Б.ОД
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 08:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтыг өгөхөөр 7610 иргэн бүртгүүлжээ.
Тэднээс Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах юм. Шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад 350 гаруй төрийн албан хаагч улсын хэмжээнд ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбар тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч тус бүр өөр сорил бөглөнө гэсэн үг.
Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс 1900 гаруй гүйцэтгэгч албан тушаал, 371 удирдах ажилтны сул орон тоог зарлаад байгаа юм. Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байран дээр ажиллах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо.
Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 хувиас илүү 30-аас доош насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн багагүй хувь нь Z үе буюу шинэ мянганыхан байгааг онцолсон юм.
Эх сурвалж:www.polit.mn