Б.ДОЛЖИНЖАВ
“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТББ-аас үнийн хөөрөгдөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тус холбооноос үнийн хөөрөгдлийг бууруулах шат дараатай арга хэмжээг авах шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүллээ. Өмнө нь тус холбоо энэ шаардлагаа гуравдугаар сарын 23-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Энэ талаар тус холбооны тэргүүн Г.Алтанцэцэг “Үнийн хөөрөгдөл ард түмэнд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар гэр хорооллоор явлаа. Амьдрал үнэхээр хэцүү байгааг ээжүүд бид биеэрээ мэдэрлээ, нүдээрээ харлаа. Үнийн хөөрөгдөлд 0-5 насны хүүхдүүд хамгийн их өртөж, хүнс тэжээлийн хомсдолд орж байна. Тиймээс ядаж мах, сүү, гурилын үнийг тогвортой байлгахыг хүсч байна. Бид Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө үнийн хөөрөгдөлтийг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд 14 өдөр болсон. Энэ хугацаанд ард иргэдийн дунд үнийн хөөрөгдөлт амьдралд яаж нөлөөлж байгааг нийгмийн бүх түвшний амьдралтай 15 мянган иргэнээс санал асуулга авахад 100 хувь үнийг хөөрөгдөлтийг буруутгаж байна.Тусгаар тогносон улс учраас бие даасан бодлоготой байж, үнийг тогтвортой байлгахад анхаарах ёстой. Гэтэл үнийг тогтоон барих боломжгүй гэсэн мэдэгдлийг ерөнхий сайд хэвлэлээр хийлээ. Гурван сая хүнтэй, 70 сая малтай улс үнийг тогтоон барьж болно гэдгийг бид мэдэж байна. Үнийн хөөрөгдөлт буурахгүй бол 0-5 насны хүүхдүүд хоол хүнсий дутагдлаас үүдэн өлсгөлөнд нэрвэгдэж, амь насаа алдана. Нүдээрээ бодит байдлыг харсны хувьд ямар ч арга хэмжээ авахгүй байгаад бид үнэхээр их бухимдаж байна. Засгийн газар бодит байдлыг яагаад судлахгүй байгаа юм. Ард иргэдтэйгээ ойр байж, аж амьдралыг нь судлахыг шаардаж байна. Иргэдийн амьдрал хэцүү байхад яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Жирэмсэн эмэгтэйг сандаалтай зөөвөрлөснөөс болж одоогийн ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа огцорч байсан. Гэтэл ард иргэд нь үнэхээр хэцүү, хүүхдүүд өлсөж байхад яагаад огцрохгүй байгаа юм бэ. Тиймээс эмэгтэй гишүүдийг бидний тавьсан шаардлагыг Ерөнхий сайдаас шаардаж, гурав хоногт хариу ирүүлэхийг хүссэн шаардлага хүргүүллээ” гэв.
Эх сурвалж:www.polit.mn