-“Хүннү эйр” Алматы руу шууд нислэг үйлдэж байна-
Базарбямбын НЯМСҮРЭН
“Чинбулаг” хэмээн монгол руу хөрвүүлж болмоор “Шымбулак” булгийн дээгүүр татсан агаарын замаар, жижигхэн бүхээг дотор суун өгсөж явлаа. Газраас 300 метрийн өндөрт гарсан учир өндрийн айдсаа дарах гэж биеэ хураасхийн суух манай сурвалжлах багийнхан байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Шымбулак” цанын баазад ирчихээд байгаа нь энэ.
Казахстан улсын хуучин нийслэл Алматы хотоос 25 хүрэхгүй километрийн зайд орших энэхүү цанын баазыг 1954 онд байгуулжээ. Бүс нутагтаа хамгийн томд тооцогдох тус цанын баазыг багагүй хөрөнгө зарж байгуулсан нь илт, 60 жилийн дараа ч Төв Азидаа тэргүүлэх статусаа хадгалсан хэвээр байна.
Цанаар гулгаж үзээгүй хүүхэд ч цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой
Цасан дээр хөгжилдөж болох бүх л энтертэймэнтийг багтаасан “Шымбулак” цанын бааз нь анхлан суралцагчдаас эхлээд мэргэжлийнхэнд зориулсан нийт 17 төрлийн замтай. Эдгээрийн нийт уртыг тооцвол 25 км болох бөгөөд бүгд Олон улсын цанын холбооноос баталсан стандартыг хангасан гэнэ.
Харин өндрийн хувьд гурван түвшинд хувааж болно. Медео гэх хамгийн эхний цэгээс кабль машинд суун дээш өгсөхөд дунджаар 10 гаруй минут зарцуулав. Эхний зогсоол нь далайн түвшнөөс дээш 2264 метрт байх бөгөөд халуун ундаа, хоол цайгаар үйлчлэх кофе шоп, ресторанаас гадна хувцас хэрэглэлийн түрээсийн цэгүүд, мэдээллийн төв, сургалтын хэсэг зэрэг бүхий л үйлчилгээ энд төвлөрдөг. Үйлчлүүлэгчид англи, орос, казах хэлтэй мэдээллийн ажилтнуудаас хэрэгтэй мэдээллээ авч, шаардлагатай бол тусгай багштай богино зам дээр гулгаж болно гэдгийг бидэнд дуулгав.
“Шымбулак”-д ганц хоёроор яваа хүмүүс бараг үгүй юм. Голдуу гэр бүлээрээ, хүүхдүүдээ дагуулсан харагдана. Хүүхдүүд болон анхлан сурагч хэн бүхэн мэргэжлийн багштай богино зам дээр гулгах бөгөөд багштайгаа цагаа тохирч хичээл заалгах эсвэл курсээр сургалт авах боломжтой нь цанын спортын “А” ч үгүй надад тун аятайхан санагдав.
Хоёр, гурав дахь зогсоол илүү мэргэжлийнхэнд зориулагдсан. Мөн л агаарын “машин”-аар 10 гаруй минут яваад хоёр дахь зогсоолд хүрэх бөгөөд энд цанын багштай тодорхой хугацаанд хичээллэж байгаа дунд түвшнийхэн голдуу гулгах аж.
Гурав дахь буюу хамгийн өндөр цэгт гарахад далайн түвшнөөс дээш 3300 метр гэсэн тэмдэг харагдав. Уулын тунгалаг агаараар уушги дүүрэн амьсгалахын зэрэгцээ нүд гялбасан цасан дунд дээрх өндрийг үл ажран “дүүлэн нисэх” зоригтнууд бол мэдээж “мэргэжлийнхэн”.
Хамгийн өндөр цэгт гарахын тулд агаарын бүхээгтэй машинд суулгүй эко таксигаар хүргүүлэх боломжтой гэнэ. Уул өөд өгссөн автозамаар зөвхөн эко машин гарахыг зөвшөөрдөг тул өндрөөс айдаг хүмүүсийг хүрэх газарт нь саадгүй аваачих “ногоон” такси ч олдоц ихтэй юм билээ.
Жилдээ 1.2 сая жуулчид хүлээн авдаг
Цанаар гулгагсдын мөрөөдөл болсон “Шымбулак” баазыг зорих жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс тасрахгүй. Зөвхөн энэ жил гэхэд 1.2 сая жуулчин хүлээн авчээ. Зорин ирэгсдийн олонх нь Орос, Хятад, Узбекстан болон Европ, Арабын зарим орноос ирэх бөгөөд монголчууд маань ч сүүлийн үед цөөнгүй очих болжээ. Ингэхдээ голдуу гэр бүл, найз нөхдөөрөө ирдэг уламжлал тогтсон гэнэ.
