Д.Хоролдамба: Байгаль хамгааллыг нийгмийн соён гэгээрэл болгоё

2014-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ДОРЖ

Соён гэгээрлийн цуврал” булангийн  энэ удаагийн зочноор доктор Д.Хоролдамбыг урилаа.

-Та саяхан “Монгол­чуудын байгаль хамгаалах өв соёл-уламжлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, байгаль хамгаалах асуудалд сэтгэлгээний өөрчлөлт хийе гэсэн шинэ санаа дэвшүүлсэн. Энэ санаа  хэзээ төрөв?

-Монголчуудын ертөнцийг үзэх үзлийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг нь тэнгэр хангай, байгальд шүтэх үзэл юм. Манай өвгөд дээдэс байгалийн хуулийг даган шүтэж хал балгүй дасан зохицож, харилцах соёлыг бий болгож, чанд мөрдөж ирсэн баялаг өв уламжлалтай. Энэ талаар  хүн төрөлхтний түүхэнд толгой цохино. Гэтэл сүүлийн жилүүдээс манай оронд байгаль хамгаалах ажил нэн чухал, тулгамдсан асуудал болоод байна. Иймээс өргөн олон түмний экологийн боловсролыг дээшлүүлэх, үүний тулд монголчуудын байгаль хамгаалах мянга, мянган жилийн түүхэн өв уламжлалыг судлан танин мэдэх, тэрхүү үнэт өв, соёлыг өргөн олонд таниулах, улмаар үр хойч, залуу үеийнхэндээ өвлөн уламжлуулахаас  байгаль хамгаалах ажлын хувь заяа ихээхэн шалтгаалах болов уу гэсэн бодлоор тэр хурлыг хийсэн юм. 

-Байгаль хамгааллыг хүмүүсийн ухамсарт суулгаж өгье гэсэн нь зөв санагдсан?

-Монголчуудын байгаль хамгаалах өв уламжлал ихээхэн алдагдаж байгаад санаа дэмий халаглан шүүмжлэх бус нэг ч гэсэн гэрэл гэгээ болог гэж эрдэмтэн мэргэд, БОНХЯ, лам, хар улсуудыг нэгтгэж байгаад хурал хийлээ, хүмүүс их дэмжиж, үнэлсэн.

Байгаль хамгаалах арга ухааныг хүмүүсийн ухамсарт, тархинд суулгаж өгөхгүйгээр энэ ажил олигтой явахгүй. Өвөг дээдсийн минь цусаа юүлж, ясаа ивж үлдээсэн газар шороог хайр найргүй онгичон лус савдаг хилэгнүүлж, зон олны заяаг хэлтийлгэж байгааг журамлан, байгаль эхээ авран хамгаалах мэдлэг ухааны үрийг эх оронч хүн бүхний зүрх сэтгэлд суулгах ажлыг алхам алхмаар хийх нь цаг үеийн  шаардлага болоод байна.

Яг үнэндээ газар орноо хэрхэн хамгаалах вэ гэдгийг хүмүүс ч сайн мэдэхгүй байх шиг. Наанадаж манай улсад тусгай хамгаалалттай газар нутгаа ч олигтой хамгаалж чаддаггүй. Хаяанд байгаа Богд хан хайрхан гэхэд Зайсан толгойн хормойг шуугаад барилга барьчихлаа. Уул нь дархан цаазат газар байх аа. Бас Богд хан уулын хойд хормой, бэл орчмоор 40 гаруй овоо босгочихож. Баахан хадаг яндар хөглөрүүлж, хог тарих боллоо. Модноос уяхаар тасардаггүй, чивчирч шигдсээр байгаад мод үхүүлдэг хадаг гэх нийлэг материал, хийморийн дарцаг гэх эрээн даавууг зулзган модноос зүүж, уяж байгаа нүгэлт үйлдлийг зогсоох хэрэгтэй байна. Тиймээс  байгаль хамгааллын асуудлыг нийгмийн соён гэгээрэп болгохгүйгээр энэ ажил явахгүй нь  гээд байгаа юм.

-Хүмүүс байгаль хамгаалах уламжлалт ёсоо мэдэхгүйгээс элдэв дэг ёс сүүлийн үед зохиогоод байх шиг санагдах юм?  

-Зарим лам нар зөвхөн нэг овоонд таван өнгийн 108 ширхэг хадаг уях ёстой гэх мэтчилэн хувийн бодлоо сүсэгтнүүдэд зааварлаж, тулган шийдэх явдал амьдрал дээр жирийн үзэгдэл  болжээ.  Үүний уршгаар байгаль хамгаалах ажилд ихээхэн төвөг учрах боллоо.

Байгалиа унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, тэнгэр хангайгаа аргадсаар ирсэн өвөг дээдсийн зан заншил, уламжлалт мэдлэг ухааныг эрдэмтэн мэргэжилтнүүдээр харьцуулан судлуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг бий болгон судалгааг нийгмийн ухамсар, иргэдийн оюун ухаанд нөлөөлөн сайтар ухуулан сурталчилж, тайлбарлан таниулах замаар өргөн олны экологийн боловсролыг дээшлүүлэх боломжтой. Ийм нөхцөлд Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны “Байгаль хамгаалах Сан”-гаас “Монгол орныхоо уул овоо, гол усаа хамгаалан, байгальд ээлтэй амьдаръя” олон түмнийг  уриалж  аян  эхлүүлсэн нь цаг үеэ олсон чухал санаачлага юм.

-Байгаль хамгаалал тулгамдсан асуудал болоод байгаа өнөө үед яавал зохистой вэ?

-Ногоон орчин, байгаль хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа ямар байхаас их зүйл шалтгаална. Өвөг, дээдсийнхээ эх дэлхий, тэнгэр эцгээ аргадан хайрлан хамгаалж, тахин шүтэж, хайр ивээлд нь зохицон амьдарч ирсэн өвөг дээдсийн замналаас суралцаж, түүхэн баялаг өв соёл, мэдлэг ухааныг өвлөн, ирээдүй хойчдоо уламжлуулах ажлыг төр бодлогоор дэмжүүштэй. 

Мөнгөнөөс өөрийг бодохоо байсан этгээдүүд өмнөд хилийн дагуух үүд, хаалгаа дэлгэж, эх нутгаа  хайр найргүй тонож байгаа нь Монголын байгаль, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах,    цаашилбал улс үндэстний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхөд хүргэж байна.

Монголын баялагийг тонон, зөөх арваад гарцыг хил дагуу нээлгэхээр оролдож байгаа нь сонор сэрэмжээ дээшлүүлэхийг бидэнд сануулж буй хэрэг. XIX зууны  эцэс XX зууны эхээр  Манж  Чин  улс  “Шинэ  засгийн бодлого” гэгчээ Монголд тулган нэвтрүүлэхийг оролдсон түүхтэй. Тэрхүү бодлого нь  Монголд  хятад  иргэдийг үй олноор оруулж суурьшуулах, хүн амыг хятадчилах, байгалийн эрдэс баялгийг том гүрнүүдтэй нийлж ухаж цөлмөх, Монголыг  манж хятадын засаг захиргааны шууд нэг хэсэг болгох зэрэгт чиглэж байсан түүхийг эргэж харцгаая. Энэ мэтийг анхаарахгүй бол байгаль орчноо хамгаалах нь хий хоосон   яриа болоод замхарна.

-Ингэхэд монголчуудын байгаль хамгаалах өв, уламжлал хэрхэн явж ирсэн бэ?

-“Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн ардын мэргэн үг өөрөө том философи юм.  Бид тэнгэрийн хүчинд залбирч, газар эхдээ шүтэж байж л Монгол хүн дэлхийг эзэгнэх эзэн улсын иргэн болж, цагтаа олон улсын харилцааны бодлогыг тодорхойлж байсан бахархалт түүхтэй. Тэнгэр ивээж, бас гэсгээж чаддаг бүхнийг захирдаг дээдийн дээд хүч юм. Эртнээс бидний өвөг дээдэс айл өрх, овог, отгоороо цагаан эсгий дэвсч, идээ тахил засаж, галын эзэн галайхайгаа баясгадаг зан үйлээ үйлдсээр ирсэн. Бүсээ хүзүүндээ тохож, гараа дээш өргөн сөхөрч суугаад тэнгэрт өчиг өчиж, бие сэтгэлээ засаж, ухаан бодлоо уужруулж, хур бороо, өлзий хишиг хайрлахыг гуйн мөргөдөг. Өндөр тэнгэрийн хайрласан хурын шимээр өргөн дэлхий эх   тэжээгдэн дэлэгнэж, амьтан хүн, араатан жигүүртэн  умдаалдаг энэ хорвоогийн жамыг нүүдэлчид, монголчуудын нэн эртний өвөг дээдэс гүйцэд танин мэдсэн юм.  Үлгэрлэвээс эцэг нь тэнгэр, эх нь дэлхий юм. Энэ хоёрын үр хүүхэд нь хүн төрөлхтөн юм.

Би үүнийг яагаад ингэж тодорхой тайлбарлаад байна вэ гэвэл, “байгаль хамгаалах гэдэг асуудал нь  тэнгэр, газар, хүн гурвын харилцан шүтэлцээт цогц ойлголт юм байна шүү” гэдгийг хэлээд байгаа хэрэг.

-Цаашид хүн болгоны бодож, үр хүүхэддээ захиж байх зүйлд ямар санааг нэмэрлэх бол? 

-Бидний өндөр дээдэс Бурхан Халдун хайрхан, Отгонтэнгэр, Богд Хан уул гээд Монголын нэн эртнээс тахилгат олон хайрхадыг дээдийн дээдээр шүтээнчлэн тахисаар ирсэн. Тэндээ өвөг дээдсээ нутаглуулж ирсэн. Хүн эхээс төрдөг. Үхэхийн цагт байгальдаа шингэдэг. Өвгөдийг оршуулсан газар орныг тайж, тахиж шүтдэг. Хүн, байгалийн хүйн холбоос энэ. Өнөөгийн судалгаанд мэдэгдэж байгаагаар Бурхан Халдун уулыг наанадаж 1200 жилийн өмнөөс монголчууд тахин шүтэж иржээ.Энэ талаар  Ираны нэрт бичгийн хүмүн, төрийн сайд, түүхч Рашид-ад-Дины “Судрын чуулган” бүтээлд “Чингис хаанаас хойш түүний хөвгүүд Чингис хааны их ясыг тавьсан Бурхан Халдун гэдэг дархалсан газрыг (хоригийг) мянгатууд нь хамгаалж байсан... Дурдан буй газарт Чингис хааны хөвгүүдээс Тулуй хаан, Мөнх хааны их яс, бас Хубилай хааны хөвгүүд тэдний овгийнхны ясыг тавьжээ” гэсэн мэдээ бий. Хубилай хааны ач Гамал Хархорумын их вангаар ажиллаж байх үедээ Бурхан Халдун хайрханыг тайж, тахиж байв.

Харин сүүлийн үед төрийн тахилга биш  талхидалт болж хувирсан. Бүхий л дарга, баяд ноёд том том жип унаж, тэднийг дагасан бараа бологсод, даган баясагчид тоос манарган давхисаар тахилгат газар орныхоо хөрсийг талхалдаг, амралт зугаалгатай хольж ойлгодог, хонь ямаа алж дэргэд нь улай гаргадаг, хорхог боодог, архи дарс, алиа цэнгэл хийдэг болж. Гэтэл тахилга гэдэг төрт ёсны, дэг жаягтай тусгай зан үйл юм.

Үүнээс гадна монгол газрын нэрийг төдийгүй монгол хүний нэрийг түвдчилэх бодлогоос бид ангижрах ёстой. Түвдчилэх бодлогыг манж, түвдүүд эрээ цээргүй хийсэн.  Ерөнхийлөгч агсан Н.Багабанди үүнийг эрх зүйн хувьд баталгаажуулсан зарлиг, шийдвэр хүртэл гаргаж байсан ноцтой алдааг одоо засах шаардлагатай.  Монголын уул хайрхад, тэнгэр дээдэс зөвхөн харь тангад түвд хэлээр дүнгэнэлдэхийг “сонссоор залхсан” болов уу. Түвд хэл шидтэй, монгол хэл, монгол үг ид шидгүй гэж үү. Энэ мэтийг хаа хаанаа бодох цаг болжээ.

