Байгалийн ухааны хичээлүүд багшийн хомсдолд оржээ

2022-10-12
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Мэргэжил мэргэжлийн дээд нь багш билээ. Энэ л мэргэжлийг алдаршуулж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд гаргасан. Ерхөг найгасан талаас есөн гарагт хүргэсэн. Багш та хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эхэн юм” гэж бичсэн нь бий. Тиймээс ч хүүхэд бүхэн багадаа багш болохыг мөрөөддөг. “А” үсэг анх заасан багшийгаа харж, амьдралын замд хөтлөн оруулсан ачтанаа дурсдаггүй хүн гэж үгүй. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад ерөнхий эрдмийн 12-15 хичээл тогтмол орж байна. Үүнээс давхардсан тоогоор хичээлийн дийлэнх цагийг монгол хэл, математик, нийгэм, англи хэл гэсэн хичээл эзэлж байна. Харин физик, хими, газарзүй гэсэн хичээлүүд нийт орох хичээлийн цагийн 20 гаруй хувь буюу долоо хоногт нэг, хоёр цаг ордог гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл “Зууны мэдээ” сонин “Нийгэм-Асуудал” буландаа Физик, хими, газарзүй буюу байгалийн ухааны хичээлүүд багшийн хомсдолд орж буй талаарх сэдвийг цувралаар хөндөхөөр бэлтгэлээ.  

 

МУБИС-ийн газарзүйн ангид 21 оюутан элсжээ

 

Монгол Улсын хэмжээнд багш бэлтгэдэг ууган сургууль нь МУБИС. Энэ л танхимаас ирээдүйн багш нар төрж, бяцхан хүүхдүүдийг эрдмийн аянд хөтөлж, хүсэл мөрөөдөлтэй нь золгуулдаг. Тэгвэл тус сургуульд багш болохоор элсэж буй оюутнуудын 70 хувь буюу ихэнх нь нийгмийн ухааны буюу монгол хэл, математик, нийгмийн ажилтны ангид элсэх сонирхолтой байдаг ажээ. Тэгвэл энэ жилийн хувьд тус сургуульд физикийн багш мэргэжлээр 35, Газарзүйн багш мэргэжлээр 21, Хими биологи, Газарзүй биологийн багш мэргэжлээр нэг ч оюутан элссэнгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь жилээс жилд эдгээр мэргэжлээр сурах оюутны тоо багасаж, байгалийн ухааны хичээлийн багшийн хомсдолд орж буйг баталж байна.  Ялангуяа Монголын боловсролын салбарт газарзүйн багшийн боловсон хүчний нөөц аюулын харанга дэлдэж эхэллээ.  Энэ тухай МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн захирал Т.Ганбаатар “Бид багш бэлтгэдэг гэдэг утгаараа 2014 оноос хойш төрөөс хэрэгжиж буй өндөр онооны тэтгэлгийг олгож байна. Сүүлийн хоёр жил элсэгчдээ татахын тулд эдгээр байгалийн ухааны хичээлүүдэд 500, 580-аас дээш оноотой хүүхдүүдэд МУБИС-ийн тусгай тэтгэлэг гэж олгодог боллоо.  Мөн ажаад байхад энэ гурван мэргэжлээр эрэгтэй элсэгчид цөөн байна. Тэгэхээр зөвхөн эрэгтэй оюутнуудад мөн тэтгэлэг олгох замаар энэ мэргэжлийг санал болгож байна. Ер нь сүүлийн гурван жилд байгалийн ухааны хичээлээр элсэгчдийн тоо эрс буурсан” гэсэн юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнө  миний бие газарзүйн хичээлийг судалж байхад энэ нь хамгийн сонирхолтой хичээлийн нэг яах аргагүй мөн байв. Багш дэлхийн газрын зураг дээр улс орнуудын онцлог, газарзүйн байрлалыг тайлбарлаж, дэлхий ертөнцтэй танилцах гэгээн хүсэлд минь цучил нэмдэг байсан. Тэгвэл өнөөдөр хүүхдүүд яагаад энэ хичээлийг сонирхохгүй байна вэ. Ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн хичээлийн хөтөлбөр, агуулга ямар байна вэ, энэ хичээлийг сурталчилахад бодлого боловсруулах түвшний хүмүүс хэрхэн анхаарч, ажиллаж  байгаа нь сонирхол татаж байна. Ерөнхий боловсролын сургуульд  л энэ хичээлд дурласнаар мэргэжил сонгох үед хүүхдүүд газарзүйн багш мэргэжлийг сонгоно. Тэгвэл ерөнхий боловсролын сургуульд энэ хичээл хэрхэн ордог тухай Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн X ангийн сурагч Б.Ганчимэг “Манай аравдугаар ангийнханд газарзүйн хичээл долоо хоногт нэг цагаар ордог. Агуулгын хувьд ихэвчлэн улс орнуудын байршил болон далай тэнгисийн тухай судалдаг. Гэхдээ цаг нь бага тул ерөнхий мэдлэг аваад л өнгөрдөг. Газарзүйн хичээлийг гүнзгийрүүлж судлах нь ирээдүйд ямар ашигтай, энэ хичээлээр суралцвал ямар мэргэжилтэй болох тухай ойлголт байхгүй. Бидний хувьд XII ангидаа ирээдүйд хүсэж мөрөөдөж буй мэргэжлийнхээ дагуу хичээлийн сонголт хийнэ. Миний сонголтод газарзүйн хичээл байхгүй” гэсэн юм. Мөн МУБИС-ийн хувьд Хими биологийн багш гэсэн хосолсон мэргэжлээр элсэлт авдаг ч энэ жил хүүхэд элсээгүй байна. Монголын эрүүл мэндийн салбарт химийн ухаан уг нь үнэ цэнтэй. Ирээдүйн эмч нарыг бэлтгэхэд химийн хичээл гол хөшүүрэг, суурь нь болдог биш бил үү. Тэгвэл энэ сургуулиас ирэх дөрвөн жилд химийн багш төгсөхгүй нь ээ. 

 

Ирээдүйн эмч, инженерүүдийг хэн бэлтгэх вэ

Мөн байгалийн ухааны эдгээр  хичээлээр мэргэжилтэн бэлтгэдэг төрийн хэвшлийн дараагийн сургууль нь МУИС. Тус сургуулийн хувьд энэ жил газарзүйн ангид зургаа, химийн ангид найман оюутан элсжээ. Улсдаа тэргүүлдэг, хамгийн сайн боловсон хүчнийг бэлтгэдэг гэх энэ сургуульд дээрх хоёр мэргэжлээр гарын 10 хуруунд хүрэхгүй оюутан элссэн гэхэд харамсмаар. Өнөөдөр боловсролын салбарт хими, газарзүй, физикийн багшийн орон зай үнэхээр эзгүйдэж байна. Манай улсад 80 гаруй их дээд сургууль бий. Үүнээс байгалийн суурь шинжлэх ухаанаар мэргэжилтэн бэлтгэдэг нь ганцхан МУИС билээ. Бусад нь нийгмийн шинжлэх ухааны салбарт мэргэжилтэн бэлтгэдэг. Гэтэл өмнө нь физик болон түүний салбар шинжлэх ухааны сургууль байсныг задалж физикийн тэнхим болгож хүрээг нь багасган, нөгөө салбаруудаа өөр сургуулиуд руу нэгтгэсэн. Энэ нь оюутан цөөрөх нэг шалтгаан болж байгаа тухай тус сургуулийнхан ярьж байсан юм. Энэ тухай МУИС-ийн Элсэлт, бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэцогт “Энэ жилийн хувьд манайд хими, биологи, газарзүй гэсэн байгалийн ухааны чиглэлээр нийт 39 хүүхэд элссэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад бага тоо. Ер нь жилээс жилд энэ чиглэлд элсэх оюутны тоо багасаж байгаа. Манай сургуулийн эдгээр хөтөлбөр нь жил бүр өөр мэргэжил рүү хөрвөдөг учраас оюутнуудын төгсөлт бага байна. Бид 2019 оноос тусгай, элсэлт цөөхөн байгаа таван мэргэжлийг дэмжих үүднээс байгалийн ухаанаар суралцаж байгаа хүүхдүүддээ тэтгэлэг өгч эхэлсэн. Мөн элсэлт эхлэхийн өмнө сургууль танилцуулга,  мэргэжил танилцуулга, үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байна” гэв.

 

Физикийн ангийг тогтмол 20-30 хүүхэд төгсдөг байжээ

 

МУИС-ийн Физикийн тэнхимийн оюутны тоо цөөрч, хөтөлбөрийг хаах гэж байгаа гэх асуудал өнгөрсөн жилээс цахим орчинд тархсан. Физик бол ирээдүйн инженерүүдийн суурь мэдлэг. Физикч мэргэжлийг зөвхөн тус сургуульд бэлтгэдэг. Гэхдээ багшийн хөтөлбөр нь бусад сургуулиудтай харьцуулахад онолын хувьд илүү гүнзгий түвшнийх гэж мэргэжилтнүүд дүгнэсэн нь бий. Энэ талаар дэд профессор Д.Эрдэнэбаатар “Зөвхөн физик гэлтгүй оюутнуудын хувьд байгалийн суурь шинжлэх ухааны салбарын хөтөлбөрийг харьцангуй бага сонгож байна.

Энэ нь дунд сургуульд физик, биологи, хими, газар зүйн хичээлийг сонгон суралцуулдагтай холбоотой байх. Тэд ихэвчлэн нийгмийн шинжлэх ухааны хичээлийг сонгодог. Одоо амжилттай явж байгаа инженерүүд, олон улсад ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг харахад бүгд дунд сургуульдаа тэр чиглэлдээ илүү дур сонирхолтой байсан нь ажиглагддаг. Тиймээс суурь боловсролын ач холбогдол чухал юм” гэлээ. Үнэхээр өнөөдөр бид байгалийн ухааны салбараа дэмжиж хөгжүүлэхгүй бол энэ салбар уналтад орж, ирээдүйн мэргэжилтнүүд хомсдох, энэ нь цаашлаад эх орны хөгжилд сөргөөр нөлөөлөх дүр зураг харагдаж байна.

 

Экспертийг үг

 

“Залуу багш нарын нэгдэл”-ийн Нарийн бичиг Б.Төмөрбаатар:Байгалийн ухааны хичээлийн цагийг нэмэх хэрэгтэй

 

-Манай “Залуу багш нарын нэгдэл” байгуулагдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа багш нараас эгнээндээ нэгтгэсэн. Харин эдгээрийн дөнгөж 15 гаруй хувийг байгалийн ухааны хичээлийн багш нар эзэлдэг. Бүр нарийвчлаад харвал газарзүй, хими, физикийн салбарын багш нийлээд 24 байна. Ер нь энэ төрлийн хичээлийн багш нар цөөхөн төгсөж байгаа учир эрэлт нь их байгаа нь ажиглагддаг.

Гэвч энэ мэргэжлээр сурах, багшлах хүн цөөн байна. Энэ хичээлүүдийн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургуульд орж байгаа цагийг нь нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Байгалийн ухаан нь бүхий л салбарын суурь болдог. Тиймээс энэ чиглэлийн багш бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

 

37 дугаар сургуулийн газарзүйн багш А.Солигдсонцэцэг:Ахлах болон дунд ангид хичээл орж байна

 

-Би газарзүйн багш мэргэжилтэй. Энэ мэргэжлээр 2010 онд МУБИС-д ороод 2014 онд төгссөн. Ер нь хүүхэд байхаасаа л энэ хичээлд их сонирхолтой байлаа. Ахлах ангид орохдоо багш болохоор шийдсэн. Намайг анх оюутан болоход манай анги 20 гаруй хүүхэдтэй байсан ч бүгд төгсөж чадаагүй. Зарим нь ар гэрийн шалтгаанаас болж сургуулиа орхих, нөгөө хэсэг нь мэргэжлээ солих тохиолдол их байсан. Одоогоор би VII, VIII, X ангид хичээл орж байна. Манай сургууль хоёр газарзүйн багштай. Миний хувьд энэ сургуульд ороод хоёр жил болж байгаа. Энэ хугацаанд сурагчиддаа газарзүйн хичээлийн үр шим болоод газар орон байгалиа судлахын ач холбогдлыг өөрийнхөө хэмжээнд ойлгуулахсан гэж хичээж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)

 

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

4 цаг 13 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

4 цаг 18 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

4 цаг 20 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

4 цаг 25 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

7 цаг 0 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

13 цаг 56 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

13 цаг 56 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

13 цаг 56 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

13 цаг 56 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

13 цаг 56 мин