Жак Ван Тондер, “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал
-“Оюу толгой” компаниас эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах “80 насалъя” аяныг санаачлан хэрэгжүүлж байгааг дууллаа. Энэ аяны зорилгын талаар та тодруулж хэлээч. Яагаад заавал эрчүүд гэж?
-Эрчүүдийн эрүүл мэндийн аяны тухай ярьж эхлэхээс өмнө би өөрийн амьдралд тохиосон нэгэн түүхийг ярих хэрэг гарч байна. Хадам аав маань сэтгэцийн эрүүл мэндийн улмаас амиа егүүтгэсэн маш харамсалтай явдал болж байсан. Энэ бол манай гэр бүлийн хувьд үнэхээр цочирдом үйл явдал байлаа. Үүнээс улбаалж эрчүүдийн эрүүл мэндийн асуудал, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах ёстой юм байна гэдэг бодол надад бий болсон. Зөвхөн “Оюу толгой” гэлтгүй “Рио Тинто” группийн хэмжээнд эрчүүдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарч үздэг л дээ. Энэ бодлого манайд олон жил яваад хэвшчихсэн. Ингэснээр бид ажилчдаа хамт олондоо, гэр бүлдээ, нийгэмдээ нээлттэй байгаасай гэсэн зорилгоор ажлуудаа зохион байгуулж ирсэн.
Арваннэгдүгээр сар бол эрчүүдийн эрүүл мэндийн сар хэмээн ДЭМБ зарласан байдаг. Олон улс орон энэ сард эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд санаачилгатай ажиллаж ирсэн. Монгол Улсын хувьд эрчүүдийн дундах амиа хорлолтын асуудал өндөр хувьтай байгаа нь бидний хувьд анхаарал татаж байгаа юм. 10.000 хүн тутамд эмэгтэйчүүдийн амиа хорлолт 6 байхад эрчүүдийнх 30.6 буюу тав дахин өндөр үзүүлэлттэй байгаа судалгаа байдаг юм билээ.
-Үнэхээр тийм шүү. Монгол эрчүүдийн хувьд анхаарахгүй өнгөрч болохгүй том сэдэв энэ болоод байгаа. Тэгэхээр эрчүүдийн сэтгэл зүйн асуудлыг хөндөх болж байгаа юм л даа?
-Энэ статистик бол зөвхөн бодит амиа хорлосон тохиолдолд харагдаж байгаа. Гэтэл үүнээс гадна өөрийнхөө эрүүл мэндийг аажмаар хордуулж, үхэл рүү хөтөлж байгааг тэр бүр олж харахгүй байна. Жишээ нь, архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт. Энэ бүх тохиолдлыг нэмбэл маш ноцтой тоо гарна.
“Оюу толгой” компанийн хувьд ч ажиллагсад маань сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөнддөг. Бид “Өдөр бүр хүндэтгэе” аяныг зохион байгуулж, тодорхой хэмжээний судалгааг ч хийж үзсэн. Түүнээс үзэхэд ажилтан ажлын байран дээрээ болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг гаргаж ирээд нээлттэй тавих сэтгэл зүйн эерэг орчин бүрдүүлэх нь маш чухал гэж үзсэн.
-Монгол эрчүүдийн онцлог гэж бий. Европчууд та бүхэн бол нээлттэй талдаа улс. Харин монгол эрчүүд дотогшоо, аливаа асуудал бэрхшээлийг хураагаад л явдаг. Сэтгэл зүйн эмгэгт өртөх бас нэг шалтгаан энэ гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг л дээ. Тэгвэл яаж энэ эмгэгээс ангижирч болох вэ?
