Б.ДОЛЖИНЖАВ
Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат “Кью Эс Си” компанитай холбоотой асуудлаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Кью Эс Си” нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт эзэн суусан, 24 ажилчинтай, Британийн Виржини аралд бүртгэлтэй, оффшор компани юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, түүнийг дагасан Монголын хамгийн том төмрийн орд болох Төмөртэйн орд ард түмний эзэмшилд байх уу эсвэл 1-2 хүний эзэмшилд байх уу гэсэн тэмцэл дунд олон жил явж ирлээ. Учрыг ухавал “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн ордыг хулгайлж авсан байна. Энэ хулгайлж авсан үйл ажиллагааг хувийн компаниар дамжуулаад Засгийн газрын үе үеийн хэд хэдэн сайд, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны дарга нарыг дамнуулаад улсад нэг ч төгрөг төлөхгүйгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэй ордны эзэмшлийг хувьд шилжүүлжээ. Энэ ордоор дамжуулж хийсэн бүтээн байгуулалтаа улсад шахаад 410 тэрбумын хохирлыг улсад учруулсан нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Тус компани 40 тэрбумын өртөгтэй төмөр замыг өнөөдрийн ханшаар 330 тэрбумаар үнэлэн улсад зарсан. Энэ асуудал 1996 оноос эхэлсэн. 1996 оны есдүгээр сарын 14-нд Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Тамгын хэлтсийн дарга Б.Шинэбаатар нарын гарын үсэгтэй 02 тоот тогтоолоор Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал Б.Шагдарыг чөлөөлж, Л.Нацагдоржыг томилжээ. Л.Нацагдорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших 229 сая гаруй тонн хүдрийн нөөцтэй Төмөртэйн ордын ашиглалтын лицензийг төрсөн эгч Л.Туяагийн “БЛТ” компанид 1998 оны нэгдүгээр сарын 28-нд шилжүүлсэн байна. Л.Туяа нь өөрийн нөхөр Л.Баярцогтод шилжүүлээд 2008 он хүртэл энэ орд бусдын хууль бус эзэмшилд байж ирсэн нь ноцтой баримт юм. Ийн 2008 онд “Кью Эс Си” компанийн эзэмшигч "сахал" Д.Эрдэнэбилэг энэ ордыг авахаар зэхсэн. Ийн 2010 онд Хятадын хоёр, Энэтхэгийн нэг, Монголоос ганцхан “Кью Эс Си” компанийг оролцуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалт явуулаад үндэсний хөрөнгө оруулалт нэрээр “Кью Эс Си” компанийг шалгаруулсан. Гэтэл тухайн үед энэ компани ямар ч барьцаа хөрөнгөгүй, ажилчдадаа нийгмийн даатгал төлж байгаагүй. Энэ компани 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай байгуулсан. Уг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн агуулгатай гэрээ байсан юм. 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар 69 тоот тогтоол гаргаж, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг “Кью Эс Си” компанитай байгуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасан. Үйлдвэрийн удирдлагын эрх, өмчийг шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт, тусгай зөвшөөрөл олгохыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байна. “Кью Эс Си” компани зургаан үндсэн үүрэг хүлээснээс ангижруулсан төмөр үйлдвэрлэх, барилгын үнийн өсөлтийг хазаарлаж болох байсан арматур болон Эрдэнэт нийлүүлэх ган бөмбөлөг үйлдвэрлэх үүрэг даалгавар огт биелээгүй. Өөрийн хөрөнгөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж шинэчлэх үүргээ биелүүлээгүй, анхнаасаа тийм чадавхигүй байсан “Кью Эс Си” 2014 онд Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авсан. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоол, шийдвэргүйгээр авсан зээл. Хоёрдугаарт, Хөгжлийн банкинд Худалдаа хөгжлийн банк, Оросын МИБ банкнаас хүүтэй мөнгө байршуулж, түүнийгээ зээл болгон авсан. Гуравдугаарт, мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Дөрөвдүгээрт, барьцаанд нь 730 саяар үнэлсэн нэг орон сууц, тоног төхөөрөмж, төмрийн хүдрийн овоолго тавьсан. Зээлийн хугацаа 2018 онд дуусч, Хөгжлийн банк шүүхэд өгсөн. Улсын дээд шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 13-нд гарсан эцсийн шийдвэрээр “Кью Эс Си” Хөгжлийн банкинд 191 тэрбум төгрөг төлнө. Гурван жилийн өмнө шүүхийн процесс эхэлснээр хүү, алданги тооцохгүй таг зогссон. Зөвхөн эндээс Хөгжлийн банк 40 гаруй тэрбумаар хохирсон. 2014 онд “Кью Эс Си” 71.3 сая ам.долларыг Хөгжлийн банкинд өгсөн өрөндөө 191 тэрбумыг авна. Энэ өрөө аваад доллар руу шилжүүлвэл 59 сая ам.доллар болно. Хөгжлийн банк “Кью Эс Си”-д 71.3 сая ам.долларыг зээлүүлээд найман жилийн дараа 59 сая ам.доллар авах нөхцөл үүсчихлээ.Энэ бол 253 тэрбумаар дэд бүтцүүдээ шахаад, хоёр их наядын орлого олсон санхүүгийн асар том луйвар юм” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn