Р.ОЮУН
Энэ удаагийн “Монгол Улсын төлөө” булангаа Багануур дүүрэг дэх Хилийн цэргийн 0252 дугаар ангиас бэлтгэлээ. Учир нь хил хамгаалах байгууллагын анги, салбаруудад хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн хилчин дайчид эх орноо батлан хамгаалах эр цэргийн тангараг өргөсөн. Тэд Монгол Улсын дархан хилийг нэг жилийн хугацаанд сахин хамгаалах хилчин дайчдын төлөөлөл юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Энхтөр, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар, ахмад хилчин, бэлтгэл хурандаа Д.Чулуунбаатар, Багануур дүүргийн ШШГГ, Цагдаагийн хэлтэс, ОБГ-ын дарга, ХЦДБЧ-ын үлээвэр найрал хөгжим болон уран бүтээлчид, байлдагчдын ар гэрийнхэн оролцлоо. Мөн энэ үеэр сургалтын төвийн хугацаанд бусдыгаа манлайлсан дайчид, идэвх санаачилгатай ажилласан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, “Тэргүүний салааны захирагч”-аар нэгдүгээр салаан захирагч, ахмад Батжаргал, “Жагсаалч салаа”-гаар дэслэгч Намбарнанзад захирагчтай хоёрдугаар салаа, хугацаат цэргийн алба хаагчдаас “Тэргүүний байлдагч”-аар Н.Нямхүү, нэгдүгээр салааны байлдагч Х.Ууганбаатар, хоёрдугаар салааны байлдагч Э.Төгөлдөр нарыг үнэ бүхий зүйлээр, “Онц буудагч”-аар хоёрдугаар салааны байлдагч О.Сод-Эрдэнэ, “Тамирчин байлдагч”-аар хоёрдугаар салааны байлдагч Г.Ганзам нар шалгарсан юм.
Энэ үеэр ангийн захирагч, шинэхэн дайчдын ар гэрийнхэн, шинэ байлдагч, ахмад хилчний сэтгэгдлийг сонслоо.
Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар: Хилчин инженерүүдийн яруу алдар бадартугай
-Эр хүн болж төрсний хувьд ховорхон тохиолдох, хэзээ ч дахин давтагдашгүй мартахын аргагүй баярт мөчүүдийн нэг бол эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангараг өргөх торгон мөч, уйдах завгүй цэргийн албаны цаг хугацаа байдаг. Энэ цаг мөчид дайчид маань 49 жилийн түүхтэй, инженерийн гэх тодотголтой Хилийн цэргийн 0252 дугаар ангийн хилчин дайчдын эгнээнд албан ёсоор орж байна. Анги маань 1973 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл улсын хилийн инженерийн хангалтыг тасралтгүй зохион байгуулж эгнээнээсээ олон алдартныг төрүүлсэн дайчин замналтай ангид алба хаахаар сэтгэл шулуудан ирсэн нь бидний бахархал. Цэргийн алба тэр дундаа хилчний алба эр зориг, тэсвэр хатуужлыг цогцлоон эх оронч үзлийг төлөвшүүлж, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, эх орондоо эрдэм мэдлэгтэй иргэдийг бэлтгэх амьдралын их сургууль юм. Хилчин алдрыг эрхэмлэн хадгалж явах нь цаг хугацааны үргэлжлэл болж дархан хилийг манах хүү төрүүлж өсгөсөн, эргэх дөрвөн улиралд эх орныхоо дархан хилийн аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй, хариуцлагатай албанд хүүгээ илгээсэн эцэг эхчүүдэд талархал илэрхийлье. Хилийн тэнгэр цэлмэг байж, хилчин инженерүүдийн яруу алдар бадартугай.
В.Энхманлайгийн аав Д.Владимир: Хүү маань их өөрчлөгджээ
-Хүүгийнхээ тангаргийн баярт оролцохоор Дархан-Уул аймгаас ирсэн. Хүү маань цэргийн албанд ирээд их өөрчлөгджээ. Энэ хүүхдүүдийг харахад бие хаа нь жигдрээд сайхан байна. Одоогоор хүүтэйгээ уулзаж амжаагүй байна. Хүү маань хоёр эгч, хоёр дүүтэй. Ангийн эмч байнга холбоотой байж танай хүү ингэж гүйж, тэмцээнд оролцож байна гэдэг нь бидэнд их таалагдсан. Хүүгээ урдуур алхахад 40 жилийн өмнө ингэж алхаж байснаа бодож өөрийн эрхгүй нулимс гарлаа.
Ахмад хилчин, бэлтгэл хурандаа Д.Чулуунбаатар: Монгол Улсын хил тайван байх болтугай
-Шинэ байлдагчид маань 50 жилийн ойн босгон дээр 50 дахь жилийн түүхийг бүтээхээр хүрэлцэн ирж цэргийн тангараг өргөж амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд ирсэнд ахмад хилчний хувьд талархал илэрхийлье. Монгол Улсын хил амгалан тайван байх болтугай.
Байлдагч Г.Ганзам: Бид элгэн нутгаа хамгаалах цэрэг эрс боллоо
-Эх орныхоо дархан хилийг хамгаалахаар Дархан-Уул аймгаас цэргийн албанд татагдан ирж 49 жилийн түүхтэй инженерийн хэмээх тодотголтой Хилийн цэргийн 0252 дугаар ангид цэргийн жинхэнэ албаа хаах сургалт, бэлтгэлд хамрагдан эр цэргийн тангаргаа өргөлөө. Бид өнөөдрөөс эхлэн аав ээжийн эрх танхил хүүхэд биш эх орны хүү, элгэн нутгаа хамгаалах цэрэг эрс боллоо. Эр хүний бахархал болсон эх орон, торгон хил, сүлдэт баганаа хамгаалах эрхэм хүндтэй албанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх түүхэн хувь заяа бидний өмнө байна. Хилчин хэмээх алдар нэрийг хадгалж явахын тулд халуун нар, хүйтэн салхи, албаны ачааллыг даван туулж, бие, сэтгэлийн хатыг зориг тэвчээртэй байж дарга, захирагч нарынхаа зааж сургаснаар биеэ дайчлан цаашид улам шамдан суралцах болно. Цэргийн албаа нэр төртэй хаасан үе үеийн мянга мянган хилчний залгамж халаа болж анги хамт олон, аав ээжийнхээ итгэлийг дааж албаа нэр төртэй хаахыг нийт дайчиддаа уриалж байна. Хилчин байлдагчиддаа сурч мэдсэн зүйлээ цаашид улам бататган амьдралын их сургууль болсон цэргийн албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Н.Нямхүүгийн ээж н.Пүрэв: Нийт хамт олон, байлдагч нартаа амжилт хүсье
-Миний хүү өнгөрсөн сарын 3-ны өдөр хугацаат цэргийн албанд эх орныхоо дуудлагаар татагдан ирээд 40 гаруй хоног цэргийн эрдэмд шамдан суралцаж өнөөдөр тангаргаа өргөж байна. Үе тэнгийнхнээ түүчээлэн цэргийн албыг өөрийн биеэр хааж байгаа хөвгүүд маань эх орныхоо үнэ цэнийг илүү мэдэрч насан туршдаа дурсах сайхан дурсамжтай халагдана гэдэгт итгэлтэй байна. Бидний хүүхдүүдийг эх орны хүү болгон төлөвшүүлж, хил хамгаалах ариун үйлсэд зааж сургаж байгаа нийт хамт олон, мөр зэрэгцэн алба хааж байгаа байлдагч нартаа цаашдынх нь ажил, амьдралд нь амжилт хүсье.
Эр хүн та уяралт сайхан ханьдаа хайр нь байг
Унаж боссон амьдралд нь хатуужил нь байг
Урт холын анддаа нөхөр нь байг
Удамт Монголын амь нь байг ээ хэмээн ерөөж байсан юм.
Хилийн цэргийн 0252 дугаар анги нь Монгол Улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах зорилгоор хилийн бүс, зурваст инженерийн хангалтын төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэйгээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны хоёрдугаар сарын 19-ний 42 дугаар тогтоолоор “Инженер-Сапёрын рот” нэртэйгээр анх үүсэн байгуулагджээ. 1983 онд Инженерийн тусгай батальон, 1987 онд Инженерийн хороо, 1993 онд Хилийн цэргийн 0252 дугаар анги, 2013 онд Хилийн инженер, техникийн 0252 дугаар тусгай анги болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Тус ангийг 1984 онд одоогийн Багануур дүүрэгт шилжүүлэх шийдвэр гарч, 1988 онд шилжин ирж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тус анги 1998, 2002 онд командлалын шалгалтад онц үнэлгээтэй шалгагдаж “Онц анги”, 2006, 2010, 2011, 2018, 2020 онд хил хамгаалах байгууллагын Улаанбаатар хүрээний “Тэргүүний анги”-аар шалгарч байсан. Мөн 2015, 2016 онд Улаанбаатар цэргийн хүрээний 30 гаруй ангийн дунд зохион байгуулсан “Монгол цэргийн жавхаа” тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах болзолт уралдаанд тэргүүн болон тусгай байр эзэлж байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (6850)