Б.ДОЛЖИН
Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийн төсөөлөл, бодлогын шийдвэрийн талаар Монголбанкнаас мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Олон улсад бидний төсөөлж, таамаглаж байгаагүй төвөгтэй нөхцөл байдал үүслээ. Манай гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр томоохон дарамтууд үүсэж байгаа учраас энэ цаг үед бодлогын хүүг нэмэгдүүлэх, тэр дундаа огцом арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл бодлогын хүүг бага түвшинд хадгалж ирсэн нь эдийн засгийн хувьд суурь шалтгаантай байсан. Харин одоо авч хэрэгжүүлж байгаа бодлогын алхмын шалтгаан нь арай өөр зүйл болж байгаа юм. Олон улсын харилцааны хурцадмал байдал манай улсад дам байдлаар хүчтэй нөлөөлсөн учир огцом арга хэмжээ авахад хүрлээ. Хэрвээ энэ байдал түр зуур үргэлжлээд бүх зүйл хэвийн байдалдаа шилжвэл бид эргээд бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авах боломжтой. Эсрэгээрээ энэ нөхцөл байдал удаан үргэлжлээд, хүндрэл нэмэгдвэл дараагийн шатны арга хэмжээг авна” гэсэн юм.