Хүрч чадаагүй оргилдоо шавиа хөтөлсөн дасгалжуулагч

2022-08-08
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Ачит төрийнхөө далбааг алдар нэртэйгээ  өргүүлж

Алаг сайхан нүдэндээ баярын нулимстай зогссон

Та бидний итгэлийг алдаагүй

Тамирчны ялалт хямдхан олдоогүй......

Тийм ээ тив, дэлхийн дэвжээнд баяр, гунигийн нулимстай зогсох олон тамирчин, дасгалжуулагчдын амжилт  хямдхан олдоогүй. Тэдний амжилтын ард олон жилийн хүч хөдөлмөр, бэлтгэл, цаг хугацаа, бэрхшээл бий. Тамирчны энэ л замналаар алхаж, тив дэлхийд эх орныхоо далбааг мандуулсан Гавьяат тамирчин, дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Одыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрбээр “Хилчин” спорт хорооны жүдо бөхийн ахлах дасгалжуулагч, дэд хурандаа цолтой билээ.

 

МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН ГИШҮҮН

Шавь нарын хамт.

1988 он бол гавьяат дасгалжуулагч Ч.Машбат Монголд эмэгтэй самбо, жүдо бөхийн шигшээ багийн суурийг тавьж байсан үе. Тэр үед Соёл, амралтын хүрээлэнд  цагаан хувцастай охид жүдогийн үзүүлэх тоглолт хийж байхыг Х.Эрдэнэт-Од анх харжээ. Хоорондоо барилдаж, нэгнийгээ авч шидэх нь их сонирхолтой санагдаж. Эхэндээ тэрбээр энэ нь жүдо бөх гэдгийг мэдэхгүй байсан гэдэг. Гэвч түүнд таалагджээ. Учир нь Х.Эрдэнэт-Од багаасаа  спортоор хичээллэх дуртай хүүхэд байжээ. Тиймээс хичээл эхлэнгүүт жүдо бөхийн дугуйланд бүртгүүлж, 13 настай охин спортын замналаа эхлүүлсэн байна. Тэрбээр өмнө гимнастикаар хичээллэдэг байсан нь жүдод хөл тавихад  түлхэц болжээ.  Энэ тухайгаа “Намайг таван настай байхад Москвагийн олимп болж байсан үе санагддаг юм. Тэр үед зурагтаар  хоёр эгч  дамнуурга дээр үсрээд, харайж байхыг харсан.  Тэгэхээр нь гэрийнхээ хоёр хананы дундах утсан дээр харайсан чинь  зурагтныхаа залгуурыг салгаад хэрэг тарьж байлаа. Хэдий нас бага байсан ч хүүхэд насны минь энэ дурсамж сэтгэлд тод байдаг. Энэ цаг үеэс би спортод татагдаж эхэлсэн гэж боддог” гэв. Ч.Машбатын хувьд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн анхны дасгалжуулагч бөгөөд гадаад хэлтэй байсан учир бусад улсын туршлагыг  сайн судалсан байжээ.  Мөн жүдогийн цагаан толгой буюу таван бүсийн  ангиллаар  эмэгтэй жүдогийн суурийг зөв сургалтаар эхлүүлснийг шавь нь онцолж байлаа.

Тухайн үед интернэт хөгжөөгүй учир хүүхдүүд спортоор хичээллэх дуртай байжээ. Эмэгтэй жүдогийн хувьд нэг л дугуйлан хичээллэдэг байсан учраас ирсэн хүүхдүүдээс шалгалт авч оруулдаг байж. Одоо бодоход нэлээд өндөр шалгууртай  байж гэж Х.Эрдэнэт-Од гавьяат онцолж байсан юм. Түүний хувьд тус дугуйланд олсонд авирч, турникэнд тав сунайж, гэдэсний таталт хийж байж тэнцжээ.

 

СПОРТЫН ТӨВ ОРДНЫГ ЭЗЭГНЭСЭН ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУД

 

Х.Эрдэнэт-Од долоон хүүхэдтэй айлын бага нь. Багасаа л биеэ даасан хүүхэд байсан гэнэ. Мэдээж жүдо бол халз тулааны спорт, тамирчнаас их тэвчээр шаарддаг. Х.Эрдэнэт-Од  хичээллэж эхэлснийхээ дараа хөлөө гэмтээж, бүрэн эдгэрэлгүй 18 жил болжээ. Хэдий түүнд алхаж чадахгүй үе байсан ч доголсон хэвээр  бэлтгэлдээ очдог байж. Энэ нь түүний спортод хайртай сэтгэл, шантрашгүй тэсвэр тэвчээр, тууштай байдал  олон амжилтынх нь эхлэл болсон нь гарцаагүй.

1990 онд нийгэм хямарч, хүнд хэцүү цаг хугацаа өрнөсөн үе байсан. Дэлгүүрийн лангуу хоосон, картын бараа авдаг байв. Энэ үед  ихэнх хүн зах дээр гарч зарим нь ганзага үүрч амьдралаа залгуулж явсан үе. Нийгмийн энэ хүнд цаг үе 3-4 жил үргэлжилсэн ч түүний амьдралд гэрэл гэгээ нэмж, ирээдүйг нь тодотгодог зүйл нь жүдо байсныг онцолсон юм. Зуны амралт болохоор Спортын төв ордонд бэлтгэл хийх хүүхдүүд цөөрч цөөхүүлээ, багшгүй бэлтгэлээ хийдэг байж. Заримдаа бүр хоёулаа болно. Түүний нэг нь гавьяат тамирчин С.Дашдулам байв. Тухайн үед Спортын төв ордны жижүүрээр Том Санжаа гэдэг өвөө ажиллаж заалнуудыг хариуцдаг байж. Заалнууд бүгд онгорхой. Заалнууд цоожгүй учраас дуртайгаа сонгож бэлтгэлээ хийж, нэг хэсэг Спортын төв ордны эзэн шиг байсан тухайгаа дурсамж дэлгэн ярьж байсан юм. Х.Эрдэнэт-Од С.Дашдулам найзтайгаа өдөр бүр бэлтгэл хийдэг байж. Тэд эхлээд гүйнэ, дараа нь самбо, чөлөөтөөр барилдана. С.Дашдуламын хувьд +72 кг, харин Х.Эрдэнэ-Одын хувьд 50 кг жинтэй. Хэдийгээр том, жижиг  биетэй ч  бие биеэ дасгалжуулж, бэлтгэлийн явцад хэн нь ч бууж өгдөггүй байсан гэнэ. Харин хичээл эхлэхээр бэлтгэлд ирэх хүүхдүүдийн тоо их болдог байжээ.

 

ОЛИМПЫН ДЭВЖЭЭГ ЗОРЬСОН 17 НАСТАЙ ОХИН

 

1990-ээд оны эхэн, дунд үед манай улсад эмэгтэй самбо, жүдо бөх үүсээд удаагүй байсан учир  нэрэмжит тэмцээнүүдийг байнга зохионо.  Хичээллээд хэдэн сарын дараа анхны тэмцээндээ ороод дэвжээн дээр гараад, бууснаа л санадаг гэв. Харин  хоёр дахь тэмцээнээс анхны хүрэл медалиа авч  амжилтын замналаа эхлүүлжээ. Түүнээс хойш Монголд болсон тэмцээн бүрээс медаль атгадаг болсон гэнэ. 1991 онд ААШТ-д Монголын жүдогийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг анх удаа  оролцож байсан  түүхтэй. Ийнхүү Х.Эрдэнэт-Од 16 настайдаа ААШТ-д зодоглохоор арлын Японыг зорьсон байна. Тэд Эрээн, Бээжин хүртэл гарт тэргээр явж тэндээсээ Япон руу онгоцоор нисжээ. Х.Эрдэнэт-Од хүрэл медалийн төлөө Ардчилсан Солонгосын тамирчинтай таарчээ. Барилдаан эхлээд удаагүй өрсөлдөгчөө нэг дугтраад өндийхөд нь хөмрөө мэх хийгээд унахдаа, элэг рүүгээ цохиулжээ. Тэр үед амьсгал нь түгжирч, яаж үргэлжлүүлж барилдах уу хэмээн бодсон ч аль хэдийнээ ялалт байгуулсан байв. Энэ барилдаан түүнд хэзээ ч мартагдахаар дурсамж үлдээсэн гэнэ. Тухайн үед ААШТ-ээс Монголын эмэгтэй шигшээ багаас  гурван хүрэл медаль хүртжээ. Түүний нэг нь хамт бэлтгэл хийдэг байсан С.Дашдулам болон Л.Бадамсүрэн нар байжээ.

Ийнхүү тэрбээр 1992 оны Барселоны олимпод зодоглох эрхээ авч, 17 настай хүсэл мөрөөдлөөр дүүрэн охин, олимпын наадамд барилдахаар анх зорьсон түүхтэй. Тэрбээр эхний тойрогт 48 кг жингийн хүчтэй тамирчин, дэлхийд таван удаа түрүүлсэн жүдочтой таарчээ. Тухайн үед өрсөлдөгч нь 30 настай байж. Тухайн бөхийн хувьд хөлөөрөө жийгээд давуулж шидээд, тэндээсээ шууд даралт авдаг, энэ мэхээрээ олон барилдаанд ялсан туршлагатай нэгэн байв. Х.Эрдэнэт-Од өрсөлдөгчтэйгөө барилдаж цаг дуусах алдад дархан мэхэнд нь ялагджээ. Гэхдээ багш нь түүнийг “Манай Эрдэнэт-Од  жийж давуулахад нь цэвэр унаагүй, даралтад нь ороод гарсан” хэмээн урам өгч байсан гэв. Спортод хэн нэг нь ялж, нөгөөх нь ялагдах дүрэмтэй. Гэхдээ барилдааны явцад хэн нь сайн тэмцсэн бэ гэдэг нь чухал гэдгийг Х.Эрдэнэт-Од хэлж байсан юм.

Тамирчид зусланд  бэлтгэлд гарч байхад нэг хүн дүүдээ мэх зааж байхыг нь харжээ. Хажууд нь очиж дагаж хийсээр байгаад сурсан нь нөгөө жийж давуулах мэх нь байсан гэнэ. Энэ мэх нь түүнийг олон ялалтад хөтөлсөн дархан мэх нь болсон түүхтэй. Мөн гавьяатын хувьд хөмрөө, тонгороо мэхэнд уран байсан билээ. Тэрбээр хамгийн эхэнд бөх хүн мэх сайтай байх ёстойг хэлж байсан юм. “Барилдааны явцад тухайн тамирчны биеэс шалтгаалж мэхээ хийдэг.  Тамирчин хүнд судалгаа их чухал. Бидний үед бусад орны бөхчүүд хэрхэн барилддаг талаарх бичлэгийг тэр бүр үзэж чаддаггүй байсан. Гэхдээ бүх тамирчны барилдааныг бичиж чаддаггүй байж. Тиймээс тэр бөхийг ямар мэх хийж байсныг барилдааны явцад тогтоож авдаг байлаа. Одоо бол хүссэн тамирчныхаа бичлэгийг үзэж, алхам тутмыг нь харах боломж бүрдсэн. Тиймээс  спортын хөгжилд техник технологийн хурдтай хөгжил  эерэгээр нөлөөлж байна” гэж Х.Эрдэнэт-Од гавьяат хэлсэн юм.

 

ОЛОН ТАМИРЧНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛСӨН ДАСГАЛЖУУЛАГЧ

 

Х.Эрдэнэт-Од нь  жүдо бөхөөр спортын замналаа эхлүүлснээс хойш улсын аварга шалгаруулах тэмцээнд олон удаа түрүүлж, Ази тивийн хошой аварга, дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр олимпод дөрвөн удаа оролцсон Монголын жүдо бөхийн анхдагч, хүчтэй тамирчдын нэг. Х.Эрдэнэт-Од 2008 онд Бээжингийн олимпод  оролцоод, зодог тайлсан билээ. Энэ тухайгаа “Одоо бодоход тухайн үед 20 жил бэлтгэл хийсэн учраас бие ядарсан байснаа ойлгосон. Гэхдээ сэтгэл зүйн  хувьд олимпоос медаль авчих юмсан гэсэн тэмүүлэл оргилж байсан. Тухайн үед зодог тайлахдаа харамсаагүй ч хүссэндээ  хүрч чадсангүй дээ гэсэн бодол төрж байсан” гэлээ. Бээжингийн олимпод түүнтэй эхний тойрогт таарсан бөх нь олимпын аварга болсон түүхтэй.

Х.Эрдэнэт-Од зодог тайлсныхаа дараа буюу 2008 оны сүүлээс  2019 он хүртэл шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Гавьяат тамирчин О.Балжинням,  З.Баттулга, Ш.Цэвэлмаа, Г.Дашдаваа гэсэн чадварлаг дасгалжуулагчтай нэг баг болж ажиллаж байснаараа бахархаж байсан юм. Тэд хамтын ажиллагааны дүнд олон улсын тэмцээнээс 900 гаруй медаль хүртжээ. Х.Эрдэнэт-Од шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа олон тамирчныг амжилтад хөтөлж, жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Өөрөө олимпоос медаль авч чадаагүй ч 2016 онд түүний шавь гавьяат тамирчин Д.Сумъяа олимпын мөнгөн медалийн тавцанд эх орныхоо далбааг мандуулж чадсан билээ. Тэрбээр “Багшийн ажлын ихэнх нь судалгаа байдаг.  Тамирчдынхаа  барилдааны бичлэгийг  үзээд юун дээр  алдаж байна.  Ямар мэхийг нь сайжруулах вэ, ямар хөдөлгөөн дутуу байна гэдгийг хардаг” гэсэн юм. Тамирчин, багш хоёрын ойлголцсон хамтын ажиллагаа чухал аж. Түүний хувьд өөрийгөө барилдаж байх үедээ юун дээр алдаж байсан түүн дээрээ тулгуурлаж, тамирчидтайгаа ажилладаг байна. Мөн тамирчныхаа сэтгэл зүй дээр илүү анхаардгаа хэллээ. Үүний тулд урам өгч, давуу талыг нь бий болгож, өөрт нь итгэл өгөхийг зорьдог аж.  Орчин үеийн  спорт зөвхөн багш, тамирчны ажиллагаа биш болсон. Шилдэг тамирчныг бий болгоход спортын сэтгэлзүйч,  хоолзүйч , хүчний багш, эмч гээд олон хүний  хамтын ажиллагаа хэрэгтэйг онцолж байсан юм. Түүнийг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх үед энэ суурь  тавигдаж эхэлжээ. Тухайн үед  Б.Золзаяа гэх  спортын сэтгэл зүйчтэй хамтарч ажилласан нь үр дүнтэй болж, олон тамирчныг амжилтад хөтөлсөн байна.  Тамирчинд сэтгэл зүй маш чухал.  Спортын сэтгэл зүйч гэдэг бие даасан том салбар. Тамирчны сэтгэл зүйтэй ажиллана гэдэг урт хугацааны ажил байдгийг хэллээ .Түүнийг шигшээ багийн багшаар ажиллаж байх үед багшгүй гурван охин шигшээгийн бэлтгэлийн дэвжээний  захад  хоорондоо мэхээ давтаад зогсдог байж. Түүний нэг нь гавьяат тамирчин Д.Сумъяа ажээ. Тэр үеэс  багш шавь болох эхлэл нь тавигджээ. Х.Эрдэнэт-Одыг ажиллаж байх үеийн шигшээ багт М.Уранцэцэг, П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа, М.Бундмаа гэсэн сайн тамирчин олон байсныг тэрбээр тодотгож байлаа. Багш нь шавь нарынхаа талаар П.Лхамдэгдийг “дэлхийн аваргаас медаль авах хэмжээнд барилдах тамирчин байсан. Барилдаан нь надтай төстэй учраас амархан ойлголцдог байсан. Харин М.Бундмаагаа олимпоос медаль авахаар тамирчин байсан гэж боддог. Дэлхийн аваргаас медаль авсан жилээ их сайн байсан. Даанч олимпын өмнө бэртчихсэн. Одоо шигшээ багийн дасгалжуулагч болж  ажил мэргэжлийнхээ жаргал, зовлонг ойлгоод сайн ажиллаж байгаа” гэсэн юм.

 

“Д.СУМЪЯАТАЙ ХАРЦААРАА ЯРИЛЦАЖ БАЙСАН”

 

