Б.ОД
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахлын сөрөг нөлөө хоёр жил үргэлжилж байна. Энэ нөлөөлөл алсарч амжаагүй байхад олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байгаа. Үүнээс үүдэлтэй нийгмийн жагсаал цуглаан, бухимдлыг маш сайн ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаа. УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл шийдэл боловсруулах ажлын хэсгийн байгуулж байгаа. Ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар болон бодлогын шийдлийг ярилцана. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж үзсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоогоод байна. Ирэх зургаан сар амаргүй байх төлөвтэй байгаа. Төсвийн бүсийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай байна” гэлээ.
Энэ ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд багтжээ.
Эх сурвалж:www.polit.mn