Р.ОЮУН
Энэ жил их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна. Энэ хуралд 14 орны 54 монголч эрдэмтэн, судлаач оролцож таван салбар хуралдаанаар 155 илтгэлийг танилцуулж буй. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн билээ. Тэрбээр “Монгол төрийн бодлогод Чингис хаан судлал чухал байр суурь эзэлдэг. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Монгол Улсын төрөөс “Чингис хаан бие даасан судалгааны төв” байгуулсан.
Мөн Чингис хаан музей удахгүй үүдээ нээнэ. Энэ хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, Чингис хаан судлалын олон улсын хурлыг гурван жилд нэг удаа зохион байгуулахыг санал болгож байна. Үүний сацуу их хааны төрсөн газар аялал жуулчлалын төв байгуулахаар төлөвлөн үйл ажиллагаа эхлээд явж байна. Чингис хаан болон түүний үйл хэргийг хэдий чинээ олон эрдэмтэн, мэргэд сонирхож судална төдий чинээ монголчууд бидний түүх дэлхий дахинаа танигдах учиртай. Эзэн богд Чингис хааны дэлхий дахинд үлдээсэн агуу их өв олон зуун жил дамжин үргэлжилсэн түүхэн үйл хэргийн талаарх судалгааг нэгэн шатаар ахиулахад энэ удаагийн олон улсын хурал үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэсэн юм. Мөн тэрбээр улсын баяр наадмын нээлтийн үер өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд их эзэн Чингис хааны хөргийг хоймортоо залахыг уриалж байв.
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ”
III салбар хуралдаан СУИС-ийн Оюутан театрт “Монголчуудын соёлын ертөнц” сэдвээр үргэлжилж байна. Энэ үеэр СУИС-ийн тэргүүлэх профессор, доктор /Sc.D/, профессор С.Дулам “Их Монгол Улсын төрийн ёслол тусгаар тогтнолын бэлгэдэл болж бүрэлдсэн нь”, СУИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор Э.Сонинтогос, СУИС-ийн Чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн хорооны дарга, доктор /Ph.D/, дэд профессор Д.Одсүрэн нар “Монголын залуучуудын үнэт зүйлсийн чиг баримжаа, хандлага”, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга, доктор /Ph.D/, дэд профессор Ж.Эрхэмтөгс Соёлын бодлогын инновац ба тогтвортой хөгжлийн зорилтууд, “Хөгжлийн шүтэлцээ” ТББ-ын судлаач, доктор /Ph.D/, дэд профессор Х.Дондог “Монгол соёл иргэншлийн язгуур тогтолцоо, түүний онцлог, тогтвортой хөгжлийн асуудалд”, ШУА-ийн харьяа Түүх, угаастны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгч, доктор Н.Маралмаа “XIII зууны төрийн сүлд, түүний судалгааны тухай” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.
"ЛУВСАНВАНДАН СОЁЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛСАН НЬ ЭНЭ САЛБАРТ ОРУУЛСАН ТҮҮХЭН ГАВЬЯА"
Мөн энэ үеэр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, доктор /Sc.D/, профессор Сономын Лувсанванданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хуралдааныг нээж СУИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор Э.Сонинтогос хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан олон улсын монгол судлалын хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор С.Лувсанванданы 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралдааныг нээж үг хэлэх болсондоо баяртай байна. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, олон шинжлэх ухааны жим мөрийг татсан эрдэмтэн, соён гэгээгүүлэгч, шинжлэх ухааны гарамгай зохион байгуулагч, олон улсын монгол судлалын нэрт зүтгэлтэн, соёл, урлаг судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, бүтээлч нэгэн байлаа. С.Лувсанвандан Монголын шинжлэх ухаан, соёл гэгээрлийн үйл хэрэгт гарамгай амжилт гаргаж ухамсарт амьдралаа зориулсан оюунлаг хүмүүн төдийгүй тухайн үеийнхээ улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй бөгөөд нөлөөтэй оролцдог төр, нийгмийн зүтгэлтэн байсан.
Мөн Монголын соёл, урлаг судлалын салбарт том жим үлдээсэн юм. Тэрбээр энэ салбарыг бүхэлд нь тогтолцоонд нь харж чадсан. Жирийн эрдэм шинжилгээний ажилтнаас салбарын сайд хүртэл ажилласнаар соёл, урлагийн салбарыг тогтолцоонд нь хөгжүүлэх бодлогыг тодорхойлох боломжийг олж харсан. Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд, Соёлын сайдын үүргийг гүйцэтгэж байхдаа соёл, урлагийн салбар цогцоор хөгжихөд соёл, урлагийн байгууллагын хөгжил болон эдгээрийг зангидсан хүрээлэн байх ёстой гэдгийг ухаалгаар харж Соёл, урлагийн хүрээлэнг үүсгэн байгуулсан. Энэхүү хүрээлэнг үүсгэн байгуулсан нь түүний энэ салбарт байгуулсан түүхэн гавьяа билээ. 1980-аад оны үеэс эхлэн ШУА-ийн тэргүүлэгчдийн газар, Соёлын яамны коллеги, МАХН-ын Төв хороонд соёл, урлаг судлалыг хөгжүүлэх бие даасан хүрээлэн байгуулах талаар олон удаагийн тайлан, илтгэх хуудсыг уйгагүй бичсэн байдаг. Итгэл үнэмшлээ бусдад хүргэж чадсан учраас хүрээлэн байгуулж чадсан юм.
Соёл, урлагийн талаар төрөөс баримтлах бодлого, соёл, урлагийн байгууллагууд соёл, урлагийн судалгааг харилцан уялдаатайгаар хожмын бидэнд чиглүүлэн үлдээсэн. Тиймээс эдүгээ шинжлэх ухааны байгууллагууд зөвхөн суурь судалгаанд тулгуурлах биш практик болон хэрэглээний судалгааг онцгой анхаарах болсон. С.Лувсанвандан Монголын соёл, урлаг судлалын салбарын судалгааны суурийг тавьж, бодлогыг тодорхойлж жим мөрийг татаж, зам мөрийг чиглүүлж өгсөн. Монголын соёл, урлаг судлалыг нийгэм, хүмүүнлэгийн бусад шинжлэх ухаантай харьцуулахад харьцангуй залуу шинжлэх ухаан” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)