Нэг. Бичгийн хүн, орчуулагч болох үндсэн нөхцөл
Д.Нацагдорж айлын гагц хүү байсан бөгөөд эх Пагма нь долоон настайд нь таалал төгсөхөд бичээч эцэг Дашдорж хүүгээ бичиг соёлын хүн болгохоор шийдэн нийслэл хүрээнд шилжин суурьшиж өөрийн танил Алтангэрэлд шавь болгон (1914) даатгажээ. Хоёр жил орчим суралцаж бичиг үсэгт тайлагдсаны дараа ч “Зүрхэн тольт хэмээх монгол хэл зүйн бичиг”, “Хоёр загалын тууж”, “Оюунтүлхүүр”, “Цаасан шувууны тууж” зэрэг сонгодог зохиолуудыг гэрээрээ бие даан уншиж хуулан бичдэг байжээ. Энэ талаар Алтангэрэл багш нь “Д.Нацагдорж савгүй их ухаантай байсан юм шүү...хуулан бичихдээ найруулгыг засч бичдэг байсан нь нээрэн зөв зүйтэй байдаг” /Д.Нацагдорж Зохиолын түүвэр. УБ., 1961.9/ хэмээн үнэлсэн нь бий. Мөн түүнчлэн эцэг Дашдорж нь бичгийн боловсролтой, барагтай хүнд заргаа алддаггүй хэлэмгий хүн байсан нь Д.Нацагдоржийн зохиолч болох, уран яруу шүлэглэн бичихэд нөлөөлсөн нь тодорхой санагддаг. Энэ талаар эрдэмтэн Б.Содном эцэг Дашдорж нь “...угаас ядуу боловч хар бор ажил хийж явсангүй зөвхөн бичээч, эх зохиогч зэрэг албан хаагчийн ажлыг Манж, Монголын автономит засгийн үед хийж явсаар ардын засгийн үед Цэргийн явдлын яам, Шүүх яаманд бичээч, Гаалийн хороонд байцаагчийн ажлыг тус тус хийж явсан байна” /Б.Содном.Нацагдоржийн намтар зохиол. УБ., 1966.35/ хэмээн тэмдэглэснээс тодорхой болж байна.
Д.Нацагдорж багын ажигч, сониуч хүүхэд байсан бөгөөд “алив үзэгдлийн зүй тогтлыг олох гэж хүмүүсээс лавладаг” /Д.Нацагдоржийн тухай дуртгал тэмдэглэл. УБ., 1966.71./ байсан нь нэгэнт тодорхой болсон зүйл бөгөөд зохиолч болсон хойноо ч харсан, сонссон зүйлээ тэмдэглэлийн дэвтэртээ шалав хөтөлдөг зуршил тогтоход нөлөөлсөн гэж бас болно. 11 настайдаа (1917) Цэргийн яаманд эцгийнхээ дэргэд “сурагч бичээч” (тал)-ээр ажиллах болж улмаар хоёр жилийн дараа (1919 оны өвөл) үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн учир “тэргүүн зэрэг”-ээр шагнагдаж, ший жүжигт тоглон зохион найруулахад сонирхон оролцож эхэлсэн зэрэг нь шүлэг зохиол бичиж туурвихад нь нөлөөлжээ. Улмаар “Майн нэгэнийг хөрөнгөтний газар үзэж”, “Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад... хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөрлөж ирсэн” нь орчуулагч, нийгмийн зүтгэлтэн болох билгийн нүдийг нь нээгдүүлсэн байна.
Хоёр. Гадаад хэлний боловсрол, мэдлэг
Үндэснийхээ монгол хэл, бичигт гүнзгий боловсорсон Д.Нацагдорж “...манж хэл бичгийг сайн мэдэж Хятадын ярианы хэлийг бичгээс нь нарийн мэддэг байсан бөгөөд бас Төвд бичгийг уншдаг байжээ” /Б.Содном. Д.Нацагдорж судлал. Дэд боть. УБ., 2009.54./. Үүн дээр суурилаад Орос, Герман хэлийг төвөггүй сурч орчуулга хийхийн зэрэгцээ ”Англи бичгийг хэрэглэх талаар өөрийнхөө мэргэжлийн зүйл дээр бусдын царай хардаггүй байжээ” [1966:46] хэмээн эрдэмтэн Б.Содном тэмдэглэсэн нь эрхгүй анхаарал татаж байна. Ийм “сонгодог боловсролтон” [Дамдинсүрэн, 2001:143] учраас тухайн үеийн сэхээтнүүдэд тоогдож хамтран орчуулга хийж (Ж.Цэвээн нарын хамт), заримд нь орчуулах үүрэг даалгаврыг өгч байсан билээ. Д.Нацагдорж манж болон бусад хэл мэддэг байсныг бататгах бас нэгэн мэдээ гэвэл академич Б.Ринчен “Д.Нацагдорж бол монгол бичиг, манж үсэг бичиг, бага зэргийн нангиад утга үсэг мэддэг бичгийн хүний нэг” /Б.Ринчен. “Монголын за андагаар буй за”. УБ., 2000.138./ гэснээр батлагдах бөгөөд үнэхээр ч манж болон бусад дорно дахины хэл соёлыг гадарлахгүйгээр тухайн үеийн бичгийн хүний эгнээнд багтах аргагүй, мөнхүү сонгодог зохиолуудтай танилцах боломжгүй гэж хэлж болохоор байна. Учир нь “Ламбугайн нулимсан” өгүүллэгийн Цэрэнлхам буюу “Иү Бай-Хуа”, “Магнит” шүлгийн “Эү Лю Ба Зэүгийн залуу охин” зэрэг Хятад хүний нэр түүний зохиолуудад дурдагддаг нь санаандгүй нэршил бус бөгөөд нангиад хэл суралцаж хэлний мэдлэгээ дээшлүүлж байсны ил баримт гэж хэлж болохоор юм. Ийнхүү Д.Нацагдорж Монгол, Манж, Хятад, Төвд, Орос, Герман, Англи, Латин гэсэн өрнө, дорнын хэлний мэдлэг боловсролтой уран бүтээлч, тухайн үеийн цөөн тооны тэргүүлэгч сэхээтнүүдийн нэгэн байжээ. Учир нь 1934 онд таван хэлээр хавсруулан зохиосон “Хэл шинжлэлийн нэр томьёоны толь” зохиож дуусгаад Шинжлэх ухааны хүрээлэнгийн Тэргүүлэгчдийн хуралд оруулан хэлэлцүүлэхэд “хэвлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргаж байжээ. Гэвч энэхүү олон хэлний толийг хэвлэлийн техникийн бололцооноос улбаалан латин, грек хэлээр дэвсгэр хийж Герман, орос, Монголоор хавсруулан бэлтгэснээ зөвхөн “Монгол-Орос толь” болгон өөрчилсөн гэдгийг А.Очир, Г.Дашням нар онцолсон [1996:185] нь 1956 онд эрдэмтэн Б.Содномын “...хэл шинжлэлийн нэр томьёоны 1000 орчим үгтэй Монгол-Орос толь нийтэлсэн юм /А.Очир, Г.Дашням Д.Нацагдорж: Нийгэм, улс төр эрдэм судлалын үйлс, амьдрал УБ., 1996.185./ хэмээн тэмдэглэн үлдээснийг архивын баримтаар давхар нотолсон зүйл болсон юм. Түүнчлэн Д.Нацагдорж 1930-аад онд 10 мянга гаруй толгой үгтэй, гар бичмэлээр 546 хуудас бүхий “Герман-Монгол хэлний толь бичиг” зохиосон зэрэг нь 1925 оны намраас 1926 оны намар хүртэл Ленинград хотын Н.Г.Толмачёвын нэрэмжит Цэргийн улс төрийн академид, 1926 оны сүүлчээс 1929 оны хавар хүртэл Берлиний Их Сургуулийн “Аусландер”-ийн институтийн Герман хэл бичгийн анги, Лайпцигийн Их Сургуулийн Дорно дахины судлал, сэтгүүл зүйн ангид тус тус суралцсан нь тодорхой нөлөө үзүүлсэн юм. Тиймээс 1929 онд Төмрийн заводод Герман хэлний орчуулагчаар, 1934 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн өрнө дахины хэлний орчуулагчаар тус тус ажиллаж байжээ. Д.Нацагдорж гадаадад байхдаа сурч мэдэх хүсэл эрмэлзлээр жигүүрлэхийн зэрэгцээ чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхийг эрмэлзэж Швед рүү очих зорилготой байсан тэргүүтэн нь насан залуу хэдий ч төрөлхийн бичгийн удмын давшилтат сэхээтэн байсныг бататгах бас нэгэн баримт гэж болно. Түүнчлэн Япон (Жибин) улсад суралцах, 1937 оны хавраас Орос улсад эмчлүүлэх, суралцах чин хүсэл эрмэлзлээ удаа дараа илэрхийлж байсан нь үргэлжлүүлэн сурч гэгээрэх гэхээсээ Монголын нийгэм, цаг үеийн таатай бус уран бүтээлийн орчинг таньж байсных гэж үзүүштэй санагддаг. Мөн Д.Нацагдоржийн латин хэлний мэдлэгийг бататгах баримт гэвэл “Латин үсгийн уг гарвал” өгүүлэл 1931 онд бичиж, улмаар дараа жил нь 3 бүлэг, 60 гаруй зүйл бүхий “Монгол хэлний ба латинчлалын дүрэм” (грамматика) зохиол бичсэнээ Шинжлэх ухааны Хүрээлэнгийн эрхлэх товчооны хурлаар хэлэлцүүлж уг 1932 оны 3-р сард “Ленин ба Ленинизм” хэмээх зохиолыг латинчлан хэвлүүлэхэд бэлтгэж байсан зэрэг болно.
Гурав. Орчуулгын бүтээлүүд
Д.Нацагдорж голчлон Орос, Герман хэлнээс орчуулан хэвлүүлэх ажил эрхэлж байв. Герман хэлнээс Вильгелм Хауф (1802-1827)-ын “Бяцхан Мука”, Эдгар Алан Погийн “Алтан цох” (The Golden Bug), 1931 онд К.Марксын “Капитал” зохиолын I ботийн “Таваар ба мөнгө” хэсгийг, 1933-1934 онд Г.Е.Грумм Грижмайлогийн “Монголын түүх”-ийг хэсэгчлэн, “Марко Пологийн тэмдэглэл”-ийг Франц эхээс нь товчлон “Их хааны ордонд” нэртэйгээр Герман хэлэнд буулгасан профессор Альбертийн орчуулгыг 1930 оны 11 сард монголчлон дуусгасан ажээ. Тэгвэл Орос хэлнээс А.С.Пушкины “Анчар” (1828-1936), “Хоригдол”(1936) (Узник-1822), “Хэрээ хэрээний зүг ниснэ” (1936) (Ворон летит к ворону 1828), “Сэрэхүй” (1936) (Пробуждение 1816), “Газар далай хоёр” (1936) (Земля и море 1821) зэрэг шүлгүүд, “Буудалцсан нь” (Выстрел), А.П.Чеховын “Төрөлх орноо хайрлагч” (Патриот своего отечества) зэрэг зохиолыг орчуулжээ. Мөн “Өвлийн зам”, “Гилбэрийн хатан” /М.Баянзул. Монголын уран зохиолын ном зүйн тойм. I УБ., 1966.130./ (Пиковая дама), “Их Петрийн араб”, Б.Ринчен, М.Гомбожав нартай хамтран “Белкиний туужууд”, Б.Ринчентэй Ги Де Мопассаны туужуудаас (“Аглагч” гэх мэт) монголчилж байжээ гэдгийг түүх эрдэмтэн А.Очир Г.Дашням нар тэмдэглэсэн [1996:120] байна. Түүнчлэн Д.Покотиловын “Мин улсын үеийн Дорнот Монголчуудын түүх” (1930), Кростовицийн “Чингис хаанаас Зөвлөлт Бүгд Найрамдах Улс хүртэл” номын зарим бүлгийг, Н.П.Шастинагийн “Абиссиний тухай өгүүлэл болон бусад өгүүллийг орчуулан хэвлүүлж байсан юм /Д.Цэдэв. Д.Нацагдорж. Бүрэн зохиол I УБ., 2006.23./. Д.Нацагдоржийн уран зохиолын орчуулгын чанарын талаар С.Галсан, К.Н.Яцковская /Г.Жамсранжав Шинэ замаар УБ., 1978.97./ нарын эрдэмтэд маш өндрөөр үнэлэн утгын яруу, уянгын давхцал зэргийг бахдан тэмдэглэсэн бол А.Шархүү, Р.Гүрбазар, Ш.Нацагдорж нар орчуулгын сод авьяастай хүн гэсэн саналд нэгдсэн нь бий. Учир нь Д.Нацагдорж шүлэг орчуулахдаа уг эхийн санааг гүйцэт буулгахыг эрмэлзэж хорей, ямбыг чанд баримтлан яруу найргийн хэмнэлийг хадгалахыг хичээж байсан нь дэлхийн сонгодог зохиолыг орчуулахад монгол хэлнийхээ шүлэглэх тогтсон ёсыг хэрхэн дүйцүүлэх талаар хийж байсан анхны бүтээлч оролдлого гэж болохоор байдаг.
Дөрөв. Гадаад хэлэнд орчуулагдаад буй байдал
Д.Нацагдорж зохиол бүтээлээрээ шинэ Монголын төдийгүй гадаадын уншигчдад хүрсэн уран бүтээлч юм. Тэрбээр өөрийнхөө шүлгийг Герман хэлээр орчуулан тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээсэн нь сонирхолтой юм. 1931 онд
“Hinter dem Bogdo-ula es is tuber 40° kalt,
Trotzdem fieren unsere Liebe nie ein Bisshen!” /Д.Нацагдорж. Бүрэн зохиол (Эмхт.Д.Цэдэв). I УБ., 2006.75./
(Богд уулын ард 40 градус хүйтэн боловч
Бага залуу бидний сэтгэл бяцхан ч хөлддөггүй юм даа) хэмээн хавсруулан бичсэн нь уран бүтээлийн орчуулгынхаа эх суурийг тавьсан гэж хэлж болохоор байна. Харин зохиол бүтээлүүд нь анх Орос хэлнээ бүрэн эхээрээ орчуулагдсныг эрдэмтэн Б.Содномын “Нацагдоржийн бичсэн дуурь “Учиртай гурван толгой”-г тэр даруй Орос хэлээр орчуулсан билээ” [2009:10] гэсэн тэмдэглэл бататгах төдийгүй 1950-иад онд зохиолоос нь түүвэрлэгдэж “Монгольская поэзия” (1957), “Поэти Азий” (1957) эмхэтгэлүүдэд, тусгайлан “Избранное” (1959) сэтгүүлийн дугаарт хэвлэгдсэн бол 1961 онд “Поэзия Народной Монголии”, “Когда приходит весна”, 1966 онд “Монгол Гүлдору”, 1970-аад оны дундуураас Ази, Африкийн зохиолчдын “Лянхуа” сэтгүүлийн дугааруудад Англи, Франц, Араб хэлээр шүлгүүд нь орчуулагдан нийтлэгджээ. “...1952 онд “Учиртай гурван толгой” жүжиг Хятад хэлэнд, 1955 онд “Миний нутаг” (Дин Шихао, 1958) “Цагаан сар ба хар нулимсан” (Чэнь Найшин, 1980) зохиолууд Өвөр Монголын ардын хэвлэлийн хороонд мөн Хятад хэлээр хэвлэгдсэн төдийгүй “Хуучин хүү”, “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Дөрвөн цаг” бүтээлүүд хятад хэлээр орчуулагдаад байна” /Лин Юүнь. “Дашдоржийн Нацагдоржийн зохиол бүтээлийг хятад хэлээр орчуулан судалсан байдал”. Хэл зохиол судлал. Боть VIII (40), Дэвтэр 22. УБ., 2015.232./. Түүнчлэн Хятадын Лю Юн хэмээх орчуулагч “Одон” ба “Цэнхэрлэн харагдах” хоёр шүлгийг Орос хэлний орчуулгаас дамжуулан Хятад хэлээр орчуулж “И Вэнь” сэтгүүлийн 1957 оны 8 сарын дугаарт нийтлүүлсэн. Мөн Япон хэлээр “Тал нутаг ба дөл” (1974) номд арав гаруй зохиолыг нь Япон улсад хэвлэсэн бол Казах хэлнээ М.Хурманхан анх удаа 1956 онд орчуулж тэр үеийн “Өркендеу” (“Хөгжил”) сонины 10 дахь дугаарт нийтлүүлжээ. Улмаар “Учиртай гурван толгой” дуурь, “Алс газар сурахаар явагч”, “Миний нутаг”, “Хэнз хурга” шүлэг, “Ламбугайн нулимс”, “Шувуун саарал”, “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийг нь түүрвэрлэн орчуулж 1957 онд ”Жумбак төбелер” (Учиртай гурван толгой) нэртэй тусгай ном болгож хэвлүүлсэн байна. Түүнчлэн “Өгүүллэгүүд” (Ангимелер 1973), шүлгүүд нь “Хавар” (Көктем 1976) нэртэйгээр гурав дахь түүвэр ном болж хэвлэгдсэн бол 1986 онд казах хэлээр орчуулагдан хэвлэгдсэн түүвэр зохиолд нь яруу найргийн зохиол 82, өгүүллэг 24, жүжиг 2, нийт 108 зохиол багтжээ /Жамбал А. Д.Нацагдоржийн зохиолыг казах хэлнээ орчуулсан тухай дахин өгүүлэх нь. Их зохиолч Д.Нацагдорж шинэ судалгаа-I УБ., 2016.114./.
Тэгвэл Ч.Лувсанжав, Д.Нацагдорж нарын редакторлосноор “Одон”, “Ламбугайн нулимсан” гэсэн хоёр зохиол нь Монгол, Орос, Англи, Франц, Герман 5 хэлээр тусгайлан ном болон Улаанбаатарт (1976) хэвлэгдсэн юм. Тодруулбал “Одон” шүлгийн орос хэлний орчуулгыг М.Бурдуков, Англи орчуулгыг Caroline Hamphrey, Франц хэлэнд S.Adikhou, Герман хэлнээ Ч.Галсан нар, “Ламбугайн нулимсан” өгүүллэгийг Орос хэлэнд Д.Лхамжав, Англи хэлнээ Д.Нацагдорж, Франц хэл рүү S.Adikhou, Германд Ч.Галсан нар тус тус орчуулсан байна. Түүнчлэн Индианы ИС-д Хангины Гомбожавын англи орчуулга, Орос хэлэнд Букины орчуулга тэргүүтэй гурван хувилбар, “Миний нутаг” шүлгийг олон хэлэнд орчуулж асан түүх бий юм.
Ийнхүү Д.Нацагдоржийн зохиолууд Орос, Англи, Хятад, Япон, Герман, Франц, Казак, Араб зэрэг 80 орчим хэлэнд орчуулагдсан ч “Миний нутаг”, “Одон”, “Ламбугайн нулимсан”, “Учиртай гурван толгой” зэрэг цөөн хэдэн шилмэл зохиолын хүрээнд эргэлдэж ирсэн тул нийт орчуулагдсан бүтээлүүдийн нь тоо харьцангуй бага ажээ.
Тав. Англи хэлэнд орчуулагдаад буй нь
Монголын уран зохиолыг орос хэлэнд орчуулах ажил эрчимжиж байсан нь Ч.Чимидийн “Хавар намар” (1962) роман хэвлэгдсэн даруй Москвад орчуулагдан хэвлэгдсэн зэрэг жишээд гэрчилнэ. Харин оросоос бусад гадаад хэлээр орчуулах анхны оролдлого Д.Нацагдоржийн бүтээлтэй холбоотой байна. Жишээлбэл, Ч.Лувсанжав, Д.Нацагдорж нарын редакторлосноор “Одон”, “Ламбугайн нулимсан” гэсэн хоёр зохиол нь Монгол, Орос, Англи, Франц, Герман 5 хэлээр тусгайлан ном болон Улаанбаатарт (1976) хэвлэгдсэн юм. Үүнд “Одон” шүлгийн Орос хэлний орчуулгыг М.Бурдуков, Англи орчуулгыг Caroline Hamphrey, Франц хэлэнд S.Adikhou, Герман хэлнээ Ч.Галсан нар, “Ламбугайн нулимсан” өгүүллэгийг Орос хэлэнд Д.Лхамжав, Англи хэлнээ Д.Нацагдорж, Франц хэл рүү S.Adikhou, Германд Ч.Галсан нар тус тус орчуулсан байна. Эдгээр орчуулгуудад Д.Цэдэвийн эрхэлж өмнөтгөл үг бичсэн, Д.Алтангэрэлийн голлосон орчуулга, Л.Хуушаан, Н.Энхбаяр, John Gaunt нарын хянан нягталсан “Modern Mongolian Poetry” (1921-1986) UB (1989) ном онцгой ач холбогдолтой бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчид болох 61 зохиолчийн 205 шүлэг зохиолуудаас Д.Нацагдоржийн найман шүлэг (Миний нутаг-Г.Ринчендорж, Цэнхэрлэн харагдах, Алс газар аа сурахаар явагч, Октябрь, Одон-Caroline Humphrey, Дөрвөн цаг-Krystyna Chabros, Янаг, Өр үгүй бол баян, өвчин үгүй бол жаргалан), “Учиртай гурван толгой”-Curtain, тус жүжгийн үндсэн эх Д.Алтангэрэлийн орчуулгаар багтжээ.
Ийнхүү Монголын орчин үеийн утга зохиолыг гадаад орнуудад таниулан сурталчилахад Д.Нацагдорж нарын зохиол онцгой үүрэг хүлээж, гүүр болон иржээ. Эдгээр нь Монголын шинэ үеийн уран зохиол, нийгмийн байдал, зохиолчийн ертөнцийг үзэх үзлийг тодотгоход багагүй үүрэгтэй юм. Одоогоор Д.Нацагдоржийн дараах зохиолууд англи хэлэнд орчуулагдаад байна.
1) Шүлэг, яруу найраг
“The Purple Headed Mountains”, “My Nature land”, “Four seasons”, “Star”, “In Search of Knowledge to a Far-Off Land”, “Health and Happiness”, “The October Revolution”, “Sweetheart” and “Song of pioneer”.
2) Өгүүллэг
“Tears of a venerable Lama”, “Bird Grey” and “White month and black tears”. Үүнээс сүүлийн шүлэг (Пионерийн дуу) болон хоёр өгүүллэгийн орчуулга бүрэн эхээрээ бус хэсэгчилсэн аястай, судалгааны бүтээлд эш татагдсан байдлаар орчуулагдсан байна.
3) Жүжиг
“The Three Fateful Hills” (The Original Version) зэрэг болно.
Мөн “My Mother”, “Historical Poem”, “My Little Lamb”, “A son of the Old World”, “The Black tears at the New Year”, “Not me” зэрэг зохиолууд судалгааны бүтээлд хэсэгчилсэн, энд тэнд нэр нь орчуулагдаж үлдсэн төдий байна.
“Modern Mongolian Poetry” (1989) номонд “Эрүүл ба жаргал”, “Октябрийн хувьсгал” гэх мэтээр хэвшиж дассан хуучин нэрээр нь орчуулсан нь зохиолын үндсэн эхийг баримтлаагүйнх бөгөөд тухайн үеийн түүвэрт хэвлэгдсэн эх зохиолуудыг харгуулан орчуулсан ч “Дөрвөн цаг” бүлэг шүлгийг “хавар”, “зун”, “намар”, “өвөл” гэсэн хэсэг бүрээр нь онцлон нэрийдэж нийт орчуулагдсан бүтээлийн тоонд багтаан дугаарлаж, улирал бүрийг гарчигийн агуулгад хуудас заасан нь тус бүрдээ бие даасан (дөрвөн) зохиол мэт ойлголтыг төрүүлэхүйц (гадаадын уншигчдад) болсон байдаг. Ингэхдээ зөвхөн Д.Нацагдоржийн гэлтгүй Монголын уран зохиолын бусад гол төлөөлөгчдийн бүтээлүүдэд ч үгчлэн орчуулах аргыг хэрэглэсэн нь түгээмэл юм.
Энэ талаар “Д.Нацагдоржийн зохиолын орчуулгын тухайд”, “Д.Нацагдоржийн яруу найргийн англи хэлний орчуулгад ажиглалт хийх нь”, “Дөрвөн цаг” шүлгийн англи хэлний орчуулгын хувилбаруудыг харьцуулан авч үзэх нь” гэсэн удаах судалгааны өгүүлэл, шүүмжүүдээс дэлгэрүүлэн тодруулж болох юм.
Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.Цэвээндорж
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 71 (6803)