
Ч.ЗОТОЛ, Д.ЦЭЦЭГ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Сайхан зусч байна уу. Хаврын чуулган завсарлаж гишүүд тарснаас хойш та ямар амжуулав?
-Ажил ихтэй, амарч амжаагүй л байна. Хамгийн сүүлд л гэхэд саяхан Өмнөговь аймгийн нэлээд хэдэн сум, Дорноговь аймаг, цэргийн зарим анги нэгтгэл, хилийн отрядуудаар явлаа. Ганц хоёр хоногоос амардаг юм бил үү гэж бодож байна. Тэгээд ч удалгүй ээлжит бус чуулган хуралдах байх.
-Ээлжит бус чуулган хуралдах уу, эсвэл хүндэтгэлийн чуулган болоод өнгөрөх юм уу. Ер нь аравдугаар сар хүртэл чимээгүй байх юм биш үү, Р.Амаржаргал гишүүн цахим хуудастаа тэгж тоймлосон байсан?
-Монголын нийгэмд иргэдийн бухимдал, эдийн засгийн хямрал, төсөв санхүү, мөнгөний зах зэлийн нөхцөл байдал хүндхэн байна. Энэ чиглэлд төр, засгийн үйл ажиллагаа, авлига хээл хахуультай холбоотой нийгмийн бухимдал их байна.
Өмнө нь зуны дэлгэр цаг, монголчууд бүгдээрээ наадамладаг үед ийм байсан нь үгүй. Аль болох урт наадам хийлгэх төр, засгийн сонирхол байгаа байх. Олон түмний санаа сэтгэлийг сатааруулах нөхцөл байдал үүссэн. Үүнд бид Төрийн ордонд ажлаа хийгээд үлдсэн гишүүдтэйгээ холбоотой байж, холбогдох хүмүүстэй санал солилцож байгаа. Шадар сайд, УИХ-ын зарим гишүүн, зарим намын төлөөлөгчтэй ярьж байна. Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд болсон. Хүн амын орлого эрс хумигдаж байна. Валютын ханш 2000 давах нь. Төр засаг, Монголбанк ч зохицуулалт хийж чадахгүй байна. Энэ чигээр явбал бидний хувьд маш хүнд намар, өвөл болох аюул нүүрлэлээ. Энэ асуудалд тогтож ярих нь зүйтэй юм. Тиймээс УИХ ээлжит бусаар хуралдаж үүсээд байгаа асуудлыг авч хэлэлцэх байх гэж харж байна.
-Эдийн засгийн байдлаас гадна нийгмийг бухимдуулж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын асуудлаар та хуульч гишүүний хувьд юу хэлэх вэ?
-Тэртэй тэргүй мөнгө, санхүүгийн байдлаасаа болж хямарчихаад байгаа нийгмийг хамгийн ихээр бухимдуулж байгаа нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх авлигын хэргээр баривчлагдаж мөрдөгдөж байгаа явдал болоод байна. Энэ талаар олон талаас ярьж байна. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар зөвшөөрөлгүйгээр хорих байранд нэвтэрсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн асуудлыг АТГ болон холбогдох бусад газрууд тавьж байна. Засгийн газрын нэр хүнд тааруухан байгаа. Түүн дээр авлига, хээл хахуулын асуудал газар авч байгаад бид үнэлэлт, дүгнэлт хийх ёстой. Авлига Монголд хавтгайрсан. Өмнө нь МАН, МАНАН-гийн үед авлига байсан. Тэгэхдээ газар авсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН олуулаа болсон. Энэ төр, нийгмийн үед авлигатай холбогдуулж төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг эрүүгийн хэрэгт татаж, шүүхээр шийдэж байгаа ч гэсэн авлига хумигдсангүй. Харин маш их хүрээгээ тэллээ. Үүнд сэтгэл зовж байна. Яагаад гэвэл, хүмүүсийн үл тэвчих ёстой, хүлээн зөвшөөрч болохгүй энэ зүйл нийгмийн хэвийн үзэгдэл боллоо. Төрийн албыг ашиглан төсөв, тендерийн хөрөнгө мөнгөнд хяналтаа тогтоож, оролцоод хөрөнгөждөг ийм төрийн бүтэц бий болчихсон нь Монгол Улсын хувьд, эдийн засгийн хөгжлийн хувьд ард түмний амьжиргааны төвшин богино хугацаанд сайжрах боломжийг үгүйсгэж байгаа юм. Түүнээс авлигатай ширүүн тэмцээд, олон жилээр хорих нь авлигыг зогсоож чадахгүй. Дээр нь хүн амын амьжиргааны төвшин доогуур байна. Тэгэхээр авлигын хэрэг, дээр нь хулгай, дээрэм, эдийн засгийн шунахай сэдэлттэй хэрэг их боллоо. Гэмт хэргийн замаар, хууль зөрчих замаар амьжиргаагаа залгуулдаг, хөрөнгөждөг тогтолцоо руу Монгол Улс яваад орчихлоо.
-Шалтгаан нь юу вэ гэдгийг та судалж үзэв үү?
-Судлах гэж оролдож байна. Асуудлын гол нь Ерөнхий сайдын зөвлөх нь ч бай, эсвэл том сайдыг нь ч бай шоронд хийгээд асуудал шийдэгдэхгүй. Үүний цаана юу байна гэхээр авлига тойрсон бизнес явчихсан. Авлигын асуудлаар дөрөөлсөн намын доторх фракциудын тэмцэл явчихсан. Эцэстээ засаг дотроо ч юм уу, нам дотроо бужигнаан л явна байх. Ерөөс Монголын нийгмийг эрүүл болгох цогц асуудлыг өнөөгийн төр гартаа барьж авч шийдвэрлэх алхмууд хийхгүй бол Монгол Улсын хөгжил гэж байхгүй боллоо. Жишээ нь, 1.5 тэрбум ам.доллар хаашаа оров, хэн зарцуулав гэж захын хүн асууж байна шүү дээ. Дараа нь баахан хүн хэрэгтэн болоод явах биз. Одоо ч яваад эхэлчихсэн үү, мэдэхгүй. Ард түмний шүүмжлэл хурцдаж байна. Ард түмнийхээ нуруун дээр тийм их өр авч тавьчихаад тэрийгээ яаж зарцуулснаа тайлагнадаг юм уу, үгүй юу. Тендер, төсөл, хөтөлбөрөө ил тодоор явуулж, сонгон шалгаруулалт хийж байх шаардлагатай. Энд ганц л жишээ хэлж байна. Цаана нь “Самурай зээл” гэхчлэн төрийн нэрийн өмнөөс Монголын ард түмний нуруун дээр үүрүүлж асар их зээл тусламж гаднаас авч байгаад аудитын хяналт алга. Дээр нь иргэний нийгмийн юм уу, шударга иргэдийн хяналтыг бий болгохоос төр эрс татгалзаж байгаа. Олон асуудлаар УИХ дээр үүнийг унагааж байгаа. Яагаад гэвэл, бизнес, уул уурхайн төлөөлөл орчихсон учраас тэр. Ашигт малтмал, байгаль экологио хамгаалах асуудалд ТББ хяналтаа тавьж, цөмийн энерги ашиглах, тэр чиглэлээр ажиллах, уран олборлох зэрэгт тэднээр хяналт тавиулах, татвар төлөгчийн мөнгйиг зөв зүйлд зарцуулж байна уу гэдэгт иргэд, татвар төлөгчид өөрсдөө хяналтаа тогтоож байж ардчилал руу явах ёстой. Ингэж байж ил тод болох учиртай. Монгол төрийн тогтолцоо ингэж авлига, хээл хахууль, гэмт хэргийн асуудалд орж байгаа нь бидний санаа зовох онцгой асуудал юм. Тиймээс хэвлэл, мэдээллийн анхаарлыг хандуулахыг хүсч байна. АТГ, цагдаагийн байгууллага зарим тохиолдолд улстөржсөн, алдаатай үйл ажиллагаа явуулдаг, хүний эрхийг зөрчин урт удаан хугацаагаар хорьдог боловч бас үндсэн үүргээ биелүүлэх чиглэлд заримдаа шударга ажиллах оролдлого хийж байгаа гэж харж байна. Гэхдээ ямар ч үр дүн алга. Оочерлочихсон юм шиг л авлига, хээл хахуулын хэрэгтнүүд, сэжиглэгдэгчид бий болж байна. Энэ нөхцөлд Монголын төрийн тогтолцоог бохир зүйлд хүргэж буй, түүнийг үржүүлж соёолуулж байгаа бүтцээ эвдэх хэрэгтэй. Үндсэн хуулиа, Сонгуулийн тухай хуулиа даруй өөрчилж алдаа мадгийг засах ёстой.