-Зөвхөн монгол эрчүүд гэлтгүй дэлхий даяар л эрчүүд хаалттай, биологийн амьтад байдаг шүү дээ. Дээрээс нь гэр бүлээсээ хол уул уурхайд ажилладаг зарим хүмүүст сэтгэл зүйн нэмэлт ачаалал үүсгэдэг талтай. Би Монголд ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд зөвхөн ажил дээрээ гэлтгүй ажлаас гадуур ч сайхан найз нөхөдтэй болж амжсан. Энэ бол миний хувьд маш чухал юм. Миний ажигласнаар монголчууд эртний их өв уламжлалт түүхтэй. Тэр түүхээрээ бахархдаг. Ялангуяа эрчүүд баатарлаг хүмүүсийн үр сад учраас эр хүн шиг байх ёстой гэдэг бодолдоо хэтэрхий хүлэгдээд ярьж хөөрч, нээлттэй байж чаддаггүй юм болов уу гэсэн хувийн ажиглалт байдаг.
Миний хувьд асуудал тулгарвал гэр бүлийнхэндээ хандахаас гадна туг барьж байх үед ч, тугал хариулж байх үед ч аль алинд нь хажууд байсан найзууд байдаг учраас тэдэнд юугаа ч ярихаас ичиж, эмээдэггүй. Тиймээс монгол эрчүүдийг өөрт тулгарсан асуудлуудаа хүмүүст ярихаас битгий санаа зовооч гэж хэлмээр байна. Учир нь хамгийн зоригтой хүн л өөрийнхөө асуудлыг ярьдаг. Энэ бол сул доройгийн шинж биш. Харин эсрэгээрээ түүнийг ярина гэдэг хүнээс маш их зориг шаарддаг. Тэгэхээр зоригтой өөртөө итгэлтэй хүн л асуудлаа нээлттэй ярьж шийддэг.
-Үүн дээр ар гэрийн үүрэг бас их чухал үүрэгтэй санагддаг. Ялангуяа гэрээсээ хол ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг хэвийн байлгах тал дээр. Та юу хэлэх вэ?
-Хамгийн гол нь гэр бүлийн гишүүд гэрийн эзний хийж байгаа ажлын онцлог, тухайн ажилд тулгардаг бэрхшээлүүдийг мэддэг ойлгодог байх нь чухал. Уул уурхай шиг гэр бүлээсээ хол ажилладаг хүмүүсийн ар гэр эргээд тогтмол харилцаатай байх нь маш чухал. Өдөрт заавал нэг хоёр цагаар сунжруулаад утсаар яриад бай гэсэн үг биш. Ядаж товчхон мессэж бичээд үлдээж болно. Бид нар таныг санаж байна. Өнөөдөр дажгүй юу гээд л богинохон зурвас бичээд харилцаж болно шүү дээ. Богинохон ч гэсэн тогтмол харилцаа байх ёстой.
Жишээ нь, манай компани дээр “Are you okey” аян өрнүүлдэг. Гэхдээ зөвхөн асуугаад өнгөрөх нь тийм ч сайн үр дүн авчрахгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, “Чи зүгээр үү” гээд асуухад “Тийм ээ” гэсэн хэдий ч асуудалтай байвал яах вэ. Ийм хүмүүстэй хэрхэн харьцах талаар удирдах ажилтнууд дадлага туршлагатай байх нь чухал. Сүүлийн үед бид уурхай дээр ажил эхлэхийн өмнөх уулзалтаар тухайн хүн тэр өдрөө сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байгаа талаар асууж, 1-10 хүртэлх оноогоор өөрийгөө дүгнэдэг аргыг нэвтрүүлсэн. Хэрэв өөрийгөө сэтгэл зүйн хувьд 8 гэвэл тэр хүн өнөөдөр дажгүй байна гэж үзэж байна. Гэтэл 4, 5 гэвэл баг хамт олон нь өнөөдөр энэ хүн маань сэтгэл зүйн хувьд хэвийн бус байгаа юм байна гэж анхаарна. Ингээд ажлын дараа чөлөөт цаг гарахад нөгөө хүнтэйгээ ярилцаж сэтгэл зүйн асуудлыг нь хуваалцахыг зорьдог. Гэр бүлийн гишүүд ч энэ аргыг мэдэж байвал зүгээр байдаг.
-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг эмчлэхийн тулд сэтгэл зүйчид шаардлагатай. Гэвч өнөөдөр сэтгэл зүйчид тийм ч олон биш. Хүмүүс ч сэтгэл зүйч гэхээс илүү лам, бөөд очих сонирхолтой байдаг. Гаднын улсуудад сэтгэл зүйчтэй харилцахыг илүүд үздэг үү?
-Яахав, хүмүүс соёлын онцлог ялгаанаас болж хэнд ч хандаж болно л доо. Бүх асуудлыг сэтгэл зүйч, эсвэл ламд очиж шийдүүлнэ гэсэн боломж байхгүй учир бидний хувьд сэтгэл зүйч, лам хоёрыг аль алиныг нь уурхай дээрээ байрлуулсан.
Нэг ийм ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг. Хүмүүс сэтгэл зүйч дээр очихоор л өөрийгөө сэтгэцийн өөрчлөлтэй гарчих болов уу гэж цааргалаад байдаг. Магадгүй өөрийг нь сэтгэл зүйн өөрчлөлттэй гэж үнэлээд ажил дээрээ тэнцэхгүй болчих вий гэсэн буруу бодолтой явдаг. Яг үнэндээ сэтгэл зүйч өөртэй чинь ярилцана, асуудлыг чинь сонсоно, өөрт чинь гарц гаргалгаа олж өгөхөд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Тиймээс би хүмүүсийг аль болох сэтгэл зүйч дээр очиж ярилцаж байхыг зөвлөдөг.
-Ковидын жилүүд бол хүмүүсийн сэтгэл зүйг нэлээд сайн шалгасан. Эдийн засгийн хүнд, цар тахалтай цаг үед Оюу толгой компанийг удирдахад ямар хүндрэл бэрхшээлтэй учирч байв?
-Би ахлах сургуулиа дүүргээд шууд цэргийн албанд мордож байсан. Армид очоод бие бялдраа хөгжүүлж чадсан. Одоо эргээд харахад хүнд, тэр тусмаа эрчүүдэд бие бялдрын хөгжил сайн байх, дасгал сургуулилт тогтмол хийх нь сэтгэл зүйд маш тустай. Үүнийг би бага залуугаасаа ойлгож мэдсэн. Бие бялдрын эрүүл байдлаас гадна хангалттай нойр авах, зөв хооллох, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь ковидын үеийн өндөр стресс, ачаалалтай хүнд үеийг даван туулж чадсан.
Түүнээс гадна гэр бүлийнхээ гишүүд, багын найзуудтайгаа тогтмол ярьж байлаа. Би тэр хүмүүстээ итгэдэг учраас өөрийнхөө сэтгэл хөдлөл, баяр жаргалтай, хүнд хэцүү өдрүүдийнхээ тухай ярихад айж эмээдэггүй. Хүлээст баригдалгүйгээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх боломжтой. Азтай нь надад ийм хүмүүс байдаг. Тиймээс би хүмүүст юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл дор хаяж 1-2 итгэлтэй хүнтэй өөрийн зовлон жаргал, асуудал бэрхшээлийг хуваалцаж байх нь зүгээр.
Би амьдралд хөл тавьж байгаа 25 настай хүүтэй. Хүүдээ цаашид амьдралд чинь тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй ярилцах нь зүйтэй гэж ойлгуулахыг хичээж явдаг. Мэдээж бие бялдрын эрүүл мэнд чухал ч эцсийн эцэст нэгэнтэйгээ нээлттэй ярилцах нь хамгийн гол гарц байдаг. Хүний сэтгэл зүй ямар хүчтэй болохыг харуулсан нэгэн алдарт тамирчны үгээр энэ ярилцлагаа өндөрлөмөөр байна. Тулааны урлагийн алдартай нэгэн тамирчин залуу том тэмцээнд ороод ялалт байгуулчхаад өөрийн хамгийн сайн найздаа болон үзэгчдэд хандаж хэлсэн үг бий. Тэрээр “Чамд асуудал байгаа бол өнөөдөр ирээд надтай ярилцаач. Тэгвэл би маргааш оршуулга дээр чинь уйлахгүй” гэсэн үг. Учир нь найз нь яг тэмцээнийх нь өмнө амиа хорлосон байдаг. Өөрөөр хэлбэл, асуудал тулгарахад хэн нэгэнтэй заавал хуваалц. Битгий буруу алхам хий гэсэн утгатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)