Т.САЙХАН
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:-Гадаадын төрийн өмчит банк Монголд хөрөнгө оруулалт хийвэл аливаа нэг улсын хөрөнгө оруулалт 30 хувиас илүүгүй байх ёстой гэсэн заалтын дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар явна. Хэрэв зөвшөөрөл хүсч, лимит хэтэрсэн байвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал авч байж Монголбанк шийднэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Зориуд зорилготойгоор зээл авчихаад зээлээ төлж чадахгүй тохиолдолд компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг таван жилийн хугацаанд эзэмшиж буй хөрөнгө оруулалын банк эрсдлийг яах вэ. Нөгөө талд хөрөнгө оруулалтын банкууд орж ирсний дараа томоохон төслүүд, төрийн өмчит компаниудад зээл өгч, наагуур цаагуур хуйвалдсаар байгаад эцэст нь хөрөнгө оруулалтын банкны мэдэлд оччихвол яах вэ? Үүнээс хамгаалсан ямар арга хэмжээ авах вэ?
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: -Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас зээл авч буй зээлдэгч барьцаа байршуулахдаа банкны тухай хуулиар зохицуулагдана. Зээлд эрсдэл гараад тухайн банк зээлдэгчээ барьцаанд тавьсан лицензийг нь хураахаар бол лицензийг нь банк эзэмшихгүй. Харин өр барагдуулалтаар хохирлоо барагдуулаад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй бусад хуулиудаар зохицуулагдаад явна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Нэгэнт гадны хөрөнгө оруулалтын банк оруулах гэж байгаа бол гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан заалтаар хязгаарлачихаар банк бус санхүүгийн байгууллага шиг л юмнууд орж ирнэ дээ. Эрх үүргийг нь ч тавиад том банк орж ирэх боломжийг нь олгох ёстой. Манай уул уурхайн компаниуд гадаадын банкнаас лицензээ тавиад зээл авахаар мөнгө нь орж ирдэггүй. Эцэст нь лиценз нь гадаадын банкинд оччихдог. Монголбанк үүнд хяналт тавьдаггүй. Тиймээс гадаадын банкийг оруулж ирэх нь зөв.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:-Хязгаарлалт гэж хэлж байгаа нь цөөн хэдэн зүйлд байгаа юм. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ байгаа. Нөхцөл байдалдаа уялдуулж Монголбанк зохицуулна. Гурван жилээс дээш ажилласан байх ёстой. Тухайн улсын холбогдох байгууллагаас тухайн банкны талаар мэдээлэл авахаар заасан. Хязгаарлалт уг хуульд маш байгаа шүү. Лиценз барьцаалчихаад мөнгө босгодог зүйл байгаа нь энэ хуульгүй учраас гардаг байсан. Хууль гарснаар хөрөнгө оруулалтын банк Монголд үйл ажиллагаа явуулж буй татвар төлж буй компанид хөрөнгө оруулалт хийвэл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын бусад холбогдох хуулиар зохицуулагдаад явна гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn