“Илиада” ба “Одиссэй” их хөлгөн судрыг эх хэлээрээ уншиж сэтгэлийн цэнгэл эдлэхийн бахархал

2022-06-16
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сономбалжирын Буяннэмэх ба  Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч/

 

Түрүүч нь https://www.polit.mn/a/95684https://www.polit.mn/a/95722

 

Ийм сайхан мөр бадгууд зөвхөн “Илиада”-д биш бас  “Одиссэй”-н орчуулга дотор ч од мичид адил гялтагнан гялбалзаж байна. “Одиссэй”-н 24 хайлааны эхнийх нь

Аяа, гэгээн тэнгэр минь, хэлээд өгөөч

Ариун Илион хотыг нурааж эзлээд

Алс одож, сураг тасарсан

Алдар цуут баатар хаа явна?

Хүний газар ядаж явна уу?

Хүйтэн далайд зүдэж явна уу?

Дайчин тэр баатар эр

Далай дайдын чанадаас

Дассан нутагтаа буцах гэж

Дагуул нөхдөө аврах гэж

Даамай хүсээд чадаагүй гэлүү

Бусчир мулгуу дагуулууд бузар хэрэг сэдэж

Бурханы дархан сүргээс булааж идсэний учир

Гэрэлт нарны Гелиос бурхан хилэгнэж

Гэртээ харих замыг нь төөрүүлсэн гэвүү хэмээн шүлэглэж Одиссэй баатарт тохиолдсон түмэн зүйл үйл явдлаар буцлан бургилж үргэлжлүүлжээ. /Хомэр. Одиссэй. УБ. 2020. 1 дэх тал/

Хүний газар ядаж явна уу?

Хүйтэн далайд зүдэж явна уу? гэх зэргээр аялгуулан хайлан өгүүлээд

Дагуул нөхдөө аврах гэж

Даамай хүсээд чадаагүй гэлүү

Гэрэлт нарны Гелиос бурхан хилэгнэж

Гэртээ харих замыг нь төөрүүлсэн гэлүү хэмээн утга агуулгын учир шалтгааныг өдөөж улмаар

Харин тэр хөлөг баатрыг

Калипсо гэдэг охин савдаг

Ханилах нөхрөө бол гэж

Харанхуй агууд түгжиж

Хайрт эхнэрээс нь хагацуулж

Хашиж хорьж үлдээсэн юмуу?

Эргэх цагийн эрхээр

Их бурхад Одиссэйг

Итака аралд очиг гэсэн ч

Эргэж хариад амсхийх

Итгэлт нөхдөө түших

Энх амар байхын заяа

Эрхэм баатарт дутсан юм

Олон бурхдаас Посейдон

Ор тас зөрж, ганцаар гөжөөд

Одиссэйг замаас нь буруулж

Орон гэрт нь хариулалгүй

Онхи хол цөл гэж

Онц хатуу зарлигдсан гэнэм /Хомэр. Одиссэй. УБ. 2020. 18 дахь тал/ гэж зохиолд гарах үндсэн агуулгыг урьдчилан хэлж уншигчдын зүрх сэтгэлийг гижигдэж байна.

Үйлтэй хүмүүний үр та сонс

Үүлгэр холын энэ оронд

Үл таних газар нутагт

Үг дуугүй ганцаар юундаа ийн явнам?

Өөрийн нөхдийг эрж явааг чинь мэдэж байна

Өдгөө тэд Цирцея савдгийн эрхэнд

Цөмөөрөө гахай болоод пүнзэнд байгаа

Ингээд чи энэ янзаараа тийшээ очвол

Ижилхэн  бусад шигээ гахай болно

Эндэлгүй зүгээр гарах арга байхгүй

Оройн дээд бурхад чамайг авар гэж

Олимпоос намайг явуулсан юм

Одоо би чамд хорыг тайлах цэцэг өгнө

Сайн сүсэлж түүнийг идээд

Савдгийн гэрт айлтгүй оч

Сайхан загнаад Цирцея чамд

Хортой дарсанд ховстой нунтаг үрж өгнө

Ховх сороод уучих, хор нь чамд үйлчлэхгүй /Хомэр. Одиссэй. УБ. 2020. 246-247 дахь тал/  хэмээн бүхий л арга чаргыг хэлж зааж өгөөд Одиссэйг тийш нь явуулж байна. Одиссэй баатар ч хэлсэн ёсоор бүхнийг хийж гахайн дүрд  хувиргасан сайн нөхдөө хүн болгож аваад сайхан төрсөн савдаг Цирцеятай янаглан жаргаж цаг хугацааг өнгөрөөвч эх нутаг, Итака арлаа санагалзан гэюүрнэ. Өдөр болгон шинэ мах идэж, шимтэй дарс ууж биеийн жаргал ханатлаа эдэлсэн ч сэтгэлийн шаналал нь арилсангүй.

Цэцэн гоо дархи Цирцея

Чи минь одоо үгэндээ хүрч

Орон гэрт минь намайг буцаа

Нутаг усаа санаж, нурж байна, бид дотроосоо /Хомэр. Одиссей. УБ. 2020. 256 дахь тал/ хэмээн  Одиссэй баатар үнэнээ хэлэн дархиас гуйж байна. Цирцея  дархи түүнд

Зоригт баатар Одиссэй анд минь ээ

Зовлонгоор чи энд ирсэн

Золоор би чамтай учирсан

Зольж болдоггүй нутаг ус гэж байлгүй яах вэ

Зоргоор болдоггүй заяа тавилан гэж байх юм

Хүчээр чамайг би гэртээ барихгүй ээ

Хүйтэн санаа надад байхгүй. Гэхдээ

Харих зам чинь саадтай юм байна

Хазгай муруй харагдаж байна

Тамын орноор орох юм байна

Тамын хаан Анд-ын дэргэд

Тангаргийн хатан Пересофоны гэж бий

Тэнд очоод чи сохор, зөнч мэргэн

Пересий Фив-ийн сүнсийг дуудаж

Замаа заалгах учиртай юм байна

Талийгаачдын сүнстэй учрах юм байна /Хомэр. Одиссэй. УБ. 2020. 256-257 дахь тал/ гэж хэлнэ. Үүнийг сонссон Одиссэй баатар

Өөрийн эрхгүй би сэтгэлээр унаж

Өр зүрх минь өмөрч хөндүүрлэж

Үзэсгэлэнт гоо дархийн өвөрт

Өнхөрч уйлж, хайлж цурхирлаа

Үйлээ үзэж ингэж амьд явснаас

Үхсэн нь дээр гэж санагдлаа

Өнгөт хорвоог харах хүсэл алга болсон байлаа /Хомэр. Одиссэй. УБ. 2020. 257 дахь тал/ хэмээн хариу хэлж байна.  Цирцея  дархи түүнд

Нүх ухаж тамын бүх амьтныг зэрэг дуудаад

Нүглийг нь арилгах тахил өргөх ёстой юм байна

Эхний өргөл балаар шүү

Дараагийн өргөл дарсаар шүү

Гурав дахь өргөл усаар шүү

Аль ч өргөл дээр адилхан

Арвайн гурилд шившлэг хийж цацаарай

Шившиж хэлэх үг чинь гэвэл

Суурин гэртээ харьсан хойно

Сувай үнээ гаргаж өргөл барина! гээрэй

Түүдэг гал өрдөж үнэт зүйлс шатааж

Түйтгэр барцадыг хөөнө гэж хэлээрэй!

Түмэн хүн амьтсын дотроос

Пиресий мэргэнийг илүү хүндэлж

Хамгийн том хар халзан иргээр

Өргөл барина гэж амлаарай

Эрлэгийн эзэн Эреб-т бол

Эр, эм хоёр хар хонь өргөөрэй

Ингээд их мөрөн усандаа залбирч

Эрлэг тамын бүх амьтан сүнс сүүдэрт

Өргөлийн үг, ерөөл, хүслээ хүргэхийг гуй!

...Удалгүй тэр, улс орныг залж явсан

Ухаан гоц, их мэргэний сүнс өмнө чинь ирээд

Урдах зам мөрийг чинь зааж өгнө

Харих замыг чинь харагдтал хэлж өгнө  /Хомэр. Одиссэй. УБ. 2020. 258-259 дахь тал/

Ингэж Царцея дархи надад

Итгэмжлэн захиж хэлээд

Өндөрлөхөд үүр цайсан байлаа гэх зэргээр хайлаан үргэлжилжээ.

