И.Нарантуяа:Бүртгэл болон даатгалд хамрагдаагүй хүүхдийг наадамд оролцуулахгүй

2014-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Энхтуул       

Үндэсний их баяр наадам маргааш өглөө албан ёсоор нээлтээ хийнэ. Монгол түмний их баяр цэнгэлийг шандаст хурдан хүлэг, хийморь сэргэтэл гийнгоолох  унаач хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс бид улсын баяр наадмаар  унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрхийг хэрхэн хамгаалах талаар  Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяатай  ярилцлаа. 

-Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан  хязаалан насны морьдын уралдаанаар эхэлнэ. Тиймээс энэ жилийн улсын баяр наадмаар  унаач хүүхдүүдийн эрхийг хэрхэн хамгаалах, энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

- Жил бүр улсын их баяр наадмын үеэр  унаач хүүхдүүдийн асуудал яригддаг. Энэ жил ч мөн энэ асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль эрх зүйн орчныг нь илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн унаач хүүхдийн эрхийг хамгаалсан хуулийн заалт байдаг. Бид өнөөдрийг хүртэл энэ хуулийн заалтыг өөрчлөх гэж төр засгийн өндөрлөгүүдэд олон асуудлыг дэвшүүлэн тавьсан. Гэсэн ч өнөөдөр тодорхой шийдвэрлэсэн зүйлгүй өдийг хүрч байна. Ямартай ч  бид хаврын уралдааныг ямар нэгэн аргаар зогсоох асуудлаар хэд хэдэн алхамуудыг хийж чадсан. Хурдан морь унаж уралдах, хүүхдийн уралдаанд оролцох журмыг бид хууль эрх зүйн үндэслэлтэйгээр, мэргэжлийн хуульчид болон өмгөөлөгчдийн хороотой хамтран боловсруулсан. Энэ нь зохих төвшинд очоод батлагдах, танилцуулах асуудал нь түр хойшлогдоод, баяр наадмын өмнө батлаж чадсангүй. Цаашид бид энэ асуудлыг дахин хөндөж ярина. Энэ журмын төсөл нь хүүхдийн  хурдан морины уралдаанд орох шаардлагыг нэлээд  өндөрсгөж өгөхийг хүссэн. Мөн морин уралдааныг дэг журамтай зохион байгуулах асуудалд нэлээд  нарийвчилсан заалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, уралдааныг хэрхэн зохион байгуулалттай хийх,  хүүхдээ морин уралдаанд хэрхэн оролцуулах вэ, хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндэд  яаж эерэгээр нөлөөлөх вэ  гэдэг асуудлыг хөндөж, шийдэхийг зорьсон юм.

     Хурдан морины уралдаан Монгол үндэстний хэдэн зуун жил эрхэлж ирсэн түүхэн уламжлал гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэсэн ч жил бүр баяр наадмын үеэр  хурдан мориноос унаж хүүхэд амь насаа  алддаг, эрүүл мэн­дээ­рээ хохирдог. Тиймээс  бид энэ байдлыг таслан зогсоохын тулд  энэ уралдааныг зохион байгуулж байгаа. Зохион байгуулагчдад  ямар үүрэг, хариуцлага хүлээлгэх вэ гэдэг талаас нь  илүү их анхаарч  энэ журмын хүрээнд хуулийг өөрчлөх бололцоо байна уу гэдгийг эрэлхийлсэн. Тиймээс бид  хүүхдийн эрх ашгийн төлөө  энэ асуудлыг дахин өргөн барьж, ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн үндэслэлийг гаргаж ажиллахыг эрмэлзэж байна. Цаашид  баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хууль эрх зүйн үндэслэлийг нь гаргаж зохих талуудтай хамтран ажиллаж байгаа. Бидний энэ хүсэл эрмэлзлэл  удахгүй биелэлээ олно гэдэгт итгэлтэй байна.

-Үндэсний баяр наадмын тухай хуулийг анх хэлэлцэж байх үед  хурдан морийг хэтэрхий  бага насны хүүхэд унаж байгаа нь аюултай, эрсдэлтэй  байна гээд  унаач хүүхдийн насыг  долоо гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр аймаг, сумдад  дөрвөн настай хүүхэд морь унаж уралдаж л байна шүү дээ. Энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

- Энэ хуулийн зүйл, заалтыг бид өөрчилж чадахгүй байгаа учраас улсын баяр наадамд энэ  хуулийнхаа заалтыг баримтлан ажиллаж байна. Гэхдээ  энэ хуулийн заалтын насанд хүрсэн ч эрүүл мэндийн байдлыг нь бид харгалзан үзнэ.

