С.САРУУЛ
Дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадрал мэдээлэл өгөхдөө “Ихэвчлэн өсвөр насныхан дээрэмдэх гэмт хэрэгт холбогдож байгаа тул эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгааг нь анзаарах ёстой. Он гарсаар эхний гурван сард 174 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлт. Энэ онд үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргээс дурдвал, гуравдугаар сарын 27-нд СХД-ийн 16 дугаар хороо .. байрны орцны лифтэнд үл таних дөрвөн этгээдэд зодуулж гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Тухайн хэргийг 14-17 насны дөрвөн хүүхэд бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн дээрх эд зүйлийг хураан авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон гэрэлтүүлэггүй гудамж талбайд ганцаараа зорчиж байгаа иргэд, охид, эмэгтэйчүүдийг олзлон дээрэмдэж, давхар биед нь хохирол учруулж байна.Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд дээрэмдэх гэмт хэрэгт холбогдож байгаа тул иргэд өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилцах, ямар хүүхэдтэй нөхөрлөж, нийлж байгааг нь анзаарах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр яриа, ухуулга хийж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэв.
Эх сурвалж: www.polit.mn