Б.ДОЛЖИНЖАВ
Форбес сэтгүүл дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтаа шинэчлэн гаргажээ. Энэ жагсаалтыг Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla", сансрын хөлөг бүтээгч "Space X" компаниудын гүйцэтгэх захирал Элон Маск 300 тэрбум ам.доллараар тэргүүлсэн байна.
Түүний дараа дэд байранд жагссан “Space X”-ийн өрсөлдөгч "Blue Origin" болон "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жэф Безосын хөрөнгийн хэмжээ Маскийнхаас 100 гаруй тэрбум ам.доллар бага байгаа юм.
Элон Маск нь домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетаас хоёр дахин их хөрөнгөтэй болжээ. 1941 онд 11 настайгаасаа эхлэн бизнесүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн “Омахагийн зөнч” хочтой "Berkshire Hathaway" компанийн гүйцэтгэх захирал, 91 настай Баффетын хөрөнгийн хэмжээ одоо 125 тэрбум ам доллар орчим байна.
Маскийн хөрөнгийн хэмжээ Майкрософтын Билл Гэйтс, Стив Балмер нарын болон Google-ийн Ларри Пэйж, Сергей Брин нарын нийлбэр хөрөнгөөс ч хол илүү болжээ.
Хэрэв Маск спортын хорхойтон байсан бол Америкийн Үндэсний хөл бөмбөгийн Лигийн 32 клубийг худалдаж авсан ч цаана нь 190 тэрбум ам доллартай үлдэхээр байна. Мөн түүний хөрөнгийн хэмжээ өөрийнх нь төрсөн нутаг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс ердөө 35 тэрбум ам доллараа бага байгаа юм. Тухайлбал, Өмнөд Африкийн ДНБ-ий хэмжээ 335 тэрбум ам.доллар байна. Дэлхийн банкны судалгаагаар түүний хөрөнгө Колумби, Финланд, Пакистан, Чили, Португал улсуудын ДНБ-ээс давжээ.
Эх сурвалж:CNN