-Одоо танай байнгын хорооны энэ зун хийсэн ажлыг сонирхоё. Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод ажилласан. Чөлөөт бүсийн талаар ямар байр суурьтай байна?
-Бид Улаан-Үд, Эрхүү хотын Ерөнхий консулын газрын ажилтай танилцаад ирсэн. Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцлаа. Тэнд зохих ёсны ажлуудыг хийж байна. Харин Ерөнхий консулын газраас УИХ-д Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд ОХУ-ын аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулахад ОХУ-ын гаалийн татварын асуудлыг Засгийн газар хоорондын төвшинд шийдвэрлэх шаардлагатай талаар мэдээлэл авлаа. Мөн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр Ханх-Мондын боомтуудыг олон улсын зэрэглэлд шилжүүлсэн. Гэвч ОХУ-ын Монд боомтоор гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэх асуудал шийдэгдэхгүй удаж байна. Эдгээр асуудлыг хурдан шийдэх шаардлагатай. Тиймээс Боомтод тулгамдаж байгаа асуудал, Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт болон УИХ-д өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн талаарх саналаа нэгтгэж Байнгын хороонд ирүүлэхээр болсон. Үүнийг нь бид цааш нь уламжлах болно.
-Монгол иргэд гадаадад хэрэг зөрчилд орох тохиолдол их гардаг. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Сүүлийн нэг жилийн хугацаанд асуудал харьцангуй цэгцэрсэн. Одоогийн байдлаар хилийн чанадад ял эдэлж байгаа 150 гаруй хүн байна. Хятадад монголчууд хар тамхины хэргээр голдуу ял эдэлж байна. Тэдний зарим нь ялын дээд хэмжээ авсан байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг, бизнес хумигдаж байгаа мэдээллийг хуулийн байгууллагаас авсан. Буриадын нутагт хоёр монгол хүн ял эдэлж байна. Манай зүгээс, Консулын газраас хөөцөлдөж нэгнийх нь асуудлыг шийдэж Монголд шилжүүлж авахаар болсон.
-Гадаадад суугаа Элчин сайдын яам, консулын газар хүнд сурталтай, иргэдэд чирэгдэл ихтэй үйлчилдэг гэсэн гомдол их гардаг. Байдал дээрдсэн болов уу?
-Бид гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдтэй цахимаар шууд холбогдож тэдний санал хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа. 394 хүн саналаа ирүүлснээс нэг хүн Монголдоо буцаж очихгүй гэсэн бол 393 нь эх орноо, газар шороогоо, Монгол нутгаа авлигагүй, хүнд сурталгүй байгаасай гэсэн сэтгэлээр хандаж санал хүсэлтээ илгээсэн. Тэд Элчин сайдын яамны үйл ажиллагаа нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан гэдгийг хэлж байна.
- ОХУ-д ажиллах явцад Монголыг хэр сонирхож байгаа талаар судалж амжив уу?
-Буриад Монголын харилцаа сайжирч байна. Манай улсын хувьд мах, махан бүтээгдэхүүнээр элбэг. Харин Буриадад махан бүтээгдэхүүн үнэтэй байдаг учир тэдэнд энэ төрлийн сонирхол их байдаг юм байна. Буриадын Ардын Хурлын удирдлагуудтай энэ талаар хэлэлцэж, ярьсан зүйл бий.
-Энэ бүхнээс харахад ирэх сард хийх ОХУ-ын айлчлалаас юу харж, хүлээж байна вэ?
- Монгол, Оросын хамтын харилцаа мэдээж хилээс эхлэх учиртай юм. Улс хоорондоо чөлөөтэй зорчих, эдийн засгийн хамтын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, ОХУ Байгаль нуур дээр онцгой бүс байгуулсан байна. Үүнийг байгуулахын тулд гурван тэрбум рубль зарцуулсан. Энэ газарт дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид очдог. Харин манай Алтанбулаг чөлөөт бүс болсон энэ цаг үед харилцан эрчтэй, ашигтай ажиллах боломж бий. ОХУ Ази руу түүний дотор Төв Ази руу анхаарлаа хандуулж байгаа. Глобалчлалын хүрээнд Оросын бодлого Ази руу чиглэж байгаа энэ үед Монгол Улс маш оновчтой, үр ашигтай гэрээ хэлэлцээрийг хийж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин