С.САРУУЛ
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар буюу онлайнаар хүсэлтээ илгээх боломжтой. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан. Иргэд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ хийлгэх боломжтой. 18 нас хүрч буй иргэний хувьд хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой” хэмээв.
И-Монгол Академийн салбар хоорондын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “e-Mongolia” гар утасны аппликейшн, www.e-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийсэн. Тодруулбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй, эсвэл хаясан, гээсэн бол эхлээд цэргийн үүрэгтний үнэмлэх авсны дараа цахимаар бүртгэлд хамрагдах шаардлагатай. Тиймээс энэ мессежийг хүсэлт илгээхээс өмнө харуулж байгаа. Түүнээс гадна цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх зааварчилгаа видео бэлдсэн” хэмээлээ.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй бөгөөд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай. Мөн цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn