10 мянган номтой кофе шоп

2022-11-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Намуухан хөгжим эгшиглэх кафед залуус ганц нэгээрээ, эсвэл хоёр гурваараа хичээлээ хийж харагдана. Зарим нь ном уншиж байсан бол нэгээхэн хэсэг нь хоорондоо их л чухал зүйл ярилцаж байгаа бололтой. Зарим залуусын ширээн дээр ном дэвтэр, гар утас, нөүтбүүк дэлгээстэй. Мөн гар аргаар хуурсан амтлаг кофегоо шимтэн ууж буй дүр зураг ажиглагдана. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойд автобусны буудлын дэргэд “Árca café” нэртэй номын кафе үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ юм. Тус кафе энэ сарын 2-нд нээлтээ хийсэн бөгөөд  МУИС-ийн Утга зохиолын ангийн оюутнуудын дэргэдэх клубээс нэгдсэн 10 гаруй оюутан үүсгэн байгуулсан гэдгээрээ онцлог байв.

 

“Кофе уухаас илүүтэй ном унших гэж ирдэг”

 

Энэхүү кафе руу ороход Лениний ботиудаас эхлээд ховор сонин, шинэ хуучин ном өрсөн модон тавиур, сонины цаасаар доторлосон хана, пянз тоглуулагч, ноосон бүтээлэгтэй зөөлөн сандал гээд гэртээ байгаа юм шиг тав тух, зөөлөн дулаан уур амьсгал мэдрэгдэж байлаа. Харин залуус энэхүү орчныг  хэрхэн бүрдүүлэх тухай санаагаа сар гаруй хугацаанд ярилцаад, тохижилтын ажлаа тав хоногийн дотор хийсэн тухайгаа хуучилж байсан юм. Үйлчлүүлэгч нар кофе уухаасаа илүүтэй ном уншихаар ирдэг гэж байв. Харин ном унших үедээ кофегоо худалдаж авдаг юм байна. “Манай кафед зөвхөн утга зохиолын ном гэхээс илүү бусад төрлийн шилдэг номууд ч их бий. Мөн анх энэ газрыг түрээсэлж байхад энгийн нэг байр байсан бол одоо тэс өөр орчинтой, хүмүүст ая тухтай кафе болгож чадлаа. Бид үүнийг хийхийн тулд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж, модон хэрэглэлүүдийг худалдаж авсан” гэж үүсгэн байгуулагчдын нэг Ц.Төгсбаатар хэлж байв. Үнэхээр түүний хэлснээр номын тавиур руу очиход дэлхийн алдарт сонгодог зохиолоос эхлээд бизнес эдийн засаг, гадаад хэл, нийгэм танин мэдэхүй зэрэг салбар бүрийн оюутнуудад хэрэгтэй гарын авлага, ном товхимол өрөөстэй байсан юм. 

 

Өөрсдийн гараар хийсэн тусгай жортой кофе

Номоос гадна “Arca cafe”-н оюутнуудыг татах нэг онцлог нь шинэ жорын кофе нь ажээ. Тэд кофеныхоо жорыг хүртэл өөрсдөө туршиж үзсэний эцэст хийж эхэлсэн байна. Үнэхээр хаалгаар нь ороход ер бусын тансаг үнэр үнэртэнэ. Энэ тухай тус кафегийн бариста “Монголчуудын дунд кофены соёл дэлгэрээд удаагүй байна. Гэхдээ их хурдтай хөгжиж байна гэж боддог. Залуусын хувьд кофе уухын ашиг тусыг сайн мэддэг болсон. Мөн кафегаар үйлчлүүлэхдээ биеэ зөв авч явахаас эхлээд үйлчилгээ авах, аливаад хандах хандлага нь их өөр болж байгаа нь сайхан. Манай кафе оюутан залууст тансаг кофе уунгаа тархиа цэнэглэж, мэдлэгээ зузаатгах боломж олгож байна” гэсэн юм. Энэ кафед байгаа номуудыг МУИС-ийн Утга зохиолын ангийн оюутнууд мэргэжлийн онцлогоороо цуглуулсан гэнэ. Энэ тухай үүсгэн байгуулагчдын нэг  С.Мөнх-Оргил “Би МУИС-д Биологийн чиглэлээр амьтан судлаачийн ангид суралцдаг. Үүний хажуугаар утга зохиолын ангийнхны нэгдэлд хамрагдаж олон найзтай болсон. Энэ оюутнуудтай  найз болсноор номонд илүү дурлах боллоо. Унших тусам мэдлэг маань тэлж, бусдын зохиол, бүтээлүүдэд шүүмж хийх чадвар ч нэмэгдсэн. Бид сургууль дээрээ энэ үйл ажиллагаагаа хийдэг ч анги олдохгүй, орчин тааруугаас болоод цагт баригддаг байлаа. Тиймээс энэ асуудлаа шийдэж, тайван орчинд хүссэн номоо унших  тухтай газар хэрэгтэй гэж шийдээд энэхүү кафегаа нээсэн. Мөн манай клубын хувьд нэг дор цугларахдаа олон цагаар ямар нэгэн номын болон шүлгийн тухай хууч хөөрдөг. Одоо бид өөрсдийн кафедаа хүссэнээрээ шинэ уншсан ном болоод зохиол бүтээл, утга уран зохиолын тухай ярилцаж чадаж байна. Мөн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалаад бүгд өөр, өөрсдийн номын цуглуулгатай. Үүнийгээ ч бид мэддэг учраас номоо солилцож уншдаг байсан. Кафегаа нээсний дараа биднээс яг хэдэн ном цуглах боломжтой эсэхийг үзэхэд 10 мянга гаруй ном болсон.  Кафедаа байршуулж дуртай цагтаа авч уншиж байя гэсэн боловч багтаамж муу тул одоогоор шилдэг гэсэн бүтээлүүдийг л өрсөн. Зарим номын хувьд анх гарч байсан эх хувилбарууд хүртэл манай кафед бий. Бид зөвхөн номын ганцхан фондтой бус үлдсэн номоо ээлж, ээлжээр сольж тавихаар төлөвлөж байгаа. Орчин үед хүн бүр сайн номыг түүж уншдаг болжээ. Бүгд л салбар бүрийн шилдэг номоос урдаа тавьсан харагддаг. Бид “Олзонд шунахгүйгээр олон залуусын сэтгэлд оч асаая” гэдэг уриа үгтэй болсон. Ингэснээр чөлөөт уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж харж байгаа” гэв.

 

"Зөвхөн кофе шоп шиг биш номын сантай нь илүү өгөөжтэй"

 

Энэ буйдхан кафед олон хүн харагдахгүй ч оюутнуудын цуваа ер тасрахгүй, байнгын үйлчлүүлэгчтэй байх ажээ. Зарим үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг хүргэе.

 

МУИС-ийн оюутан н.Элбэгзаяа: “Энэ кафег амралтын өдрүүдэд мэддэг болсноор үйлчлүүлж эхэллээ. Хичээл хийхэд их тухтай юм. Энд залуус ихэвчлэн хичээлээ хийх гэж эсвэл ном унших гэж ирдэг нь таалагдсан. Би кафед орохоороо эхлээд кофегоо захиалдаг. Гэтэл энд номоо уншиж байгаад сүүлд нь захиалсан ч болох юм. Хотод ийм газар олон байдаггүй. Байсан ч заавал худалдан авалт хийх шаардлага тавьдаг. Тиймээс  надад сайхан санагдсан. Мөн зарим кофе шоп ороход ширээ нь хүрэлцэхгүй, тухгүй байх жишээтэй. Харин энд орчин нь тухтай, чимээ шуугиан багатай учраас хичээлээ хийхэд илүү төвлөрч чадаж байна.” гэсэн юм.

 

СУИС-ийн оюутан н.Уянга: “Би анх фейсбүүк пэйжээс танилцуулгыг нь хараад очиж үзэх сэн  гэж бодож явлаа. Хичээл ихтэй байсан учраас өнөөдөр л анх удаа ирж үйлчлүүлж байна. Кофе нь үнэхээр амттай юм. Мөн нэг их хүн байхгүй учир нам гүм орчин нь таалагдаж байна. Орж ирсэн хүмүүс ч чөлөөтэй байхаас гадна бие биедээ их хүндэтгэлтэй хандаж байна. Чимээ шуугиан гаргаад хэн хэндээ саад болдоггүй нь амар юм” гэв. 

 

н.Батцэцэг: “Би анх удаа үйлчлүүлж байна. Хичээлээ хийгээд суухад тухтай юм. Номын санд өрөөстэй номыг нь сонирхлоо. Ихэвчлэн үүсгэн байгуулагчдынх нь ном гэсэн. Мөн хуучны ном ч их харагдсан. Дараа ирэхдээ эдгээр номоос нэгийг нь сонгоод заавал уншиж эхэлнэ. Номоос гадна төрөл бүрийн сэтгүүл хүртэл байна. Миний хувьд өөрт байгаа уншиж дууссан номоо авч ирж өгье ч гэж бодлоо” гэсэн юм.

 

н.Бат-эрдэнэ: “Залууст суралцах, хөгжих, тав тухтай орчин хэрэгцээтэй байдаг. Ийм орчныг энэ кафегаас мэдэрсэн учир дахин ирж үйлчлүүлж байна. Эднийх зөвхөн кофе шоп шиг биш номын сантай нь илүү өгөөжтэй. Мөн залуучуудад зориулсан олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөдөг гэсэн. Тиймээс би энд нэгэн нийтлэл бичихээр эхлүүлээд сууж байна. Нийтлэлийнхээ сэдэв санааг бодож суухад хуурсан амттай кофе намайг улам сэргээх шиг боллоо. Мөн ширээ болгоны хажууд залгуур, usb оролтоос гадна үнэгүй ном байгаа учир үйлчлүүлэгч бүхэн сэтгэл хангалуун гардаг байх.” хэмээн энэ газрыг зорьж ирсэн үйлчлүүлэгч нар сэтгэгдлээ хуваалцаж байлаа.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 223 (6955)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин