П.Амгаланбаяр
Энэ удаагийн “Боловсрол-хөгжил” буландаа Ховд аймгийн 12 жилийн лаборатори нэгдүгээр сургуулийн захирал У.Саруулзаяаг урьж ярилцлаа. Тэрбээр боловсролын байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж байна.
-Хими, биологийн багш мэргэжилтэй гэсэн. Ажлын гараагаа хаанааас эхэлж байв?
-Ховд дахь Багшийн дээд сургуулийг 1989 онд биологи, химийн багшаар төгссөн. Сургуулиа төгсөөд өөрийн хүсэлтээр аймгийнхаа Цэцэг суманд ажиллахаар зорьсон. Тэгээд Цэцэг сумынхаа ерөнхий боловсролын сургуулиас ажлынхаа гарааг эхэлж, долоон жил ажилласан байна. Дараа нь 1995 онд аймгийнхаа төвийн 12 жилийн лаборатори нэгдүгээр сургуульд хими, биологийн багшаар ажилласан. Тухайн үед тус сургуулийн маань багш н.Гомбо гэж хүн намайг сумаас ирснийг мэдээд урьж ажиллуулж, миний хоёр дахь ажлын гарааг тавьсан. Би Ховд аймгийнхаа Цэцэг сум болон лаборатори нэгдүгээр сургуульд сурч 10 жилээ дүүргэсэн. А үсэг заалгасан сургуулиасаа ажлын гараагаа эхлүүлж, нэгд нь одоог хүртэл ажиллаж байгаа нь бэлгэшээлтэй санагддаг.
-Лаборатори нэгдүгээр сургуулийн захирлын ажлыг хүлээж аваад ямар ажлууд хэрэгжүүлсэн бэ?
-Ховд аймгийн 12 жилийн лаборатори нэгдүгээр сургуулийн захирлын үүрэгт ажилд 2013 онд томилогдоод ажиллаж байна. Манай лаборатори нэгдүгээр сургуулиас нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал гэсэн олон алдартан төрсөн. Өдгөө 70 мянга орчим хүүхдийг амьдралын гараанд нь хүргэж, төгсгөсөн байна. Мөн улсын хэмжээнд БШУЯ-наас гарч буй бодлого, баримт бичгүүдийг туршиж, бусдад түгээхэд гүүр болдог 41 лаборатори сургуулийн нэг гэдгээрээ онцлог. Би биологи, химийн багш мэргэжлийг эзэмшсэндээ их баярладаг. Чөлөөт цагаараа мод, цэцэг тарих дуртай. Анх лаборатори нэгдүгээр сургуулийнхаа захирал болоод ажилчид, багш нараараа мод тариулахад анх дургүйцдэг байсан ч одоо сургуулийн хамт олон маань цэцгээ тарьж, зөв сайхан арчилдаг болсон. Мөн хашаандаа сайхан амьдарч ногоо, модоо тарьж байна. Ер нь бэрхшээлийн цаана дандаа боломж байдаг гэж хардаг.
-Лаборатори нэгдүгээр сургууль “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөлд хамрагдсан. Төслийн хүрээнд ямар үр дүнгүүд гарсан бол?
-Эко сургуулиудад түшиглэж, ногоон байгууламжийг илүү түгээх зорилготой “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл үйл ажиллагаа явуулж байгаа. Манай сургууль 2004 оноос хамтарч ажилласан. Анх Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Тэр үед би сургуульдаа биологийн багшаар ажилладаг байсан. Сургуулийнхаа хамт олонтой хамтраад ногоон байгууламжийг бий болгохын тулд худагны төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мөн манай сургуулийн эко зөвлөл эрчим хүчээ хэмнэе төслийг хэрэгжүүлснээр шар гэрлийг цагаан гэрэл рүү шилжүүлж, эдийн засгийн хэмнэлтийг сургууль дээрээ гаргаж чадсан. Ус хэмнэх үүднээс “Ус уйлж байна” төслийг хэрэгжүүлж үр дүнд хүрсэн. Эко гэдэг бол зөвхөн ногоон орчин биш.
