Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч С.Ганхуягийг урилаа.
-Анх таныг эргүүлийн цагдаа байсан гэж сонссон?
-2007-2008 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан. Халагдаж ирээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар орж, ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Тухайн үед олон мундаг хүмүүстэй, үеийн залуустайгаа мөр зэрэгцэн ажиллаж, цагдаагийн амьдралын жаргал зовлонг мэдэрч явсан даа. Ингээд 2013 он хүртэл дүүрэгтээ ажиллаад Хууль сахиулахын их сургуулийн эчнээ ангид элсэж, 2018 оны зургадугаар сард цагдаагийн эрхзүйч мэргэжлээр төгссөн.
-Дүүргийн эргүүлийн цагдаа байхдаа ямар хүмүүсийн удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг байв?
-Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн салаан дарга дэслэгч Л.Ганбаатар, салаан орлогч ахлах ахлагч Б.Мөнхбат, сурган хүмүүжүүлэгч багш С.Баатарсүхийн удирдлага дор үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хүмүүсээс ажил мэргэжил болон хувь хүнийхээ хувьд олон зан чанарыг сурсан гэж боддог. Энэ хугацаанд гэмтлийн эмнэлгийн цагдаа, эргүүлийн цагдаа, жижүүрийн цагдаа, хорооны цагдаа, дуудлага хүлээж авдаг цагдаа, конторын цагдаа, халаасны хулгайн туслах төлөөлөгч цагдаа гэсэн ажлыг хийж үзсэн.
-Залуу офицерууд ихэвчлэн хотод ажиллах сонирхолтой байдаг. Таны хувьд өөрийн хүсэлтээр орон нутагт ирсэн гэж сонссон?
-Дүүрэгтээ доороос нь эхлээд бүхий л ажлыг хийгээд үзчихсэн надад ганцхан хөдөө орон нутгийн томилолт л дутуу байсан. Шинэ зүйлд өөрийгөө сорьж, ажил мэргэжлийнхээ сайхныг илүү ихээр мэдэрье гэж зориглоод өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллах хүсэлт гаргасан.
-Та унаган хотын хүүхэд. Яагаад заавал Булган аймагт ажиллах болсон бэ?
-Би 2013 онд Завхан аймагт ажиллах хүсэлт гаргаж байсан. Тухайн үед аймгийн дэд дарга нь “Чи хотын хүүхэд байж газрын хол Завханд ирэх хэрэг байна уу” гэж асуусан. Тэр хүн бодохдоо хотод шингэх газаргүй болчихоод энэ хүүхэд хөдөө рүү зугтааж байна гэж бодсон юм шиг байна лээ. Энэ хандлага нь эвгүй санагдсан болохоор хүсэлтээ татсан. Дараа нь Архангай аймагт ажиллах хүсэлт гаргасан. Гэвч орон тоо байхгүй гэсэн учир явж чадаагүй. Гэтэл хамт сурч байсан найз маань "Чи орон нутагт ажилламаар байгаа юм бол манай Булганд ирээч" гэсэн хүсэлт тавьсан. Үүнээс хойш гурван сарын дараа ажиллах тушаал гарснаар Булган аймагт ирсэн.
-Дэслэгч болоогүй байхдаа орон нутагт ажиллах хүсэлт гаргасан гэсэн үг үү?
-Би 2015 онд Булган аймагт томилогдож ирсэн. Ажиллаж байх хугацаандаа сургуулиа төгслөө. Анх Дашинчилэн суманд томилогдсон. Орон нутагт томилогдоход хамт ажиллаж байсан ах нар намайг цаашлуулаад суманд очсон цагдаа хийх юм байхгүй, өдөржингөө ном уншаад, кино үздэг гэж хэлэхээр нь нэг хайрцаг ном, нэг хайрцаг киноны DVD-тэй шөнө сумандаа бууж билээ. Гэхдээ бүх зүйл эсрэгээрээ байсан. Одоог хүртэл нөгөө номнуудаа эргүүлэх завгүй, киноноосоо нэгийг нь ч үзэж амжаагүй явна.
-Анх томилогдож ирэхэд сумын амьдрал ямар санагдаж байв?
-Манай аав ээж, эмээ өвөө хотынх. Томилогдож ирсэн эхний өдөр байр руугаа хувцсаа зөөж байтал эмээ өвөө хоёр ирж байна. Намайг харснаа “Шинэ цагдаа ирсэн хаана байгаа юм бол” гэж асуухаар нь хэрэгт дурлаад “Цагдаагаар яах гэсэн юм бэ” гэж асуутал “Манай халзан зүсмийн бух алга болчихлоо” гэдэг юм байна. Миний нүд орой дээрээ гарчихсан. Хотод хүн хайж явснаас бух хайж үзсэн биш “Мэдэхгүй ээ. Цагдаа цаагуур чинь л байгаа байх” гээд машиндаа суугаад зугтааж байлаа.
-Мэдээж энэ мэт хүндрэлтэй зүйл олон тохиолдсон байх?
-Үргэлж зугтана гэж юу байх вэ. Нэгэнт чадна гээд зориод ирчихсэн учир ажлаа хийхээс өөр сонголтгүй. Тиймээс орой бүр ажил тарсны дараа байрандаа ирээд малын зүс, тамга гээд бүгдийг нь нүдэлж, уйгагүй цээжилсэн дээ. Орон нутгийн цагдаагийн тасаг миний төсөөллөөс тэс өөр байсан. Жишээлбэл, хотод олон залуус танхайрлаа гэхэд нэмэлт хүч дуудаад саатуулчихдаг. Суманд бол би ганцаараа очиж, бүгдтэй нь нүүр тулж шийдвэр гаргана. Нэмэлт хүч дуудах гэхээр хамгийн ойрын сум 30-40 км-ийн зайтай. Тиймээс сумын цагдаа бие дааж, шийдвэр гаргаж сурдаг юм билээ. Мөн цагдаагийн ур чадвар, мэдрэмж нэмэгддэг юм шиг санагддаг.
-Яагаад сумаа солих болсон юм бэ?
-Гурванбулаг суманд 2020 оны наймдугаар сард эхнэрийнхээ төрсөн өдрөөр томилогдож ирсэн. Миний хань тэр үед “Миний төрсөн өдрөөр томилогдож байгаа юм чинь илүү сайн ажиллаарай” гэж хэлж билээ. Энэ сумын хувьд зам дагуу учир хэрэг их гардаг. Тиймээс намайг энэ суманд ажилла гэж томилсон болов уу гэж боддог. Манай цагдаагийн хэлтэс Рашаант суманд харьяалагддаг. Нийт дөрвөн сумыг хариуцан ажиллаж байна. Манай тасгийн дарга, дэд хурандаа н.Дэлгэрнасан гэж хүн бий. Сум маань 3385 хүн амтай, малын тоо толгой нь 345 мянга давсан. Хүн амын дийлэнх нь амьжиргааны түвшин дээгүүр гэсэн судалгаа байдаг.
-Булган аймагт ирээд заяаны ханьтайгаа учирсан гэж ярьж байсан. Гэргийтэйгээ хэрхэн танилцаж байв?
-Дашинчилэн суманд томилогдоод жил болоогүй байхдаа гэргийтэйгээ танилцсан. Тухайн үед сумын төвд мотоцикльтой хүмүүсийг хамгаалах малгай өмсүүлэх аян өрнүүлж байсан юм. Тэр үед би хамгаалалтын малгай өмсөөгүй иргэдийг журамладаг байлаа. Харин манай эхнэр эмээгийндээ очоод буцахдаа надад журамлагдсан түүхтэй.
-Таны ханьдаа зориулж бичсэн захидал аймагтаа тэргүүн байранд шалгарсан юм билээ?
-Тэр үед манай хадам аавын бие их тааруу байсан. Үүнээс болоод хань маань сэтгэлээр их унасан. Гэргийнхээ сэтгэлийг хэрхэн сэргээж, баярлуулах вэ гэж бодсны эцэст захидал бичсэн. Цагдаа хүний гэргий байна гэдэг их тэвчээр юм билээ. Тиймээс захидлаараа дамжуулж ханьдаа баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн юм.
-Та ихэвчлэн ямар хэрэг дээр ажиллаж байна?
-Би сүүлийн гурван жил хэсгийн төлөөлөгч хийж байна. Бүх төрлийн хэрэг дээр ажилладаг. Миний хувьд өөртөө заавал Цагдаагийн ерөнхий газрын аварга болно гэсэн зорилт тавьсан. Тиймээс өөрийгөө илүү дайчилж, шахдаг.
-Хамгийн урт хугацаа зарцуулж илрүүлсэн хэрэг бий юу?
-Сайхан суманд ажиллаж байхдаа нэг хэргийн араас тасралтгүй 16 хоног мөрдлөг хийсэн. 16 хоногийн дараа хоёр хоног сумандаа эргэж ирээд буцаж яваад 18 хоногийн дараа хэргээ илрүүлээд, сэжигтнүүдээ барьсан байдаг. Энэ л миний хамгийн урт хугацаа зарцуулж илрүүлсэн хэрэг юм уу даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 70 (6802)