“Шымбулак” яагаад алдартай юм бэ гэсэн асуултад Арабаас ирсэн нэгэн гулгагч “Илүү тав тухтай” гэсэн хариултыг хэлсэн юм. Тэрбээр мөн л бусад аялагчдын адил эхнэр хүүхдүүдээ дагуулан амралтын өдрөөрөө зорьж ирсэн байлаа.
Цанын баазад хөл тавьсан даруйд хүйтнийг мартагнуулах тав тухыг харин ч нэг бүрдүүлж чаджээ. Халуун кофе, бүлээн дарс, төрөл бүрийн амтлаг цайгаар үйлчлэх кофе шопоос эхлээд, уламжлалт болон орчин үеийн олон хоолны газрууд нь үйлчилгээ сайтай юм. Ойролцоогоор 10 гаруй ресторан, хэд хэдэн кофе шоп харагдав. Гадаах хүйтний хэм -20 зааж байлаа ч хонины нэхий дэвссэн сандал дээр халуун кофе оочлон суухад жиндэхгүй юм билээ. Дашрамд дурдахад, манай ресторанууд ч өвлийн дулаахан өдөр гадаах сандлаа хонины нэхийгээр хуччихаад үйлчлүүлэгчдээ угтахад боломжийн тухтай санагдсан шүү.
Гэр бүлээрээ зорьж ирсэн хүмүүс эндэхийн зочид буудал, гэр буудалд хоноглох дуртай гэнэ. Цанын баазыг түшиглэж 50 өрөө бүхий “Шымбулак” буудал байх аж. Харин хамгийн өндөр хэсэгт Казах үндэсний гэр буудал болон дэлхийд тэргүүлэгч эко кэмпийг байгуулжээ. Үндэсний онцлогийг харуулсан учраас гадны жуулчид казахын гэр буудалд хоноглохыг илүүд үздэг хэмээн биднийг дагуулан явсан, маркетингийн менежер бүсгүй сонирхуулж байлаа.
Аврагч нар үргэлж хажууд байдаг
Экстрим спортын нэгд зүй ёсоор ордгийн хувьд аюулгүй байдлыг хамгийн эхэнд тавих нь цанын баазын нэн тэргүүний үйлчилгээ. “Шымбулак” нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өдөр бүр гулгалтын замуудыг нэг бүрчлэн шалгадаг гэнэ. Мөн тусгай мэргэшсэн 14 аврагч цанаар гулгаж байгаа хүмүүстэй аль болох ойрхон байж, шаардлагатай тохиолдолд тэр дор нь эмнэлгийн тусламж үзүүлдэг юм байна.
Жилд 15 мянган үйлчлүүлэгчид хичээл заалгадаг
68 жилийн түүхтэй энэхүү цанын баазын дэргэд Казахстаны хамгийн том цанын сургууль бий. 1995 онд байгуулагдсан энэхүү сургуульд жилд дунджаар 15 мянга гаруй хүн ирж урт, богино хугацааны сургалтад хамрагддаг байна. Энд цанын спортын алдартай тамирчид, чөлөөндөө гарсан дасгалжуулагч нарын 80 гаруй мэргэшсэн сургагчид хичээл заадаг бөгөөд өдрийн ангиас гадна тогтмол хугацаанд хичээллэдэг хүүхдийн болон насанд хүрэгчдийн цанын клубууд ажиллах болжээ.
Зундаа ууланд авирах, шүхрээр буух зэрэг олон төрлийн спорт хөтөлбөрүүдтэй
“Шымбулак” нь дөрвөн улирлын бааз гэдгээрээ алдартай. Өвлөөс хаврыг дуустал буюу 11-5 дугаар сар хүртэл өвлийн үйл ажиллагаа нь идэвхиждэг бол зуны улиралд ууланд авиралт, шүхрээр буух, олсон дээгүүр явах, дугуйн аялал болон бусад экстрим спортын хөтөлбөрүүд нь нээгддэг.
Казахстан улсын хувьд манай гурав дахь хөрш төдийгүй уур амьсгал, газар зүйн байрлалын хувьд ихээхэн төстэй. Цанын баазыг зорин очих монголчууд ч жилээс жилд нэмэгдэж байгаа юм байна. Үндэсний агаарын тээврийн “Хүннү эйр” компани тогтмол нислэг хийж эхэлснээс хойш цанын хорхойтнууд Алматы хотыг зорих нь нэмэгджээ. Мэдээж хобби болгосон учир жилдээ 1-2 удаа зорин очиж гулгах нь тийм ч үнэтэй тусдаггүй гэнэ.
Утаанаас зугтаж, уушгиа баярлуулах хүсэлтэй монголчуудад маань “Шымбулак”-ийн аялал аятайхан маршрут болсон санагдав. “Хүннү Эйр” долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт тогтмол нислэг явуулах болсон бөгөөд баасан гаригт буудалдаа тухалчихаад амралтын өдрүүдэд цанын баазад алжаалаа тайлчихаад буцдаг монгол гэр бүл ч цөөнгүй болсон гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)