П.АМГАЛАНБАЯР
Ботгоо алдсан ингэ шиг алсад торойн харагдах модыг хараад гуниг хурж, бодол алсрах шиг. Нарны туяанд элсэн манхан шаргалтаж, тэлмэн зэрэглээ наадах говийн өнгө уран зураг мэт. Яндангийн нүхээр утаа суунаглаж алсад замхран, галын чимээ чад пад дуугарч, аагтай шаргал цай хамар цоргих нь говь нутгийн шинэ өглөөний нэгэн өнгө. Талын зэрэглээ дуниартах говь нутгийн шинэ өглөө амар амгалан эхэлнэ. Усны мандал нь хөхрөн зэргэлээтэх Таацын Цагаан нуур, наагуур нь цэлийх уудам өргөн тал, уужим цэлгэр хоолой. Тэдгээрийг хаяалан буусан танан цагаан гэрүүдийн гадуур бэлчих мал сүрэг. Энэ бол нийтлэлийн баатар зураач М.Лхагвадоржийн төрсөн нутаг хангай говь хосолсон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Буйлсны улаан хөвөө хэмээх газрын дүр зураг. М.Лхагвадорж энэ л нутагт 1941 онд айлын удам залгах хүү болж мэндэлжээ. Тэрбээр хүй цөглөсөн нутгийнхаа элсэн дээр бүдэрч, алхаж хөлд орж, амьдралын урт замд 82 насны босгыг алхаж явна. Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа уран зургийн салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач М.Лхагвадоржийг урьж, өнгө будаг хосолсон амьдралынх нь замналаар аяласан юм.
Анхны зургийн дэвтэр нь элс, харандаа нь шилбүүр байв
Хөдөөний нэг өдөр үргэлжилж малаа бэлчээрт гарган, элсэн говьд хонин сүрэг амгалан бэлчинэ. Энэ өдөр түүний хонины хишиг өдөр. Гэрийн гадаа байх, сайн найз болох шилбүүрээ бариад, бэлчээрт гарсан хонины араас малаа сайн харах том даалгавар өвөртөлсөн сөөсгөр хүү гүйлээ. Хоньчин хүүд бүх зүйл шинэ, содон санагдана. Элсэн дээр шилбүүрээр янз бүрийн дүрс үүсгэж, бяцхан хүүгийн нүдэнд харагдах говийн өнгийг өөрийн мэдрэмжээр буулгана. Хавтгай чулуугаар тэмээний бөхийг дуурайлгаж хийх нь түүнд сонирхолтой санагдах аж. Энэ нь түүний хорвоотой танилцсан, уран зурагтай нөхөрлөсөн цаг хугацааных нь эхлэл. Ингээд харахаар түүний анхны зургийн дэвтэр нь элс, харандаа нь харин шилбүүр байжээ. Зураачийн ярьсан тэрхүү бага насных нь тухай нандин дурсамжийг сонсч суухад дэндүү уудам зургийн дэвтэртэй азтай зураач юмдаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Алсран харагдах төрсөн нутгийнх нь элсэн дээр түүний анхны уран бүтээлүүд бий. Он цагийн салхинд түүний бүтээлүүд замхран арилсан ч, зураач бяцхан хүү нь анхны зургийн дэвтэр болох алтан шаргал элсээ нандигнан зурж урын сандаа хадгалжээ. Энэ бүх мэдрэмж, алсад харагдах хот айл, алсран зэргэлээтэх тал нутаг гээд сэтгэлийн гүнд үлдсэн зураглал бүхэн түүний балчир насны он жилүүдийн аз жаргалын хэлхээс юм.Өнгөрөн одсон дурсамжийн хуудсыг нэхэн бодож, энэ тухай хүүрнэн суухдаа түүний нүдэнд инээмсэглэл тодорч, шилбүүрээ барин малынхаа араас гүйх бяцхан хүү шиг дэндүү жаргалтай харагдаж байв.
Асрамжийн газар өссөн бага нас
М.Лхагвадорж эхээс дөрвүүлээ. Ээж нь амьдралын эрхээр гурван хүүхдээ айлд өргүүлж, ганцхан М.Лхагвадоржийг л хажуудаа авч үлджээ. Бага байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан учир ээжийнхээ үгэнд орохгүй хааяа банга хүртэнэ. Гэхдээ одоо бодоход дэндүү сайхан мөч хэмээн тэрбээр хуучиллаа. 1950-аад оны үед бүх нийтийг бичиг үсэгтэй болгох “Бүлгэм” гэж байгуулагджээ. Ээж нь ч бас бичиг үсэг сурч буй зураглал түүний сэтгэлд бүдэгхэн буудаг аж. Үнсэн самбар гэж хавтгай модон дээр өөхөн тос түрхээд дээгүүр нь тулгатай үнснээсээ хийж байгаад дэрсээр том “А”, жижиг “а” гээд бичдэг байв. Харин зураач хүү маань эрдмийн гараагаа Баруунбаян-Улаан сумын бага сургуулиас эхэлсэн аж. Сургуулийн сурагч болсон хүү өөрийн зурах дуртай зурагаа цав цагаан цаасан дээр харандаагаар зурдаг болов. Мэдээж түүний дуртай хичээл учраас багшаасаа “дунд” авч үзээгүй гэнэ. Түүний зурах дуртай сэдэв нь байгаль. Ээж нь түүний зургийг хараад “Манай энэ сайн зурна. Зураач болно” гэж хэлдэг байжээ. Цаг хугацаа улиран одож дөрвөн хавар, намар өнгөрснөөр зураач хүү маань дөрөвдүгээр ангиа төгслөө. Тухайн үед 10 жилийн сургууль цөөн байж. Зэргэлдээх Хужирт сумын дунд сургуульд Богд, Төгрөг, Баруунбаян-Улаан сумаас хүүхдүүд очиж долдугаар анги хүртэл үргэлжлүүлэн сурдаг байв. Гучин-Ус сумын дунд сургуульд тавдугаар ангид үргэлжлүүлэн сурахаар болов. Анги дэвшин сурна, дээрээс нь шинэ сургуульд орж, олон найзтай болно гэхээр их л баяртай. Гэвч түүний амьдралын зам дардан байсангүй. Жаргал, зовлон, хагацал, учрал түүнийг арай эрт дайран өнгөрчээ. Түүнийг дөрөвдүгээр анги төгсөх жил нь ээж нь өөд болж тэрбээр өнчирч хоцров. Дөнгөж дөрөвдүгээр ангиа төгссөн арван хэдхэн настай хүүхдэд дэндүү хүнд цаг хугацааг туулах гашуун тавилан иржээ. Ингээд Гучин-Ус суманд долдугаар анги төгстөлөө, гурван жил сургуулийн өнчин хүүхдүүдийн асрамжийн газар амьдарчээ. Энэ үед “Миний хүү гоё зурдаг, сайн зураач болно” гэсэн ээжийнх нь үг сэтгэлд нь уяатай. Ээжийгээ, бас нутгаа санана. Түүнийг долдугаар ангид байхад аймгийн төв Арвайхээр хотод таван сумын сургуулийн сурагчдын дунд зургийн тэмцээн болжээ. М.Лхагвадоржийг зураг зурах сонирхолтой учир багш нар нь их дэмждэг байв. Тэгээд зургийн анхны тэмцээндээ Сүхбаатар жанжны хөрөг зургийг зурж оролцжээ. Анхны тэмцээн учир, сандрал догдлол дүүрэн, зургийнхаа зураас бүхэнд сэтгэлээ шингээж зурав. Ийнхүү тэрбээр анхны зургийн тэмцээндээ гуравдугаар байранд орж цагаан цамц, өнгийн будаг, дэвтэр, зургийн харандаагаар шагнууллаа.
Ажлын томилолт өвөртөлсөн залуу нас
Сургуулиас нь М.Лхагвадоржийн зурах авьяасыг нь дэмжиж, зургийн сургуульд сургахаар болов. Долдугаар ангиа төгсөх жилээ Дүрслэх урлагийн дунд сургуульд хувиарлагдсан ч тэр үед сургууль нь хаагдсан байв. Тиймээс Улаанбаатар хотын Багшийн сургуулийн зургийн ангид оюутан болжээ. Энэ үеэс түүний зургийн багш болох замнал эхэлсэн түүхтэй. Тэрбээр сургуулиа 1963 онд амжилттай дүүргэжээ. Дараагаар нь Улсын Багшийн Дээд Сургуулийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр төгсөж, мэргэжлийн зураач болжээ. Сургуулиа төгсөөд 1967 онд Булган аймгийн Урчуудын салбарт зураачаар томилогдож, мэргэжлийн зураач болох ажил амьдралын гараа нь эхлэв. Мэдээж анхны бүхэн алдаа оноотой байдаг хойно цаг хугацааны уртад бүдэрч, алдаж явсан үе цөөнгүй. Нэг удаа дарга нь түүнд “Удахгүй улс төрийн товчооны орлогч ирнэ. Тиймээс байгалийн зохиомжит зураг зурж түүнд бэлэглэнэ. Зурагаа ирэхээс нь 10 хоногийн өмнө зурж бэлдээрэй” гэсэн даалгавар өгчээ. Удахгүй хотоос дарга ч ирлээ. Харин зураач маань нөгөөх зургийг нь гурав хоногийн өмнө зуржээ. Зургийг гардуулж өгтөл зураад удаагүй учир хатаагүй гарыг нь халтардуулчихав. Ингээд шинэхэн зураач маань хариуцлага алдсан гээд донгодуулсан удаатай. М.Лхагвадорж Булган аймагт дөрвөн жил ажиллаад Улаанбаатарыг зорив. 1968 онд Монголын Урчуудын Эвлэлийн гишүүнээр элсэж, 1972 онд Улсын Филармони байгуулагдахад анхны зураачаар нь томилогджээ. Хөгжим уянгалаад, зураг зурж суух нь түүний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг байлаа. Тэрбээр Улсын филармонид 12 жил ажилласан юм. Дараагаар нь Улаанбаатар хотын Урчуудын салбарт хөргийн зураачаар ажиллаж, Урлагийн гавьяат зүтгэлтэн н.Орхонтой хамт улс төрийн товчооны гишүүд удирдагчдын зургийг зурдаг болов. Тухайн үед Урчуудын салбар 80 гаруй зураачтай том байгууллага байв. М.Лхагвадорж 1991 оноос уран бүтээлийн замналаа өөрчилж бие даасан чөлөөт уран бүтээлч болов. Түүнийг бийр харандаагаа бариад суухад хөдөөний амьдрал, хүүхэд ахуй нас, байгалийн зураглал сэтгэлд нь тод буудаг аж.
Чөлөөт уран бүтээлч болсноос хойш урын сан нь байгалийн болон монгол ахуй амьдралын тухай сэдэвчилсэн бодит реалист зургаар арвижив. Хот айл, мал сүрэг, хашаа хороо, айлын гадаа байх эмээл, уяан дээрх морьд, алслан зэргэлээтэх тал нутаг гээд хөдөөний амьдрал тэр чигтээ түүний уран бүтээлийн сэдэл санааг хөглөдөг зураглал. Арга ч үгүй биз дээ. Эхийн хэвлийгээс мэндэлсэн цагаас монгол ахуйд өсөн торниж, амьдралын урт замыг туулж яваа түүний сэтгэлд нь бус цусанд нь булгилдаг байх. Мөн тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан өнөөгийн залууст монгол ахуй амьдрал хийгээд соёл ямар гайхалтай давтагдашгүй мөн чанарыг агуулж байдгийг харуулахыг зорьж яваа нэгэн. М.Лхагвадорж зураач “Одоогийн залуучууд голдуу сэтгэлгээний, орчин үеийн чиглэлийн зураг зурах болжээ. Залуу уран бүтээлчдийн зургийг харахад сайхан санагддаг. Өөр мэдрэмж, зохиомж, ертөнцийг урласан харагддаг юм. Гэвч миний хувьд орчин үеийн чиглэлээр уран бүтээл туурвина гэвэл, ойлгохгүй, сэтгэх ч үгүй. Тэгэхээр энэ цаг үед өөрийнхөө уран бүтээлийн ертөнцөөр л амьдарна” хэмээн ярив. Цэв цэнхэр тэнгэрт хөвөн цагаан үүлс нүүж, сүрлэг өндөр уулс алсыг ширтэн дүнхийнэ. Номин ногоон тал солонгорч, зурайн харагдах зам тэртээд хөтлөн одох нь түүний “Хүрэн хадны рашаан” зургийн дүрслэл. Тэрбээр өнгөний уусгалт, хослолыг донжийг нь олоод урлачихдаг өнгөлөг зураач аж. Уран бүтээлээ туурвихдаа дулаахан, нам гүм орчинд зурах дуртай. Тэрбээр анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Эх орон” нэртэй гаргасан байна. 1967 оноос хойш 40 гаруй жил Урчуудын эвлэлээс зохиосон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн. Мөн ОХУ-ын Дорно дахины музей, Япон, Хонг Конг, Голланд, франц зэрэг улсад болсон үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож байв.
Ээждээ зориулсан “Зүүд”
Амьдралынхаа 50 гаруй жилийг уран зургийн салбарт зориулж, өдгөө 82 насны босгыг алхаж буй М.Лхагвадорж зураач өөрийн бие даасан “Монгол амьдрал” үзэсгэлэнгээ саяхан гаргасан юм. Тэрбээр өөрийн туурвисан уран бүтээлийнхээ өмнө суугаад амьдралынхаа тухай ярихдаа жаргалтай, хааяа хөнгөн гунигтай болох аж. Үзэсгэлэнгийн танхимын голд араг үүрч, савар гартаа барин алхах эмэгтэй, хажууд нь жижигхэн тоодгор дээл өмсөж ээжийнхээ хормойноос зүүгдэн яваа бяцхан хүүг дүрсэлсэн “Зүүд” гэх зураг хананд өлгөөтэй харагдана. Зураач маань энэ зурагаа “Бурхны орныг зорьсон ээжтэйгээ би зүүдэндээ уулздаг. Гэвч ээжийнхээ төрхийг сайн санадаггүй юм. Тиймээс ээжтэйгээ аргал түүж яваа жаргалтай мөчөөр дүрслэн буулгасан” хэмээв. Харин түүний амьдралын нэгэн багана болж, хорвоог туулж яваа ханьтайгаа оюутан байхдаа, сангийн аж ахуйд танилцжээ. Түүний эхнэр нийслэлийн 50 дугаар сургуульд олон жил багшилж гавьяаны амралтадаа гарчээ. Харин бага охин нь аавынхаа мэргэжлийг өвлөж, зураач болсон юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 67 (6799)