С.САРУУЛ
"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал "Өчигдөр болсон жагсаал Жагсаал цуглан зохион байгуулах журмын тухай хуульд зааснаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй. Жагсаж буй иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх талаар удаа дараа анхааруулсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь залуучуудад үлдээсэн. 18:00 цагийн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар залуучуудтай уулзах үеэр жагсагчид ус, ундааны сав, талх шидэх зэрэг эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нэг эмэгтэйн тархи хагарсан. Жагсаал 19:00 цагийн үед бүтэц нь өөрчлөгдсөн. Өглөөний 10:00 цагаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн залуус шингэрсэн юм. Үзэл бодлын хувьд өөр төрлийн залуучууд орж ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Сүүлдээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цуглаад байв. Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын тархи хагалсан. Ингээд урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03:40 минутад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараагаад байна" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn