Эсгий урлалыг брэнд болгосон говийн урлаач

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хот. Аймгийн төвөөс баруун хойд зүгт орших Малчин хороолол. Цэмбэгэр дүнзэн хашаанд ганцхан цагаан гэр бий. Гэхдээ энэ айл бусдаас ялгарах зүйл дэндүү олон. Хашаандаа мужааны цехтэй. Цэргийн албанд ажилладаг хүүгээ тэтгэвэртээ гарахаар нь ажилгүй суулгахгүй гэсэн эхийн халуун сэтгэл энэ цехийг бүтээжээ. Дотогш орвоос ширдэг, орны бүтээлэг, ханын хивс, тавагны сууриас эхлээд  эсгий урлалын бүтээл дүүрэн. Орчин үеийн хийцтэй цагаан өнгийн тавилгаар гэрээ иж бүрэн тохижуулсан байх. Бүгд хүүгийнх нь ур ухаанаар бүтсэн аж. Өмнийн их говьдоо хөдөлмөр, зүтгэлээрээ хэдийнэ танигдсан бүтээлч, цэмцгэрхэн энэ айлаас “Амьдралын тойрог” булангаа бэлтгэлээ.

 

Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

 

Гэрийн эзэгтэй Батаагийн Отгон хэмээх 73 настай жавхаалаг, үг яриа хурц, эрч хүч цалгисан эмэгтэй байна. Аль ч суманд очоод тааралдсан хүнээс асуухад бүгд түүнийг андахгүй. Цэцэрлэгийн багшаас дунд болон их сургуулийн багш хүртлээ дэвшсэн тэрбээр  өдгөө эсгий урлаач, сургагч багш хэмээх алдарыг хүртээд байна. Тэтгэвэртээ гарсны дараа хоёр жилийн хугацаанд буюу 40 насандаа эсгий урлалыг сурсан Б.Отгон өдгөө 3000 гаруй эсгий гар урлалын шавь бэлтгээд байгаа юм. Зөвхөн эсгий урлалын шавь нарынхан жагсаалт гэхэд дунд сургуулийн сурагчаас эхлээд ахмад настан хүртэл урт үргэлжилнэ. Говь нутгийнхаа онцлогийг тодотгох бүтээлүүдийг эсгийгээр урладаг Ардын боловсролын тэргүүний ажилтан, эсгий гар урлалын багш Б.Отгоны намтар хэдэн боть номтой тэнцэхүйц зузаан бас тун сонирхолтой. Эсгий урлалын үзэсгэлэн, уралдаанд оролцсон мандатын цуглуулга гэхэд 600 гаруй хуудас номтой тэнцэхүйц зузаан байв. Аливаа зүйлийг сурч, өөрийн чадвар болгон эзэмшиж, түүнийгээ олон хүнд түгээн сурталчилж, зааж сургахад заавал залуу насны эрч хүч,  ухаан хэрэггүй гэдгийг олон хүнд ухааруулж яваа ахмад багш нарын тод төлөөлөл нь тэр. Хамгийн анхны эсгий урлалын бие даасан үзэсгэлэнгээ Даланзадгад сумын Даян хааны өргөөнд таван жилийн өмнө гаргаж байв. “555” нэртэй үзэсгэлэнд Монгол цагаан эсгий дээр урласан гэр ахуй, бэлэг дурсгалын 22 нэр төрлийн 999 бүтээл дэлгэснээрээ шинэлэг, содон байжээ. Өмнөговийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, дотоод гадаадын жуулчдад сурталчилж байгаа түүнийг аймгийн удирдлагууд нь дэмжиж хамтран ажилладаг. Тэр бол нутгийнхаа эгэл иргэнээс эхлээд удирдлагын түвшинд танигдсан өмнийн говийн урдаа барьдаг эсгий урлаач, сургагч багш яахын аргагүй мөн. Тэрбээр 2004 оноос хойш аймгаа төлөөлөн эсгий урлалын үзэсгэлэнд оролцож байна. Энэ үеэрээ монгол туургатны өв соёлын наадамд түрүүлж 20 саяар шагнуулж байсан тухай дурсамжаа бахархан бидэнд дэлгэлээ. Б.Отгон жуулчдын цуваа үл тасрах Өмнөговь аймагтаа эсгийгээр урласан бүтээгдэхүүнээ брэнд болгож, тэмээгээр дамжуулан говь нутгаа дэлхийд таниулж явна.

 

Гутал үйлдвэрлэлийн анхдагч

Тасралтгүй 22 жил цэцэрлэгийн багшаар ажилласан Б.Отгон зургаан хүүхэдтэй учир 38 насандаа тэтгэвэрт гарчээ. Хийж бүтээхийн оргилуун их хүсэл оргилсон үедээ багшийн ажлаа хүлээлгэн өгсөн тэрбээр шинэ зүйл сурч, мэдэх их эрлийн замдаа гарав. Ийнхүү Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн дэргэдэх сургалтын байгууллагад гутал хийж сурлаа. Сурсан зүйлийнхээ үр шимийг хүртэхээр Өмнөговьдоо ирж гурван жил гэртээ гутал үйлдвэрлэв. Хоёр хүүхдээ сургуулийнх нь амралтаар сургаад гэр бүлийн хамтаар жолооч гутал, хүүхдийн болон том хүний бакал, “Яло” гэсэн дөрвөн төрлийн гутал үйлдвэрлэж нутгийнхныхаа хэрэгцээг хангадаг байжээ. Тухайн үед нутагт нь өөр гутал үйлдвэрлэгч байгаагүй учир борлуулалт нь сайн. Мөн олон хүн гэрээр гутал хийж сурах чин хүсэлтэй байв. Тиймээс Б.Отгон өөрийн сурснаа бусдад зааж, нутагтаа гутал үйлдвэрлэгчдийг бэлтгэж эхэлсэн юм. Гутал үйлдвэрлэж суръя гэсэн хүмүүсийг бизнесийн өрсөлдөгч гэсэн сэтгэлээр харж байсан удаа түүнд үгүй юм билээ. Ийн залгамж халаагаа бэлтгэсэн тэрбээр дахин өөр чадварт суралцаж, шинэ үйлдвэрлэлийг нутагтаа нэвтрүүлэхээр дахин Дархан-Уул аймгийн зүг замдаа гарчээ. Тэнд очоод Норвегийн тусламжийн байгууллагад утас ээрмэл сурахын хажуугаар эсгий урлал хийх ур чадварыг эзэмшив. Өдгөө эсгий гар урлалын бүтээлээрээ говь нутгаа сурталчилж яваа түүний түүх эндээс эхлэлтэй. Сургалтаа төгсөөд тэр Дархан-Уул аймагтаа утас ээрмэлийн багшаар хоёр жил ажиллаад 2001 онд нутагтаа буцаж ирлээ. Эсгий урлал, утас ээрмэлийг сайн сурчихвал гадаадад бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойг ухаарсан Б.Отгон орон нутгийнхаа иргэдэд зааж эхэлсэн юм. Тухайн үед утас ээрмэлийн машин олддоггүй байсан учир эсгий урлалыг дагнан бусдад зааж сургах болсон учиртай. Аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний албанд хоёр жил сургагч багшаар ажиллах хугацаандаа бүх сумаар 2-4 удаа явж эсгий урлалыг хүмүүст зааж сургасан байдаг. Энэ бүхний эцэст тэр өдгөө 3000 гаруй хүнд эсгий урлалыг зааж сурган орлого олж амьдралаа авч явах эхний шанг татсан бахдам их үйл хэргийг хийж бүтээсэн юм.

 

Хойч үеийн эсгий урлаачдыг бэлтгэж эхэлжээ

Ө.Отгон урлаач эсгий урлалыг бусдад заахдаа хяргасан ноосыг савахаас эхлээд хэрхэн эцсийн бүтээгдэхүүн болгох бүх үе шатыг нэг бүрчлэн заана. Малчдаас хонины ноос худалдаж авна. Хяргасан ноосыг наранд дэлгэж хатаагаад модоор савна.  Савсан ноосоо дахин хатаана. Хатсан ноосоо сэмлэж, зулаад савандаад төмөр элдүүрээр элдээд гаргана. Хамгийн сүүлд нь цэвэр усаар норгоод дахин элдээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Эсгий углааш, ханын хивс, чихмэл тэмээ хэрхэн бүтдэг яг ийм нарийн үе шатыг  нэг бүрчлэн заасаар иржээ. Харин 2018 оноос гэртээ эсгий урлалын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Энэ их ажлын хажуугаар аймгийнхаа V сургуулийн VI-IX ангийн сурагчдад эсгий урлал, ширмэл, оёж хатгах, тэмээний утсыг хэрхэн ээрүүлийн утас болгох гэсэн олон төрлийн чадварыг эзэмшүүлэн хойч үеэ бэлтгэж байгаа юм. Үүнээс гадна V сургуулийнхаа сурагчдын бүтээлээр сургууль, аймгийнхаа хэмжээнд үзэсгэлэн гаргаад амжжээ. Б.Отгон аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газарт “Тэтгэвэртээ гарсан ч олон зүйл хийж бүтээж байгаа хүмүүсийнхээ ур ухаан, эрдэм мэдлэгийг ашиглаад залуу үедээ зааж сургамаар байна. Би эсгий урлалаа сурагчдад зааж, өвлүүлэх хүсэлтэй байна” хэмээн хэлснээр сурагчдад эсгий урлалыг зааж эхлэх сууриа тавьжээ.  “Гараараа бэлтгэсэн эсгий үнэт өв. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн эсгий бол өв залгамжлах ёс заншил биш. Тиймээс сурагчдад ноосыг хэрхэн эсгий болгож, түүгээрээ олон төрлийн хэрэгцээт эд зүйл хийж болдгийг заадаг” хэмээн ярих Батаагийн Отгон хэмээх энэ эмэгтэй ийм л санаачлагатай, бусдад зааж сургая гэсэн халуун сэтгэлтэй, эрч хүч нь булгилсан хүн.

 

Хамгийн сүүлийн брэнд бүтээгдэхүүн нь чихмэл тэмээ

 

Нэгэн япон хүн “Зөвхөн танд заяасан энэ биеийн бүх хүч, чадвар, оюун ухааныг сайн ашиглаад хорвоогоос буцах хэрэгтэй” гэж хэлсэн нь Б.Отгоны амьдралын зарчим. Өөрөө хүсэл зоригоороо сурсан эсгий гар урлалаа тэрбээр энэ насанд дуусахгүй хөдөлмөр хэмээн тодотгодог. Нутгийнхандаа хэдийнэ танигдсан тэрбээр иргэдийнхээ эрэлтийг хангаж хүчрэхгүй байгаа тухайгаа “Одоо хийж байгаа 28 төрлийн бүтээгдэхүүнээс өөр хийх зүйл олон байна. Даанч хүмүүсийнхээ захиалгыг үйлдвэрлэсээр байтал шинэ бүтээгдэхүүн хийх зав олдохгүй юм. Эсгий урлалаа орчин үеийн хүмүүсийн сонирхол, захиалгад нийцүүлж хийнэ. Хамгийн сүүлийн брэнд бүтээгдэхүүн гэвэл чихмэл тэмээ. Олон хүний хүсэл, хэрэгцээг хангаж байна. Захиалга их ирдэг. Говийнхоо элс, тэмээ, говийн ганц айл гэсэн нутгийнхаа онцлогийг бүтээгдэхүүндээ шингээн үйлдвэрлэдэг. Эсгий урлал хийхэд гарнаас гадна оюун ухаан, сэтгэхүй хөгждөг. Тиймээс өдөр бүр хөл, гараа хөдөлгөөд сэтгэхүйгээ ажиллуулж байгаа учир миний бие маш сайн. Хос углаашийг бууз жигнээд гаргах хугацаанд оёод дуусна” гэв. Улирлаас шалтгаалан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг нь бас өөр. Тухайлбал, өвөлдөө ширмэл, ханын хивс, машины суудал, углааш хийдэг бол зундаа бэлэг дурсгалын зүйлс хийнэ. Тэр орон нутагтаа “Өмнөговьд үйлдвэрлэв” дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Харин энэ жил Улаанбаатарт дэлгүүрийн салбараа нээжээ. Мөн Өвөр Монголын Халиут хотод “Монголдоо үйлдвэрлэв” дэлгүүрээ нээсэн ч цар тахлын улмаас хаагдаад байгаа аж.

 

Уран аавын үргэлжлэл

 

Б.Отгон өдөр бүр ямар зүйлийг хэдий хугацаанд хийхээс эхлээд олсон орлогоо нарийн бичнэ. Цаг 09:30 гэхэд эсгий урлалаа хийж эхэлнэ. Хүмүүсийн захиалга хүргэж өгөхөөр бол тогтмол 11:00-12:00 цагийн хооронд явна. Орой 22:00-23:00 цаг хүртэл үйлээ урлаад маргааш хийх зүйлсээ цэгцэлчихээд унтдаг ажээ. Энэ бол олон жилийн туршид хэрэгжүүлж, зуршил болсон амьдралынх нь хэмнэл. Түүний сарын орлого нэг саяас буудаггүй гэсэн. Тиймээс дуртай зүйлээ өөрийн тааваар хийж, ажлаасаа эрч хүчийг мэдэрч, жаргалтай амьдардаг хэмээн сэтгэл тэнэгэр ярьж суусан юм. Жаргалтай амьдрал гэдэг хотын төвд тансаг хаусанд амьдарснаар хэмжигддэггүй. Заавал үнэтэй машин хөлөглөж сүүлийн үеийн гар утас барих шаардлагагүйг Б.Отгон үг болоод үйлдлээрээ  олон хүнд үлгэрлэж явна. Түүний Аав Батаа нэгдлийн мужаан байсан бол ээж нь худалдаа бэлтгэлийн ангид манаач хийдэг байжээ. Аав нь сийлбэр хийдэг их уран хүн байсан гэнэ. Охиноо 18-тай байхад унь харуулдаж сургасан байна. Тиймээс Б.Отгон өөрийн гарын урыг ааваасаа өвлөсөн гэдэг юм. Түүний зургаан хүүхэд ч бүгд гарын уртай. Том охин  нь Монгол, Европ хувцасны оёдолчин. Турк, Вьетнам, Хятадад оёдолчноор ажиллаж байжээ. Том хүү  нь тэтгэвэртээ гараад мужааны цех ажиллуулдаг юм байна. Б.Отгон ч аавынхаа уламжлалыг нь таслахгүйн тулд хүүдээ мужааны цех байгуулж өгсөн нь энэ. Дараагийн хүү нь дээд сургууль төгсөж ирээд нутагтаа тэмээ хариулж байна. Тэрбээр сур, тэмээний ногт, бурантаг, тохош, ташуур гээд бүгдийг гараар хийдэг. Гурав дахь хүү  нь мото спортынхоо бүх өмсгөл, арьсан эдлэлийг гэртээ хийнэ. Харин бага охин  нь эсгий урлалаар ширмэл оёдог.  Бага хүү нь барилгын инженер боловч мөн л гарын уртай. Энэ тухай Б.Отгон “Манай аавын ур зөвхөн манай гэрт л заяасан. Бусад ах, эгчийн хүүхдүүд бидэн шиг олон төрлийн зүйл урладаггүй. Хүүхдүүд хөдөлмөрч учраас дутах зүйлгүй бүгд сайхан амьдарч байна” гэсэн юм.

 

Гэр бүлээрээ тамирчин

Б.Отгон зургадугаар ангиасаа хөнгөн атлетикийн  спортоор хичээллэж эхлээд 24 нас хүртлээ аймгийнхаа нэрийн өмнөөс хөнгөний улсын болон олон улсын тэмцээнд оролцож байв. Харин нөхөр  тэшүүрийн I зэрэгтэй тамирчин байв.

Бидний нийтлэлийн эзэн Б.Отгоны амьдрал цэцэрлэгийн багш, сургагч багш, эсгий урлаач гэсэн хүрээгээр хязгаарлагдсангүй. Тэрбээр зургадугаар ангиасаа хөнгөн атлетикийн  спортоор хичээллэж 24 нас хүртлээ аймгийнхаа нэрийн өмнөөс хөнгөний улсын болон олон улсын тэмцээнд оролцож байв. Сайн багш нарын хүчинд улсын аваргаас олон медаль авч, ОХУ-д болдог идэрчүүдийн аваргад оролцож байсан спортын арвин намтартай ажээ. Хувь заяа Б.Отгонд гарын ур ухаан, оюуны их чадвараас гадна бие бялдарын онцгой чадамжийг хайрлажээ. Тэрбээр нөхөртэйгээ 1975 онд гэр бүл болжээ. Өмнөговь аймгийн 16 дугаар баазад шуудангийн жолоочоор ажиллаж байсан нөхөр нь Вьетнамд дайн болоход 167 дугаар ангид ахлах жолоочоор оржээ. Тэтгэвэртээ гарах хүртлээ тус ангидаа ажилласан байна. Нөхөр  нь мөн л тэшүүрийн I зэрэгтэй тамирчин байв.  Спортын салбартаа гялалзаж явсан аав, ээжээс төрсөн том хүү нь цэргийн спортын гар бөмбөг, холын зайн гүйлтийн мастер. Харин дунд хүү  нь энэ жил мото спортын мастер болжээ. Амьдралын ийм их баялаг түүхтэй, хөдөлмөрч, шаргуу Батаагийн Отгон хэмээх бүсгүй Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд наймдугаар ангиа төгсөөд ангиараа 1971 онд илгээлтээр малчин болж байв. X ангиа эчнээгээр 1973 онд төгсчээ. Үүний дараа цэцэрлэгийн багшийн курс төгсөөд Баян-Овоо сумандаа хоёр жил ажиллаад аймаг руу шилжин 22 жил цэцэрлэгийн багшаар ажиллаад 1991 онд тэтгэвэрт гарсан юм. Өмнийн их говийн Малчин хороололд ийм нэгэн түүх, намтартай эмэгтэй амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч суугааг бид сурвалжлан уншигчдадаа хүргэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 111 (6843)

 

goy buteeluud baina
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

3 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

3 цаг 28 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

4 цаг 55 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

5 цаг 53 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

6 цаг 27 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

10 цаг 31 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

10 цаг 31 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

10 цаг 31 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

10 цаг 31 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

10 цаг 31 мин