-Ямар өөрчлөлт хийх ёстой вэ?

-Очирваань уул гээд байх болж. Гэтэл Этүгэнтэнгэр  гэсэн утга төгөлдөр монгол нэртэй  юм шүү дээ. Богд Хан уулыг Дүнжингарав, Цаст Богд хайрханыг Цамбагарав, Өндөр Цагааныг Түдэвтэй гэхчилэн түвд нэр оноон, монгол нэрийг сольж, холиож ирэв. Ренчинлхүмбэ, Мааньт, Бурхант, Буянт Дашинчилэн, Дашваанжил, Дашбалбар, Сэвжидчацал, Хүнцэлцавчил, Пэрэнлэйлхүндэв, Норовлин гэх мэтчилэн  300 гаруй уулын монгол нэрийг түвд болгожээ. Монгол хүний нэр алдрыг түвдчилэх, уул хайрхад, гол ус, нутаг орныг харь тангад ,түвд хэлээр нэрлэхийг болих ёстой. Монголчуудын олон мянган жилийн турш уул хайрхадыг тахиж, шүтэж, хамгаалж ирсэн уламжлал, соёлыг алдагдуулах явуулгыг олон жилийн турш хийсний уршгаар түвд бичгээр, түвд хэлээр бичсэн овоо тахилгын судар, магтаал гэгчийг 18-19-р зуунд зохиосон. Түүнийгээ лам нараар дамжуулан дэлгэрүүлсэн. Тийм л учиртай юм.

-Тухайлбал?

-850-900-аад оны үед ан гөрөөс элбэгтэй Бурхан Халдун уулыг урианхай аймгийн тэргүүлэгч Шинчи баян урианхай хүмүн тахин шүтэж байсан тухай мэдээ баримтыг “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг. Түүнээс гадна ихэс дээдсээ онголсон газар буюу Ихсийн газрыг хаврын улиралд идээ, архитай тахиж, хишиг түгээж байсан тухай бичиж үлдээжээ. Эртний уламжлалыг Чингис хааны үед нийт Монголчуудын дагаж мөрддөг уламжлал, заншил болгон хэвшүүлсэн нь өнөө бидний үед ч түгээмэл зан заншил болон хадгалагдаж байна.

Бид саяхан Бурхан Халдун хайрхан өөд элдэв улсыг гаргахгүй байлгах, хамгаалах ажлын хүрээнд алсаас очиж мөргөж, залбирах ажлын эхний шанг татлаа. Цагаан арал гэдэг сайхан газарт Хараа ихт алаг сүлдийг бүтээн залсан. Үүнээс хойш монголчууд тэр л газраас их хайрхандаа залбирч байх нь зүйтэй.

-Эцэст нь  хурлын талаар асуухад үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хурал  2014 оны зургадугаар сарын 05-нд  БОНХЯ-ны Цэнгэг ус, байгалийн  нөөцийн төвд болсон. Хурлыг БОНХЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал М.Хүрэлсүх нээж, бид удирдаж хийлээ.

-Ямар сэдвүүдийг хамруулсан бэ?