2016 онд шавь Хөдөлмөрийн баатар Д.Сумъяаг мөнгөн медалийн болзол хангаад дэвжээнээс буухад үнэхээр их баярлаж байсан түүний дүр зураг  спортод хайртай монгол түмнийг огшоосон. Тамирчны замналаар 20 жил алхсан  тэрбээр ялалт, ялагдлын амтыг илүү ихээр мэдэрч ойлгодог нь гарцаагүй биз. Үнэхээр тэр үед олимпоос медаль авах өөрийн зорилгоо шавиараа гүйцээж чадсан билээ. Энэ талаар тэрбээр “Тухайн үед Д.Сумъяагийн хувьд  бие бялдар, нас, бэлтгэл дээд зэргээр бэлтгэгдсэн байсан. Судалгааг ч тултал нь хийсэн. Сэтгэл зүй нь ч  өндөр болсон байсан. Тамирчин хүний амьдралд ийм үе ховор тохиолддог. Тэр нь бүрдсэн тамирчин олимпын аварга болдог байх. Монголоос явахдаа бүх зүйлээ жин тан болгоод очсон. Очоод Д.Сумьяатай би бараг харцаараа ярилцаж байсан. Тэр үед энэ хүнд илүү юм хэлээд хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Сэтгэл санааг нь тайван байлгаад, формыг нь л  хадгалах  хэрэгтэй байсан. Тамирчинтайгаа хэзээ, хаана ярих, хэлж зөвлөх вэ гэдэг их чухал. Гэхдээ юунаас болоод тухайн үед  алдчихав гэж өнөөдрийг хүртэл боддог юм. Одооны өнцгөөс харахад тэр үед биднээс шалтгаалахгүйгээр  гадны нөлөөнөөс болж  сэтгэл зүй тал дээр тэмцээний үед бага зэрэг гэнэ алдсан гэж боддог. Хүмүүс барилдааны талаас хардаг. Гэхдээ зөвхөн барилдаан биш. Олон  зүйлийн нийлбэр цогц байж  оргилд хүрдэг. Д.Сумъяа ч  олимпоос хойш хэдэн жилийн дараа надад “Багшаа би тэр үед л аварга болох байсан байна” гэж хэлж байсан” гэсэн юм.

 

“ШАВЬ НАРТАА БАЙГААГААРАА ҮЛГЭРЛЭХИЙГ ХҮСДЭГ”

 

Х.Эрдэнэт-Од одоо долоогоос дээш насны 30 гаруй хүүхдэд багшилж, Хил хамгаалах ерөнхий газрын 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны жүдо бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Тамирчин байхдаа өөрийнхөө төлөө байсан бол багш болоод бид гэсэн сэтгэлтэй болсон гэдгийг онцолж байсан юм. Долоон настай хүүхэд юугаа ч мэдэхгүй ирээд хэдэн сарын  дараа нэг мэх сурахад нь хүртэл баярладаг аж. Мөн шавь нартаа байгаагаараа үлгэрлэе гэж боддог гэлээ. Чадах зүйлээ зөвлөөд яриад, шаардах  үедээ шаардаад учирлах үедээ учирладаг гэж байсан юм. Гэхдээ спортод багш хатуу байх ёстой гэдгийг хэлж байлаа. Хүүхэд бүр тив, дэлхийн аварга болж чадахгүй ч спортын сайхныг мэдрээд, эрүүл өв тэгш биетэй болгох нь түүний нэг зорилго болжээ. Мөн олон улсад төрийнхөө далбааг мандуулах хүчирхэг тамирчин бэлтгэх түүний зорилго илүү тодоор гэрэлтэж буй нь гарцаагүй биз.

 

“МОНГОЛЫН ЖҮДОЧДЫГ ХҮЧТЭЙ ХЭМЭЭН ТОДОТГОДОГ”

 

Х.Эрдэнэт-Од мөн Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Дэлхийн 200 гаруй оронд жүдо бөх хөгжсөн байдаг.  Олон улсын жүдо бөхийн удирдах зөвлөлд 23 хүн ажилладаг аж. Тэрбээр Монголын жүдо бөхийн холбоотой идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийг онцолж байлаа. Монголын дэлхийд танигдсан брэндийн нэг бол жүдо. Түүнчлэн Монголын жүдочдын ялгарах онцлогийг гадаадынхан “хүчтэй” гэж хардаг аж. Энэ нь түүхтэй холбоотой байх гэдгийг хэлж байсан юм. Х.Эрдэнэт-Од дуртай спортынхоо төлөө амьдралынхаа 20 жилийг зарцуулсан хүчирхэг эмэгтэй. Жүдогүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөхийн аргагүй гэдгийг ч хэлж байсан юм. Х.Эрдэнэт-Од зодог тайлж, багш болсныхоо дараа анхныхаа хүүхдийг өлгийдөн авчээ. Түүний ханийг Б.Шадав гэдэг. Хань маань намайг ойлгож, тусалж дэмждэг учраас дуртай зүйлээ хийж явна гэсэн юм. Одоо тэд гурван  хүүхдийн  аав ээж болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

1 цаг 6 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

1 цаг 16 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

2 цаг 0 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

3 цаг 5 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

6 цаг 33 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

6 цаг 33 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

6 цаг 33 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 33 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

6 цаг 33 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

6 цаг 33 мин