтөлсөн юм. Байрны хүүхдүүд бие биеийнхээ дэвтэр энэ тэрийг булааж хулгайлж аваад олны өмнө унших зэрэг нь зөндөө учир би өөртөө морзын үсэг шиг цэг, зураас, таслалаар үсэг зохиогоод, 1 төгрөг 20 мөнгөний дэвтрийг дундуур нь хуваагаад түүн дээрээ өөрийн үсгээрээ тэмдэглэлээ бичээд орныхоо гудасны завсар жижиг зай гарсны дунд шургуулж нууж хадгалдаг байв. Одоо, хааяа тод санагддаг тэр тэмдэглэлийн дэвтрийг “Дурсамжийн дэвтэр”-тэй хамт VIII төгсөхөд хайрцгаас минь авсан тэр гэнэн томоогүй хүүг хааяа бодохоор өрөвддөг юм. Сүүлд эргээд боддог юм, Энэ бүгд бол Зэдээ багшийн сурагч нараа өөд нь татах гэж бид нартай ажиллаж байсан дэвшилтэй шинэ сэргэг үйлсийн нөлөө байжээ гэж бодогддог. Тийм ээ, шавь нар бид нар нь Зэдээ багшийн итгэлийг дааж, заасан зөвлөснийг нь дагаад хийгээд явсан аваас Жанчив шиг сондгой гайхагдсан эрдэмтэн нь биш гэхэд хэлбичгийн гайгүй мэргэжилтэн болох байжээ гэж бодогддог юм.
Гэхдээ Зэдбазар багшийн анхны шавь нар бид бараг бүгдээрээ шахуу гадаад дотоодын их дээд сургууль, техникум, мэргэжлийн сургууль төгссөн төдийгүй бүгд өөр өөрсдийн ажилласан мэргэжлийн салбарынхаа тэргүүний шилдэг хүмүүс болцгоож, бүгдийнх нь ажил, амьдрал, гэр бүл нь тэгш сайхан амьдарч яваа энэ бүгд нь ёстой гэгээн тунгалаг насандаа сайн зөв багш нарын хүмүүжил боловсролын гараар орж өсч өдий зэрэгт хүрсний ач гавьяа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)