-“Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, тахилгат газруудын байгаль хамгаалалын тулгамдсан  асуудал” үндсэн илтгэлийг би тавьсан. Монголчуудын байгаль хамгаалах төрт ёсны уламжлал илтгэлийг Монгол Улсын гавьяат багш,  хууль зүйн шинжлэх ухааны доктор,  профессор  О.Амархүү, “Экологизм” илтгэлийг  социологийн ухааны доктор Ц.Эрдэмт, “Ногоон орчин, байгаль хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа” сэдвээр БОНХЯ-ны ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргал илтгэл тавьж хэлэлцүүллээ. Монгол орны тахилгатай газруудыг хамгаалах арга замын тухай асуудал сэдвээр  Чингис хаан Дээд сургуулийн багш, доктор, профессор  О.Сүхбаатар, Монгол аман зохиолд  туссан байгаль хамгаалах  үзэл санаа илтгэлийг  соёл судлаач, доктор А.Алимаа, Байгаль хамгаалах ёс зүй сэдвээр МУБИС-ийн багш, доктор У.Эрдэнэтуяа, Байгаль хамгаалах монгол зан заншил илтгэлийг БШУЯ-ны Монгол судлалын сангийн захирал, доктор Д.Мөнх-Очир, Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт мэдлэг ухаан илтгэлийг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант   П.Чүлтэмсүрэн, Буддын шашны овоо босгох, уул хайрхадыг тайж тахих ёс илтгэлийг Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Даваасүрэн, Хүн байгалийн шүтэлцээ ба Бурхан Халдун хайрханы тэнгэрийг бөөгийн зан үйлээр тахихын учир илтгэлийг Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн хүндэт Ерөнхийлөгч, Алтан гадас одонт төрийн  зайран, яруу найрагч Д.Бямбадорж, Байгаль хамгаалал ба мухар сүсэг далд үзэгдэл судлаач, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, доктор Б.Галаарид, “Ус уух ёс сахих” Монголчуудын зан заншил илтгэлийг Бөө судлаач Д.Бадарч, Монгол орны томоохон хайрхадыг тахин шүтэхийн учир илтгэлийг Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн зайран, “Алтайн өв, соёл, байгал хамгаалах төв”-ийн тэргүүн Э.Буянбадрах, Монголчуудын уламжлалт овоо тахилгын дэг ёс, хорио цээр илтгэлийг Р.Галбаяр, Дархан цаазат Богд уулын  тахилгат овоо хайрхадыг ариусган хамгаалахуй илтгэлийг Дагшин байгалийн андууд ТББ-ийн тэргүүн Л.Ганбаатар нар тавьж хэлэлцүүлсэн. Түүнээс гадна монголчуудын түүхэн уламжлалыг судлах, залуу хойч үеийнхэнд сурталчлах зорилгоор бид МҮОНР-д монголчуудын түүх соёл, монгол бахархал, байгаль хамгаалах өв уламжлал, соёлын талаар хэд хэдэн удаагийн нэвтрүүлэгт оролцоод байна.

-Байгалиа ашиглах биш, харин шүтээн болгон  шүтэж байсан тухай манай түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бий. Энэ тухай тодруулахгүй юу? 

-Монголчуудын мөнх тэнгэрийн үзэл-эртний дорно дахины домог зүйд тулгуурлан Бүртэ-чинын удмынхан тэнгэр язгууртай, мөнх тэнгэрийн ивээлээр төрж, төр улсаа мандуулах ид шидтэй, тэнгэрийн элч учраас юунд ч дийлдэшгүй хүчтэй, тэнгэртэй зөвхөн тэр л харилцаж, одоо болон ирээдүйн хэргийг шийднэ гэж үзэж байсныг түүх гэрчилдэг.

Их эзэн Чингис өөрийгөө тэнгэр гаралтай, тэнгэрийн хүчээр их үйл бүтээж байгаа гэдэгтээ гүн итгэж, тэнгэрт мөргөн залбирч байхад: тухайлбал, Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан тэнгэр эцэгтээ өчил өргөхдөө:

Эрэмгий сайнаараа

Эзэн эс боллоо би

Эцэг тэнгэрээс заяатай боллоо би.

Гайхамшигт сайнаараа

Хаан эс боллоо би

Хан тэнгэр эцгээс заяатай боллоо би гэж айлдсан шүү дээ. Тэгвэл тэнгэрийн зарлигийг дагах нь аугаа их ёс, нэр төрийн хэрэг мэт байв. Бид нэг талаас хүрээлэн буй орчин, ан амьтан, жигүүртэн шувууд, ургамал цэцэгсийг хүртэл энэрэн хайрладаг өвөг дээдсийн  нигүүлсэнгүй сэтгэлгээ, дээдийн дээд ёс зүйг үр хойчдоо сэргээн өвлүүлэх хэрэгтэй. Газрын хөрсийг шархлуулахгүйг хичээдэг, буурь бууцаа цэмцийтэл цэвэрлээд нүүдэг чинь өөрөө монгол ёс юм. Нөгөө талаас өнөөгийн хүн төрөлхтний эх байгалиа хамгаалах ухааррал, байгаль хамгаалах ёс зүйн чиг хандлагатай хөл нийлэн алхахын аль алиныг нь өнөөдрөөс эхлэн бодож эхлэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 40 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 25 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 57 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин