С.САРУУЛ
Мэргэжлийн хяналтын газраас анхааруулга мэдээлэл гаргажээ. Тодруулбал, хүүхдүүдийн их хэрэглэдэг "Киндер" шоколад нянгаар халдварласан байж болзошгүй тул худалдан авалт хийхдээ анхаарах хэрэгтэй гэсэн байна. Олон улсын “Инфосан” сүлжээнд мэдээлснээр "Kinder Surprise", "Kinder Happy Moment", "Kinder Mini Egg" зэрэг шоколадан бүтээгдэхүүн салмонелла гэх нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа аж.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд юм байна.
Салмонелла нянгийн халдвар хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг хоол боловсруулах доод замын шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм.
МХЕГ-аас дээрх асуудалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас тухайн бүтээгдэхүүн Монгол Улсад импортлогдсон эсэх талаар лавлагаа мэдээлэл авахаар ханджээ. Нянгийн халдварын эхний тохиолдол 2022 оны нэгдүгээр сарын 7-нд Их Британид бүртгэгдэж, хоёрдугаар сарын 17-ноос хойш Европын бусад орнуудад тохиолдлууд бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдээс авсан асуумж судалгааг үндэслэн "Киндер" нэрийн шоколадан бүтээгдэхүүнээс халдвар авсан байж болзошгүй гэж дүгнэжээ.
Иймд салмонелла нянгаар бохирдсон байж болзошгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Их Британи зэрэг хэд хэдэн оронд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын МХЕГ-аас дээрх бүтээгдэхүүнд мөн хяналт шалгалт хийж байгаа аж.
Буцаан татан авалт хийж буй бүтээгдэхүүний мэдээлэл:
Kinder Mini Eggs: 2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны есдүгээр сарын 6-нд хугацаа нь дуусах,
Kinder Surprise: 2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны дөрөвдүгээр сарын 10, 13, 20, 27- нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны долдугаар сарын 11, 12, 20, 31-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны дөрөвдүгээр сарын 13, 20 -нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны зургадугаар сарын 26, 30-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны долдугаар сарын 11, 15-нд хугацаа нь дуусах,
Schokobons 2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны тавдугаар сарын 28-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны зургадугаар сарын 25-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны долдугаар сарын 15, 16-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 16-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны тавдугаар сарын 29-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 17-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны тавдугаар сарын 30-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны тавдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах,
Uovo Maxi 2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд хугацаа нь дуусах,
2021 оны аравдугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны долдугаар сарын 11, 12-нд хугацаа нь дуусах.
Үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Киндер" нэрийн дээрх үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаатай шоколадуудыг хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд гаргахгүй, худалдахгүй байх, иргэд худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Харин импортлогч компанийн зүгээс Монголд худалдаалж буй бүтээгдэхүүн нь ОХУ-аас ирдэг тул ташаа мэдээлэл түгээж буй хүмүүст хариуцлага тооцуулна гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn