Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийг урьж, ярилцлаа.
-Сангийн яам бол улс орны эдийн засаг, хөгжилтэй холбоотой бүхий л асуудлыг нэгтгэж хариуцдаг гол яам. Та 2020 оноос тус яамны дэд сайдаар томилогдон ажиллаж, энэ жил гурав дахь төсвөө буюу 2023 оны төсвийг “боож” парламентаар батлууллаа. Ирэх оны төсөв өнгөрсөн жилүүдэд таны ажиллаж байсан төсвүүдээс юугаараа онцлог болов. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Жил бүрийн төсөв өөр өөрийн онцлогтой ч, хөгжлийн бодлогоо дагаж төсвөө баталдаг үзэл санаа нь ижилхэн. Өмнөх жилүүдийн төсөв цар тахлын үеийг даван туулахад түлхүү чиглэж байсныг дурдах нь зүйтэй.
Харин 2023 оны төсөв Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжинэ. Мөн цар тахлын дараах эдийн засгийн байдал, олон улсын геополитекийн амаргүй нөхцөл байдал зэрэг таамаглаагүй давалгаануудад эдийн засгаа хэрхэн тогтворжуулах вэ гэдэгт төвлөрсөн төсөв болсон. Онцлогууд гэвэл төсвийн алдагдлыг тодорхой хэмжээнд бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулахад чиглэсэн. 2023 онд шинэ хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэхгүй. Өмнөх жилүүдэд хийж хэрэгжүүлж байсан, эхлүүлсэн бүтээн байгуулалтуудыг дуусгах, ашиглалтад оруулах байдлаар үргэлжилнэ. Мөн хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах талаар анхаарсан байгаа. Тодотгож хэлбэл, орон нутаг руу чиглэсэн бодлогын дэмжлэгүүд нэлээд багтсан гэсэн үг.
-“Шинэ сэргэлт”-ийн бодлогыг дэмжихэд анхаарсан төсөв гэлээ. Гэвч шинэ бүтээн байгуулалт руу чиглэсэн хөрөнгө оруулалт байхгүй байгаа нь энэ төсвийн агуулгадаа хэр нийцэж байгаа вэ?
-“Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдуулсан хөрөнгө оруулалтууд бий. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, замын бүтээн байгуулалтууд, Хөшигийн хөндийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд гэх мэтчилэн. Ер нь цаашид “Шинэ сэргэлт”-ийн бодлого маань зөвхөн төсвөөс биш санхүүгийн олон эх үүсвэрээс санхүүжин хэрэгжээд явна. Товчхондоо бол Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр түлхүү тулгуурлана. Энэ бодлогын гол цөм нь хувийн хэвшлийг хөгжлийн бодлогод татан оролцуулах юм. Ингэснээр илүү үр дүнтэй, илүү бодит, илүү үр ашигтай байж чадна.
Одоогоор манай яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар төр нь хувийн хэвшилтэйгээ яаж эрх тэгш хамтран ажиллах, харилцан ашигтай байх вэ гээд харилцаа нь илүү болно. Хэрхэн нээлттэй, ил тод хамтарч ажиллах вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Цаашид зөвхөн төр засаг биш төр, хувийн хэвшил хамтран хөгжлийн бодлогыг тодорхойлох, хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Төр, хувийн хэвшил хамтарч байж улс орны хөгжлийн тухай ярих боломжтой гэж байна. Хуулийн төслийг парламент хэлэлцээд эхэлсэн. Энэ хуулийн гол агуулга, концевц нь юу юм бэ. Төр хувийн хэвшилтэйгээ яаж хамтарч, тэднийг дэмжих вэ?
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг НҮБ-ын жишиг хууль дээр үндэслэж боловсруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бие даасан хуультай гадаадын орнууд бүгд л энэ жишиг хууль дээр үндэслэн эрх зүйн орчноо бий болгосон байдаг. НҮБ яагаад үүнийг илүү дэмжиж байна гэхээр улс орнууд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Засгийн газар нь дангаараа биш хувийн хэвшлээ илүү татан оролцуулж, хамтдаа хүчээ нэгтгэж хичээх нь зорилгодоо хурдан хүрэхэд дөт төдийгүй асар том боломж юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хамтран ажиллах суурь “хөрс”-ийг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэйгээ яаж түншлэх, үүнийг хууль эрх зүйн түвшинд ойлгомжтой, тодорхой болгох зайлшгүй шаардлагатай юм. Ер нь төр, хувийн хэвшилтэй урт хугацаандаа тогтвортой хамтарч ажиллах олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчинтой болно. Үүнд суурилж манай хуулийн ерөнхий агуулга бичигдсэн. Түншлэлийн хугацаа харьцангуй урт байх нь аль аль талдаа ашигтай. Төр өөрийн хийж хэрэгжүүлэх ажлаа хувийн хэвшлээр хийлгэж байгаа учраас төсвийн ачаалал багасна. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшил бизнесээ эрсдэл багатай урт хугацаанд явуулах орчин сайжирна. Тухайлбал, төр заавал байшин барих гээд хөрөнгө оруулаад байх шаардлагагүй. Хувийн хэвшил нь барьж ашиглалтад оруулаад, үйлчилгээ үзүүлнэ. Төрийн зүгээс тэр үйлчилгээг нь аваад сар болгон түрээс хэлбэрээр төлбөр зэргээр дэмжээд хамтран ажиллаад явж болно гэсэн үг. Ийм харилцан тэгш эрхтэй, урт хугацаанд үргэлжлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд энэ хуулийн төслийн амин чанар оршиж байгаа. Ийм хуультай болсноор төр, хувийн хэвшлийн итгэлцлийг нэмэгдүүлж чадна гэж харж байна.
-Хувийн хэвшил гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд орох уу?
-Орно. Мөн ХЗДХ-ийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Эдгээр хуулиудын төслүүд хоорондоо уялдаад явна.
-Ирэх оны төсөв орон нутаг руу чиглэсэн бодлогыг дэмжсэн төсөв болсон гэлээ. Тухайлбал, ямар бодлого орон нутагт хэрэгжих вэ?
-“Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдээ дэмжих, орон нутагт үйлдвэрлэлээ шилжүүлэхэд хөшүүрэг, татварын дэмжлэгүүд үзүүлнэ. Мөн хөдөө орон нутагт шилжин сууршиж байгаа иргэдэд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох, аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгч иргэнд нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл өгөх гэх мэтчилэн бодлогын арга хэмжээнүүд тусгагдсан байгаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” санаачлагыг хууль тогтоох дээд байгууллага дэмжиж тогтоол баталсан. Энэ чиглэлээр ирэх оны төсөвт 228 тэрбум төгрөг суулгаж, хүнс, хөдөө аж ахуйг дэмжихэд нэлээд анхаарч ажиллана.
Энэ хөтөлбөрийн хүрээнд бид өргөн хэрэглээний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээ ойрын таван жилд дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болъё гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар мах, төмс, улаан буудай гэсэн гурван бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь хангаж байна. Бусдыг нь гаднаас импортоор авдаг. Тэгэхээр цаашид хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг байя гэсэн зорилгын хүрээнд төсвөөс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тодорхой хэмжээнд дэмжинэ. Мөн энэ төрлийн бизнес эрхлэгчдээ зөвхөн төсөв гэлтгүй бодлогын түвшинд болон хууль эрх зүйн талаас дэмжлэг үзүүлж ажиллана. Тухайлбал, хүнсний чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрүүд гаднаас тоног төхөөрөмж оруулж ирвэл 2027 он хүртэл импортын татварыг 100 хувь хөнгөлөх зэрэг эдийн засгийн хөшүүргүүд ирэх оны төсөвт тусгасан байгаа.
