С.САРУУЛ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш манай улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалаас хүлээж буй үр дүн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хамтарсан мэдэгдэл хийж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн. Өнгөрсөн 2021 онд манай улс тус байгууллага дахь гишүүнчлэлийнхээ 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, нэгэн жарны хамтын ажиллагааныхаа ололт амжилтыг дүгнэн, цаашдын зорилго, зорилтуудаа тодорхойлсон.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришийн энэ удаагийн айлчлал нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхцаж байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Манай улс хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. Монгол Улс 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан нь олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг энд онцлон дурдмаар байна. 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал гэж үздэг. Мөн Зүүн хойд Азид итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг 2013 онд дэвшүүлсэн" гэв.
Эх сурвалж: www.polit.mn