Хүмүүсийн хэрэглээний соёл, эдийн засаг, байгальд үзүүлэх эерэг нөлөөлөл юм. Ерөнхийлөгчийн тэрбум мод аяны хүрээнд мод тарьж, арчлах талаар иргэд, эцэг эхчүүд рүү чиглэсэн ажлыг явуулж байна. Мөн Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газрын багш н.Наранбаттай хамтарч зүүн аймагт ургадаг тэсмэг, моносыг нутагшуулж, сургуулийнхаа орчинд тарьж нутагшууллаа. Түүнчлэн цар тахлын үед хосолсон сургалтын кабинет байгуулснаар цахим, танхимаар хичээллэх боломжийг бүрдүүлж чадсан. 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх, ажлын бэлтгэлийг хангаж монгол бичгийн өргөөтэй болж, үйл ажиллагаагаа явуулж байна.
-Багш нараа чадавхжуул, хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
-Лаборатори нэгдүгээр сургууль хичээлийн хоёр байртай. Мөн 90 гаруй багш, 30 гаруй ажилтан, 20.200 орчим сурагчтай. Манай аймагт улсын багшийн салбар “Ховд” их сургууль багш нарыг бэлтгэдэг учраас багшлах боловсон хүчин хангалттай бий. Багш нар маань өөрсдийгөө хөгжүүлэхээс гадна бусад сургуулиа түүчээлэн мэдлэг чадвар, арга зүй, туршлагаа хуваалцах гол үүрэг хүлээдэг. Тиймээс манай сургуулийн багш нар багаар ажиллаж, БШУЯ, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран багш нараа чадавхжуулах тал дээр сургалт зохион байгуулж ирсэн.
-Боловсролын байгууллагад олон жил ажилласан хүний хувьд юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэж хардаг вэ?
-Хүн бүр математикч, эрдэмтэн болох албагүй. Гэхдээ бүгд аав ээж болно. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдээ зөв төлөвшил, хүмүүжилтэй болгох хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлэх чадвартай, ахмад, үе тэнгийнхнээ хүндэлдэг, биеэ зөв авч явах төлөвшлийг дунд сургуульд суулгах хэрэгтэй гэж боддог. Тухайн хүний суурь боловсролыг тавьж байгаа учраас зөв хүн байх төлөвшлийг суулгах нь бидний нэг үүрэг. Тиймээс хөгжмөөр бол аялгуу, хөг эгшгийг нь зөв тааруулах хэрэгтэй гэсэн үг.
-Та олон жил сургуулийнхаа захирлаар ажиллажээ. Удирдагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Хамт олондоо сэтгэл зүрхээ зориулан, итгэлийг хүлээж, нэгэн түвшинд байж чадвал удирдагч хүнд байх ёстой төлөвшил байх. Хэрэв би захирал, хүмүүсийг захирах ёстой гэсэн хандлага бол удирдагч хүний хамгийн сөрөг зан гэж боддог. Хамтран ажиллаж байгаа багш нар, сурагчид, байнга дэмждэг эцэг эхчүүд, үе үеийн төгсгөгчдөөрөө бахархаж, гоёх дуртай. Нэг нэгнийгээ үргэлж дэмжиж, сайхнаар хөглөж байдаг хамт олноороо үргэлж бахархдаг. Багшаар ажиллаж байсан цаг хугацаа миний амьдралын дурсамж дүүрэн мөчүүдийн нэг. Багш мэргэжлийн сайхан нь шавиараа гоёх. Би хоёр жилийн өмнө хүнд өвдсөн байхад шавь нар маань төгсөлт төгсөлтөөрөө ирсэн байхыг хараад их баярласан. Шавь нараараа үргэлж бахархаж, эрч хүч, урам авдаг. Ховд аймаг 25 ерөнхий боловсролын сургуультай. Үүний хамгийн ууган сургуулийнхаа нэгэн үеийн түүхийг бичилцэж яваадаа баяртай байна. Ирэх жил лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ой тохионо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 152 (6884)