742 хуудас бүхий 24 хайлаантай “Илиада”, 647 хуудас бүхий мөн адил 24 хайлаантай “Одиссэй” /бүгд нийлээд 48 хайлаан/ хөлгөн их судрыг монгол хэлнээ ийнхүү хөрвүүлэн буулгана гэдэг бол нэг хүний хийж барахааргүй нүсэр их хөдөлмөр. Гэвч Дагвын Цахилгаан энэ ажлын ард гарч чаджээ. Асар том амжилт гэж зүй ёсоор үнэлэгдэнэ. “Илиада”  ба “Одиссэй” хөлгөн их судруудыг оюутан ахуй цагтаа орос хэл дээр уншиж байснаа эргэн санаж, аялгуу сайхан монгол хэлнээ Дагвын Цахилгаан хэрхэн яаж хөрвүүлснийг ихэд хорхойсон гүйцэд уншиж үзлээ. Сэтгэл нэн хангалуун байна. Дуун хөрвүүлэг өндөр түвшинд хийгджээ. Үүнийгээ илэрхийлж өөрт төрсөн сэтгэгдлээ уншигч түмэнтэйгээ хуваалцахын тулд “Илиада”  ба “Одиссэй”-н монгол орчуулгын талаарх энэхүү шүүмжийг тэрлэв. Соёлт хүн төрөлхтөний оюун санаа, уран сайхны сэтгэлгээний цар хүрээ, түүний хөгжилтийг тод томруунаар илэрхийлэн тодорхойлж байдаг “Илиада”  ба “Одиссэй” хэмээх хөлгөн их судруудыг эх монгол хэлээрээ уншиж сэтгэлийн цэнгэл эдэлнэ гэдэг юутай том  бахархал вэ.

Шүүмжээ бичиж дуусаад ахин гүйлгэн харж үг үсэг, найруулгын бага сага засвар хийх явцад “Монголын үнэн” сонинд Д.Цахилгаантай тус сонины сурвалжлагч Я.Баяраагийн хийсэн “Д.Цахилгаан: Хомэр “Илиада”  ба “Одиссэй” хэмээх их хөлгөн туульсаа бариад над руу "ирсэн” гарчигтай ярилцлага нийтлэгдсэнийг олж үзлээ. Сүрхий олзуурхаж гүйлгэн уншвал хүүхэд бага насандаа үлгэр туульсаар угжуулж өссөн. Эмээ маань үлгэрч хүн байсан. Айлуудад уригдан үлгэр хэлдэг байсан. Эгшиглэнт сайхан монгол хэлээ эхийн сүүтэй цуг хөхөж өссөн гэжээ. Шүүмжийн маань нэг дүгнэлттэй яг нийлж байна. Би худлаа хэлээгүй юм байна гэж бодов. Оюутан ахуй цагаасаа тэр утга зохиолын дугуйланд явдаг байж. Сүүлдээ ном бичиж бас орчуулга хийж эхэлжээ. Ф.М. Достоевскийн “Мөрийч” романыг монгол хэл рүү хөрвүүлжээ. “Газар дороос бичсэн тэмдэглэл”-ийг нь ч мөн орчуулсан юм байна. 1990-ээд оноос хойш Монголд найраглал алга болсонд ихэд харамсаж арав гаруй найраглал бичсэн нь цөм хэвлэгджээ. Ингэж орчуулга хийж, найраглалууд бичсэн нь  “Илиада”  ба “Одиссэй”-г орчуулах бэлтгэл болсон гэсэн санааг хэлсэн байна. Англи, орос хэл дээрх судалгаануудыг харьцуулж харсан гэжээ. Шүүмждээ илэрхийлсэн өөр нэг санаа бас ингэж батлагдсанд сүрхий баясав.

Монголын эртний утга зохиол, шашны шүлгүүдийн тогтолцоонд хегзаметр буюу зургаан цохилтот шүлэглэл элбэг байдаг, тэр нь Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарын яруу найрагт тусгалаа олсныг “Тусгаар тогтнол” шүлгээр жишээлж дурдаад “Илиада”  ба “Одиссэй”-н уран яруу сайхныг нь хадгалахын тулд уг  хегзаметрийг гурваар ба зургаагаар тохируулан барьсан. Монгол хэл, монгол хүний сэтгэлгээнд нийцүүлж буулгасан гэжээ. Үүнийгээ “Одиссэй” дахь өөрийн

“Үнэнээс зайлж болдоггүй

Үйл тавилан гэж байдаг юм байна

Хүнээс булааж болдоггүй

Аз жаргал гэж байдаг юм байна

Хад чулуун зүрхтэй биш дээ, би

Халуун уяхан зүрхтэй шүү дээ, би

Харамлаж чамайгаа үлдээж болдог ч болоосой

Хагацахын хатуу зовлон гээд яалтай” гээд

Калипсо буцаж шийдэмгий алхлаа

Харамсах хайрлах зэрэгцэж

Одиссэй араас нь дагалаа

Бурхан хүн хоёр

Буян нүгэл хоёр гэсэн мөрүүдээр жишээлжээ.

Одиссэйг өөрийн болгож авах гэж агуйд хүртэл түгжиж үзсэн Калипсогийн үнэн сэтгэлийн үгийг ингэж монгол хэл, монгол сэтгэлгээнд тааруулж хөрвүүлсэн аж.

“Илиада”  ба “Одиссэй” хэмээх эл хоёр туульс бол дуулал биш юмаа. Туулийг чинь хайлдаг болохоос дуулдаггүй. Тийм учраас би “хайлаан” гэж нэрлэсэн гэж өөрийн оноосон нэршлийн үндэслэл, гаргалгааг бас илэрхийлсэн байна. Энэ нь ч үнэмшилтэй сонсогдож байна. Сономбалжирын Буяннэмэхийн шүлэглэлд хайлаан, Дашдоржийн Нацагдоржийнход болохоор дүр дүрслэлт яруу хэмнэлт шүлэглэл илүүтэй мэдрэгдэж байдаг билээ.

Д.Цахилгаан “Монголын үнэн” сонины сурвалжлагчтай сэтгэлээ нээж, илэн далангүй ярилцжээ. Тэдгээрээс нэг санааг зориуд иш татаж сонирхуулмаар санагдлаа. Дагвын  Цахилгаан сонины сурвалжлагч Я.Баяраад  “Намайг МУСГЗ авах үеийн Ерөнхийлөгчийн зарлиг дээр аймаар үг бий. Аймаар гэдэг нь “Утга зохиол, сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж” гэсэн байдаг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн ажлын албанаас гаргасан эд. Н.Энхбаяр Ерөнхийлөгч өөрөө зохиолч, орчуулагч хүн шүү дээ. Горькийд Х.Мэргэн тэр хоёр нэг ангид сурч байсан. “Анхны мэргэжлийн” гэгддэг, сайн ч орчуулагчид. Гэтэл би зохиолч биш, сэтгүүлч ч биш. Гэтэл тэгээд биччихсэн. Би санаа зовж явдаг болсон. Одоо бол “Илиада”  ба “Одиссэй” хоёрын дараа их ичихгүй байна” гэж хэлсэн байна. /Монголын үнэн” сонин 2022.02.18. № 007 /24488/.  Д.Цахилгаан: Хомэр “Илиада”  ба “Одиссэй” хэмээх хөлгөн туульсаа бариад над руу “ирсэн”/

Одоо бол “Илиада”  ба “Одиссэй” хоёрын дараа их ичихгүй байна гэжээ. Эндээс надад нэг зүйл бодогдсон. Төрийн нүдээ олсон үнэлгээ хүнийг хөдөлгөдөг юм байна. Хийж бүтээхэд урам хайрлаж, улам уриалдаг аж. Ерөнхийлөгчийн зарлиг дахь “Утга зохиол, сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж” гэсэн нэг өгүүлбэр түүнийг муугүй ирлэж хурцалж өгчээ. Үр дүнд нь “Илиада”  ба “Одиссэй” хэмээх хүн төрөлхтөний хөлгөн их судар монгол хэлнээ хөрвүүлэгдэн буусан нь энэ байна. Баярлан бахархууштай тэмдэглэлт том үйл явдал юм.

Аль нэгэн шүүмж судлалыг заавал ч үгүй үнэлэлт дүгнэлтийн үгээр өндөрлөдөг нь жам ёс юм. Энэ удаад миний хэлэх үг, өгөх үнэлгээ бол Дагвын Цахилгааны монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан “Илиада”  ба “Одиссэй” их хөлгөн судрын орчуулгад Монгол Улсын төрийн шагнал олгох нь нүдээ олсон зөв зүйтэй үнэлгээ болно гэж бодож байна. Үүнд хэн ч гайхахгүй. Харин ч соёлт хүн төрөлхтөн, ном судрыг есөн эрдэнээр бүтээж туурвидаг монголын ард түмэн талархах болно.

Ийм үнэ цэнтэй ховор нандин бүтээлийг бодлогоор ивээн тэтгэж үзэмжтэй сайхнаар хэвлүүлэн монгол уншигчдын хүртээл болгосон “Монсудар” хэвлэлийн газар, түүний ерөнхий захирал Роозонгийн Энхбатад гүнээ талархаж буйгаа энэ ташрамд бас илэрхийлсү.

 

Улаанбаатар хот, 2022 он

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (6850)

 

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

52 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

1 цаг 26 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

5 цаг 30 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

5 цаг 30 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

5 цаг 30 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

5 цаг 30 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

5 цаг 30 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

5 цаг 30 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

5 цаг 30 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

5 цаг 30 мин