-Сөрөг хүчний зүгээс янз бүрийн тайлбар мэдээлэл хийдэг. “Ирэх онд Монгол Улс дефольт зарлана”, “2023 оны төсөв өндөр алдагдалтай болсон” гэх мэтчилэн байр суурь илэрхийлж, Төрийн тэргүүнд хуулийн хүрээнд хориг тавих санал хүргүүлсэн байна. Ер нь ерөнхий зургаар нь харвал эдийн засаг үнэхээр амаргүй байна уу. Бид илүү хичээх хэрэгтэй юу. Энэ талаар та тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Мэдээж сөрөг хүчний байр сууринд хүндэтгэлтэй хандана. Төсвийн хувьд аль болохоор алдагдалгүй төсөв батлахыг зорих ёстой. 2023 оны төсвийн алдагдлыг дорвитой бууруулж, төлбөрийн тэнцлийг сайжруулж чадсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ирэх оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай тэнцэхээр байж болно гэж заасан байдаг. Бид үүнийг бууруулж ДНБ-ий 2.6 хувьд хүргэсэн. Нэлээд сайн хэмнэлт хийж байж, энэ дүнд хүрсэн. Яагаад гэхээр энэ удаагийн төсөв маань Хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдсан төсөв учраас байж болох бүх хэмнэлтийг хийж, алдагдалыг 1.4 их наяд буюу энэ оныхоос нэг их наядаар бууруулсан. Цаашдаа үе шаттайгаар бууруулж 2024 онд ДНБ-ий 2.0 хувьд хүргэх, 2025 оноос алдалгүй, ашигтай байхаар төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусган, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хөгжиж байгаа орнуудад төсвөө тодорхой хэмжээгээр алдагдалтай баталж, тэрийгээ эргээд эдийн засгаа тэлэх, улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтанд зарцуулдаг хандлагууд байдаг. Тэгэхээр алдагдал гэхээсээ эдийн засгийг тэлэхэд зарцуулагдаж байна уу, улсын хөгжлийг тэтгэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болж байна уу, эргээд эдийн засагт өгөөжөө өгч байна уу гэдэгт илүү анхаарч ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа орнуудын хувьд зарим тохиолдолд алдагдалгүй төсөв батлахад л анхаараад байвал хөгжлийн боломжоо хязгаарлаад байна гэж үздэг. Гэхдээ алдагдал нь өрийг нэмэгдүүлж байдаг учраас аль болохоор бага, зохистой түвшинд байх нь зүйн хэрэг юм.
Одоо бид баталсан төсвөө хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Төсвийг сахилга баттай, үр ашигтай зарцуулахад анхаарч ажиллана. Мөн цаашид төсвийг нээлттэй, ил тод байх дээр ч анхаарч ажиллана.
-Хэмнэлтийг төрийн байгууллагуудад нэлээд хийсэн байх. Аль салбар илүү их хэмнэхээр болж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нэг их наядын хэмнэлтийг урсгал болон хөрөнгө оруулалтын зардал дээр хийж байгаа. Урсгал зардал дээр 560 орчим тэрбум төгрөг хэмнэсэн. Төрийн албаны томилолт, машин, тэрэг, шатахуун, цахим байдлыг дэмжиж, бичиг цаасны хэрэглээг багасгасан. Ер нь төрийн байгууллагуудын аль болох хэмнэж болох, тэвчиж болох зардлуудыг хассан. Хөрөнгө оруулалт дээр орон нутагт угтах, үдэх хаалга барихгүй, дүүрэг баг суманд шинэ конторын барилга барихгүй гэх мэтчилэн энэ чиглэлд 427 орчим тэрбум төгрөг хэмнэж байна. Хэмнэлтийг төр өөрөө бүсээ чангалж, төрийн байгууллагын тэвчиж болох зардлыг хэмнэх байдлаар хийсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Аж ахуйн нэгжүүд татварын ямар хөнгөлөлт эдлэх боломж байна вэ. Ипотекийн зээлийн эргэн төлөлт, цалингийн нэмэгдлийн талаар?
-Гарааны бизнес эхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд эхний таван жилд татвараас бүрэн хөнгөлнө. IPO гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд IPO гаргах зардлыг нь 20 хувиар нэмэгдүүлж, татвар ногдуулах орлогоос нь хасч тооцно. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогоос татвар авахгүй. Уул уурхайгаас бусад салбарын нээлттэй компаниудын хувьцааны ногдол ашгийнх нь татварыг бууруулж таван хувь болгосон. Мөн IT-ийн компаниудын гадаадын шилжүүлэг буюу серверийн түрээсийн суутган татвар 20 хувь байсныг бууруулж таван хувь болгосон гэх мэтчилэн татварын дэмжлэгийн бодлогууд хэрэгжинэ.
Үүнээс гадна түгжрэлийг бууруулах хүрээнд аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа нийтийн тээврээр зорчихыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм бол үүнтэй холбогдон гарах зардлыг 50 хувиар нэмэгдүүлж татвар ногдох орлогоос хасч тооцно. Мөн ажилчдадаа зөөх автобус импортоор оруулж ирвэл гааль, НӨАТ-ын татвараас нь бүрэн чөлөөлөх зохицуулалтууд орсон байгаа.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг цар тахлын үед түр хугацаагаар хойшлуулсан. Энэ хугацаа нь ирэх арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Тэгэхээр эргэн төлөлт нь ирэх оноос хийгдээд явах учиртай. Эргэн төлөлтийг хойшлуулах эсэх асуудлаар их хурлаас тодорхой шийдвэр гараагүй байна. Уг нь ипотекийн зээлийн эргэн төлөлт хийгдээд эхэлбэл шинээр зээл авах гэж байгаа хүмүүст илүү боломж бий болж зээлийн эх үүсвэр нэмэгдэх юм.
Төрийн албан хаагчийн цалингийн хувьд дөрвөн аргаар нэмэгдэхээр тусгаж, 266 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгаад байна. Энэ төсвийн хүрээнд 168 мянган төрийн албан хаагчийн цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
-Дөрвөн аргаар нэмэгдэнэ гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нэгдүгээрт, орон нутгийн нэмэгдэл байгаа. Орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны болон тусгай албан хаагчидад 100 хувийн нэмэгдэл авах боломжийг бүрдүүлж байгаа. Үүний 20 хувийг улсын төсвөөс, үлдсэн 80 хувийг орон нутгийн төсвөөс, тухайн орон нутаг өөрөө хэмнэсэн зардал болон давсан орлогоосоо санхүүжүүлэх боломжтой болж байгаа. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай уялдан тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Гуравдугаарт, төрийн албан хаагчид ажилласан жилийн нэмэгдэлээ жил бүр авдаг болно. Өмнө нь таван жилийн интервалтай авдаг байсан. Тухайлбал, зургаан жил, есөн жил ажилласан хүмүүс яг адилхан авдаг байсан бол одоо зургаан жил ажилласан бол зургаан хувийн нэмэгдэл, есөн жил ажилласан бол есөн хувийн нэмэгдэл авна гэсэн үг. Дөрөвдүгээрт, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын суурь цалинг шатлалгүйгээр нэг болгосон. Өмнө нь 165 шатлал бүхий ялгаатай цалин авдаг байсан бол 20 орчим болгож шатлалыг байхгүй болгосон. Тэгэхээр шатлалаар бага цалин авдаг байсан албан хаагчдын цалин нэмэгдэж, өндөр авдаг байсан шатлалын хэмжээнд хүрч, тэр хэмжээгээр цалин нь нэмэгдэж, цалингийн ялгаа арилж, адилхан болно гэсэн үг. Эдгээр дөрвөн аргачлалын хүрээнд цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна.
-14 хувийн инфляцтай өнөө үед нэмэгдэл олгох эдийн засаг талаасаа хэр зөв алхам байсан бэ?
-Манай улс гэлтгүй улс орнууд, дэлхий нийтэд инфляцын өсөлт асуудал үүсгэж байна. Ийм үед цалин тэтгэвэр, тэтгэмжийг өндөр хувиар нэмбэл инфляц, үнийн өсөлтийг өдөөх байдлаар тодорхой цикл рүү ордог гэж үздэг.
Ирэх оны төсөвт тусгасан цалингийн нэмэгдлийг инфляц, үнийн өсөлтийг өдөөхгүй байх, нөлөөлөл нь аль болох бага байхаар тооцоолж тодорхой хувиар нэмж байгаа. Мөн зарим нэмэгдэл, жишээ нь орон нутгийн нэмэгдлийг зайлшгүй бий болгох шаардлагатай. Энэ нь хотын төвлөрлийг бууруулах, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, дутагдалтай байгаа боловсон хүчнийг нөхөхөд тодорхой хөшүүрэг болгох зорилгоор бодлогын хүрээнд нэмсэн.
-Төрийн байгууллагууд маань хэмнэлтийн горимд ажиллах нь. Хувийн хэвшлээ дэмжинэ. Иргэд рүү чиглэсэн шинэ төрлийн халамж мөнгөний бодлого байхгүй ч гэлээ цалин тодорхой хэмжээнд нэмэгдэх юм байна. Тэгвэл бүтээн байгуулалт хөгжлийн бодлогыг 2023 оны төсөв хэр дэмжиж чадсан бэ?
-Ирэх онд нийтдээ 1141 төсөл дээр хөрөнгө оруулалт тавигдсан. Энэ нь дандаа шилжих хөрөнгө оруулалт буюу хуучин эхэлсэн ажлууд байгаа. Үүнийхээ 78 хувийг нь бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэж тооцоолсон. Хөрөнгө оруулалтын ажлын зарим нь 2010 оноос эхтэй байна. Бүхэл бүтэн 12 жил болчихсон дуусаагүй ажлууд нь тухайн аж ахуй нэгждээ ч хүндрэлтэй байдаг. Мөн жил бүр хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нэмэгдэж орж ирдэг. Төр талдаа ч энэ төрлийн бүтээн байгуулалтууд үр ашиггүй, зардалтай болж эхэлсэн. Тиймээс ирэх жилдээ хуучин, ажил нь эхэлсэн бүх бүтээн байгуулалтыг хөдөлгөөд, хөрөнгө оруулаад явъя гэж шийдсэн. Энэ бол нэлээд зоригтой, шинэ алхам байлаа.
-Татвар нэмэгдэж орж ирсэн асуудал бий. Мөн төсөв бүрдүүлдэг, нийслэл дүүргийн орлого бүрдүүлэлт нэлээд нэмэгдсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд ямар нэгэн татвар нэмэгдээгүй. Харин хувь хүн дээр шаталсан татварын тогтолцоо орж ирж байгаа. Дэлхийн 150 оронд шаталсан татварын тогтолцоо байдаг. Энэ тогтолцоо маань өөрөө орлогын тэгш бус байдлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндрэлтэй ийм нөхцөл байдалд арай илүү орлого олж байгаа хэсэг илүү татвар төлж, тэр татвар нь хүнд хэцүү байгаа хэсэгтээ дэмжлэг болж очих нь өөрөө эрүүл үзэгдэл юм. Шаталсан татварын тухайд 10-15 сая төгрөгийн цалинтай бол цалингийн давсан орлогоосоо 15 хувийн татвар төлнө. 15 саяас дээш цалинтай бол давсан орлогоосоо 20 хувийн татвар төлөх юм. Өөрөөр хэлбэл, би 14 сая төгрөгийн цалинтай бол 10 сая төгрөгөөсөө 10 хувийн татвараа төлчихөөд үлдсэн дөрвөн сая төгрөгөөсөө 15 хувийн татвар төлнө гэсэн үг. Дэлхийн нийтийн чиг хандлагыг харж, энэ татварын системийг нэвтрүүлсэн. Түүнээс биш төсвийн орлого бүрдүүлэх тал дээр нөлөөлөх нөлөөлөл бага. Манайд нийтдээ 817 мянган татвар төлөгч байгаагаас 0.01 хувь буюу 1300 хүн энэхүү шаталсан татварын тогтолцоонд шилжих юм байна гэж харж байна. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа шиг уул уурхайн жирийн ажилчид энэхүү тогтолцоонд орохгүй, тодорхой хэмжээний бизнесийн том байгууллагуудын удирдлагын түвшний хүмүүс л багтаж байна. Харин эдгээр татварын орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтын хувьд энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ААНОАТ-ын 40 хувь нь аймаг нийслэлийн төсвийн орлогод, ХХОАТ нь 100 хувь сум, дүүргийн орлогод төвлөрч, тухайн орон нутаг нь захиран зарцуулдаг болсон учраас нийслэл, аймаг, дүүргийн орлого өсөлттэй харагдаж байгаа.
-Манай улс хуримтлал хоёр сантай. Ирэх онд Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд нийт хэчнээн төгрөг хуримтлуулах вэ. Нөгөө талаар өр төлөх асуудал бий. Энэ бүхнийг төсөвт хэрхэн тусгасан бэ?
-Тогтворжуулалтын санд 132 тэрбум, харин ирээдүй өв санд 540 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолсон. Ирээдүйн өв санд АМНАТ-ын 65 хувийг мөн төрийн өмчит компаниудын ашгийг татан төвлөрүүлдэг. Харин ирэх онд АМНАТ-аас орох хэсгээ халамжийн санд хуваарилж тэндээсээ хүүхдийн мөнгийг олгохоор тооцсон. Гуравдугаар улирлын байдлаар Засгийн газрын өр 8.1 тэрбум ам.доллар буюу улсын нийт гадаад өрийн 24.2 хувийг эзэлж байна. УИХ-аас гурван жилээр баталдаг “Өрийн удирдлагын стратеги”-ийн баримт бичгийн хүрээнд Засгийн газрын өрийн менежментийг Сангийн яам зохицуулалт хийдэг. Ирэх гурван жилийн баримт бичиг өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. Тэгэхээр бид энэ хүрээнд өрийн менежментээ хийнэ. Ирэх онуудад гадаад бондуудын том хэмжээтэй төлбөрүүд байгаа. Засгийн газрын бондын хувьд 2023 оны тавдугаар сард Гэрэгэ бондын 533 сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын эргэн төлөлт байгаа. Эргэн төлөлтийг төсвөөс тодорхой хэмжээгээр төлж, үлдсэн хэсгийг өрийн зохицуулалтын арга хэмжээ авна. Энэ оны сүүлээр Чингис бондын үлдэгдэл 133 сая ам.долларыг мөн улсын төсвөөс төлж, бүрэн барагдуулна.
-Энэ жил төсвийг хоёр ч удаа тодотгосон. Ирэх онд төсөв тодотгох уу?
-Бид аль болох төсвийг тодотгохгүйн тулд төсвийн төслөө боловсруулдаг. Төсөв тодотгох нь сайн зүйл биш. Ер нь төсвийн тогтвортой байдлыг хангахыг зорьж, тодотгохгүй зарчмыг барьж байгаа. 2018, 2019 онуудад тодотгол хийгээгүй, харин 2020 оноос эхлэн цар тахлын амаргүй цаг үе таарсан учраас эдгээр жилүүдэд тодотгол хийсэн. 2022 онд хийсэн хоёр удаагийн тодотгол бол нэг нь ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тодотгол, нөгөөх нь төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд орох тодотгол байсан.
Ямар тохиолдолд төсвийг тодотгох эрх үүсэх талаар Төсвийн тухай хуульд маш тодорхой 4-5 заалтаар хуульчилж өгсөн байдаг.
-Засгийн газраас цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд бизнес эрхлэгчдийг дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр маань хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?
-Энэ хөтөлбөр 2021 оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжсэн байдаг. Тодорхой зорилго, хугацаатай хөтөлбөр байсан. Бид түүхэн үүргээ гүйцэтгэж чадсан гэж дүгнэдэг. Яагаад гэхээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл байдал ямар байсан гэхээр 2020 оны эдийн засгийн бодит өсөлт хасах 5.3 хувь болж буурч, төсвийн алдагдлын ДНБ-нд эзлэх хувь 12 хувь болж нэмэгдсэн, зах зээлийн тодорхойгүй байдлаас болж, банкууд эрсдлээ тооцоолон, зээл олголтоо огцом бууруулж, банкуудын нийт 8.0 их наяд төгрөгийн эх үүсвэр нь төв банкны үнэт цаасанд байршсан ийм л дүр зурагтай байсан.
Мөн 2020 онд нийт 65-68.9 мянган ажлыг байр алдагдаж, цаашид эдийн засгаа сэргээх арга хэмжээ авахгүй нөхцөлд ахиад 130 мянган ажлын байр алдах эрсдэлтэй байсан учраас байраа хадгалж үлдэх нэг том зорилго байсан. Ингээд эрүүл мэндээ ч хамгаалъя, эдийн засгаа ч сэргээе гэдэг хоёр зорилгоо хамтад нь хэрэгжүүлэхээр энэ хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ эдийн засаг талдаа ямар үр дүнд хүрсэн талаар хэдэн тоог хэлье. Банкны зээл 10.5 хувиар агшиж, эдийн засаг дахь мөнгөний эргэлт зогсох байсныг 6.5 хувийн өсөлтийг авчирсан. 187 мянган ажлын байрыг хадгалж, олон аж ахуй нэгжүүдийн үүдээ хаах эрсдэлээс хамгаалж чадсан юм.
-Сангийн яамнаас Тендерийн тухай хуулийн төслийг өргөн барьж, парламент хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулийг хэрхэн өөрчлөхөөр тусгасан бэ?
-Тендер нь олон нийтийн хардлага, шүүмжлэлийг байнга дагуулж байдаг асуудал. Үүнийг шийдэхийн тулд аль болохоор ил тод, тендер шалгаруулах үйл явцад хүний оролцоог багасгах, иргэд, олон нийтийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, оролцогч тал болон тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ утгаараа шинэчилсэн хуульд орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог 60 хувиар бууруулах, тендерийн үйл ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах, ил тод, нээлттэй болгох, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдан авалт хийх зэрэг холбогдох өөрчлөлтийг тусгасан. Мөн аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлдэг байсан баримт бичгийг 70 хувиар бууруулж, төрд өөрт нь байдаг бүх мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй, компани өмнө нь байгууллагынхаа талаар мэдээллээ өгсөн байгаа бол дахин тендэрт оролцох болгонд нь матераил авахгүй байхаар болж байгаа. Ингэснээр олон эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна.
-Та төрийн сайдын хэмжээнд ажиллаж байгаа цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл. Ер нь энэ цаг үед эмэгтэй манлайлал, улстөрчдийг хэр дэмжиж байна вэ?
-Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар чамгүй хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. 2013 оноос жендэрийн тусгайлсан бодлого, төлөвлөлтийг хөгжүүлж, салбар бүрт жендэрийн бодлого стратеги, аймаг, нийслэл, дүүрэгт жендэрийн дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Жендэр гэхээр л зөвхөн эмэгтэй хүний асуудлыг ярьж байгаа юм шиг өрөөсгөл хандаж болохгүй. Жендэрийн тэгш байдал гэхээр эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүл гээд бүхий л харилцаанд тэгш оролцож, хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулахыг л хэлээд байгаа хэрэг. Гэтэл манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай биш байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа.
Ер нь цаашид заавал эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр хөгжлийн асуудлаа хамтдаа суугаад төлөвлөдөг, боловсруулдаг, хэрэгжүүлдэг, мөн үр шимийг ч гэсэн хүйсийн ялгамж байхгүйгээр хүртдэг байх боломжийг бий болгох хэрэгтэй гэж боддог. Мөн түүнчлэн дэлхийн олон орон жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг ч нэвтрүүлэхэд анхаарч байгаа. Засгийн газар, Сангийн яам үр дүнд суурилсан төсвийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэхэд анхаарч байгааг онцлох хэрэгтэй болов уу.
-Гэвч олон нийтийн дунд байдаг хэвшмэл ойлголт амь бөхтэй байсаар байна. Үүнийг өөрчлөхийн тулд бид юу хийх ёстой вэ?
-Жендэрийн хэвшмэл ойлголт нь олон зүйлд он удаан жилийн турш нэвт шингэсэн байдаг. Үүнийг өөрчлөхөд нэлээд хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай. Ер нь бүх шатны бодлогыг боловсруулах, төлөвлөх, төсөвлөх, үнэлэх тогтолцоо жендэрийн мэдрэмжтэй байх ёстой. Гэвч уламжилж ирсэн хэвшмэл ойлголт, хандлага нь үүнийг бодит хөрсөн дээр нь хэрэгжүүлэхэд саад болдог. Иймд жендэрийн хэвшмэл ойлголтыг халахад чиглэсэн соён гэгээрүүлэх, сурталчилгааны ажил, сургалтыг тасралтгүй явуулах, цаашлаад боловсролын системд тусгалаа олох гээд хийх ажил бишгүй их бий.
Олон нийтийн дунд байдаг хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд салбарынхны ч оролцоо чухал гэж хардаг даа.
2023 оны төсвийн онцлогууд
-Ирэх онд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрнэ хэмээн тусгасан.
-Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар тооцсон.
-10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ арга хэмжээнд 173600 өрх хамрагдана.
-Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөжээ. Ингэснээр зарлага өмнөх жилээс 120 орчим тэрбум төгрөгөөр багасна.
-Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
-Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ.
-Амгалан дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалт 2023 онд ашиглалтад орно.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жил онцгой анхаарал хандуулна.
-Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд анхаарна хэмээн мэдээлсэн.
-Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав.
-Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)