         Хэчнээн хүүхэд морь унаж уралддаг, хэдэн насны морь унадаг  зэрэг асуудлаар өнгөрсөн жил Хүүхдийн төлөө үндэсний газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хороо дүүргүүдтэй хамтран ажилласны хүчинд хэдэн хүүхэд морь унаж, хэд нь бэртэж гэмтэж байгааг тогтоож чадсан. Мөн өөрийн цахим бүртгэлтэй болж хүүхдүүдийг нэг бүрчлэн бүртгэдэг болсон. Өөрөөр хэлбэл, наадмаар хурдан морь унах хүүхдүүдийг  бид  долдугаар сарын 1-10-ны хооронд цахим хэлбэрээр нарийвчлан бүртгэсэн. Тиймээс бүртгэл болон даатгалд  хамрагдаагүй  хүүхдийг  уралдаанд оролцуулахгүй байхаар тусгасан. Мөн  бүртгэлдээ хэдий  долоон нас хүрсэн ч гэсэн  жижиг биетэй хүүхдийг оруулахгүй байх нөхцлийг бас  бүрдүүлсэн.  Түүнчлэн унаач хүүхдүүдээс бүрэн бүтэн хувцас хэрэглэлийг шаардаж байгаа.  Энэ бүх шаардлагыг хангаж чадсанаар бид хүүхдүүдийг тодорхой хэмжээний эрсдэлээс хамгаалж чадна гэж бодож байна.

 -Даатгал гэснээс танай байгууллагад саяхан унаач хүүхдийн хамгаалал, даатгалын асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан гэсэн. Энэ талаар мэдээлэл дуулгаач та.  Унаач хүүхдийг даатгалын компаниуд доод тал нь 5000 төгрөгөөр даатгадаг.  Холбогдох хууль дүрэмд нь   даатгалын доод дээд  хэмжээ нь  тийм байна гэсэн зохицуулалт байхгүй учир  унаач хүүхдээ  хэдэн төгрөгөөр даатгах нь уяач болон хурдан морины эзний эрхийн асуудал гэж ярьдаг. Энэ асуудлыг өөрчилж чадсан болов уу?

- Өнгөрсөн жилүүдэд даатгалын компаниудад яг хүүхдийн ослын даатгал гэсэн тусгайлсан даатгал байдаггүй байсан. Үүнийг  бид тусгай бүтээгдэхүүн болгож даатгалын компаниудад санал болгосноор морь унаж уралдаж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах даатгалын нэгдсэн системтэй болж, энэ үйлчилгээг  хүргэх  санамж бичигт гарын үсэг зурсан.  Энд даатгалын холбоо Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоо, Хүүхдийн төлөө үндэсний газар гэсэн  гурвалсан санамж бичигт гарын үсэг зурж байна.  Мөн Монголын морь унаачдын холбоо, Хүүхдийн төлөө үндэсний газар бас гарын үсэг зурж байна. Хүүхдээ зохион байгуулалттай баяр наадамд оролцуулах,  хамгаалалтын иж бүрэн хувцас өмсгөж, аюулгүй байдлыг нь хангаж оролцуулах,  хүүхдүүдийн уралдаанд оролцох зохион байгуулалтыг нарийвчлан хангаж ажиллах гэдэг үндэслэлээр Монголын морин спорт уяачдын холбоотой хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ жил 125 суманд тэгш ой тохиож байна. Энэ хүрээнд сум болгонд наадам болох гэж байгаатай холбогдуулан бүх аймаг орон нутгийн хэлтэс,  хүний эрхийн хороо, аймаг тус бүрийн нийгмийн хөгжлийн газартай хамтран бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах гэж байна.  Бидний өмнөх жилийн баяр наадмын хийсэн арга хэмжээ энэхүү суурь үйл ажиллагааны чиглэлийг тавьж чадсан. Бид сая  бүх орон нутагт  цахим уулзалтыг хийж, удирдамжийг нь өгсөн. Мөн цагдаагийн байгууллага, яаралтай түргэн тусламжийн төвүүдтэй  хамтарсан багийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

наач хүүхдүүдийг  өнгөрсөн жилээс  эхлэн  цахимаар бүртгэж байгаа гэж байна. Ер нь улсын хэмжээнд хэчнээн хүүхэд хурдны  морь унаж байна вэ?

 - Нийт 16 мянган хүүхэд морь унаж байна гэсэн тоо цахим бүртгэлд байна. Гэхдээ энэ нь ерөнхий нийт хурдан морь унаж уралддаг хүүхдүүдийн тоо юм. Нэг хүүхэд дор хаяж 3-4 насны морь унадаг. Давхардсан тоогоор улсын хэмжээнд 30 гаруй мянган хүүхэд морь унаж байна гэсэн ерөнхий баримжаа байна.

- Хамгаалалтын хувцасны стан­дартыг  батлуулаад 2-3 жилийн нүүр үзэж байна.  Гэсэн ч энэ стандартыг нь мөрддөг, хянадаг  хүн ч алга. Харин энэ нь эсэргээрээ бизнес болон хөгжиж байна. Хувцас хэрэглэлд уяачид их таагүй ханддаг гэх мэдээлэл байдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ. Мөн энэ хувцас хэрэглэлийг өмссөнөөр хүүхдийн аюулгүй байдлыг үнэхээр хангаж чадаж байна уу?

- Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" MNS 6264:2011 заавал мөрдөх стандартыг батлаад 2012 оноос мөрдөж эхэлсэн. Үүнд  хүүхдийн малгай, өвдгөвч, тохойвч, цээжний хамгаалалт, нүдний шил, гутал зэрэг хувцас хэрэглэлийн бүхий л стандартыг тогтоосон байдаг. Өнгөрсөн жилээс стандартад нийцдэггүй юм гэхэд өмсөх ёстой бүх хамгаалалтын хувцсыг өмсдөг болсон. Энэ нь хүүхдийг унаж, бэртэх гэмтэх эрсдэлийг  багасгадаг.  Хувцас, хэрэглэлийн тухайд цаашид илүү сайжраад боловсронгуй болох байх. Харин хүүхдүүдийн дунд нүдний шил зүүдэггүй гэх асуудал байдаг. Энэ нь нүдний шилний үйлдвэрлэлт, борлуулалт дутмаг байгаа учраас хүүхдүүд нүдний шилгүй байх, зориулалтын бус шилтэй байх зэрэг асуудал гардаг.  Нөгөөтэйгүүр, хувцасны стандарт гарсантай холбоотойгоор бизнесийнхэн олон янзын хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байгаа. “Best horse” компани нь бусдаасаа илүү стандартыг хангаж чадсан хувцсыг борлуулж байна. Бид энэ компанийн хувцастай дүйцэхүйц чанартай хувцсыг хүүхдүүддээ өмсүүлээрэй гэж зөвлөж байгаа. Түүнээс  Хүүхдийн төлөө үндэсний газрын хувьд, бид тэр хувцсыг ав гэж тулгах эрхгүй. Тиймээс сонголтыг уяачид, хүүхдийн эрхийг хамгаалах газар, эцэг эхчүүд өөрсдөө хийнэ. 

-Одоогоос  2-3  жилийн өмнө гэртээ атга гурил, чимх давс авахын төлөө хурдан морь унаж  яваад  амиа алдсан хүүхдийн талаар хэвлэлээр ярьж бичиж байсан. Мөн үүн шиг олон хүүхэд амьдрахын эрхэнд хурдан морь унаж, өөртөө эрсдэл учруулж байгааг бид харж, сонсч байгаа. Танай байгууллагаас хийж байгаа цахим бүртгэлд унаж бэртсэн, амь насаа алдсан унаач хүүхдүүдийн талаарх мэдээлэл давхар бүртгэгдэж байгаа юу?

-Энэ талаарх бүртгэл бас бий.   Өнгөрсөн жил давхардсан тоогоор 50 гаруй мянган хүүхэд морь унасан. Түүнээс 9000 гаруй хүүхэд  хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, бэртсэн гэсэн мэдээлэл байдаг.  Хүнд гэмтэлтэй хүүхэд нь 40 гаруй байсан бөгөөд гурван хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байдаг. Энэ жил бид энэ тоог багасгах, осол гэмтэлгүй уралдуулах ямар боломж байгааг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга нартай хамтран хэлэлцэж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.  Энэ зөвлөлийн дарга нь аймгийн Засаг дарга нар байдаг. Энэ хүрээнд бид ХТҮГ- аас наадмыг хэрхэн яаж зохион байгуулах талаар  удирдамжийг өгч байгаа. Зөвлөлийн дарга нар сум, багийн дарга нартаа ажлын  чиглэл өгч, зохион байгуулалттай ажиллах тал дээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Булган аймагт ХТҮЗ –ийн дарга нь хамгаалалтын хувцасгүй нэг ч хүүхдийг уралдуулахгүй, зөвхөн эцэг эх нь зөвшөөрсөн хүүхдийг уралдаанд оролцуулна гэх мэт  маш өндөр шаардлагатай шийдвэр, тушаалуудыг гаргасан байсан. 

урдан морь унаж, бэртэж гэмтсэн хүүхдийн олонх нь хөдөөгийн борог амьдралтай айлынх байдаг. Дээр нь  тухайн хүүхдийн унасан морь айргийн тавд багтсан бол тусгай шагнал авдаг, өгдөг байхаар зохицуулсан ч  энэ дүрэм, журам нь бас  мөрдөгддөггүй. Өөрөөр хэлбэл, унаач хүүхдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэхээ уяач, хурдан морины эзэн өөрөө шийддэг. Энэ бүхнийг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн хэрхэн яаж шийдвэрлэж байна вэ?

-Энэ жил бид  баяр наадмын өмнөх өдрүүдэд уяачдын галаар явж, унаач хүүхдүүдийг наадамд хэрхэн оролцуулах тухай  журам, санамж бичиг, зөвлөмжийг хүргүүлж байна. Өнгөрсөн жил бид бас ингэж ажилласан.  Энэ үеэр хүүхдүүдийг бүртгэхдээ төрсний гэрчилгээ, Эрүүл мэндийн дэвтэр, хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт оруулсан бичиг зэргийг нь үзэж шалгаж байна. Мөн хүүхдээ хурдны  морь унаж,  уралдуулахыг зөвшөөрсөн, уяачидтай тохирсон  эцэг, эхчүүдийн гэрээ маягийн зүйлсийг шаардаж байна. Гэхдээ төдийлөн бичиг цаасан гэрээ хийдэг жишиг тогтоогүй байна. Ямартай ч, хүүхдийг хохироохгүй байх бүх талын арга хэмжээг энэ зөвлөмжөөрөө хүргүүлж, холбогдох шаардлагыг нэлээд өндөр тавьсан. Энэ арга хэмжээг явуулснаар бид өнгөрсөн жилийн баяр наадмуудаар гэмтэж бэртэх хүүхдийн тоо багасч байгааг анзаарсан. 

-Энэ бүх ажлын төгсгөлд  аймгуудаас ирсэн ажлын тайланг бас нэгтгэдэг байх. Ажилдаа хариуцлагагүй хандсан, хүүхдийн асуудалд анхаарал хандуулаагүй албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байна уу. Тодорхой жишээ дурдаач та?

- Удирдамжид заасны  дагуу үйл ажиллагаагаа явуулаад дууссаны дараа бүх орон нутгаас ажлын тайлангаа манайд  ирүүлдэг. Төрийн албаны нэг гол механизм бол аливаа үйл ажиллагааны дараа тайланг заавал хүлээн авдаг. Ялангуяа, хурдан морины уралдааны хувьд ямар нэгэн  асуудал, бэрхшээл тулгарвал тэр даруй  цаг алдалгүй мэдэгдэхийг шаарддаг. Хэрэв бид ямар нэг асуудлыг тухайн зохион байгуулж байгаа газраас биш өөр хөндлөнгийн байгууллага,  хэн нэгний амнаас, хэвлэл мэдээллийн хэрэгслээс  сонсвол тэр ажилтанд шууд арга хэмжээ авдаг. Тухайлбал, Төв аймгийн ХТҮЗ-ийн даргыг сольсон гэх мэт хэд хэдэн хүмүүсийн ажил албатай нь хариуцлага тооцдог.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 12 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 25 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 30 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 35 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 22 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 22 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 10 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 42 мин