Залуу зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн “Хар авдар” хэмээх түүхэн зөгнөлт номын нээлт маргааш буюу зургаадугаар сарын 17-ны 17.00 цагт Тусгаар Тогтнолын Ордоны “Хүндэтгэлийн танхим”-д болно.
“Хар авдар” түүхэн зөгнөлт зохиол нь бичлэгийн өвөрмөц содон хэлбэр, цэвэр сэтгэмжийн хэв шинжтэй бөгөөд тэс ондоо агуулгатай олон бүлэгт хэсгүүдэд хувааж бичжээ. Тиймээс орчин үеийн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэхүйц бүтээл болсон гэж номын шүүмжлэгчид үнэлж байна. Мөн сэтгүүл зүйн нийтлэлийн илэрхийлэл ч уг номонд шингэжээ.
Зохиолын агуулга нь нэгэн бөөгийн онгод Монголын эзэн хаан Хабулын зарлигийг эс биелүүлж чадсандаа ихэд хилэгнэж, хамаг цусаа хар чулуун авдарт юүлж, эцэг дээдсийн уур хилэн, өшөө хорсол, хилэнт харууслыг хураан нэгэн алтан сахиусанд шингээсэнээрээ ад мөрийн ертөнцийг уншигчийн өмнө нээж байна. Тийнхүү дэлхий ертөнцөд асар их гай гамшиг тарих шидэт хар авдрыг олох эрэлд зүсэн зүйлийн адал явдал, санаанд оршгүй хачирхалтай үйл явдлууд өрнөнө.
Түүхэн зохиол хэдий ч зөгнөлт гэдэг утгаараа хийсвэр, зөн билэгдэлт, ид шидийн, гайхаш төрүүлэм олон ертөнцөөр уншигч таныг аялуулна. Зохиолын дэвшүүлсэн гол санаа нь “Хүмүүс бид энэхүү сав ертөнцөө хэрхэн аврах вэ?” гэсэн гүн гүнзгий асуулгыг тавьж, ирээдүйн гэрэл гэгээ, сайн сайханд итгэн найдаж буйн тухай юм.
Зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн хувьд энэхүү ном нь түүний 6 дахь уран бүтээл аж. Тэрээр өмнө нь “Зүрхэнд дуссан нулимс”, “Цагийн хүрдэн”, “Сэтгэлд жаргасан нар” зэрэг түүхэн туужуудаа уншигчдын гарт хүргэж байжээ. Харин “Чингис хааны дайтахуйн ухаан ба Орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” “Хүчирхэг удирдагч байх ухаан” ном нь хилийн дээс давж Япон болон БНХАУ ӨМӨЗО-д орчуулагдан хэвлэгджээ.